Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Нүүрсний экспорт дээр карантины сэтгэлгээг өөрчлөх ёстой

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Нүүрсний экспорт сэргэсэн эхний үед өдөртөө хорь, гучин машин л Гашуунсухайтаар гарч байсан. Та сая Гашуунсухайтад ажиллаад ирлээ. өдөрт хэчнээн машин гарч байна?

-Өнгөрсөн баасан, бямба гаригт Гашуунсухайтад ажиллалаа. Хилээ нээгээд нүүрсний экспортоо эхлүүлж байгаа ч хүссэн хэмжээнд хүрч өгөхгүй байна л даа. Одоогоор Гашуунсухайтын боомтоор өдөртөө зуу гаруй машин гарч байна. Нүүрс гардаг бусад боомттой нийлүүлж тооцвол 300 хавьцаа машин нүүрс гарч байгаа юм билээ.

-Өмнө нь өдөртөө мянга гаруй машин гарч байсан. Тэр горимдоо орох боломж харагдав уу?

-Тал талдаа цочирдсон гэдэг утгаараа эргээд хэвийн, тогтсон горимдоо ороход хугацаа шаардах нь тодорхой. Гэхдээ анхаарал тавих ёстой, энэ янзаараа удаж болохгүй. Ийм бодол санаатайгаар Гашуунсухайтад ажиллаад ирлээ. Хятадын элчинтэй хамт очсон. Алдсан хоёр сарыг нөхөж ажиллах ёстой гэж ярилаа. Энэ бол бодлогын байр суурь. Монгол, Хятадын хоорондох худалдааг арван тэрбумд хүргэнэ гэсэн зорилтоо хоёр тал амжилттай биелүүлж яваа. Өөрөөр хэлбэл, энэ зорилт биелж байх ёстой. Түр зуурын асуудал гарсан ч алдсанаа нөхөөд зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр явна шүү гэдэг тохиролцоо хоёр талд байна.

-Яг одоогийн байдлыг харахаар цар тахлын үе учраас байдал эргэж хэвийн болтлоо удах нь тодорхой гэсэн хүлцэнгүй хандлага анзаарагдаад байна л даа. Таны хувьд цар тахлын үед ч экспортоо эрчимжүүлээд явах боломжтой гэж харж яваа байх нь…?

-Цар тахлын дараа юм чинь хэвийн болтлоо удах байлгүй гэсэн хэт хүлээцтэй байдлаар хандаж болохгүй. Тал талаасаа шахаад ажиллах ёстой. Мэдээж эрүүл мэндийн шаардлага дээр ямар нэг наймаа тохироо байхгүй. Дээд түвшинд байх ёстой нь тодорхой асуудал. Гэхдээ өнгөц харахад эрүүл мэндийн шаардлага юм шиг хэрнээ эрүүл мэндтэй хамаагүй захиргааны шинж чанартай хүндрэл, хүнд суртлын саад тотгоруудыг арилгах хэрэгтэй.

Түрүүлж харж, түрүүлж залах боломж байна. Хамгийн олзуурхмаар нь хоёр талд ийм хүсэл эрмэлзэл байна. Эхний улиралд Хятадтай хийсэн манай гадаад худалдааны эргэлт 1.2 тэрбум байгаа. Түрүү жилийн мөн үеийнхээс 40 гаруй хувиар унасан үзүүлэлт. Энэ хувийг нөхнө гэдэг нь маш том зорилго. Гэхдээ нөхнө гэж хараад чиг гаргаж ирнэ гэдэг том зүйл. Ердийн үед зургаан эгнээгээр нүүрсээ гаргахад нэг, хоёр сар шаардагдана гээд сууж болно л доо. Гэтэл нэг сар гэдэг хугацаа бидэнд маш үнэтэй болчихлоо л доо. Тэгэхээр тал талдаа сэтгэл гаргаж, бие биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Дэлхийн улс орнууд цар тахлын нөхцөл байдлаас дан дангаараа биш, хамтдаа гарахын төлөө чармайж яваа. Бид вирусэнд анагаахын үүднээс ялагдахгүй байгаа. Гэтэл вирусийн дараа өлсгөлөн олон түмэнтэй үлдчихвэл вирусэнд ялагдсанаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл бид вирусэнд анагаахын талаасаа ч эдийн засгийн үүднээс ч ялагдахгүй байх ёстой. Нүүрсний экспорт сэргэсэн ч маш бага хэмжээгээр гарч буй нь нэг талдаа вирусэнд ялагдаж байгаа хэрэг.

-Махны хувьд мах экспортлогчид нэлээд асуудалтай байгаа дуулдсан…?

-Ер нь ийм үед зориг гаргаад илүү давшингуй урагшлах ёстой. Бүх боломжийг хайж, худалдаагаа сэргээх талд ажиллаж байгаа. Алдсан хохирлоо том бодлогын түвшинд нөхөж ажиллана гэж түрүүн хэлсэн дээ. Энэ бол ганцхан нүүрсний хувьд ярьж суугаа асуудал биш. Экспортын бүх бүтээгдэхүүнд хамаарах байр суурь. 2018, 2019 онд гадаад худалдаа хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. 2018 онд хийсэн шиг худалдааны эргэлт Монгол Улсын түүхэнд байгаагүй. 2019 онд энэ амжилтаа эвдсэн. Товчхондоо сая хэлсэн амжилтууд худалдаа ямар хурдтай сайжирч байгаагийн том нотолгоо болох байх. Бид хилээ хаагаад 90 хоносон ч бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй яваагийн том шалтгаан нь энэ л дээ.

-Коронавирус дэлхийг өөрчилнө, өмнөх дэлхийдээ амьдарна гэж бодож болохгүй гэсэн үгийг олон шинжээч хэлж байгаа. Та ч ийм өнгөөр ярилаа…

-Хятадын ерөнхий сайд эдийн засгийн удаашралтыг new normal гэж тодотгосон. Өөрөөр хэлбэл, шинэ ердийн нөхцөл байдал гэчихсэн. Бид ийм ухагдахуун, ойлголтуудтай нийцэж ажиллах хэрэгтэй. Цар тахлын нөхцөл байдалд бүх юмаа хаачихаад, тахал дуусахаар л эхлүүлье гэвэл хэцүүднэ. Цар тахал, тахлын нөлөө шуудхан алга болчихгүй, тэгэх байсан ч болохгүй юм байна гэж тооцож ажиллах хэрэгтэй. Нэгэнт үүссэн шинэ нөхцөлд зохицсон шинэ тогтолцоог бий болгох шаардлага үүссэн.

-Цар тахал дууссаны дараа хуучнаараа амьдарна гэж бодож болохгүй гэсэн үг үү?

-Ер нь тийм. Дэлхий өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. АНУ болон бусад улсын оргил, тогтворжих, буух үеийг харахаар долоо, наймдугаар сар лав хүргэхээр байгаа. Яг тэр үед зогсох эсэх нь бас эргэлзээтэй. Товчхондоо ийм цагт ч зогсолтгүй ажилладаг системтэй байхгүй бол урагшлахад хэцүү. Карантины системтэй хэрнээ зогсолтгүй худалдаа хийдэг тогтолцоотой байх ёстой. Карантины системийг ердийнхөөр нь ойлгоод хааж боогоод суувал хэцүүднэ гэсэн үг. Замын-Үүд дээр богинын эргэлт хийж байгаа жолооч нараар жишээлье. Өнөөдөр манайд үйлчилж буй журмаар тэр хүмүүс Хятад руу гарч ирэнгүүтээ 21 хоног карантинд орохоор байгаа. 21 хоног карантинд суугаад дахиад нүүрсээ тээвэрлэнэ гэвэл бид хэр хэмжээний нүүрс зөөх вэ? Хэдэн сая тонны асуудал ярих арга байхгүй. Шуудхан хэлэхэд карантины сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй болж байна. Мэдээж аюулгүй байдал хамгийн түрүүнд тавигдаж таарна. Сая ярьсан жишээн дээр үндэслээд хэлэхэд тэр хүмүүс дотогш орж ирэхгүйгээр экспортоо хийгээд явж болно. Карантины бүс дотроо үйлчилгээгээ хийгээд явбал хаана ч ямар ч аюул учрахгүй. Харин карантинаасаа гараад нутгийн гүн рүү оръё гэвэл карантинд орж болно. Эргээд экспортоо хийе гэвэл маргааш нь ч гараад явах боломжтой. Ийм сэтгэлгээгээр ажиллахыг л шинэ хандлага гээд байгаа юм. Дахиад хэлэхэд нүүрсний экспорт дээр карантины сэтгэлгээг өөрчлөх ёстой.

-Техник тоног төхөөрөмжийн импорт зогссон нь бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд саад учруулж байна гэсэн асуудал бий. Таныг энэ асуудлыг хөндсөн гэж сонслоо…?

-Техник тоног төхөөрөмжийн импорт зогссон нь зөв шийдэл биш л дээ. Ариутгаад оруулаад ирэхэд асуудал байхгүй. Вирус тээгч нь хүн. Тоног төхөөрөмжийн гадаргууд байж болох ч бүрэн ариутгаад оруулбал асуудал гарахгүй. Миний хувьд “Эрүүл мэндтэй ямар ч хамаагүй зүйл шүү дээ.

Том бүтээн байгуулалт хийгдэх гэж байна. Танай аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнүүдийг манайхан авъя гэж байна. Нэвтрүүлж өгөөч” гэсэн санал тавьсан. Манайхан ч гэсэн үүн дээр нь хатуурхалгүйгээр маш сайн ариутгал хийгээд оруулах хэрэгтэй. Ер нь тал талдаа хүлээн зөвшөөрсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *