Categories
гадаад мэдээ

Д.Трамп, Ж.Байден нарын хэн ялах нь өнөөдөр тодорхой болно

АНУ-д 59 дэх удаагийн бүх нийтийн сонгууль мягмар гаригт болж өндөрлөлөө.Энэ нь Улаанбаатарын цагаар тус улсад сонгууль 19 цагт эхэлж, өнөөдөр 14 цагт өндөрлөх юм. Сонгогчид ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөс гадна Сенатын танхимын 35 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, 11 муж улс, хоёр нутаг дэвсгэрийн захирагч болон орон нутгийн засаг захиргааны удирдлагуудыг сонгох юм. Энэ удаагийн сонгуульд АНУ-ын ерөнхийлөгчийн төлөө Бүгд найрамдах намаас АНУ-ын одоогийн төрийн тэргүүн Д.Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ардчилсан намаас тус улсын дэд ерөнхийлөгч асан Жо Байден, Калифорни муж улсаас сонгогдсон сенатч Камала Харрис нар тус тус өрсөлдөж байна.

Бүх нийтийн сонгууль коронавирусийн цар тахлын үед болж буйгаараа онцлог. Өнөөдрийн байдлаар АНУ-д есөн сая хүн коронавирусээр халдварлаж, 230 мянга гаруй хүн нас бараад байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс тус улсын14 муж улс болон Вашингтон буюу Колумбын тойргийн эрх баригчид сонгогчдын саналыг шуудангаар авахаар шийдсэн билээ.

Сонгууль болохоос нэг хоногийн өмнө 94 сая хүн урьдчилан саналаа өгсөн талаар мэдээлж байв. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Тухайн онд 47 сая хүн ерөнхийлөгчийн сонгуульд шуудангаар санал өгөх замаар сонгуульд оролцож байжээ.

АНУ-д сонгууль эхлэхээс 12 цагийн өмнө улсын хэмжээнд явуулсан санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 7.7 хувийн чансаатайгаар Д.Трампыг илүүрхэж байна гэсэн мэдээ байна. Энэ удаагийн сонгуульд 239.2 сая хүн санал өгөх эрхтэй аж.

АНУ-д бүх нийтийн сонгууль Нью-Хэмпшир муж улсын Диксвилл-Нотч хэмээх жижиг хотоос эхэлдэг уламжлалтай. Санал хураалтын явцыг Фэйсбүүкээр шууд дамжуулсан байна. Тус хотын сонгуулиар таван хүн Жо Байдены төлөө саналаа өгсөн бол нэг ч сонгогч Д.Трампыг дэмжээгүй талаар мэдээлжээ. Диксвилл-Нотч хотын оршин суугчид 1960 оноос сонгуульд оролцон орон нутгийнхаа цагаар шөнө дунд санал хураалт явуулах эрх авсан байдаг. Уг хотод явагдсан өмнөх хоёр сонгуульд Б.Обама, Х.Клинтон нар ялж байжээ.

Диксвилл-Нотч хотоос 20 км-ийн зайтай орших Миллсфилд хотод Д.Трамп 16 хүний санал авч ялсан тухай мэдээ байна. АНУ-ын Хавай, Алеутын арлын Адак тосгоны оршин суугчид хамгийн сүүлд буюу орон нутгийн цагаар 20 цагт (Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 14 цагт) саналаа өгснөөр сонгууль өндөрлөх юм. Санал авах байруудад ариун цэврийн аюулгүй байдлын хатуу хэм хэмжээг баримталж, сонгогчид амны хаалт зүүж, хоорондын зай барьж байгаа тухай мэдээлжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд нэр дэвшигч нь муж улс бүрд явуулсан санал хураалтын дүнгээр бүрэлдсэн сонгогчдын коллегийн 538 гишүүний 270-ынх нь саналыг авсан байх ёстой. Коллегийн гишүүдийн тоо Сенатын танхимын 100, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүний нийт тоотой дүйцдэг байна.

САНАЛ ХУРААЛТЫН ЯВЦ УДААШРАХ МАГАДЛАЛТАЙ ГЭВ

Шуудангаар авсан саналын хуудсыг тоолох явц сонгуулийн эцсийн дүнг нэгтгэх явцыг удаашруулж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Урьдчилсан таамгаар арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл муж улс тус бүрийн санал хураалтын нэгдсэн дүн гарна. Мөн сарын 14-нд сонгогчдын коллегийн гишүүд саналаа өгнө. Харин ирэх оны нэгдүгээр сарын 6-нд Конгрессын хоёр танхимын хамтарсан хуралдаанаараа сонгогчдын коллегийн санал хураалтын дүнг батална. АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2020 оны нэгдүгээр сарын 20-нд болох юм.

БООЦОО ТАВЬЖЭЭ

Их Британид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд бооцоо тавих нь нэмэгдсэн гэнэ. АНУ-д мөн бооцоотой тоглогчид намуудаас нэр дэвших хүмүүс дээр ч мөрий тавьж байсан тохиолдол бий. Гэвч тус улсын Дээд шүүхийн 2018 оны тогтоолоор улс төрийн үйл явдалд мөрий тавихыг хориглосон аж. Үүнтэй зэрэгцэн СNN агентлагийн мэдээлснээр, мөрий тавьдаг Betfair сайтын нэгэн хэрэглэгч болох Их Британийн иргэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг ялалт байгуулна гэж нэг сая фунт стерлингээр мөрийцсөн тухай мэдээлжээ.

2016 онд дээрх сайтын нэгэн хэрэглэгч мөн Д.Трампыг сонгуульд ялна гэж 555 мянган фунтээр мөрийцөж байсан удаатай аж. Хэрэв Жо Байден сонгуульд ялалт байгуулбал мөрий тавьсан дээрх эр бооцоогоо 1.54 сая фунт стерлинг болгож өсгөж авах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *