Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатарын эхнэр Ерөнхий прокурорт ханджээ

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг АТГ-аас хоёр дахь удаагаа цагдан хориод байгаа билээ. Олон хоног шоронд хоригдсоны улмаас Д.Цогтбаатарын бие нь муудсан бөгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс түүний эхнэр Ч.Мандах Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандаж хүсэлт гаргажээ. Тэрбээр хүсэлтээ “Миний нөхөр Д.Цогтбаатар гурван сарын турш Төв аймагт хоригдохдоо шулуун гэдэснээс нь цус алдсан, хаван болон даралт нь ихэсдэг болсон. Мөн бөөрний архаг үрэвсэлтэй гэсэн оноштойгоор 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн. Эмчийн дүгнэлтээр яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош тавьсан. Иймд миний нөхөрт холбогдуулаад байгаа хэргийг онцгойлон анхаарч заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаж, хууль хяналтын байгууллагад харьяаллын дагуу хурдан шуурхай шалгуулж өгөхийг танаас хичээнгүйлэн хүсч байна” хэмээжээ. 

Д.Цогтбаатар шоронд байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандаж захидал бичихдээ өөрийг нь үндэслэлгүйгээр хорьж байгаа тухай дуулгаж, шалгаж байгаа газрынхаа харьяаллыг сольж өгөхийг хүссэн байдаг. Түүний эхнэр нь ч Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисст хандаж, хэргийг хүний эрхийг хохироолгүй, үнэн зөв, шуурхай шийдэж өгөхийг хүсч байсан байна. Мөн Нийслэлийн прокурорын газарт хандаж нөхрөө батлан даалтад гаргаж авах тухай хүсэлтийг хэд, хэдэн удаа тавьж байжээ. Үүний хариуд “Гэмт хэрэг дахин үйлдэх, оргон зайлахаас сэргийлж хорьж байгаа нь үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгдөг ажээ. “Манай нөхрийн гадаад паспортыг нь хурааж аваад, хилийн хориг тавьсан. Тэгээд ч тодорхой оршин суух хаягтай хүн учраас оргож зайлах ямар ч боломж байхгүй. Миний нөхөр тагнуулын байгууллагад 20-иод жил нэр төртэй ажиллаж байсан, хуулийн өндөр мэдлэгтэй хүн. Хуулийн байгууллага дуудсан цагт нь очиж байцаалт өгөх, шалгуулах бүрэн боломжтой. Ийм байхад заавал цагдан хорьж, эрүүл мэндийг нь хохироож байгаа нь хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж байгаагийн тодорхой жишээ болж байна” хэмээн Ч.Мандах сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. 

Д.ГЭГЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *