Туркийн цэргийн хүчин аравдугаар сарын 9-нд Сирийн умард хэсэгт Курдын алан хядах бүлэглэлийн эсрэг “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Мөн өдөр АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд хатуухан үгтэй захидал илгээсэн нь шуугиан тарьсан юм. Түүний уг захидлыг “Fox News” суваг олж авснаа олон нийтэд тараасан билээ. Уг захидалд Д.Трамп Туркийн ерөнхийлөгчийг байлдааны ажиллагаагаа зогсоохыг шаардахдаа “эрүүлээр сэтгэж, мунхаглахаа болих”-ыг уриалсан юм. Эрдоган захидлыг уншаад ихэд хилэгнэн, шууд хогийн саванд хаясан талаар ВВС мэдээлж байв.
Д.Трамп захидалдаа “Эрхэм ерөнхийлөгч өө. Та олон мянган хүний амь үрэгдсэнд хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна. Би Туркийн эдийн засгийг сүйрүүлэхдээ хариуцлага хүлээхийг хүсэхгүй ч үүнийг хийхэд бэлэн байна. Тиймээс тохиролцъё. Хэрэв та зөв замыг сонговол түүхэнд сайнаар бичигдэнэ. Хэрэв буруу замаар явбал үүрд эрлэгийн элч мэт дурсагдана. Битгий хатуурх! Битгий тэнэглэ! Би та нарын зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд шаргуу ажилласан. Бүх дэлхийг “өөрчлөх” шаардлагагүй. Та гайхалтай үр дүнд хүрч чадна. Сирийн Ардчилсан хүчний удирдагч, 1990 оноос хойш Курдистаны ажилчдын намын даргаар ажиллаж буй генерал Мазлум тантай ярилцах хүсэлтэй байгаа бөгөөд буулт хийхэд бэлэн байна. Би саяхан түүний захидлыг хүлээн авсан. Хэрэв та бүх зүйлийг зөв бөгөөд хүнлэг байдлаар хийвэл түүхэнд сайнаар бичигдэн үлдэх болно. Хэрэв сайн үйлс бүтээхгүй бол та “чөтгөр” хэвээр үлдэнэ. Өөрийгөө хатуу харгис нэгэн битгий болгоорой. Тэнэг байж болохгүй. Дараа залгая” гэж бичжээ.
Туркийн төрийн тэргүүн АНУ-ын ерөнхийлөгчийн сүрдүүлгийг үл тоон цэргээ Сирийн хилээр нэвтрүүлсэн нь захидал түүнд нөлөөлөөгүй бололтой хэмээн ажиглагчид онцолж байжээ. Сануулахад, Туркийн цэргийн хүчин Сирийн нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө Д.Трамп цэргээ Сирийн хойд хэсгээс татах шийдвэр гаргаж байв. Энэ нь Туркийн талд байлдааны ажиллагаагаа эхлүүлэх боломжийг нээсэн гэж ажиглагчид онцолжээ. Д.Трамп Туркийн ерөнхийлөгчид захидал илгээснийхээ дараа тус улс руу төлөөлөгчдөө илгээж, Эрдогантай уулзуулав. Тодруулбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар тус улсыг зорьжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Пэнс Туркийн төрийн тэргүүнтэй уулзсаныхаа дараа тав хоногийн хугацаатай гал зогсоох болсныг зарласан. Тэд Туркийн төрийн тэргүүнээр ийм шийдвэр гаргуулахын тулд хэр их зүйл амласан нь тодорхойгүй аж.
Туркийн Гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу энэ талаар онцлохдоо “Энэ бол гал зогсоосон хэрэг биш. Харин Курдын зэвсэгт бүлэглэлд хилийн бүс нутгийг орхин явах боломж олгохын тулд байлдааны ажиллагаагаа түр завсарласан явдал юм” гэж мэдэгджээ. Тэгвэл Курдууд Вашингтоны саналыг хүлээж аваагүй тул Сирийн хойд нутагт байдал тодорхойгүй хэвээр байгаа аж.
Туркийн ерөнхийлөгч өчигдөр дахин мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Хэрэв мягмар гаригийн орой гэхэд Курдын дайчид аюулгүйн бүсээс гараагүй байвал “тархийг нь хагалаад өгнө” гэж хэлснийг ВВС агентлаг уламжилжээ.
Мөн “Курдууд Аюулгүйн бүсээс бүрэн гарч дууссан тохиолдолд Турк улс байлдааны ажиллагаагаа бүрмөсөн зогсоох заалт хэлэлцээрт байгаа” гэдгийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга М.Пенс онцлов. Уг мэдэгдлийг Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чавушоглу ч бас баталжээ. Тэрбээр “Туркийн цэргийн ажиллагаа курдууд Аюулгүйн бүсээс бүгд гарч явсан тохиолдолд л зогсоно” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Анкарагаас мэдээ хүлээж авсныхаа дараа твиттертээ “Р.Т.Эрдоганд баярлалаа. Сая, сая хүний амь аврагдлаа” гэж жиргэсэн байна. Үүний хариуд Туркийн төрийн тэргүүн “Бид хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн том аюул болох алан хядагчдыг дарж чадвал илүү олон хүний амь аврагдах болно, ноён ерөнхийлөгч өө” гэж бичжээ.