Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдээлж байв.
Энэхүү халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан юм.
Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орж, ОУХМ О.Тулга жиндээ тэнцжээ. Тамирчдын эрүүл мэндийг өглөө үздэг аж.
Харин МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй байна.
Эрүүл мэндийн үзлэгийн цаг хаагдсаны дараа Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас тэмцээний шүүгчээр ажиллах байсан Ц.Батнасанд мэссэж ирсэн тухай zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа ярилаа.
Уг мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван “Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо” гэдгээ мэдэгджээ. Тэрбээр ямар шалтгаанаар халз тулаанд оролцох боломжгүй болсон нь тодорхойгүй байна.
Д.Цэндбаатар “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна.
Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орох дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн. Тиймээс үүнд заавал оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна. Эсвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах тамирчныг сорилоор сонгохыг хүсэж байна” гэсний дагуу Боксын холбооноос О.Тулгатай халз тулалдуулахаар болсон билээ.