Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуутай ярилцлаа.
-УДЭТ-ын Түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд МЭӨ 209 оноос XX зуун хүртэлх
түүхэн он цагийн хэлхээгээр аялах юм байна. Театрын хувьд ч 85 жилийн ойгоо хийж
байна гэдэг бас л том түүх?
-Монголчууд үндэсний соёл урлагийн эртний түүхтэй ард түмэн. Хубилай
хааны ордонд 500 хүнтэй их найрал хөгжим байсан гэдэг. 1800-гаад оны үед Равжаагийн
Саран хөхөө театр байсан гээд бодит баримтууд бий л дээ. Шинэ цагийн мэргэжлийн
урлагийн гал голомт болсон манай театр 85 жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1921 оны
ардын хувьсгалын дараа шинэ цагийн анхны байгууллага болох улаан гэр, Жанжны клуб,
Хятад ажилчны клуб, Ардын цэнгэлдэх хүрээлэн байгуулагдсан. Эд бол мэргэжлийн соёл,
урлагийн байгууллагын үүсэл гэж судлаачид үздэг. Ардын авьяастнууд, сайн дурын уран
сайханчдын хөдөлгөөн соёл, урлагийн байгууллагууд үүсэхэд түрлэг өргөсөн. 1931 оны
арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны
50 дугаар тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн мэргэжлийн
театр байгуулахын тулд тухайн үеийн Зөвлөлт улсаас театрын найруулагч, багш, зураач,
хөгжмийн зохиолчдыг урьж, жилийн хугацаатай курс нээн ажиллуулсан гэдэг. Үр дүнд
нь С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа
нээсэн юм.
Өрнийн театрын онол арга зүй дэг сургууль, монголчуудын авьяас нэгдээд
театрын урлагийн хөгжлийн түүх эхэлсэн. Удалгүй хот хөдөөд төрийн харьяалалтай соёл,
урлагийн байгууллагууд бий болсон юм. Аймгуудад Соёлын ордон, нийслэлд Улсын цирк,
Хүүхэлдэйн театр, өнөөдрийн ҮДБЭЧ-ын анхны байгууллага Эстрад концертын товчоо бий
болсон. 1963 онд Дуурь, бүжгийн театр байгуулагдаж, одоогийн байрандаа байрлаж,
манайх драмын урлагийн чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулахаар энэ байрандаа нүүж
ирсэн дээ.
-Манай театрын зорилго болбол… гээд дуу байдаг. Социализмын үед
театр олон түмнийг гэгээрүүлэх, ухуулан сэнхрүүлэх үүрэгтэй үзэл суртлын зэвсэг
байсан. Харин нийгэм солигдоход театр яаж өөрчлөгдсөн бэ?
-Театр байгуулагдаад дайны үе, социализмын бүтээн байгуулалтын үеийг
туулж, үзэл суртлыг голлодог байсан. 1990-ээд оноос хойш театрын урын сангийн бодлого
нээлттэй, чөлөөтэй болсон гэж болно. Ард түмнийг соён гэгээрүүлэх нь урлагийн үндсэн
үүрэг шүү дээ. Ард түмний оюуны хөтөч байх эрхэм үүргээ хэрэгжүүлэх үүднээс урын
сангийн бодлого төлөвлөгддөг.
-Орчин үед кино, телевиз, интернэтээс хүмүүс маш их юм үзэж хардаг
болсон. Ийм нөхцөлд театр хэрхэн оршин тогтнож, үзэгчдээ яаж барьж тогтоох бол?
-Театрын амин сүнс, үнэт зүйл нь үзэгчдэд амьд тоглолт үзүүлдэгтээ
байдаг. Гэртээ зурагтаар уран бүтээл үзэх, театрт ирээд тоглолт үзэхийн хооронд
асар том ялгаа бий шүү.
-Үзэгчидтэй илүү амьд харилцаатай байлгах үүднээс тоглолтын үед үзэгчтэй
харилцах гэх мэтээр олон хэлбэр туршиж байдаг бололтой юм?
-Тэр байтугай бид тоглолтоо хийчихээд зохиолч, найруулагч, хөгжмийн
зохиолч, жүжигчид, тайзыг бүтээсэн арын албаныхантай “Тоглолтын дараа” гэсэн үзэгчид,
уран бүтээлчдийн уулзалт хийж байгаа. Гэртээ телевизээр кино үзчихээд дараа нь уран
бүтээлчидтэй уулзаж чадахгүй шүү дээ. Яагаад тэр уран бүтээлийг сонгосон юм гэдэг
чухал. Аливаа шинэ уран бүтээл уран бүтээлчийн эмзэглэлээс эхтэй. Уран бүтээлч,
үзэгч саналаа солилцдогоороо ач холбогдолтой. Энэ нь урын сангаа төлөвлөхөд нөлөөтэй,
хэрэглэгчтэйгээ эргэх холбоотой болж байгаа гэсэн үг. Америкт Бродвейн театрт тоглож
байгаа “Парисын дарь эхийн сүм”-ийг яагаад монгол үзэгч эх орондоо, эх хэлээрээ
үзэж болохгүй гэж. Бид дэлхийн театрын урлагийн хөгжлөөс суралцах хэрэгтэй шүү дээ.
Үндэсний түүхэн бүтээлүүд, орчин үеийн сэдэвтэй зохиол бүтээлүүд манай театрын урын
санг бүрдүүлдэг. Манай үзэгчдийн 70-80 хувь нь 18-35 насныхан байдаг гэсэн судалгаа
бий. Бидний дөрөв дэх чиглэл гэвэл хүүхдэд чиглэсэн уран бүтээл. Дэлхийн театрын
хөгжил хаана явна. Тэндээс бид хоцормооргүй байна. Театр цаг үргэлж, үзэгч олон
түмэндээ оюуны талх өгч байх учиртай байгууллага.
-Сүүлийн үед багцын сонголт санал болгодог болжээ. Хүмүүс долоо хоногийн
турш театрт цагаа зориулах сонголт хийж байгаа гэсэн үг үү?
-Та анзаарч байгаа бол сүүлийн жилүүдэд бид сонгодог жүжиг, орчин
үе, хүүхдийн жүжиг, түүхэн жүжгийн өдрүүд гэх мэтээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлж байна.
Шинэ жүжиг хийж байгаа үедээ тав, арав хоногоор үргэлжлүүлээд тоглодог. Тэр үед
үзэж амжаагүй хүмүүст зориулаад манай авдарт ийм бараа байна гээд гаргаж тавьж байгаа
хэлбэр. Театрын тоглолтын тасалбар өндөр үнэтэй биш л дээ. Бид үзэгчид ямар цалинтай
билээ гэдгийг ч бодолцох учиртай. Багцын борлуулалт хийхээр хүмүүст сонирхолтой
байгаа юм. Нэг жүжгийн үнээр гурван жүжиг үз гэж байна шүү дээ. Тэгэхээр тухайн
хүнд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.
-Шинэ жүжиг тавигдаад ямар хугацааны дараа архивт шилждэг вэ?
-Тухайн жүжгийн жанраас шалтгаалдаг юм. Орчин үеийн сэдэвтэй, хөнгөн
маягийн уран бүтээлүүд харьцангуй удаан тоглогдоно. 20-иод хоног, сар тоглоход бараг
тайзнаас буухгүй шүү. Сонгодог жүжиг, түүхэн том бүтээлүүд бол тийм биш. Гэхдээ
зардал өндөртэй бүтдэг.
-Маш их зардал гаргаж том бүтээл тавьсны дараа архивт шилжинэ гэхээр
харамсалтай юм. Тэр бүр театрыг зорьж ирж амждаггүй үзэгчдэд зориулаад CD, цомог
хэлбэрээр хүргэх боломжтой болов уу?
-Сонгодог жүжиг, түүхэн бүтээлын үнэ цэнэ гаргаж байгаа зардалдаа
оршдоггүй. Бүтээл нь үнэ цэнэтэй юм шүү дээ. Тавь, жараад оны алтан үеийн бүтээлүүдээ
бид бичиж авч үлдэж чадаагүй. “Цогт тайж” киног бол бид дэлгэцнээс үзчихдэг. Театрын
хувьд жүжгээ бичиж авах технологийн боломжгүй үе байсан. Сүүлийн жилүүдэд хийгдсэн
бүтээлүүдээ бүгдийг нь бичиж авч, хадгалж байгаа. Тодорхой хугацааны дараа телевизийн
алтан фондод бичүүлдэг юм. Мөн өөрийн архивт хадгалдаг. Театрын 80 жилийн ойгоор
бид хэд хэдэн бүтээлүүдээ DVD бичлэг болгож, борлуулсан. Оюуны бүтээлийн хулгай
гэдэг аймшигтай. Бид “Тамгагүй төр” жүжгээ бичээд, борлуулах гэхээр баахан хувилаад,
илүү хямд зарчихдаг аюул байна. Уран бүтээлээ үнэ цэнтэй хадгалах нь зөв гэж боддог.
-Тэр бүр хот орж ирээд театр үзэж чаддаггүй орон нутгийнханд театр
өөрөө хүрч очдог юм билээ. Аялан тоглолт хэр их хийж байгаа вэ?
-Мэргэжлийн театр үүсэн бий болсон цагаасаа л хөдөөгийн уул талаар
соёлын үрийг тарьж ирсэн. Ялангуяа 1967 оноос өмнө бол телевиз байсангүй. Хөдөө
орон нутагт урлагийн бригад аялдаг байсан. Энэ бол театрын онцгой үйл ажиллагаа
мөн. 1990 оноос хойш бригадаар явах байтугай театр оршин тогтноход хүнд байсан үе
бий. 2002 оноос хойш аялан тоглолтоо сэргээгээд УДЭТ-ийн өдрүүд аялан тоглолтыг
зохион байгуулж, 18 аймгийг бүтэн нэг тойрсон. Одоо бол хоёр дахиа тойрч байгаа.
Хөдөө, орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн сайхан ажил болдог. Социализмын
үед бол сум бүрт хүрдэг байсан. Одоо аймгийн төвүүд, зам дагуу сумдад тоглож байна.
Яваандаа нэгжид хүрч үйлчилдэг болно доо. Жил бүр аялан тоглолтоор явж байгаа. Хавар,
намрын бригад гэж явдаг. Хавар бид Эрдэнэт, Дарханаар аялан тоглоод ирсэн. Намар
Улаан-Үдэд Монгол туургатны театрын наадамд оролцсон учраас намрын бригад маань
явж амжаагүй. Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, театрынхаа 85 жилийн ойд бэлтгэж
завгүй ажиллаж байна. Ирэх жил Хөвсгөл, Завханы чиглэлд аялан тоглолт хийнэ дээ.
-Танай театр хүмүүст юу үзүүлэх вэ гэдгээ их урт хугацаагаар төлөвлөдөг
юм билээ. 2017 он хүртэл ажлаа төлөвлөсөн гэсэн. Түүнээс цааш монголчууд юу үзэх
бол?
-Театр урлаг соёлынхон ард түмнээсээ нэг алхмын өмнө явж байх учиртай.
Хүний оюуны эрэлт хэрэгцээ гэдэг хоол, хувцаснаас дутахгүй. Бид 2001 оноос хойш
дөрөв, таван жилээр төлөвлөлт хийж ирсэн. 2008 онд найман жилийн хөтөлбөр боловсруулсан
юм. Найман жилийнхээ хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэл, үр дүнг тооцож байна. Мэргэжлийн
байгууллага тухайлбал СЭЗИС, Удирдлагын академи гээд мэргэжлийн байгууллагуудтай
хамтарч хийдэг л дээ. 2017 оноос хойш дахиад таван жилийн хөтөлбөр боловсуулахаар
ажиллаж байна. Ой угтсан ажлын хүрээнд бид СУИС, Соёл урлаг судлалын хүрээлэнтэй
хамтраад театрын хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний том хурал хийх юм. Энэ хурлаар
өчигдөр театрт юу болов, өнөөдөр юу болж байна, маргааш юу болох вэ гэдэгт гурван
цагийн хэлхээсээр хариу өгнө. Монголын үндэсний театр уламжлалдаа суурилна. Шинжлэх
ухаанчаар хандана. Дэлхийн театр урлагийн хөгжилтэй уялдуулна. Урлаг судлаачид,
түүхчид, уран бүтээлчид үнэлэлт дүгнэлт өгч, шүүж тунгааж байж дараагийн таван жилийн
хөгжлийн хөтөлбөрөө боловсруулна. Ер нь театрын урын сангийн үндсэн төлөвлөлт үндэсний
түүхэн бүтээлүүд, дэлхийн сонгодог уран бүтээл, орчин үе, залуус хүүхдэд хандсан
бодлого хэвээрээ үргэлжилнэ.
-Театрт байсан өнгөт зурагтаа зараад, уран бүтээлчдийнхээ цалинг
тавих үе байсан гэсэн. Театр хүмүүсийн сонирхлыг татсан уран бүтээл хийгээд, орлогоороо
санхүүжээд амьдрах ёстой юм уу, эсвэл хүн ардыг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж үзээд
төрөөс дэмжих учиртай юу?
-Театрын урлаг 300-400 жил хөгжсөн, хүн ам ихтэй улс орнуудтай харьцуулахад
манай театр залуугаараа байна. Ер нь хөгжсөн аль ч улс оронд соёл, урлаг, музей,
номын сан, үндэсний театраа төр нь ивээлдээ байлгадаг. Орос гэхэд л Их театраа Ерөнхийлөгчийнхөө
ивээлд байлгадаг шүү дээ. Өнөөдөр ч манай театр төр, олон түмнийхээ ивээлээр явж
байгаа. Бизнесийн зарчмаар хөгждөг урлагийн төрөл бас бий. Социализмын үед төрийн
харьяалалтай урлагийн байгууллагууд хүн амынхаа тооноос хамаарахгүйгээр хөгжлийн
түвшиндээ хүрчихсэн. Дуурь, манай театр урын сангийн хувьд томд тооцогддог театрууд
шүү дээ. Төр ивээлдээ авч, дэмжиж туслах хэрэгтэй. Харин үйл ажиллагаанд нь саад
болж болохгүй. Төсвийн санхүүжилт байр, халаалт, цахилгаан дулаан, халуун хүйтэн
усны зардалд яваад өгдөг. Үндсэн үйлдвэрлэл, уран бүтээлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
учиртай. Салбарынхныг Ерөнхий сайд, салбарын сайд хүлээж авахад бид зовлон жаргалаа
ярьсан. “Урлаг хөгжүүлэх сан” гэж хуучин байсан бол одоо яам ч үгүй, сан ч үгүй
болсон. Эргээд “Урлаг хөгжүүлэх сан”-г бий болгохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
оруулсанд бид баяртай байгаа.
-Театрын төрсөн өдөр хүртэл үлдсэн хугацаанд хүмүүст юу үзүүлж харуулах
вэ?
-Д.Нацагдоржийн нэрэмжит театрын хувьд түүний амьдрал уран бүтээлээс
сэдэвлэсэн жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Тайзны шалгуур даах уран бүтээл
ирээгүй. Зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай хамтраад “Жаргаагүй нар” жүжгийг хийж байна.
Арваннэгдүгээр сарын эхээр энэ жүжгээ нээнэ дээ. “Монгол ардын суут” гэрэл зургийн
үзэсгэлэн гаргах гэж байгаа. Сонирхолтой хөтөлбөрүүдээр үзэгчдэдээ бэлэг барина.