Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Хүний эрх хамгаалагчид цаашид дуу хоолойгоо илүү чанга, зоригтой хүргэх нөхцөл бүрдлээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдлаа. Та энэхүү хуулийг санаачилсан. Яагаад энэ хууль манайд чухал вэ?

-НҮБ-аас энэ тунхаглалыг баталж, загвар хуулийг нь гаргаж, гишүүн орнууддаа энэ хууль улс орнуудын хүний эрхийн тогтолцоог илүү баталгаатай, төгөлдөржүүлж, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм аа гэдэг зөвлөмжийг хүргүүлсэн. Ингэхдээ НҮБ-аас хүний эрхийн хамгаалагчийн тусгай илтгэгчийг томилж, улс орнуудад явуулж ажил-луулсан байдаг. Монголд ажилласан НҮБ-ын тусгай илтгэгчийн гаргасан дүгнэлтийг манай иргэний нийгмийн байгууллагууд бариад Хүний эрхийн үндэсний коммис (ХЭҮК)-т хандсан байна. Тэд хамтарч хуулиа боловсруулаад над дээр санал тавьж орж ирсэн.Өөрөөр хэлбэл, намайг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга байхад энэ хуулийг санаачлах үйл ажиллагаа эхэлсэн. Манай улсын хүний эрхийг хамгаалах, хангах үйл ажиллагаанд нэн чухал хууль байсан учраас би дэмжсэн. Монгол Улсын Их хурлаас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар бид Азидаа ийм хууль баталсан анхдагч улсуудын тоонд орно. Хүний эрх хамгаалагчийн талаарх ойлголтыг хуульчилснаар бид эрх зүйн тогтолцоондоо цоо шинэ ухагдахууныг оруулж ирж байгаа юм.

-Хүний эрх хуулиараа хамгаалагдсан байдаг. Гэтэл давхар хүний эрх хамгаалагчийг хамгаалах тухай хуультай болж байгаа нь ямар учиртай вэ гэж асуух хүмүүс байна. Энэ хуулийг манай улсад нэвтрүүлэх ямар тодорхой шалтгаан нөхцөл үүссэн гэж үзэх вэ?

-Хүний эрхийн зөрчлийг арилгахын төлөө, зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө дуу хоолойгоо хүргэж ажилладаг хамгаалагчид өөр дээрээ том эрсдэлийг авдаг.Манай улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид маань аюул заналхийлэл, дарамт шахалтад өртөх, тэр бүү хэл амь насаа алдах эрсдэл үүсч байсан олон жишээ бий. Хүний эрхийг хамгаалж дуугарч байгаа тэмцэгчдээ хуулийн хамгаалалтад оруулж, статусыг нь баталгаажуулж өгөхгүйгээр энэ хүмүүс цаашид урам зоригтойгоор асуудлыг гаргаж тавьж, дуугарч чадахаа больдог юм байна.

Хүний эрхийг хамгаалж, зөрчлийг арилгуулахад тэмцэгчид дуугарахаа болих үед хүний эрхийн зөрчил улам ужгирдаг. Тиймээс энэ хууль маш чухал. Энэ хууль батлагдсанаар хүний эрх хамгаалагчид цаашид дуу хоолойгоо илүү чанга, зоригтой хүргэх нөхцөл бүрдсэн учраас тэр хэрээр нийгэмд хүний эрх хэрэгжих магадлал ихэснэ. Хүний эрхийн зөрчлийн төлөө дуугарч байгаа иргэн, байгууллага хэн бүхэн энэ хуулиар хамгаалагдах юм. Өөрөөр хэлбэл, төрийн статустай ХЭҮК-ын таван гишүүдээс гадна хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцдэг бүх хүн энэ хуулиар хамгаалагдана.

Таны асуусан шиг,хүний эрх хамгаалагдсан шүү дээ гэж яриад байна л даа. Гэтэл тийм биш байгаа нь амьдрал дээр төрөл бүрээр хохирол амсаж буй иргэдийн жишээн дээрээс харагдаад байна. Энэ тэмцлийг өдөр бүр бусдын төлөө хийдэг хүмүүс энэ дарамтыг мэдээд, мэдрээд, хуулийг гаргах хүсэлтээ тавиад байна. Бор зүрхээрээ бусдын төлөө явж буй энэ хүмүүст өнөөгийн манай хуулинд байгаа механизмууд хангалттай хамгаалахгүй байгааг өөрсдөө хэлээд байна. Ийм байхад та нар зоригтой бусдын төлөө ажил гээд захиргаадах гээд байгаа нь тун зохисгүй. Энэ хуулийн хэрэгцээ байгааг дараах энгийн жишээнээс тод харж болно. Коронавирусийн халдвар тархсан бүс рүү эмч, сувилагч нарыг оруулахдаа тусгай хувцас хэрэглэл өмсгөж нэвтрүүлдэг биз дээ. Өвчтөн, эмч хоёр адилхан л хүн юм чинь эмч та энгийн хувцастайгаа ор гэдэггүйтэй л адил. Тусгай нөхцөл рүү ороход тусгай зохицуулалтыг нь хийж өгч,хуулиараа ажиллах нөхцөл боломжийг гаргаж өгөх ёстой. Энэ хууль үүнтэй адил.

-Хүний эрх хамгаалагчийн хороо шинээр байгуулагдах юм байна. Энэ хороо хэрхэн ажиллах вэ. Мөн хүний эрхийг хамгаалагчийг яг яаж хамгаалах юм бэ?

-Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэд Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хүний эрхийн хамгаалагчийн хороо ажиллана. Энэ хороо хүний эрх хамгаалагчдад дарамт ирвэл эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлж, хуулийн дагуу шаардлагатай хамгаалах арга хэмжээг авахуулж, хариуцлага тооцуулахаар ажиллах юм.

Жишээлбэл, орон нутагт нэг том дарга бусдын эрхийг зөрчсөн үйлдэл хийчихлээ. Тэрийг нь илчилж, хүний эрхийг хамгаалж дуугарсан хүнийг нөгөө дарга “чи яасан их намайг шүүмжилдэг юм” гээд айлган сүрдүүлэх, дарамтлах асуудал гарлаа гэж бодъё. Энэ тохиолдолд одоо ийм шинэ хууль байгаа учраас тэр дарга уг хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгож, тэр хүнд халдвал асуудалд орохоо ойлгон наад зах нь дур зоргоороо аашлахгүй болгоомжлох болно.Нөгөө талаас хэрвээ хүний эрх хамгаалагчид дарамт шахалт үзүүллээ гэж Хүний эрхийг хамгаалагчийн асуудлаарх хороонд гомдол очих тохиолдолд хариуцлагын асуудал бүр тодорхой болох боломжтой.Аливаа дарамт шахалтад орсон хүний эрхийг хамгаалагч “надад дарамт ирж байна, хамгаалах арга хэмжээ авч өгөөч” гэж холбогдох хороондоо хандах юм. Энэ хороо эрсдэлийн үнэлгээ хийгээд холбогдох цагдаа, хууль хяналтын байгууллагад нь асуудлыг шилжүүлж, хуулийн дагуу захиргаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн нөхцөл бүрдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн зөрчлийг газар дээр нь илчлэх, хууль хяналтын байгууллагын анхааралд хамгийн дөт замаар идэвхтэй, сэтгэлтэй хүмүүсийн оролцоо, хүчээр хүргэх боломжтой болсон учраас энэ хуулиар дамжуулан хүний эрхийг хамгаалах асуудлыг нийгэмд буй өөрийнх нь дотоод нөөц, хүчинд үүрүүлж, хүний эрхийг хамгаалах тогтолцооны хүрээг нэн өргөсгөн тэлж, нийгэмд бүхэлд нь шингээж өгсөн хууль болсон гэж хэлээд байгаа юм.

-Хүний эрхийг хамгаалагчийн хороо ямар бүтцээр ажиллах вэ. Ямар хүмүүс томилогдон ажиллах юм. Хараат бус ажиллаж чадах уу гэдэг асуудал чухал байна?

-Хороо долоон гишүүнтэй байна. Хараат бус ажиллахыг хуулиар тодорхой зааж өгсөн. Нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт явуулж гишүүдийг сонгоно.Мэргэжлийн өндөр ур чадвартай, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд ажилласан туршлагатай байх, сүүлийн таван жил улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй, хараат бус байх, хүний эрхийн чиглэлээр байнга ажилладаг, олон нийтэд хийсэн ажлаараа танигдсан, нэр хүндтэй байх гэх зэрэг өндөр шалгууртай. Дээр нь энэ долоо хүний нэг нь хүний эрхийн комиссын гишүүн байна гэж заасан. Гэхдээ давуу байдлыг үүсгэхгүйн тулд долоон гишүүн жил жилээр тойроод хороог удирдаад явахаар хуулинд тусгасан.

-Нөгөө талаар хүний эрх хамгаалагч нь өөрөө хараат бус ажилладаг, ёс зүйн доголдолгүй байх асуудал чухал. Энэ асуудлыг хэрхэн тусгасан бэ?

-Хүний эрхийг хамгаалах гэж байна гээд бусдын эрхийг зөрчих ёсгүй. Угаасаа хуулийн хүрээнд хүний эрхийг хамгаална гэдэг нь маш нарийн мэргэжил. Түүнээс биш баахан популизм яриад л, хүнийг гүжирдэж гүтгэснийгээ хүний эрхийг хамгаалж байна гэж яриад, нэг хүний эрхийг хамгаалах гэж нөгөө хүний эрхийг зөрчихийг зөвшөөрөхгүй. Жишээлбэл, сургаар энэ ёстой үл бүтэх хүн, баахан ийм буруу үйл ажиллагаа хийгээд хүний эрх зөрччихөж гэсэн таамаг төдий юм ярьж нэгийг буруутгаад нөгөө хүний эрхийг хамгаална гээд байвал энэ хуулийн хамгаалалтад орохгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд, хуулийн дээсийг давалгүйгээр хүний эрхийг хамгаалахыг л энэ хууль зохицуулаад байгаа юм. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалагч этгээд хуулинд нэн хүндэтгэлтэй хандаж ажиллах үүрэгтэй. Хуулинд нэн хүндэтгэлтэй хандана гэдэг бол ёс суртахууныг эрхэмлэн ажиллахыг л хэлээд байгаа юм. Иймээс хүний эрхийг хамгаалагч хүн бол хуулинд дуулгавартай, өндөр ёс суртахуунтай хүн баймаажин л энэ хуулийн хамгаалалтад хамрагдах юм. Ер нь хүний эрхийн хууль хөгжлийн эцсийн цэгтээ ирээгүй байгаа.Цаашид нэмж оруулах зүйлүүд олон байна. Хууль шинэчлэгдсэн, одоо дахиж шинэчлэх ёсгүй гэж болохгүй. Амьдрал дутуу юмыг газар дээр нь нэмээд л гараад ирж байна. Тухайлбал, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалахгүйгээр хүний эрх бүхэлдээ доголддог юм байна гэдгийг амьдрал зөвхөн манайд төдийгүй бусад олон оронд харуулсан байна. Иймээс бид энэ хуулийг баталлаа. Цаашид дутуу зүйл байвал амьдрал харуулаад л өгнө. Тэгэхээр дутагдаж буй зүйлийг амьдрал харуулмагц дараагийн удаад нөхөөд л гүйцээн зохицуулах ёстой.

-Монголд хүний эрхийн зөрчил ямар түвшинд байна гэж үзэх вэ?

-Хамгийн их яригдаж байгаа сэдэв өнөөдөр юу байна вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Өдөр бүр хүний эрх зөрчигдөж байгаа хэргүүд мэдээлэгдэж байна. Саяхан алба хааж байсан цэрэг амиа алдлаа, гэр бүлийн хүчирхийлэл газар авсаар байна, бэртэл дагуулсан халдлага, зодоон гарч байна, албан тушаалтнуудын хариуцлагагүй, авлигажсан хэргүүд гарсаар байна. Энэ бүгдийн дүнд иргэдийн эрх ашиг хохирч байгаа талаар бүгд л ярьж байна шүү дээ. Хууль хяналтын байгууллагын авлигажсан, хонгилжсон байдлын цаана харагдахгүйгээр дандаа хүний эрхийн зөрчил явж байдаг. Хилс хэрэг бол хүний эрхийн хамгийн том зөрчил. XXI зуунд байх ёсгүй зөрчил. Энэ бүх хүний эрхийн зөрчлийн төлөө дуу хоолойгоо хүргэж, тэмцэж, ажиллаж байгаа тэмцэгчид маань өөр дээрээ том эрсдэл авч байдаг. Өмнө нь байгаль хамгаалагч залуу амиа алдаж, энэ талаар нийтлэл бичиж байсан сэтгүүлч мөн амь насаараа хохирсон. Хэрвээ тэр үед хүний эрхийн хамгаалагчийн хууль байсан бол өөр нөхцөл байдал үүсч болох байсан байх. Маш түргэн хойшлуулшгүй арга хэмжээ авч, хүний эрхийн тэмцэгчийг хамгаалалтад авсан бол тэдний амь нас эрсдэх байсан уу, үгүй юү гэдэг асуудал хөндөгдөх байсан байх. Бас нэг зүйлийг энд хэлэх ёстой. Хүний эрхийн ноцтой зөрчил гаргачихаад би том тушаалтан юм чинь хариуцлага хүлээхгүй байж чадна гэж горьдоод яваад байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд, хүний эрх бол дэлхийн асуудал. Хэрэв, Монголын төр хүний эрхийн зөрчлийг тоохгүй байгаа бол дэлхий дээр хариуцлага тооцдог байгууллагууд байдгийг бас санаж байхад илүүдэхгүй.

