Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Цэндсүрэн: Хариуцлагатайгаар хэлэхэд, Увсад авлигыг цэцэглүүлж, ард түмнийг ялгаварлаж, муу муухайг дэлгэрүүлсэн хүн бол Ч.Хүрэлбаатар

Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.


-Таныг Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тендерийн мөнгө завшсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх мэдээлэл үе үе хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацагддаг. Үүний шалтгаан нь юу юм бэ?

-Намайг Гудамж төслийн мөнгөнөөс идсэн, Үзүүрийн булаг-Тосон чиглэлд концессын гэрээгээр тавигдсан авто замын мөнгөнөөс идсэн, Газрын тосны хайгуул хийж Увс нуурыг устгах шулмын ажиллагаа явуулсан, Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө Өмнөговь аймагт тээврийн компани, ШТС байгуулж их баяжсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гүтгэсээр ирсэн. Хүнд Үндсэн хуульд заасан халдашгүй нэр төр гэж бий. Миний бие Увс аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа 2016 оны долдугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш зургаан жил өнгөрлөө. Яасан дуусдаггүй гүтгэлэг вэ. Намайг буруутай бол холбогдох байгууллагаар нь шалгуулаад гэм буруутайг минь тогтоолгох хэрэгтэй шүү дээ.

-Таныг ажлаа хүлээлгэн өгсний дараа АТГ-т шалгуулсан гэж сонссон. АТГ-ын шалгалтын дүн юу гэж гарсан юм бол?

-Ажлаа хүлээлгэн өгөөд 10 гаруй хонож байх үеэс авахуулаад АТГ-т дуудагдсан. Надтай холбоотой асуудлаар гурван удаа шалгасан. Шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгоод явуулдаг. Дараа жил нь дахиад “Шинээр үүссэн нөхцөл байдал” хэмээн дууддаг.

Хамгийн сүүлд 2020 оны сонгуулийн өмнө дээрх шалтгааныг хэлээд дахин АТГ-аас дуудсан. Би зангиагаа зүүгээд, гутлаа тослоод АТГ-т очихдоо өөрийн цахим хуудсаараа live хийсэн. “Хууль зөрчсөн бол шалга, асуудал байгаа бол нягтал. Шалгуулахад бэлэн байна” гэсэн. Гэтэл АТГ-аас гурав дахь удаагаа надтай холбоотой асуудлуудыг шалгаад гэмт хэргийн шинжгүй, авлига албан тушаалын хэрэг байхгүй, хэрэгсэхгүй болголоо хэмээн явуулсан. Намайг гурван удаа АТГ-т шалгуулах хүсэлтийг Увс аймгийн МАН-ынхан өгсөн. Хэрэгсэхгүй болгочихоод байхад одоо дахиад л гүтгээд эхэлж байгаа юм. Би үнэхээр авлига, албан тушаалын хэрэг үйлдээд, түүнийг нь АТГ-аас тогтоож, хуйвалдсан, хууль завхруулсан асуудал байгаа бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үгүй бол намайг гүтгэж, гүжирддэг хүмүүс хариуцлага хүлээх ёстой биз дээ. Асуудал байгаа бол дахиад ч АТГ намайг шалга. Надад гомдох зүйл байхгүй.

-Таныг Увс аймагт газрын тос олборлох, уул уурхайн хайгуул хийх нэрээр их хэмжээний лиценз олгосон гэх яриа байдаг. Та тус аймагт газрын тос, уул уурхайн компаниудад хайгуул хийх эрх олгосон юм биш үү?

-Аймгийн даргад газрын тосны тендер ямар хамаа байна вэ. Энэ яриа ямар учиртайг тайлбарлая. Увс аймагт 754 сая ам.долларын өртөгтэй газрын тосны хайгуул хийх тендерийг 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын үед, Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа олон улсад нээлттэй зарласан. Төрийн захиргааны төв байгууллага Газрын тосны хэрэг эрхлэх газраас олон улсад нээлттэй зарласан тус тендерт Австрали, АНУ-ын хөрөнгө оруулалттай Гладвилл петролиум” компани, Өрмийн компаниар нь энэ чиглэлээр туршлагатай хэмээн БНХАУ-ын компани шалгарсан байдаг. Ингээд 2014 онд намайг Увс аймгийн даргаар ажиллаж байхад эдгээр компаниуд тендерт шалгарсан учраас хайгуул хийж 1000 метрт өрөмдлөг хийсэн. Дахин 500 метр өрөмдчихвөл газрын тосондоо хүрнэ гэсэн таамаг дэвшүүлж байсан. Гэтэл Увс нуураа хамгаалах хөдөлгөөн хэмээн байгуулж, нэр бүхий улстөрчид, Увс аймгийн МАН-ынхан энэ ажлыг улстөржүүлсэн. Үр дүнд нь 764 сая ам.долларын хайгуул хийхээр орж ирсэн компани манайхаас гарч явсан, Увс аймгийн иргэд, Монгол Улс хохироод үлдсэн. Газрын тосны хайгуул хийвэл Увс нуур сүйднэ гэдэг ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Олон улсад ийм зүйл хаана ч байдаггүй юм билээ. Өнөөдөр шатахууны хараат байдлаас болж бид өнөөдөр хэрхэн алиагаа алдаж байна. Хагас эх орончид, улс төрийн ашиг хонжоо хайгчид орилсны үр дүнд энэ төсөл зогссон. Улс төрийн ашиг хайгчид санасандаа хүрсэн. Аймгийн даргад 764 сая ам.долларын хайгуул хийх олгох эрх байхгүй. Үндэслэлтэй гүтгэх хэрэгтэй.

-Та дээр дурдсан замын тендертэй холбоотой асуудлын талаар юу хэлэх вэ?

-Тухайлбал, намайг 27 тэрбум төгрөгөөр 10 км зам тавьсан, үүнээсээ мөнгө идсэн гэж харддаг. Үнэхээр УИХ-аар Увс аймагт 27 тэрбум төгрөгөөр 10 км зам тавих асуудлыг баталсан байдаг. Энэ зам энгийн нэг зам биш, аймгийн төв доторх иж бүрэн тохижилттой зам. Цахилгаан, дулаан, цэвэр усны шугам, гүүр хоолой барих, замаа тавихаас гадна дугуйн зам, ногоон байгууламж, гэрлэн дохио гэх мэт иж бүрэн тохижуулсан зам. Гэтэл уг зам 27 тэрбум төгрөгөөр биш, 15.5 тэрбумын өртгөөр хийгдсэн. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс 11.5 тэрбум төгрөг хэмнэгдсэн. Би 27 тэрбум төгрөг улсаас авчихаад юу ч хийгээгүй амаа ангайгаад сууж байсан бол намайг АТГ-т өг. Улсын төсвөөс 11.5 тэрбум төгрөг хэмнэчихээд, чанарын өндөр түвшинд иж бүрэн зам бариулчихаад гүтгүүлээд сууж болох уу. Би хүн юм байгаа биз дээ. Бид улсын мөнгөөр хийж байгаа ажлыг чанартай хүлээж авахын тулд өдөр шөнөгүй хяналт тавьж ажилласан. Үнэхээр МАН-ынхан өнгөрсөн хугацаанд 6.8 тэрбумын өртгөөрөө Драмын театрын барилгаа хүлээлгээд өгчихсөн бол надад ярих юм алга. Анх улсын төсвөөс олгосон мөнгө нь ч байхгүй, нэмж тавьсан мөнгө нь ч байхгүй, барилга нь байдаггүй. Ийм л байдалтай байна.Харин 2016-2020 онд Увс аймагт МАН-ынхан эрх барихдаа яг л “өлөн чоно” шиг дайрсан.

-“Өлөн чоно” шиг дайрсан гэдгийг тодруулахгүй юу. Юунд тэгтлээ улайрсан хэрэг вэ?

-Увс аймагт 2012-2016 онд Ардчилсан нам орон нутгийн эрх барьсан. Харин 2016 оны сонгуулиар ялагдал хүлээж, ажлаа хүлээлгэн өгсөн. 2016-2020 оны хооронд дөрвөн жил МАН-ынхан яг л өлөн чоно шиг иргэдийг намын харьяаллаар нь ялгаварлан гадуурхаж, төрийн албан хаагчийг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлдөг, авлига албан тушаалын гэмт хэргүүдийг үйлддэг, төрийн албаны ёс суртахууныг үгүй хийсэн. Төрийн албаныхан бие биенийхээ хамрыг хуга цохих, гэмт хэрэг үйлдэх асуудал хавтгайрсан. Ингээд өнгөрөгч 2020 оны сонгуулийн МАН-ынханд Увсын иргэд дүнг нь тавьсан л даа. Гэтэл одоо ч зүгээр сууж чадахгүй зургаан жилийн өмнө ажлаа хүлээлгэн өгсөн намайг гүтгээд байгаа. Тэгвэл хэн нь хэн бэ гэдгээ холбогдох газруудаар нь шалгуулъя. Би тодорхой баримтуудыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Эдгээр баримтууд мөсөн уулын дөнгөж орой нь. Увсын иргэд болоод улс даяараа мэдэж байгаа бариагүй барилга, үндэслэлгүй дүгнэлтүүдээр улсын төсвөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан, хэн нэгний улс төрийн нөлөөллөөр хэн хэн ажил авсан нь бүгд тодорхой байгаа. Тухайлбал, Усан бассейны барилга 4 тэрбум 447 сая төгрөгийн өртөгтэй. Түүнийг Зумбо хэмээх компани авсан. Гэтэл тэр компани одоо олдохгүй байгаа. Анх тендер өгсөн, ажлын гүйцэтгэлийг нь шалгаж байсан нөхдүүд мэдэж байгаа байх. Тухайн компани барилгын шалдан карказ босгочихоод алга болсон. Ойролцоогоор 2019 онд зарлагдсан тендер гэж тооцоход гурван жил болж байна. Өвчүүн дээр цагаан мах, муу дээр улцан гэдэг шиг нэмээд 760 сая төгрөгийг тоног төхөөрөмжийн мөнгө хэмээн өгөөд явуулчихсан байдаг. Баригдаагүй барилгын дотор байрлуулах тоног төхөөрөмжийн санхүүжилт хэмээн дээрх мөнгийг нэмж олгоод явуулчихсан. Үүнд хариуцлага тооцох эзэн байхгүй юу. Энэ татвар төлөгчдийн мөнгө. Увс аймгийн иргэдэд зориулсан мөнгө. Албан тушаалтнууд, ААН-үүдийн хариуцлагагүй байдлаас үүдэн усан бассейн ч үгүй, тоног төхөөрөмжийн мөнгө ч үгүй эцэст нь гүйцэтгэгч компани нь олдохоо больсон. Хоёрдугаарт, Увс аймагт 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй Драмын театр барих ажил эхлээд мөн л гурван жил болж байна. Тус барилгын зураг төсөв нь батлагдсан эсэх нь тодорхойгүй. Уг барилгын ажлыг Дөрт-Уул хэмээх компани авсан байдаг. Анхны өртөг дээр нь нэмээд 3.8 тэрбум төгрөг нэмж суулгасан. Өөрөөр хэлбэл, Драмын театр барих нийт өртөг нь 10.6 тэрбум төгрөг болсон. Ямар үндэслэлээр, хэн магадалсан юм. Одоо болтол ашиглалтад ордоггүй. Дараа нь хоёр тэрбум төгрөгөөр 2.8 км автозам барих ажлыг МААЗ компанид өгсөн байдаг. Нийт санхүүжилтийн 92 хувийг тус компанид олгосон боловч зам нь байдаггүй. Лав гурван жил боллоо. Үүнд хүлээлгэх хариуцлага, тендерийн хугацаа гэж байхгүй юм уу. Энэ мэт асуудалд холбоотой хүмүүсийг нэртэй устай, холбогдох баримттай нь АТГ-т өгсөн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан “Авлигатай тэмцэнэ, ялангуяа албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл “Увс аймагт ялзарчихсан байгаа МАН-ынхаа эрх бүхий албан тушаалтнуудыг яаралтай шалгаач ээ” хэмээн холбогдох өргөдлөө хүргүүлсэн. Ингээд ч асуудал дуусахгүй. Коллежийн барилга барина хэмээн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн тендер аваад, сүүлд нь 1.8 тэрбум төгрөг нэмж суулгасан. Мөн л гурван жилийн нүүр үзлээ. Энэ бүхнээс харахад ямар ч хариуцлагын систем алга. Улсын төсвийн, татвар төлөгчдийн мөнгө урсаж байна.

-Увс аймгийн хэмжээнд хууль зөрчсөн байх магадлалтай, албан тушаал, авлигын хэрэгт холбоотой байж болзошгүй, царцсан барилга, байгууламж хичнээн байгаа талаар нарийн мэдээлэл байна уу?

-Миний мэдэж байгаагаар Увс аймагт дутуу баригдсан, гэмт хэрэг дагалдсан, хууль зөрчсөн, зураг төслөө экспертизээр батлуулаагүй, ажил эхлэх зөвшөөрөл олгоогүй байхад хууль бусаар олгуулсан зэрэг нийт 32 барилга бий. Увс аймагт нийтийн албанд Ашиг сонирхлын зөрчлийн хууль, Шилэн дансны хуулийн хэрэгжилт огт байхгүй. Лав л 2016-2020 онд Увс аймаг дээрх хуулийн хэрэгжилтээр 21 аймгаас хамгийн сүүлд явдаг байсан. Тухайлбал, Аймгийн ЗДТГ-ын даргын нягтлан нөхрийнхөө “Жангар Од” хэмээх компани руу олон жил 100 гаруй сая төгрөгийн гүйлгээ хийсэн байдаг. Ингэж болохгүй шүү дээ. Үнэхээр ийм шаардлага байгаа бол тухай бүрд нь АТГ-т тайлбар өгч, зохих зөвшөөрлөө авч байх ёстой. Үүнийг хуульд заасан. Тэд хууль биелүүлэх ёстой.

Увс аймгийн хуудуутай барилгын тендер, царцсан гацсан барилгуудын ард дандаа УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын сонгуульд ажиллаж байсан хүмүүс л байдаг. Тухайлбал, Драмын театрын барилгыг гацаасан Дөрт-Уул ХХК-ийн Дүгэрээ, Барсүрэн гээд л… Сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон халж, өөрсдийнхөө хүнийг ажилд авдаг, өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа тендер авч өгдөг. Үүнд хариуцлага тооцох хууль байхгүй.

-Та тэгвэл энэ бүхний ард МАН-аас УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүд байгаа гэж хардаж байгаа хэрэг үү?

-Тийм шүү дээ. Энэ чинь хэнд ч ойлгомжтой асуудал. Энэ зөвхөн Увс аймгийн асуудал биш. Монгол Улсын асуудал. Төрд хулгай нүүрлэчихсэн байна. Төрд төрийн ажлыг хийх, иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана гэхээсээ илүүтэй хулгай хийх гэж л орж байна. Монголоор дүүрэн чадварлаг боловсон хүчин байна. Харамсалтай нь Монголын төрд зөв хүн алга. Наад захын жишээ Хөгжлийн банкны асуудал байна. Жирийн иргэд арилжааны банкнаас зээл авах гэж ямар их шалгуур хангадаг билээ, авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй бол шууд л барьцаа хөрөнгөө хураалгадаг. Бидэнд тэрбум байтугай 100 сая төгрөгийн зээл олдох уу. Гэтэл яахаараа улс төрд нөлөө бүхий хүмүүс хэдэн зуун сая, тэрбумаар нь барьцаа хөрөнгөгүй, ирээдүйд олох орлогоосоо төлнө хэмээн зээл авч болдог юм бэ. Төр хулгай хийдэг бүлэг, сүргийн орогнодог талбар байж болохгүй биз дээ.

-Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын нэр Хотгор шанагын уурхайтай олон жил холбогдож байгаа. Үнэхээр тус уурхайг гадны компанид зарчихсан юм уу. Та энэ талаар АТГ-т шалгуулахаар өгсөн үү?

-Энэ асуудлын талаар гайхаад, сураглаад байх юм юу ч байхгүй. Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын нэрийг холбоод байх зүйл ч байхгүй. Угаасаа л түүний хийсэн ажил. Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулга,Ч.Гансүх, түүний туслах, ангийн хүүхэд н.Дэмбэрэл Бэгзсүрэнгийн Алтангэрэл, Нуурхүүгийн Болормаа нар хамтарч Хотгор шанагын уурхайг 10 сая доллараар зарчихсан шүү дээ. Энэ баримтыг би гаргаж тавиагүй. УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гаргаж тавьсан. “Тохир овогтой Чимэдийн Гантулга, Чимэдийн Гансүх болон К.Дэмбэрэлийн дансанд ийм ийм мөнгө Голомт болон Хаан банкаар дамжин орж ирсэн. Сая долларын урьдчилгаа авсан баримт нь энэ” хэмээн зарласан. Ч.Хүрэлбаатар “Манай ах нар зээлчихсэн байсан мөнгөө авсан байна лээ” хэмээн тайлбарлаад өнгөрсөн. Тэр Хотгор шанагын уурхай дээр 60 Мвт-ын цахилгаан станц барих төсөл долоо дахь жилдээ гацаж байна. Учир нь тэд тус уурхайн 51 хувийг Солонгосчуудад зарчихсан. Хөрөнгө оруулагчид тус цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахын тулд 51 хувиа та нар авчих, 49 хувь дээр хөрөнгө оруулахгүй гэдэг.

Миний дуулснаар Солонгосчуудаас 51 хувиа эргүүлж авах гэхээр 80 сая ам. доллар өгөөд ав гэдэг гэнэ лээ. Өнөөдөр баруун бүсэд цахилгаан, эрчим хүчний асуудал хүндрэлтэй, хараат хэвээр байна. Жил бүр 12 тэрбум төгрөг ОХУ-д өгч байна. Баруун бүсийн нийт цахилгааны хэрэглээнд улсаас татаас өгч байгаа. Энэ мөнгийг төвийн болон зүүн бүсийн хэрэглэгчдийн төлбөрөөс авч байгаа. Өнөөдөр мөн л Эрдэнэбүрэнгийн УЦС барих гэхээр баахан хүмүүс эсэргүүцдэг. Бид хэдий болтол эрчим хүчний хараат байдалд байх вэ. Тухайлбал, бид ОХУ-аас 1 квт эрчим хүчийг 235 төгрөгөөр худалдаж авдаг. Тэгвэл Чоно харайхын гүүрэн дээр барьсан Дөргөн УЦС-аас 1квт эрчим хүчийг 35 төгрөг авдаг юм ш дээ. Баруун бүсийн эрчим хүчний 25 хувийг л тус УСЦ үйлдвэрлэдэг. Бодит байдал ийм л байна. Хэн нь хэн бэ гэдгийг одоо ялгаж харах цаг болсон. Увс аймагт намчирхал, талцал бий болгож, төрд луйварчид цуглуулж, түүгээрээ хулгай зэлгий хийдэг, иргэдийн тархийг угаадаг асуудал Ч.Хүрэлбаатартай шууд холбоотой. Энэ хүн 2008 онд улс төрд орж ирсэн цагаасаа л ийм ажил хийж эхэлсэн. Одоо бүр улаан цагаандаа гарсан. Үүн дээр нэмээд хэлэхэд, Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа хэд хэдэн томоохон хэрэг үйлдсэн.

-Таны ярьж хэлж байгаа бүхэн баталгаатай, нотолгоотой асуудал биз дээ. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байхдаа ямар хэрэг үйлдсэн гэж?

-Нэгдүгээрт, Оюу толгойн мөнгийг Монголбанкаар дамжуулахгүй хэмээн хамгийн их улайран эсэргүүцсэн. Хоёрдугаарт, АМНАТ-ыг боловсруулах үйлдвэрээс авдаг болох асуудлыг улайрсаар байгаад батлуулсан. Чи бод доо. Жижиг Таван толгойгоос нүүрс олборлоход АМНАТ-ыг төлдөг. Нүүрс худалдаж авсан дотоодын угаах үйлдвэр дахиад АМНАТ-ыг давхар төлдөг. БНХАУ-д Жижиг Таван толгойд АМНАТ-ыг төлсөн бол шууд аваад гардаг. Харин Монголын ААН-үүд дахин татвар төлдөг. Үүнээс болоод нэг ч угаах үйлдвэр үлдээгүй. Бүгд дампуурсан. Тухайлбал, Таван толгойн уурхайгаас тонн нүүрс олборлоход 21 доллар орчим АМНАТ-ыг төлдөг. Тэгвэл угаах үйлдвэрт дэлхийн зах зээлийн үнэлгээнээс 10 хувиар тооцож дахин АМНАТ-ыг төлнө гэсэн үг. Энэ хэний, аль улсын төлөө ажиллаж байгаа хэрэг вэ. Хэний эрх ашгийг боомилж байна вэ. Монголын түүхий эдийг хэнээр боловсруулж, хаашаа гаргах нь вэ. Энэ талаар хүмүүс яагаад ярьдаггүй юм. Энэ бүхэн бүгд баримттай. УИХ дээр хэлэлцүүлсэн нь байгаа. Би үүнийг Монголын ард түмэн, ААН-үүдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж бодож байгаа. Би дахиад хариуцлагатайгаар хэлэхэд, Увсад авлигыг цэцэглүүлж, ард түмнийг ялгаварлаж, муу муухайг дэлгэрүүлсэн хүн бол Ч.Хүрэлбаатар.

-Увс аймгийн сонгуульд аль их мөнгө тараасан нэр дэвшигч ялалт байгуулдаг, эрүүл бус сонгуулийн жишиг тогтсон гэх яриа байдаг. Энэ яриа хэр үнэний ортой юм бол?

-Энэ бол Чимэдийн Хүрэлбаатар нарын хийсэн ажил шүү дээ. Тухайлбал, 2008 онд анх Увсын иргэдэд 10 мянган төгрөг тарааснаас эхэлсэн. Энэ үнийн дүн 2016 онд 50-100 мянга төгрөг болсон бол, 2020 онд 200 мянган төгрөгт хүрсэн. Увсад сонгогчид нь мөнгө авч байж л саналаа өгнө гэдэг бол ердийн ойлголт болсон. Тэнд ямар сайн мөрийн хөтөлбөр, улс орныг хөгжүүлэх бодлого, орон нутгийн хөгжлийн талаарх яриа мөнгнөөс хоёр, гуравдугаар асуудал болсон. Эхний ээлжинд аль намын хэнд, хэдэн төгрөг өгч, яаж сонгогдох вэ гэдэг л чухал асуудал болсон. Хамгийн өртөг өндөртэй сонгууль Монгол Улсын хэмжээнд Увс аймагт л болдог. Тэнд мань мэтийн мөнгөгүй, ядарсан хүмүүс очоод цэх, шударгыг яриад, иргэд, орон нутгийн хөгжил дэвшил яриад сонгогдоно гэдэг түүх байхгүй. Магадгүй МАН-ынхан 2024 оны сонгуулиар иргэдийн саналыг 500 мянган төгрөгөөр худалдаж авахаас ч сийхгүй л болов уу.

Ж.Саран

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *