Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулахдаа алдаа гаргасан С.Одонтуяа огцрох ёстой

Хангардь ордонд “Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ үеэр Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Дашнамжилын Цогтбаатартай ярилцсанаа хүргэе.


-Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг угтан эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулсаар багагүй хугацаа өнгөрчээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол нь юу вэ?

-Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаа олон улсын бага хурлын түвшинд зохион байгуулж байна. оросын холбооны улс, Япон, герман улсын эрдэмтэн судлаачид энэ жилийн хуралд ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа. Нөгөөтэйгүүр V Егүзэр хутагт ж.галдандашийн мэндэлсний 150 жилийн ой болон энэ хүнийг хэлмэгдүүлж цаазалсны 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Ж.Галдандаш гэдэг хүн Монголын зүүн хязгаарыг төвхнүүлэх сайдаар ажиллаж байсан төрийн зүтгэлтэн.

-Эрдэм шинжилгээний хуралд маш сонирхолтой илтгэлүүд тавигдаж байгаа. V Егүзэр хутагт Ж.Галсандашийн талаар илтгэлүүд сонирхолтой санагдсан. Түүний талаар дэлгэрүүлбэл?

-Олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж байна. Өмнө нь яригдаж байгаагүй зүйлсийг олон талаас нь ярьж, тэр дундаа V Егүзэр хутагт Ж.Галсандаш хэмээх төрийн зүтгэлтнийг тодруулж гаргаж байгаагаараа онцлогтой.

Энэ хүнийг Монголын зүүн хязгаар болон Монгол Улс даяар хүндэтгэдэг. Монголоо гэсэн чин сэтгэлээр зүтгэж, зүүн хязгаар нутагт байгаль экологио хамгаалсан, ан амьтдын өсөн үржихийг дэмжсэн, хүн ардаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гээд олон ч зүйлийг сэтгэн дэвшүүлж, амьдрал дээр хэрэгжүүлж байсан нигүүлсэнгүй үйлстэн. Түүгээр барахгүй газар нутгийнхаа төлөө тууштай тэмцэж байсан эрхэм хүн. Энэ хүнийг 1930-аад оны үед “Таныг шүтэн бишрэгч нартай чинь уулзуулъя” гэж хуурч авч ирээд цаазалсан байгаа юм. Энэ хурлаар Ж.Галдандаш гэх хүний Монголын төрд хийж, бүтээсэн өвийн талаар илтгэлүүд дээрээ тодорхой ярилаа. Хувь хүнийх нь хувьд ч тэр, төрийн зүтгэлтний хувьд ч тэр, энэрэнгүй, нигүүлсэн хүн гэдэг талаас нь яригдаж байна. Ихээхэн ач холбогдол, үр дүнтэй бага хурал болж байна. Хуралд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөн, эрдэмтэн судлаачид оролцлоо.

-Энэ эрдэм шинжилгээний хурлыг одоогийн залууст хэлмэгдэл гэдэг чухам юуг хэлээд байгааг бага ч атугай таниулах арга хэмжээ юм болов уу гэж хараад байгаа…

-Ер нь залуучуудад хэлмэгдлийн талаар сайн тодруулж ойлгуулж хэлмээр санагддаг. Залуус маань аль нэг байгууллага, эсвэл хэн нэгний судалгаа, баримтгүй зүйлийг сонсох биш, харин эрдэмтэн судлаачид, хэлмэгдүүлэлтийг судалж байгаа байгууллагуудын дуу хоолойг илүү сонсож дүгнэлтээ хийх хэрэгтэй. Тэгэхгүйгээр “хэлмэгдүүлэлт” гэж юу болох талаар бодитой мэдээлэл бүрэн авч чадаагүй байж, сэтгэл хөдлөлөөр амандаа орсныг ярих нь тийм ч таатай явдал биш. Хэлмэгдүүлэлт гэдэг нь өөрөө их энгийн, зөөлрүүлсэн үг. Дэлхийн нийтийн ойлголтоор “хэлмэгдэл” гэдэгт нь гал, ус, үерийн аюул, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн хүмүүсийг нэрлэдэг.

Манай улс оронд өрнөсөн гэмт хэрэг, гэмт үйлдэл /геноцит”, “демоцит”-ийг “хэлмэгдүүлэлт” гэж зөөлөн нэрлээд байгаа үйл явдал бол үнэндээ “цуст яргалал, залхаан цээрлүүлэлт” байсан юм. Ийм үйл явдалд өртсөн улсыг “хэлмэгдэл” гэж нэрлэх нь зохимжгүй л дээ. Манайд хэлмэгдүүлэлт үе шаттай явж ирсэн. Анхных нь 1921 оноос Саж ламын хэргээр эхэлсэн. Дараа нь 1922 онд Ерөнхий сайд байсан Д.Бодоог мал маллаж байхад нь шууд дуудаж ирүүлээд анхны 14 хүнийг цаазалчихсан. Энэ бүхнийг залуучууд архивын баримт материал, түүхэн хэлмэгдүүлэлтийн ном зохиолоос уншихгүй мөртөө тэр хэлмэгдүүлэлтийг дотоод сэтгэлдээ өөрсдөө сэтгэн бодохын оронд өмнөх нийгмийг шүтдэг хоосон, хуурамч хүмүүсийн эсрэг сурталчилгаанд итгэж хийсвэр дүгнэлт хийдэг болжээ. Тэгэхээр буруу дүгнэлт гаргаад байгаа юм.


-Өнгөрсөн нийгмийн талаарх хийсвэр дүгнэлт олон муу үр дагавартай санагддаг. Жишээ нь, залуус социализм гэж сайхан нийгэм байсан гэх хийсвэр дүгнэлтэд хүрч байна шүү дээ?

– 1921-1940-өөд оны “Их хэлмэгдүүлэлт”-ийн талаарх үйлд явдлыг Монголын нийгэмд мөн ч их яригдлаа. Сургамж талаас залуучуудад тодорхой мэдээллийг өгсөн байх гэж боддог. Тэгэхэд бүрэн ойлголт аваагүй байгаад харамсдаг. ЕБС, Их дээд сургуулиудын хичээлийн программд бүрэн хамруулахгүй байгаа нь ийм дүгнэлтэд хүрэхээс аргагүй болж байна. Цаашлаад 1950-1960, 1970-1980-аад оны үеийн “сэхээтний их хэлмэгдүүлэлтийг тодорхой ярьдаггүй. Тухайлбал, 1960-аад оны үед аавыг маань хэлмэгдүүлж байхад би жаахан хүүхэд байлаа. Тухайн үеийн хэлмэгдүүлэлтийг ярихаар зарим хүн итгэдэггүй. Зарим нь ийм зүйл байх ёсгүй гэж боддог. Энэ нь коммунист нийгмийн үзэл суртал өнөөг хүртэл амь бөхтэй амьдарч байгааг хэлээд байгаа юм. Яг тэр нийгэм чинь одоогийн Хойд Солонгос улс шүү дээ. Тухайн үед хэлмэгдсэн хүний хүүхдүүдийг эсэргүүгийн хүүхэд эсэргүү, тэрс үзэлтэй л гэдэг ойлголтыг нийгэмд өгчихсөн. Тэгээд бүр хүүхдүүд “танай аав чинь тэрс үзэлтэй юм уу, том хүмүүс “болохгүй хүн” байсан гэж байна” гэж ирж их хэлдэг байсан.

Өглөө болгон байгууллага дээр нь “сонин уншлага” болно. Түүнд манай аавыг оролцуулахгүй. Элдэв буруу зүйл ард иргэдэд хүргэж магадгүй гээд болгоомжилдог байсан гэж хүмүүс ярина. Тэгэхэд манай аав Оросын бүх хэвлэлийг захиалж уншдаг байсан. Шуудангийн машин ирэхээр хүмүүс аавын орос хэвлэлүүдийг харж, сонирхдог байсан. Аав маань хөдөө орон нутгийн иргэдэд гадаадын хэвлэлд юу гарч байгаа талаар ярьж өгдөг байсан. Ингэж л эсэргүү нөхөр хөдөөд соёл түгээж, хүмүүс хүүхдүүд биднийг Дашнамжилын хүүхдүүд яаж хувцаслах, цэвэр цэмцгэр явж болдог зэргийг биднээс суралцах хэрэгтэй гэж багш нар ярьдаг байсныг хожим хүүхдүүд хэлж билээ.

