Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Туркт байгаа ЭСЯ-ны бусад ажилтнуудыг ч шалгана

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хар тамхи зөөсөн дипломат ажилчдын асуудлаар ярилцлаа.


-БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбаярын хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа. Уг хэргээс улбаалан Монголын дипломатчид итгэж болох уу, үгүй юу гэдэг эргэлзээ яригдаж эхлээд байна л даа. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Энэ хэрэг дээр хүмүүс жигшиж, цочирдсон байдалтай хандаж байгаа. Тэгэх нь ч зөв. Бидний зүгээс ч энэ асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллах шаардлагатай. Тиймээс энэ олон улсын шинж чанартай зохион байгуулалттай гэмт үйлдэл дээр онцгой арга хэмжээ авах тухай аль хэдийнэ яриад эхэлчихсэн байгаа. Монгол Улс дангаараа энэ асуудлыг шийдэхэд маш хэцүү. Тиймээс бусад улсуудтай илэн далангүй ярьж, тусламж хүсч байж л үүнийг даван туулна. Итгэлцлийг буцааж авч, ийм зүйлсийг байхгүй болгохын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

-Та бүхэн ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-2018 оны эцэст мөн л мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэсэн гэх асуудал гарсан шүү дээ. Тиймээс бидуг асуудалд анхаарч, өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд нэгэн тоот бичгийг холбогдох байгууллага руу явуулсан. Тодруулбал, уг тоотод Монгол Улсаас Европт суугаа Элчин сайдын яамд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулъя гэдэг саналыг тавьсан. Ингээд холбогдох байгууллагууд өөр өөрсдийн шугамаараа мэдээллүүдээ авч ажиллаж эхэлсэн. Түүнчлэн би Зүүн Европын улс орнууд руу айлчилъя гэдэг асуудлыг тухайн үедээ тавьсан, тохирсон байсан. Гэтэл өнгөрсөн жил Зүүн Европоор хийх миний хоёр айлчлал дотоодын улс төрийн нөхцөл байдлаас болж хойшлогдсон. Уг нь энэ асуудлыг итгэмжилсэн байдлаар ярихаар төлөвлөсөн байсан. Сая би Зүүн Европын нэг оронд айлчлахдаа гадаад хэргийн сайдтай нь яг энэ асуудлыг ярьж, туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна гэсэн. Яагаад гэвэл хил дамнасан бүлэглэлтэй холбоотой учраас бид ил тод асуудлаа тавьсан, нөгөө улс нь ч ийм асуудал дээр бол дэмжлэг үзүүлдэг.

-Та өмнө нь Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан. Тэр үед ийм асуудал байсан уу?

-Анх 2008 онд Гадаад харилцааны яаманд төрийн нарийн бичгийн албан тушаалд ирэхэд тамхины наймааны асуудал түгээмэл болчихсон байсан.

-Тэр нь хар тамхи биш, энгийн тамхи биз дээ?

-Тийм. Гэхдээ тамхины асуудал нь даамжирсаар ийм байдал руу орж байна шүү дээ.

Нөхцөл байдал ийм байхад буюу 2009 онд тусгай шийдвэр гаргаж энэ хүмүүстэй тэмцэх шинэ систем боловсруулж, шинэ гэрээ байгуулж, нэвтрүүлсэн. Энэ гэрээнд хар тамхи болон хууль бус аливаа нэгэн наймаанд Монгол Улсын дипломат оролцвол явуулсан бүх мөнгөө та бүхнээс буцааж нэхэмжилж авна. Түүнчлэн та бүхнийг буцаан татаж, орны хүнийг чинь, түүний гэр бүлийг явуулах зардал мөнгийг та нараас гаргуулна. Мөн Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд учруулсан хохирлыг нэхэмжилнэ гэдэг ийм гэрээ зурдаг болсон.

-Монгол Улсын дипломат албаны нэр хүндийг яаж нэхэмжлэх вэ?

-Зөөж явсан хар тамхи, хууль бус барааных нь хэмжээний мөнгийг төрд олгуулах юм. Тэгэхээр тэр бизнес нь ашиггүй болж байгаа юм. Бидний хийсэн арга хэмжээний үр дүн гарсан. Гадаад хэргийн яамны үндсэн дипломат 2016 он хүртэл ийм хэрэгт холбогдоогүй. Харин энэ хар тамхитай холбоотой асуудлыг Гадаад харилцааны яам дангаараа зогсоож чадах асуудал биш. Энэ дээр хууль, хяналтын байгууллага орж ирж, бүгдийг нь шалгах ёстой. Үндэслэл байгаа бол намайг ч шалгах хэрэгтэй шүү дээ.

-Та бүхний зүгээс арга хэмжээ авч үр дүн гаргасан юм байна. Тэгвэл шалгагдаж байгаа хоёр хүн танай яамны хүмүүс мөн үү?

– Б.Баттүшиг өмнө нь Бангкок дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан.

-Тэр жолоочийг та ямар шалгуураар Турк явуулсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн томилгоонд энэ хүн ороогүй. Тодруулбал, Туркт томилогдсон хүн явж чадахаа болиод оронд нь энэ хүн явсан.

-Дипломатуудыг яаж сонгон шалгаруулаад байна вэ. Сүүлийн үед мэрит зарчим гэхээс илүү шахааны хүмүүс маш их явж байна шүү дээ. Монголын дипломатуудын хувьд цус ойртолт бий болжээ гэж байна. Тухайлбал, үе дамжсан дипломатч гээд л. Энэ цусыг сэлбэх цаг болсон юм биш үү?

-2012 онд би яамнаас гарсан. Үүнээс хойш энэ яаманд ажиллаж хөдөлмөрлөж яваа хүмүүс асуудалд ороогүй байна. Дипломатын хүүхдүүд яаманд байгаа л байх. Гэхдээ шалгалтаа өгөөд л ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Тэрнээс онцгойлоод авч үзээд байгаа зүйл байхгүй.

-Баригдсан нь л энэ хоёр болохоос бусад Элчин сайдын яам ч иймэрхүү зүйлс хийж байгаа гэх хардлага явж байна л даа. Бусдыг нь шалгах уу?

-Шалгана. Одоо бол Европт, Туркт байгаа Элчин сайдын яамдыг шалгана.

-Яамны зүгээс тэр хоёр хүндээанхааруулах боломж байсан уу. Заавал Германд очиж баригдтал нь асуудлыг явуулах шаардлага байсан уу?

-Мэдээж бид урьдчилан сэргийлж ажиллахыг эрмэлздэг. Гэхдээ гэмт сэдэл тээх болсон хүнийг дарга нь байтугай гэргий нь ч мэдэхгүй шүү дээ. Тамхины наймааг бид зогсоон шийдэж болж байсан. Гэтэл хар тамхи бол бол огт өөр. Үндэстэн дамнасан бүлэглэлтэй хийгдэж байгаа нууц ажиллагаа. Тиймээс бид үндэсний болон түнш орнуудын дэмжлэгтэйгээр ажиллах хэрэгтэй. Тэгвэл бид хөдлөх болгонд нь тэднийг баривчилж байх боломжтой. Ингэвэл бид үр дүн гаргана. Ер нь ийм хүмүүсийг гишгэх газаргүй болгоно.

-Энэ хоёр хүнийг эх орондоо ялыг нь эдлүүлэх буюу ялтан солилцоо явуулах уу?

-Тэндээ асуудал шийдэгдэнэ. Бид Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь өмгөөлөгчийг нь авч өгөх ажилд анхаарал, хяналт тавихаас өгсүүлээд анхаарч байгаа.

-Консулын газрын ажилтнуудын цалин хөлс хэр байдаг вэ. Хэцүү байдаг гэх зүйлс ярьдаг юм билээ?

-2009 онд гадаадад ажиллаж байгаа дипломатуудын цалинг уг нь сайн нэмүүлсэн. Тиймээс энэ хүмүүс тийм юм ярих эрхгүй. Тэдний хувьд нэг алдвал хэчнээн олон жил томилогдох боломжоо алдана шүү дээ.

-Энэ асуудлаар таныг шүүмжлээд л байгаа.

-Энэ тамхины хэрэг өчнөөн жил болж байхад хэн арга хэмжээ авав? Би ямар их мөнгө, эрх мэдлийн эсрэг босч, үүнийг хийсэн гэж бодож байна.

-Та албан тоот гаргаж, системын бодлого гаргаж, тамхины эсрэг тэмцжээ. Гэтэл таныг огцрох ёстой гэж хүмүүс үзээд байна л даа?

-Би албан тушаалтай зууралдахгүй ээ. Албан тушаал гуйж үзээгүй хүн. Монголын цагдаа хулгайн эсрэг зөндөө л тэмцэж байна. Гэтэл хулгай зогсоогүй байна гээд цагдаагийн даргыг өөрчлөөд байвал хэцүү. Би энэ бүхэнтэй чадлаараа тэмцсэн. Энэ хангалтгүй гэж үзэж байвал өөр асуудал. Өөр сайд ирлээ гэхэд үүнтэй яаж тэмцэх вэ. Би хийх ёстой ямар ажлыг хийгээгүй байна вэ. Одоо энэ хийж байгаа ажлын үр дүн гарна шүү дээ. Ямартай ч олон жил нийгмээрээ бодит үр дүнгүй бухимдаж ярьсан асуудлыг шийдэж өгөөд явсан. Хэн ч сэдээгүй арга сэдэж хэрэгжүүлсэн. 5 жилийн дараа эргээд ирэхэд тодорхой хэмжээгээр назгайрсан байсан. Буцаагаад хумина.

-Туркийн элчин сайдын яамнаас өөр сэжиг бүхий газрууд бий юу. Та бүхэн шалгах уу?

-Бид бүгдийг нь л хянаж байгаа.

-Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл бий. Энэ тухай?

-Бид тэр хүнийг эгүүлэн татах тухай өөрт нь мэдэгдсэн. Тэнд хэрэг үүсээд шалгагдаж байхад нь бид дипломат эрх ямбаар хамгаалаад эгүүлэн татаж болохгүй. Хэрэв тэгвэл бид ард нь зохион байгуулж, оролцоод байгаа юм шиг байдал үүснэ шүү дээ. Бид тэнд нь шалгуулах үйл ажиллагаанд саад болохгүйн үүднээс тайлбар өгөх хэмжээнд эрх ямбыг нь нээж өгч байгаа.

-Энэ хэргээс улбаалж, хоёр улсын харилцаа, Монголын нэр төр, эдийн засагт нөлөөлөх үү?

-Бид энэ хүн ээ өмөөрсөн бол нөлөөлнө. Гэтэл эсрэгээрээ бид ийм хүмүүстэй тэмцэж байгаа байхгүй юу.

-Маргааш та байнгын хорооны хуралдаанаар хар тамхитай холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл хийх юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Тэр мэдээлэл бэлтгэгдэж байгаа.

-Хар тамхитай холбоотой асуудлыг ҮАБЗ-д хүргүүлэх үү?

-Үүнийг тусгайлан танилцуулга бэлдэж, оруулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *