Геологи-менералогийн шинжлэх ухааны доктор, профессор ахмад геологич Д.Товуудоржтой геологийн салбарын асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсад геологийн салбарын хөгжлийн оргил үе 1960-1990 онд өрнөсөн гэдэг. Та ч энэ үед ид ажиллаж байсан геологич. Одоо эргээд геологийн салбараа харахад ямар сэтгэгдэл төрөх юм?
-Ч.Хурц гуайн ангиллаар бол геологийг гурав хуваасан. Хурцын өмнөх үе, Хурцын үе, Хурцаас хойших үе гэж. Энэ үнэн юм. Хурцын өмнөх үед тойм судалгаа хийгдсэн байдаг. Дараагийнх нь жинхэнэ геологийн ажил ид өрнөсөн үе. Чиний хэлдгээр 1960-1990 онд гэсэн үг. Одоо бол геологийн дампуурлын үе үргэлжилж байна. 1960-1990 оныг хэлэх юм байхгүй, сайхан. Дэлхийн бусад улс оронд байдаг юм уу бүү мэд. Геологийн судалгаанд айхавтар ухаантай бэлтгэж төлөвлөж хийсэн судалгааны нэг үе юм. Эхлээд Сайд нарын зөвлөлийн дэргэд Геологи шинжилгээний газар гэж байгуулагдсан. Дээр нь аймгуудад Геологийн товчоо байгуулсан. Геологи шинжилгээний газрын дарга М.Цэрэндорж гэж мундаг хүн байлаа. М.Цэрэндорж гуай хамгийн түрүүнд боловсон хүчинд анхаарсан. ЗХУ руу уул уурхайн инженерээр сурахаар явсан оюутнуудыг геологийн инженер болгосон. Мэргэжилтэй боловсон хүчнээ эхний ээлжинд бэлтгээд авсан. Геологи шинжилгээний газар нь томроод Геологи уул уурхайн яам болсон. Аймгуудад байгаа Геологийн товчоо экспедици буюу удирдах газар болгож томруулсан. Тэгж л геологийн салбарын хөгжил эхэлсэн байгаа юм.
-Том том ордууд ч тэр үед нээгдсэн биз?
-Одоо бидний яриад байгаа орд газруудыг тэр үед нээж, нөөцийг нь бодож, ашигтай юу, ашиггүй юу, үйлдвэрийн ач холбогдолтой эсэхийг тогтоосон юм шүү дээ. Жишээ нь, Хөвсгөлийн удирдах газар хоёр том гавьяа байгуулсан. Нэгдүгээрт, фосфоритын сав газрыг нээсэн. Нөөцийг нь бодож зураглал хийж, хайгуул, эрлийг явуулсан. Хоёр дахь том гавьяа нь Эрдэнэтийн овооны хайгуулыг хийсэн. Эрдэнэтийн хайгуул хийж байсан тэр үеийн чехүүд Хөвсгөлийн удирдах газарт хамаардаг байлаа. Түүнээс гадна Хөвсгөлийн удирдах газрынхан Монголын геологийн зураглалыг хариуцаж хийдэг байсан. Одоо ч хийж байгаа. Баруун Монголд Польшийн геологиуд их гавьяатай. Ер нь орд газар гэж ярихаас өмнө геологийн судалгааг энэ дунд шатанд маш сайн хийсэн. Тэр үеийн ялангуяа оросуудын тусламжтай хийсэн геологийн судалгааг одоо ч өөрчилж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, одоо манайхан түүнийг давсан судалгааг хийж чадахгүй байна гэсэн үг.
Одоо бол геологийн салбарын дампуурлын үе гэлээ. Яагаад та тэгж хэлэх болов?
-Яагаад вэ гэхээр, нэгдүгээрт боловсон хүчин бэлтгэж байгаа мөртлөө ажил байхгүй болсон. Энэ бол засаг төрийн буруу. 1990 оноос хойш зөвхөн уул уурхай дээрээ л улстөрчид зодолдлоо. Хуучин бол хүн төгсөж ирлээ, хаашаа явж юу хийхийг томилдог байсан. Төгссөн боловсон хүчнийг авах газар, ажиллуулах байгууллага байхгүй байна. Яам нь байхгүй болсон. Уг нь төр засаг бол энэ салбарыг төлөвлөгөөтэй удирдах ёстой юм. Одоо бол 1960-1990 оны хоорондох үеийн геологийн том амжилтын үр дүнд олсон хэдэн орд газруудыг мэргэжлийн бус хүн авч, улс төр хийдэг болсон. Үүнээс л зодоон хэрэлдээн гардаг юм. Тухайлбал, Таван толгойн орд байна. Бүхэл бүтэн геологийн том биет. Пермийн галавт үүссэн, коксжих нүүрсний орд. Ийм том геологийн биетийг 20, 30 хуваачихсан. Хуваасан хэсэг бүрт нь нэг хүн “Энэ минийх гэдэг”. Ингээд л хэрүүл үүсдэг. Үндсэн хуульд зааснаар газрын доорх баялаг төрийн өмч юм бол төр мэдээж нэг л толгойтой байх ёстой.
Манай оронд газрын ховор элемент зөндөө бий. Мэргэжлийн сургуульд уурхайн мэргэжилтэн, баяжуулагч, цахилгаан механик гээд бэлтгэж байгаа. Түүн дотор уурхайн геологи гэж нэг ч мэргэжил байхгүй. Геологи нэг тусдаа, уул уурхай тусдаа. Энэ хоёрыг уурхайн геологи гэдэг мэргэжил холбодог юм. Манайд энэ мэргэжлийн ганц хүн л байсан, бурхан болчихсон.
-Тэгэхээр геологи бол уул уурхайн салбарын өмнө хөгжих ёстой. Манайх энэ салбарын хөгжлийг орхигдуулсан гэж та хэлэх гээд байна уу?
-Шууд хэлэхэд уул уурхайн хийх ажил геологийн судалгаа хийгдээгүй байхад тодорхой биш. Эхний ээлжинд геологи шинжилгээний ажлыг хийх ёстой юм. Эхлээд геологийн судалгаа хийхгүйгээр уул уурхайн ажил байхгүй, хэтийн төлөв мэдэгдэхгүй. Ямар орд газар юм, ямар ашигт малтмал юм, түүнээс юу гаргаж авах гэдгийг шийдсэний дараа уул уурхай орох ёстой юм. Би бол геологийн зураглалын хүн. 2011 онд тэтгэвэрт гарсан. Намайг тэтгэвэрт гарахад геологи хариуцсан ганц байгууллага байсан. Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын газар гэсэн хуруу дарам цөөн байгууллага л байна. Үйл ажиллагаа, статус нь хоорондоо өөр, зөрчилдөөнтэй. Би чамд нэг хачин юм ярих уу?
-Тэг л дээ…?
-Мэргэжлийн байгууллагуудыг 1990 оноос эхлээд мэргэжлийн бус хүн удирдаж эхэлсэн. Энэ бол маш том алдаа. Геологийн уналтын нэг шалтгаан нь энэ юм. Мэргэжлийн бус хүн хүрч ирээд толгой дээр суучихаад мэргэжлийн хүний үгийг сонсоод ойлгохгүй. Ойлгосон ч хийж чадахгүй. Одоо ч гэсэн ийм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөх байна уу. Уурхай мэдэх юм уу. Асуу л даа, чи. Жишээ нь энэ шүү дээ. 1990-ээд оны үед геологийн фонд гэж тусдаа байлаа. Тэр үед геологийн ашигт малтмалын газарт Иргэний нисэхийн орлогч дарга хүрч ирсэн. Би тэгэхэд ид ажиллаж байлаа. Д.Батхуяг гээд,Кадастрын албаны даргатайгаа шоронд ордог нөхрийг санаж байна уу. Д.Батхуяг даргаар ирээд нөгөө фондыг татан буулгасан. Байшинг нь хотын захиргаа булааж авсан. Нөгөө фондыг архив болгосон. Уг нь фонд бол нууц байдаг юм. Зөвхөн геологийн мэргэжлийн инженерүүд л орж үзнэ. Өөр хүн орохгүй. Гэтэл архив найман настай хүүхдээс эхлээд сайд хүртэл чөлөөтэй орох эрхтэй болгочихсон. Фондын материалууд бүгд орос хэл дээр бичигдсэн. Ингээд л орос хэл мэдэхгүй захын хүн над дээр хүрч ирээд л ашигт малтмалын бүлэг нь аль вэ гэж байх жишээтэй. Геологийн фондыг устгасан явдал маш том алдаа. Уналтад орох нэг шалтгаан бас энэ.
-Уул уурхайтай холбоотой төр засаг, ард иргэдийн дунд олон янзын ойлголт байдаг. Уул уурхайн талбай нийт нутаг дэвсгэртэй харьцуулахад хэр хэмжээтэй байна вэ?
-Иргэд олон нийт бүх газар уул уурхайн лицензээр дүүрлээ гээд байдаг. Лицензээр олгогддог талбай бол том. Тэр талбайг тооцоод л Монголын газар нутгийн төчнөөн хувь нь уул уурхайд нэрвэгдлээ, болохоо байлаа гээд байгаа юм. Яг хайгуул хийх цэгээ компани өөрөө олно.Уул уурхайг ярих юм бол нутаг дэвсгэрийн эзлэх хувийг ярихад хэцүү. Уул уурхай чинь нэг цэг дээр л эвхэрч буугаад байдаг юм. Талбай эзэлнэ гэж байхгүй. Явцуу ойлголт. Гэтэл одоо байгаа нөхцөл байдал, хүн ард, төр захиргааны байр байдлаас болж геологийн судалгаа хийхэд ч хүнд болоод байна. Геологийн судалгаа хийх гэхээр орон нутгийн засаг захиргаанаас эхлээд эсэргүүцэл илэрхийлээд ажил явуулдаггүй. Энэ бол уул урхайг буруу ойлгосноос, геологийг ойлгоогүйгээс болж байгаа юм. Ард түмэн ч тийм байна. Геологи бол судалгааны байгууллага. Судалгаа хийхэд хөрс шороо онгичиж, өрөмдөх юм байлгүй яахав.
-Геологийн салбарын хөгжлийг урагшлуулахын тулд ямар алхам дутагдаж байна вэ?
-Монголын геологи дэлхийд байхгүй 4.6 миллярд жилийн настай. Дэлхийд таван эрин, 10 гаруй галав байдаг юм. Дэлхийн ямар ч орноос галавуудын улс хаана байна, олоод ир гэвэл Монголд л байгаа. Бүх галавт үүссэн хурдас чулуулаг амьтан ургамал Монголд л байна. Баруун Монголд гэхэд Хан хөхий тэр чигээрээ ашигт малтмалын ордууд байна. Тэнд уран ч байгаа. Цагаан алт ч бий. Тэгэхээр газрын хэвлийг судлах хэрэгтэй. Социализмын үед бид судалсан ч дутагдалтай тал бий. Зөвхөн өнгөн талаас нь судлаад бйасан. Тэр үед бидний гарт өрөм байсангүй, шинжилгээний технологи лаборатори байсангүй.
Америкт гэхэд Геологийн товчоо гэж байдаг. Түүн шиг байгууллага Монголд байх хэрэгтэй. Зөв зохион байгуулалт хийе гэвэл бүгдийг нэгтгэж нэг толгойтой, технологитой, техник тоног төхөөрөмжтэй, мэдлэгтэй боловсон хүчнээр хангаад өгөхөд геологи хөгжинө. Уул уурхайд өгөх юм улам нарийн болно. Эцсийн бүлэгт энэ олон уурхай хэрэггүй. Монголын эдийн засагт, ирээдүйд юу хэрэгтэй байна вэ, ямар орд илүү нөөцтэй байна вэ гэдгийг харгалзаж үзээд нэг юм уу хоёр ордыг л ашигламаар байгаа юм. “Эрдэнэт”, “Оюу толгой”, ингээд л болоо. Цагаан суваргыг нэгэнтээ алдчихсан даа. Гэх мэтчилэн цөөхөн тооны уурхай байх хэрэгтэй. Бусад нь бол нөөцөд авч, судалдаг байхад болно.
Б.ЭНХЗАЯА