-Хэлмэгдэгсдийн хүүхдүүдийг тухайн үед сургуульд сургахгүй, хааж боодог байсан гэдэг?

-Би Төмөр замын Хоёрдугаар Орос сургуулийн нэгдүгээр ангид дөнгөж ороод байхдаа нэгдүгээр ангиасаа хөөгдчихсөн хүн шүү дээ. Нэг өдөр хичээлд иртэл багш “миний хүү чамайг энд суралцуулж болохгүй болсон” гэдэг байгаа. Тэр олон хүүхдийг харж байхад цүнхээ үүрээд л гарч байлаа. Тэгэхэд би уйлж унжаагүй. Тэгэх ёстой юм байна гээд л гараад явсан. Ер нь бол хэн ч гэсэн амьдрал үзэж болно. Түүнийг туулж гарах сэтгэлийн тэнхээтэй байх шаардлагатай. Ямар ч үед бэрхшээлийг давж гарна аа л гэж бод. Өөр зүйл битгий бод. Бэрхшээх, шантарснаасаа болж зарим хүмүүс архинд орох, сэтгэл санаагаар унах, амьдралаа алдах явдал олон тохиолддог. Ийм л байдалд хэрхэв ч орж болохгүй гэдгийг залуучуудад зөвлөе. Тэгээд Баяндалай суманд дөрөвдүгээр анги төгстлөө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Давсны артельд манайхан таван жил амьдарсан, дараагийн цөллөгийн газар Сүхбаатар аймгийн Түмэнцогт САА байлаа. Ер нь би нэгдүгээр анги төгсөөгүй хүн. Нэгдүгээр ангийн боловсролоо ээжээрээ гэрээр заалгасан. Тэгээд шууд хоёрдугаар ангид орсон. Тэр Давсны артелиас 60 км-ын зайтай Тост сумын бага сургуульд эгчтэйгээ хамт суралцсан.

-Та Ю.Цэдэнбалтай даргатай таарч байв уу?

-1966 онд намайг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Давсны артельд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлээд байж байхад тэр хүн ирсэн. Би найман настай байсан Аав давсчингаар ажиллаж, би аав, ээждээ тусалж ажилладаг байсан. Тэгээд бид давс ухаад л зогсож байлаа. Давсанд гар хүрэхээр цэврүү үүсээд их л хэцүү. Давс шуудайлж, шуудайн амыг ээж, бид хоёр том тэвэнгээр оёдог байсан. Оёод татахад шаррр хийгээд л цус урсана. Тэгээд л гар хагарч, давсанд хүрэхэд маш их хорсоно. Ийм хүнд хүчир ажил хийж байхад бидний хажууд Ю.Цэдэнбал гуай ирсэн. Би тухайн үед гүзээтэй том дарга байна л гэж бодохоос биш, өөр юм бодож айж, ичих зүйл байгаагүй. Ю.Цэдэнбал гуай аав руу дөхөж очоод “За Дашнамжил гуай ажил сайн уу, яаж байна, амьдрал ахуй сайн биз дээ” гэсэн ухааны юм л асуусан. Тэр л миний чихэнд тод үлдсэн. Тэгсэн аав хариуд нь “Ард түмний дунд ажиллаж болж байна” гэж хариулсан. Тухайн үед тэр хүн аавыг буруугаа хүлээлгэх, айлгах гэж ирсэн үү, аль эсвэл доромжлох гэж ирсэн үү, бүү мэд, мэдэх юм алга. Аавын хэлсэн үгийг сонсоод “энэ хүн засрахгүй хүн байна” гэж бодоод улам л дургүй нь хүрсэн байх. Тухайн үед манай аав 37 настай хамгийн залуу нь байсан.

-Таны аав “Намын эсрэг бүлэг”-ийн толгойлогчдын нэг байсан байх аа. 37 настай байсан гэхээр залуухан байжээ?

– “Намын эсрэг бүлэг” гэх зохиомол гэмт хэргийн таван толгойлогч байсан. Тэдгээр толгойлогч нь Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав гуай тэгээд манай аав А.Дашнамжил, манай нагац ах Н.Гунгаажав гэх хүмүүс байв. Манай аавыг давсчингаар, манай нагац ахыг загасчнаар явуулсан. Хамгийн залуу гээд манай аавыг хамгийн хүнд ажилд томилсон гэж боддог. Манай нагац ах тэндээ удаан ажиллаж чадаагүй шүү дээ. Бие муутай, сахарын өвчтэй, хотод эмчлүүлэх хэрэгтэй байна гээд эмч нар хэлсэн байдаг. Тэгээд хот руу явуулахгүй бол болохгүй гээд барилгын носилк дээр ачаад онгоцонд суулгасан. Тэгэнгүүт МАХН-ын Төв хорооноос Лувсанравдан гэдэг дарга, “Төв хорооны шийдвэрээр наад хүнээ даруй буулга гэж тушаасан” гээд буулгасан. Ингээд нагац ах маань дөрөв, таван сарын дараа нас барсан. Хүний эрх ноцтойгоор зөрчиж эмчлүүлэх боломж олгоогүй. Шийдвэр өгсөн хүн нь Ю.Цэдэнбал. Нагац ахын оршуулгын ажилд аавыг, ээжийг явъя гэхэд зөвшөөрөөгүй. Ээжийг маань ахтай нь уулзуулаагүй. Зэрлэг байгаа биз. Ингэж л хүнийг санаатайгаар алж байсан үе шүү дээ. Ю.Цэдэнбал гэдэг хүн ингэж л хүнийг амьдаар нь “хорлож” байсан. Гэтэл УИХ-ын байгууллага, ЦАУЗБУКомисс болон УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, ЦАУЗБУК-ын нарийн бичгийн дарга Д.Ууганбаатар нар санаачлан Ю.Цэдэнбал гэдэг хүнийг цагаатгана гэж илэрхий бялдуучлаад явж байдаг. Тэдний энэхүү үйлдэл, эс үйлдэл нь эмчлэхгүй гэж онгоцноос буулгаж байгаа байдал, үхвэл үх гэдэгтэй адилтгах үйлдэл болж, улмаар монголын бүх хэлмэгдэгчид, хэлмэгдэгсэд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүд, ач, зээ, төрөл төрөгсдийг доромжилж байна. Эдгээр хүмүүс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай Монгол Улсын хуулийн нийтлэг үндэслэл, агуулга, зарчим нэр төрөө сэргээлгэсэн хүмүүсийн эсрэг үйл ажиллагаа явуулж, хэлмэгдүүлэгчийг хэлмэгдэгч болгон өөрчлөх гэсэн санаатай үйлдэл явуулж, ноцтой алдаа гаргасан тул энэхүү ажлыг удирдах эрх зүйн болон ёс зүйн чадамжгүй гэж үзэж уг албан тушаалаас огцрохыг Монголын мянга, мянган хэлмэгдэгчид, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, бидний үйл ажиллагааг байнга дэмждэг дэмжигдэгсэд болон Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо шаардаж байна.

Үүнээс улбаалан Ю.Цэдэнбалыг цагаатгах биш, харин хэлмэгдүүлэгч гэдгийг нь тогтоох асуудал гарч ирж байна. “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэгч болж байна. Хэрвээ энэ асуудал даамжирвал бид “хэлмэгдүүлэгч” гэдгээр нь тогтоолгож, олон улсын эрх зүй, олон улсын эрүүгийн шүүхэд өгөхөөс өөр гарцгүй. Тэгэхээр энэ хүний ясыг нь өндөлзүүлж байгаа хүмүүсийн буруутай үйлдэл.

Ер нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс энэ ажлыг санаачлаад явж байна гэдгийг хараад бүр гайхаад байна. Энэ байгууллагатай манай байгууллага 30-аад жил хамтран ажилласан. Тэгэхэд ийм зүйл яриад сууж байгаа байхгүй юу. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ингэж увайгүй загначхаад энэхүү эрдэм шинжилгээний хуралд суух эрх байхгүй. Энэ хүний аав нь магадгүй Ю.Цэдэнбал гэдэг хүний ивээл дор ажиллаж байсан болно. Аль эсвэл тэр хүн коммунист удирдагчдыг шүтдэг байж болно. Гэтэл хүүхдэд нь хамаагүй баймаар. С.Одонтуяа чинь өөрөө Ардчилсан намын гишүүн хүн. Ардчилсан үзэл санаатай хүн гэж ойлгож явсан чинь шал өөр юм яриад коммунист удирдагчийг ардчилсан нийгэмд цагаатгах тухай шийдвэр гаргуулах, ардчилсан нийгмийг үгүйсгэх зүйл хийгээд явж байгааг ойлгохгүй байна. Хэлмэгдэгчид, хэлмэгдэгсдийн олон мянган иргэдийн араас хутга “шаагаад”, хэлмэгдсэн иргэдээ доромжлоод явж болохгүй шүү дээ. Энэ хэлмэгдсэн иргэд чинь үндсэндээ маш хүнд амьдралыг туулсан. Хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдүүд дунд Их, дээд сургууль төгссөн хүн бараг байхгүй. Олон хүнийг сургуульгүй болгосон. Мань мэт нь азаар сургуульд сурах боломж олдсон байдаг. Олон хүн ажил, амьдралгүй, тэрнээсээ болоод айж ичдэг. Одоо хүртэл хэлмэгдүүлэлтийн талаар ярих дургүй хүмүүс. Тэрнээс биш хэлмэгдэгсдийн үр сад ардчилсан хувьсгалд анхнаас нь хувь нэмрээ оруулж, нийтээрээ Ардчилсан намд гишүүнээр орж, өнөөг хүртэл тууштай тэмцэж ирсэн хүмүүс. Одоо 300-400 мянган хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд байна. Гэвч одоо хүртэл айж, бэргээд өнгөрсөн үйл явдлынхаа талаар ярьж олонд хүргэхийг хүсдэггүй юм. Ю.Цэдэнбал гэдэг хүний нэрээс хүртэл айгаад байгаа шүү дээ.

-Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны талаар ярихгүй юу?

-Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоог анх байгуулсан хүмүүс нь бидний өвөг дээдэс, ахмадууд. Хэлмэгдүүлэлтийг биеэрээ тулсан 50-60-аад хүн нэгдэж энэхүү холбоог анх байгуулж байсан. 1990 оны Ардчилсан дөрвөн хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болж Ардчилсан хувьсгалыг ялуулахад бодитой хувь нэмрээ оруулсан байгууллага. Хэлмэгдсэн хүмүүсээс 1992 оны сонгуулиар Ардын их хурлын депутатаар таван хүн сонгогдож, Ц.Лоохууз гуай Ардын их хурлын дэд дарга болж байсан. Ийм хүчирхэг холбоо юм л даа.

-Тэгэхээр Үндсэн хууль батлалцахад нэлээд үүрэг, рольтой оролцжээ?

-Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн хүний эрхийн 6 дугаар зүйл 18 заалтыг оруулахад бодитой хувь нэмрээ оруулсан.

-Танай холбоо ямар зорилго тавин ажиллаж байна…

-Манай холбоо тоталитар, авторитар, коммунист дэглэмийг ахин сэргээх аливаа оролдлогын эсрэг тууштай тэмцэж, эрх чөлөө, хүний эрхийн зөрчлийг гаргахгүй байхын төлөө гол зорилгоо болгон ажиллаж байна. Энэ бол хаалттай, үй олноор олон түмнийг хэлмэгдүүлдэг, үзэл бодлоор нь ялгаварладаг, ардчиллын талаар хуульдаа хүссэн хүсээгүй ёс төдий оруулдаг боловч тэрийгээ хэрэгжүүлдэггүй ийм нийгмийг бид биеэрээ тулсан учраас дахин сэргэхээс урьдчилан сэргийлэх талаар төрийн өмнөөс ажил үйлчилгээг хэрэгжүүлсээр өнөөг хүрлээ. Мөн хэлмэгдсэн хүмүүсийн нэр төрийг сэргээж, хууль зүйн зөвлөгөө өгөх зарчмаар ажилладаг. Тийм учраас хүний эрхийн зөрчлийн талаар хүүхэд, залуучуудад ойлгуулах, хэлмэгдүүлэлтийн талаарх ном бүтээл, судалгааны ажил, мөн эрдэм шинжилгээний хурлыг жил бүр хийж ирлээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хоёр зоосны хоёр тал шиг бие биеэ нөхөж ажиллаж ирсэн. Ингэж хамтын ажиллагааг олон жил явуулж ирчхээд саяны ЦАУЗБУК-ын сүүлийн үеийн явуулж бодлого бидэн ч, олон түмэнд таалагдсангүй. Өөрөөр хэлбэл, бидний араас “хутга шаалаа”. Ийм л юм хийчиж чаддаг УИХ-ын харьяа төрийн байгууллага байна шүү дээ.

-Ю.Цэдэнбал гуайн цагаатгах ажилд та бүхэн нэлээд эмзэг хандаж байгаа болов уу?

-Ю.Цэдэнбал гуайг хэлмэгдүүлсэн гэж яриад байх юм. Энэ хүн чинь Оросын төлөөлөгч, тэдний нөлөөлөлд орсон гэдгийг хэн хүнгүй мэддэг мөртөө энэ талаар хүмүүс ярьдаггүй. Зөвлөлтийнхөн Орос эхнэр бэлэглээд өгчихсөн. Тэр эхнэрээр байнгын тагнаж, хянадаг байсан юм шиг байгаа юм. Сүүлдээ бүр даварч, түүний орос эхнэр манай дарга нарыг толгойг эргэтэл загнадаг, хоёр дахь удирдагч болж байсан нь нууц биш. Тийм хүнийг эзэн нь өөрөө л аваад яваа биз дээ. Орост тэр хүн харин ч эмчилгээ хийлгээд байж байсан гэдэг. Бид нарын үзсэн амьдрал, зовлонг Ю.Цэдэнбал гуай үзээгүй. Тэгсэн чинь үзсэн юм шиг яриад байдаг. Цаад улсууд нь захиалгаар ажлаас нь өөрчлөөд аваад л явчихсан болохоос, Монгол төр ч энэ хүнийг ажлаас нь өөрчилчих эрх байхгүй байсан. “Зууны мэдээ” сонины сүүлийн үеийн нэгэн дугаарт намынх нь нэгэн ахмад ажилтан ярилцлага өгөхдөө: “Ю.Цэдэнбал гуайг насан туршдаа цалингаар хангаж байсан тухай тодорхой мэдээлэл өгсөн байна лээ. Нам нь уучлаагүй, гэм буруугүй гэж шийдвэр гаргаагүй байдаг. Харин нам нь 1990 оны 8 дугаар бүгд хурлаараа алдаа дутагдлыг нь тодорхой нэрлэж шийтгэсэн байдаг шүү дээ. Шийтгэчихээд эргэж буцаад байдаг ямар улс төрийн хүчин байна даа. Залуучууд үүнийг маш сайн судалж, архивын баримттай харьцуулан сайн үзэх хэрэгтэй. Монголын нийт залуучууддаа нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдье. Монголын улс төрийн буурал түүхэнд 100-гаад зохиомол хилс хэрэг зохион байгуулсан байдаг. Түүний 50-иад хувийг Ю.Цэдэнбалын үед өөрөө гардан гүйцэтгэж Монголын олон хүний амь нас, зовлонгоор тоглосон хүн гэдгийг сайн мэдэж ав. Мөн “хэлмэгдүүлэгч” хүнийг Ардчилсан нийгэмд цагаатгана гэдэг ойлголт байхгүй. Залуучууд энэ дээр дуугарах эр зориг байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Айдас байдаг юм бол уу даа л ажиглаж байна. Одоо жаахан ч гэсэн зоригтой байцгаая.

-Хэлмэгдүүлэлтийг залуучуудад хэрхэн ойлгуулах вэ?

-Хэлмэгдүүлэлт зүсээ хувиргаад чиний дэргэд байнга байж байдаг. Хувиа хичээсэн өөрийгөө бодсон, улс орноо гэж боддоггүй дарга нар л хууль зөрчиж хийдэг ажил. Хуулийг хэн хамгийн их зөрчдөг вэ гэхээр дарга нар. Тийм учраас ийм л дарга нараас болгоомжтой хандаж байх хэрэгтэй гэдгийг залуучууддаа анхааруулъя. Та нар харж байгаа байх гэж найдъя. Олон сайхан залуучууд эздийнхээ золиосоор шоронд орж байна. Гэхдээ сайн дарга нар их бий. Саар нь ч бий. Ю.Цэдэнбал гэхэд Монголын нийгэмд 50 мянган мэдээлэгч ажиллуулж байсан хүн. Байгууллага бүхэнд мэдээлэгч байлаа шүү дээ. Бялдуучдаараа матаас бичүүлж, тэд нар нь “тэр хүн тийм юм ярих гээд байна”, “Тэр хүн намын эсрэг юм яриад байна” гээд мэдээлж байдаг. Тэгэнгүүт нь нөгөө мэдээллээр нь тухайн хүнийг хэлмэгдүүлчихдэг. Ийм л төрийн хэлмэгдүүлэлтийн хар машин эргэлдэж, өчнөөн хүн хэлмэгдлийн шуурганд өртсөн. Маш амархан. Гэтэл үүнийг хийсэн хүнийг цагаатгана гэж ярьж байгаа нь хэзээ ч байж болохгүй асуудал. Тэр асуудлыг гаргаж тавьж нөхөд ч ардчилсан нийгэмд байж болохгүй том алдаа гаргалаа. Үүнийг төр санаачилсан учраас төр өөрөө засах ёстой. Хэрвээ засахгүй бол Монголын ард түмэн нэг л өдөр босно. Доромжилж болно л доо. Бид нар доромжлолыг даагаад л гарна. Гэхдээ залуучуудад ойлгуулах хэрэгтэй болж байна. Хэлмэгдүүлэлт гэдэг маш аймшигтай зүйл болж байсан. Намайг жаахан хүүхэд байхад манайх 40 мянгатад байсан. НАХ яамны төлөөлөгч, хятад жолоочтой ирчхээд, манай эд хогшлыг 40 мянгатын гудамжинд бүгдийг нь гаргачхаад 2-3 цагийн дотор нүүлгэхгүй бол торгоно гэж сүрдүүлж, биднийг ачааны машин дээр ачаад ээжийг нялх нойтон хүүхэдтэй нь Өмнөговь руу ачуулсан. Хоёр хонож очсон шүү дээ.

-БНМАУ (хуучин нэрээр)-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Юмжаагийн Цэдэнбал, түүний эхнэр Анастасия Ивановна Цэдэнбал Филатова нарын нэр төрийг сэргээн цагаатгуулах ажлыг хийж буй Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ?

– Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисстой манай холбоо, аав маань өмнөх дарга нартай нь олон жил хамтарч ажилласан.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын гол зорилго нь хэлмэгдсэн улсуудын нэр төрийг сэргээж, хохирлыг нь арилгах менежмэнтийн ажлыг хийж байх ёстой болохоос биш хэн нэгэн дарга, хэн нэгэн үүрэг өгсөн удирдагчид үйлчлэх ёсгүй. Өмнө нь би цагаатгалын комиссыг учир дутагдалтай ажиллаж байгаа, ажлын арга барилын талаар шүүмжилж, шинэлэг сэтгэлгээгээр ажиллахыг шаардаж байсан. Ажил нь тогтмол хэлбэрээр яваад байна, ядаж зохиомол хэргээр бүлэгчилж шийдээд явбал ямар вэ гэж хүртэл хэлж байсан. Өөрөөр хэлбэл, лхүмбийн зохиомол хэрэгт 1503 хүн энэхүү гэмт хэрэгт холбогдсон байхад толгойлогчийг цагаатгасан бол оролцсон бүх хүмүүсийг мөн адил цагаатгах, ор сураггүй алга болсон иргэдийг улс төрийн шийдвэр гаргаж бүгдийг цагаатгах, коммунист нийгэм нь буруутчихаад байхад тэр нийгмийг эсэргүүцсэн 32 оны бослого (энэ бослогод 60 хувь эвлэлийн гишүүд оролцсон байдаг, гэтэл лам нарын бослого гэж ташаа ойлголт ард иргэдэд өгч байдаг, мөн нэрийг нь хүртэл “Ардын бослого”, “Иргэний дайн” байсан зэргээр нэрлэж болох талаар шинэлэг санааг манай холбоо дэвшүүлж, эрдэмтэн судлаачид, хувь хүмүүс хангалттай ярьж хэлж байсан даа)-д оролцсон лам нар болон Бага хурал, эвлэлийн гишүүдийг бүгдийг цагаатгах, одоо үлдээд байгаа 500 гаруй хавтаст хэргийг нэг мөр шийдэх зэргээр санал оруулж байсан. Эдгээрийг анхааралдаа авч хэрэгжүүлэх боломж байсан юу ч хийгээгүй. Иймд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга д.Ууганбаатар нар огцрох ёстой.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *