“Дональд Трамп эрүүл мэндийн хувьд ерөнхийлөгчийн албан тушаал хашихад тохирох хүн. Түүний ухаан санаа эрүүл саруул. Сэтгэцийн эмгэгтэй гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй” гэж Цагаан ордны эмч мэдэгджээ.
“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, өдгөө 71 настай Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш бараг нэг жил болж байгаатай холбогдуулан түүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг Цагаан ордны эмч Ронни Жексон саяхан үзэж шалгасан байна.
Эмч Р.Жексон мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп бие махбодь болоод сэтгэцийн хувьд эрүүл саруул байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаал хашихад эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал байхгүй” гэжээ.
Түүний хэлснээр, Д.Трампын өндөр нь 190 см бол жин нь 108 кг гэнэ. Мөн Д.Трампын цусны даралт нь 122/74 буюу хэвийн байна.
Харин эмч хэлэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп жаахан жин хасах хэрэгтэй байна” гэжээ.
Д.Трамп сэтгэцийн хувьд эрүүл бус, ерөнхийлөгч байхад тохирохгүй хүн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад байсан юм. Эмч үзлэг хийснийхээ дараа түүнийг эрүүл мэндийн хувьд “маш сайн” гэж дүгнэсэн байна.