Удахгүй XVII жарны гал бичин жил гарах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас ирэх гал бич жилийн өнгө төрх ямар байгаа талаар сонирхсон юм. Дашрамд дурдахад тэрээр “XVII жарны “муу нүүрт” хэмээх гал бич жилийн цаг улирлын тооны бичиг”-ийг саяхан хэвлүүлсэн юм байна. Зурхайч Д.Цогтбаатар нь Гандантэгчинлэн хийдэд 2003 оноос хойш зурхайч хийж байгаа юм.
–Гарах гэж буй жилийн шинж манай уламжлалт аргуудаас хоёулаа яриагаа эхэлье?
-Монголчуудын хувьд арга, билгийн тооллоор явж ирсэн. Монгол уламжлал гэж ярьдаг. Бидний арга билиг хосолсон тооллын жилийн эхэн сар маань хаврын тэргүүн сар буюу бар сараас эхэлдэг. Энэ жил буюу XVII жарны гал бичин жилд хоёрдугаар сарын есний өдөр шинийн нэгэн тохиож байгаа. Шинийн нэгэн гэдэг маань хаврын тэргүүн сарын нэгэн гэсэн үг. Монгол тооллоор ийнхүү шинэ он гарлаа гэж үзээд бүгдээрээ ахмадаа хүндэтгэж золголт хийдэг уламжлалт баяр. Жилийн төлөв байдлыг шинждэг зурхайн олон зурлага байдаг. Жилийн эзэн гариг, түшмэл гариг, хаан гариг, цасан чихрийн амт, боовны үр, шороон үхрийн зурлага гэх мэтээр тухайн жилийг олон янзаар шинждэг. Манай уламжлалаар ялангуяа хүрээ хийдэд шинэ жил гарахад хаврын тэргүүн сарын шинийн 1-нд тухайн жилийн төлөв байдлыг шороон үхрийн зурхайн зурлагаар шинждэг. Бүх хүрээ хийдийн үүдэнд жилийнхээ шороон үхрийн зургийг томоор зурж тавьж, түүнийг нь хүмүүс хараад шинждэг байсан уламжлалтай.
–Тэгвэл гарах гэж буй жилийн шороон үхрийн шинж ямар байна?
-Гарах гэж буй гал бич жилийн шороон үхрийн шинжийг үзэхэд үхрийн толгой, эвэр чих, сүүл, ходоод нь улаан өнгөтэй байгаа. Харин бие нь бол цагаан. Дөрвөн шийр, ногт, омруу, туурай нь шар, үхрийн цулбуур нь хөх. Үхэр нь амаа ангайгаад сүүлээ зүүн тийшээ шарван явж байна. Үхэр хариулагч нь шар царайтай, гэзгээ толгойныхоо орой дээр овоолсон, ногоон дээлтэй, цагаан бүстэй, хоёр гутлаа барьчихсан, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй хүүхэд. Үхрийнхээ баруун талд алхаж явна. Зурлагыг шинжихэд энэ жилийн шинж бол нялхаст буюу олон түмэнд маш сайн. Өвгөд, өндөр суудалтнуудад дунд зэрэг, залуус буюу дунд суудалтнуудад жаахан муу гэж гарч ирж байна. Хааны язгуур дэлгэрнэ. Энэ нь төрийн үйл ажиллагаа жигдэрнэ гэсэн үг. Иргэд амгалан байж өөрөөр хэлбэл олон түмний сэтгэл санаа амгалан болж, ажил үйлс нь бүтэмжтэй байна. Гэхдээ төрийн алба цалгардах янзтай. Энэ нь сонгуультай холбоотой ч байж магадгүй. Үймээн самуун, хэрүүл гарч болзошгүй. Хулгай дээрэм идэвхжиж, зарим хүмүүс эдийн засгийн хувьд хямралд орж болзошгүй. Мөн үр ач дэлгэрэхэд маш сайн жил болно.
–Тэгвэл байгаль дэлхий, цаг агаарын хувьд ямар байх юм бол?
-Цаг уурын хувьд гэвэл зун намарт хур хэвийн байх боловч хадлан бэлчээр ургац дунд зэрэг байна. Өөрөөр хэлбэл газрын шим өгөөж муу, гандуудуу жил болно. Гэхдээ тал нутаг, хөндий, гуу жалгын ургац арвин гарна. Өвчин зовлонгийн хувьд гэвэл зарим газар халуун чанарын өвчин гарна. Мөн цас мөндөр, аянга цахилгаан, галын хүч арвижна. Ялангуяа өндөр газар болон дээд эрхсийн орд харшид галын аюул буй. Гол төлөв байдал нь бол ийм байна.
–Зарим зурхайчид их тогтворгүй жил болно гэж ярьж байсан. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?
-Азийн орнууд ялангуяа манай монголчууд бэлгэдэлтэй ард түмэн. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ. Тиймээс нийт монголчууд, хүн бүрт хандан зөв бодож, зөв ярих хэрэгтэй гэж хэлмээр байна. Тиймээс сайн юм бодож, хүн бүр өөрсдийнхөө заслыг зурхайн номын дагуу хийлгэж, оюун ухаан сэтгэлдээ маш зөв зүйтэй юм бодож төлөвлөөд, түүнийхээ төлөө өөрсдөө зүтгэвэл муу жил гарахгүй.
–Ямар жилтнүүд юу анхаарах ёстой вэ?
-Жил орж байгаа бичтэнүүд тухайн жилийнхээ онцлогт анхаарах хэрэгтэй. 13, 73-ны жил орж байгаа хүмүүсийн хувьд хүү махбодтой тул эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэй. Тиймээс “Найман гэгээн”, “Лхамын ганшаг” хуруулах хэрэгтэй. 25,85-ны жил орж байгаа хүмүүсийн хувьд жаргал зовлон ээлжилж, ад зэтгэр босох тул “Догсүн”, “Доржнамжом”, “Цэнд” зэрэг ном уншуулах хэрэгтэй. 49-ний жил орж байгаа хүмүүсийн хувьд хийморь доройтох гэмтэй. Жил орж байгаа хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэх хэрэгтэй. Мөн бар жилтнүүд ихэд хянамгай байх нь зүйтэй. Могой, гахай жилтнүүдийн хувьд бага харш жил. Харин хонь жилтнүүдийн хувьд цагаан буюу ивээлтэй байх болно.
–Бичин жилийн зуд гэж их яригддаг. Гарах жил ямар байх бол?
-Ер нь бол дундаж жил болно. Зуд нүүрлэж муудаад байх юм үгүй. Хур бороо цагтаа орно.
-XVII жарны “муу нүүрт” хэмээх гал бич жил гэж байгаа. “Муу нүүрт” гэдгийг нь тайлбарлахгүй юу?
-Хүн гэдэг бол ерөнхий нэр шүү. Хүн бүр нэртэй байдаг, Дорж, Дулам гээд л. Түүнтэй ижилхэн “муу нүүрт” гэдэг нь оноосон нэр, ёгт нэр ч гэж хэлдэг. Үүнийг муу жил гарлаа гэж ойлгож болохгүй.