Categories
гадаад мэдээ

Д.Трамп Умард Солонгосын төлөөлөгчтэй уулзжээ

Энэ сарын 12-нд Сингапурт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх хэвээр байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ. Энэ тухай тэрбээр Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.
Ким Ён Чоль Нью-Йорк хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хоёр өдрийн яриа хэлэлцээ хийснийхээ дараа Цагаан ордонд айлчилж, Д.Трамптай уулзжээ. Уулзалт 1 цаг 30 минут үргэлжилсэн байна.
Уулзалтын үеэр Ким Ён Чоль Умард Солонгосын удирдагчаас илгээсэн захидлыг Д.Трампт дамжуулан өгсөн бөгөөд захидалд юуны талаар дурдсан нь одоогоор тодорхойгүй байна. Талууд хэд хэдэн асуудлыг тэр дундаа Солонгосын дайныг дуусгах асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалт дуусах үед Д.Трамп Ким Ён Чолийг биечлэн гаргаж өгчээ.

Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцалж байгаагаа Д.Трамп долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан хэдий ч Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа тэрбээр тус уулзалтыг хийх бодолтой хэвээр байгаагаа ийнхүү мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж магадгүй хориг арга хэмжээнүүдийг одоохондоо авч хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэхийн сацуу Умард Солонгосын “дээд зэргээр шахалт үзүүлэх” гэдэг үгийг дахин ашиглахыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *