Увс аймгийн МАН-ын дарга нарын авлигын гэмт хэргийн талаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэж байна. Миний бие 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Ажлаа өгснөөс хойш гурван жил АТГ-т шалгуулж байна. Албан тушаалын гэмт хэрэг байхгүй байна гэж АТГ үзэж гурван удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний ах дүү нараас надаас өөр төрийн албанд ажилладаг нэг ч хүн байхгүй. Увс аймгийн Гудамж төслийн 10 хүрэхгүй километр замд 27 тэрбум төгрөг зарцуулсан гэж гүтгэсэн байна.
Улаанбаатар, Архангай, Увс аймагт Гудамж төсөл хэрэгжсэн. Гүйцэтгэгч компани найман тэрбум төгрөг авч, үлдэгдэл 7.5 тэрбум төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй байгаа. Энэ бол зүгээр нэг зам биш бөгөөд иж бүрэн төсөл юм. Сүүлийн 30 жилд Увс аймагт хэрэгжсэн хамгийн үр дүнтэй төсөл гэж хэлмээр байна. Тухайн төслийн хүрээнд нэг ч дутагдал илрээгүй.
Гадаадынхантай нийлж хайгуулын мөнгө завшсан гэж мөн гүтгэж байна. Надад тийм зүйл байхгүй. 764 сая долларын томоохон хайгуулын ажлыг Увс аймагт эхлүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжиж байхад Увс аймгийн МАН-ынхан улс төржүүлж эхэлсэн. 1,000 метр цооног өрөмдөөд газрын тосондоо хүрчих байх гэж өөдрөг төсөөлөлтэй байтал улс төржүүлсээр байгаад уг төсөл зогссон. Эцэст нь Увс аймгийн ард түмэн Монгол Улс хохироод үлдсэн.
4 тэрбум төгрөгийн өртөгтэй усан бассейны барилгын мөнгө алга болсон
Увс аймгийн МАН-ын удирдлагуудын авлига албан тушаалын хэргийг шалгах цаг болсон. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоо бүхий хүмүүс Увс аймгийг тонож дээрэмдээд дуусаж байгаа. Барилга барьж, бүтээн байгуулалт хийхэд цаана нь заавал авлига явж байдаг. Энэ бол мөсөн уулын орой.
Увс аймагт баригдах дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй усан бассейны барилгын ажил бий. Гүйцэтгэгч компани 92 хувийн санхүүжилтээ авсан бөгөөд одоо олдохгүй байгаа. Барилгын ажлын суур нь эхэлж байхад тоног төхөөрөмжийн мөнгө гээд 760 сая төгрөгийг нэмээд өгөөд явуулсан. Мөнгө, гүйцэтгэгч компани байхгүй нэг барилгатай л хоцорлоо.
Аймгийн МАН-ын удирдлагууд 2012 оноос өмнө таван давхар байшинг дөрвөн давхар болгоод хулгай хийдэг байсан. Аймагт лифттэй эмнэлгийн барилга баригдах ёстой байсан ч лифт нь байхгүй. Лифт хүртэл хулгай хийдэг болсон. 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй Драмын театрын барилга аймгийн төвд баригдаж байгаа.
Дахиж нэмээд 3.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нэмж суулгасан ч мөнгө нь байхгүй болж барилга ашиглалтад ороогүй. Захирал нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан залуу бий. Сонгууль болоход олон хүмүүс аваачиж ажиллуулдаг ч ажил албан тушаалд очоод улсын төсвөөс энэ мэтээр хулгай хийдэг” гэлээ.