-Хүний эрхийн ноцтой зөрчил гарах бүрт ХЭҮК-ыг ажлаа хийж чадахгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Энэ хууль хэрэгжсэнээр хэр өөрчлөлт гарах бол?

-Хүний эрхийн асуудлыг угаасаа нэг, хоёр байгууллагад даатгаад орхичихдог асуудал огт биш. ХЭҮК нь хүний эрхийг хамгаалах институциүдээс нэлээн голлох инстутици нь мөн. Тэр утгаараа хүний эрхийн аливаа зөрчил, асуудал үүсэхэд манай дарга нар Хүний эрхийн комиссын таван гишүүнийг та нар ажлаа хийсэнгүй гэж загнадаг. Таван хүн улсын хэмжээнд байгаа хүний эрхийн бүхий л зөрчил асуудалд нэг бүрчлэн хүрч ажиллах бололцоогүй. Тэр байтугай төрийн механизм нь бүхэлдээ бүх газар хүрч ажиллаж чаддаггүй шүү дээ. Угаасаа хүний эрхийг хамгаалах асуудал маш өргөн ойлголт. Цаг, минут тутамд хүн эрхээ эдэлж, үүргээ үүрч явж байдаг. Энэ бол гурван сая оролцогчтой том систем байхгүй юу. Гурван сая хүний хувь заяаг төрийн оролцоотой ганц комисс хариуцаж ажиллах боломжгүй. Энэ хуулийн хамгийн чухал зүйл нь энэ хуулиар хүний эрхийг хамгаалах, зөрчлийг харж хянах боломжийг нийгэмд өөрт нь шингээж өгч байна. Өөрөөр хэлбэл, төр нь өөрөө хүний эрхийг хамгийн их зөрчдөг. Тэгэхээр төрийн гаднах иргэний нийгмийн байгууллагууд өөрөө өөрийгөө хамгаалж чаддаг болсноор, хүний эрхийн зөрчлийг арилгахын төлөө, урьдчилан сэргийлэхийн төлөө зүтгэх, оролцогчдын тоо нэмэгдэж, энэ хэрээр хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа бэхжинэ.

-Энэ хуулийг сая хэлэлцэж байхад хүний эрхийн байгууллага гадны байгууллагаас тусламж хэлбэрээр санхүүждэг тухай хөндөгдөж байсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Террорист, нэр нь тодорхойгүй этгээд, байгууллагаас санхүүжилт дэмжлэг авахыг хорьсон. Харин эдгээрээс бусад байгууллагаас тусламж авах нь нээлттэй. Бидний өнөөдөр эдлээд явж байгаа хүний эрхийн хуулиудыг монголчууд өөрсдөө санаачилж гаргаж ирээгүй. НҮБ болон бусад хүний эрхийн байгууллагуудын дэмжлэг, туслалцаатайгаар, санхүүжилттэйгээр өнөөгийн манай хүний эрхийн хуулиуд боловсрогдож, батлагдсан. Жишээлбэл, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн тогтолцоо социализмын үед байгаагүй. Сэтгүүлч хүн одоогийнх шиг дуртай цагтаа төрийн өндөр албан тушаалтнаас хаа таарсан газраа хэл амыг нь сугалах дөхөн мэдээлэл авч чаддаггүй байсан. Хэрвээ тэгвэл төр засгийн бодлогоос зөрсөн юм ярилаа гээд шоронд явдаг ийм үе байлаа. Харин өнөөдөр энэ эрх дархан хамгаалагдсан байна. Хүний эрх бол уул уурхай биш, ухаад аваад гарчихгүй. Тиймээс гадны туслалцаатайгаар дэвшүүлэн хөгжүүлсээр байх ёстой зүйл. Гадны тусламж, дэмжлэгтэйгээр ийнхүү бүрэлдсэн хунийг хамгаалдаг тогтолцоо нь гараад явчихгүй, Монголдоо үлддэг. Тиймээс энэ асуудал дээр гадныхнаас жийрхэлгүй хамтран ажиллах хэрэгтэй. Тэгээд ч хүний эрх бол дэлхийн асуудал гээд байгаа. Тийм учраас зохих түвшний хүний эрхийн тогтолцоотой байх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш, бас дэлхийн өмнө Монгол төрийн үүрэх үүрэг, хариуцлага юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *