Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор буруу зүйл хийгээгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах саналаа оруулж ир хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан шаардлага хүргүүлсэн. Хоёр сайдыг огцруулах хууль эрх зүйн боломж бий юу?

-Ардчилсан намын бүлэг ч юм уу, УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газрын гишүүдийг огцруулах саналыг Ерөнхий сайдад тавих эрх нь бий. Сайд нарыг шууд огцруулдаг эрх нь байхгүй болсон. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Засгийн газар танхимаар ажиллана. Ерөнхий сайдыг огцруулахад 19-өөс дээш гишүүн огцруулах саналаа Их хуралд өргөн барина. Түүнээс биш сайд нарыг нэг нэгээр нь огцруулахаар өргөн барьдаг практик буруу байжээ гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргачихсан байхгүй юу. Тиймээс өргөн барих боломжгүй болсон тул Ардчилсан намын бүлгийнхэн хоёр сайдыг огцруулах саналыг Ерөнхий сайдад тавьсан юм байна гэж би хувьдаа ойлгосон. Үүн дээр хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлье.

-За…

-Ц.Нямдорж сайдыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол тулгуур нь болж байгаа гэж боддог. Нийгэмд шударга ёсыг тогтоох, хариуцлагыг бий болгох чиглэлд богино хугацаанд ахиц гаргаж байна гэж ойлгодог. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. Ц.Нямдорж сайд энэ тал дээр анхнаасаа өөрийн байр суурийг илэрхийлж, 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргуулсан. Нөгөө талд нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн асуудал байгаа юм. Шударга ёсыг тогтоож, буруу зүйл хийсэн бол засч залруулъя гээд явж байгаа. Түүнчлэн авлигатай тэмцэж, хариуцлагын тогтолцоог бий болгох чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явагдаж байгааг зарим талаараа Ц.Нямдорж сайдтай холбоотой гэж боддог. Шинэ Засгийн газар бүрдээд зургаан сар болж байна. Тиймээс ойр ойрхон Засгийн газрын гишүүдээрээ оролдох шаардлага байгаа юм уу. Хамгийн гол нь тогтвортой байдал шүү дээ. Өөр нэг өнцөг харагдаж байна. Тэр нь юу гэхээр Ардчилсан намынхны араас Эрдэнэтийн 49 хувь дээр ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдүүд Ц.Нямдоржийг огцруулж байж санаа нь амрахыг үгүйсгэхгүй.

-Тэгвэл Ч.Хүрэлбаатар сайдын тухайд?

-Улс орны эдийн засаг дажгүй өсч байна. 2017 оны эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай гарсан бол оны эхний улирлаар төсвийн орлого 200 гаруй тэрбум төгрөгөөр давсан. Нэгдүгээр улиралд орлого давна гэдэг чинь ховор тохиолдол. Ялангуяа манай улсын эдийн засаг улирлын чанартай бизнесээ дагаад өөр байдаг. Дийлэнх нь зун, намрын улиралд бизнес эрхэлдэг. Ийм хэдий ч эхний улирлаар төсвийн орлого ингэж давж байгаа нь сайн үзүүлэлт. Ч.Хүрэлбаатар сайд ОУВС-гийнхантай хэл амаа сайн ололцож байгаа. Зарим татварын нэмэгдэл, тэтгэврийн насыг буцаасан. Хүүхдийн мөнгийг ярилцсаар байгаад 80 хувьд нь олгохоор боллоо. Энэ бүхнээс харахад Ч.Хүрэлбаатар сайд сайн ажиллаж байна. Түүнчлэн макро эдийн засаг болон төсвийн тэнцэлд нэлээд анхаарал хандуулан сайн ажиллаж байгаа. Сайд болоод дөнгөж зургаан сар болоод ажлынхаа үр дүнг үзээгүй байхад нь огцруулъя гээд байгаа нь оновчтой биш. Ардчилсан намынхны тавьж буй санал нь нэг талаасаа хэтэрхий улс төрийн шинжтэй байна лээ.

-Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайдыг Хотгор шанагын уурхайг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах, туслахууддаа авч өгсөн, Төсвийн тухай хуулийг таван удаа зөрчсөн гээд байгаа. Харин Ц.Нямдорж сайдыг Г.Алтангийн мэдлийн үнэтэй хотхонд түрээс төлөлгүй амьдардаг, хүүгээ Эрдэнэт үйлдвэрт шахаа хийхэд голлох үүрэгтэй оролцсон гэсэн байна лээ. Энэ бүхэн огцруулах шалтгаан биш үү?

-Энэ хоёр хүн өнөөдөр сайд хийж байх хугацаандаа ашиг сонирхлын зөрчил гаргасан уу, хууль зөрчсөн үү, бизнесийн ямар нэгэн зүйлд орооцолдсон уу гэдэг өөр асуудал. Таны хэлсэн зүйлс өмнө нь голдуу хэвлэлээр ярьдаг, бичигдэж ирсэн зүйл. Шүүхийн байгууллагаар Ч.Хүрэлбаатар сайдыг лицензийн наймаа хийсэн гэдэг нь тогтоогдсон, Ц.Нямдорж сайд ашиг сонирхлын үүднээс Эрдэнэтэд шахаа хийсэн гэдгийг нь тогтоосон бол ярьж болно. Өнөөдөр хэвлэлээр л шуугиад байгаа болохоос тогтоогдсон зүйл алга. Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж хоёрыг томилогдоход хүртэл энэ зүйл яригдаж байсан шүү дээ. Яг сайд болоод зургаан сарын хугацаанд ийм алдаа гаргасан гээд огцруулах гэж байгаа бол өөр. Олон жилийн өмнөөс хэвлэлээр яригдаж, бичигдээд байгаа үнэн, худал нь мэдэгдэхгүй шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй зүйлээр огцруулах санал оруулах нь хэр зөв юм бол доо.

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Санжийн Баяр, Сангажавын Баярцогт нарыг хорьж, шалгаж байна. Дубайн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг мөн хоригдож байгаа. Гэрээ тойрсон баривчилгаануудын талаар байр сууриа илэрхийлээч. Заавал хорьж шалгах шаардлага байсан юм болов уу?

-Оюу толгойн гэрээний хэрэгжилт ямар байна вэ гэдэг чинь нэг өөр асуудал. Оюу толгойн гэрээг байгуулах үед хариуцлага алдсан уу гэдэг чинь мөн л тусдаа асуудал байгаа юм. Оюу толгойн гэрээтэй холбоотой УИХ-аас Ажлын хэсэг гаран шалгаж байна. Гэрээг шалгаад дүгнэлт гаргах учиртай. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг хоёуланг нь авч үзээд дүгнэлтээ Их хуралд танилцуулна. Тэр үед бид өөр өөрсдийн дүгнэлтээ хийх боломж олдох байх.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 28 жилийн хугацаанд хийгдсэн хамгийн том гэрээ Оюу толгой. Энэ гэрээнд алдаа, оноо аль аль нь л багтсан. Оноог нь бид өнөөдөр төсвийн орлого дээрээ хүртээд явж байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээг хүчингүй болгох уу гэдэг яриа гараад эхэлж. Би хувьдаа Оюу толгойн гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурь барьдаг. Энэ гэрээг хүчингүй болговол Монгол Улс асар их хэмжээний өрөнд орно. Гэрээний хариуцлагыг бид хүлээнэ. Мөн цаашид Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү гэдэг эргэлзээ бий болно. Гадны хөрөнгө оруулагчид манай улсад итгэх итгэл үлдэх үү. Оюу толгойн гэрээнд алдаатай зүйл бий гэдгийг дээр хэлсэн. Тиймээс бид сайжруулах зүйл хийх ёстой. Татварын нөхцөл, Монгол Улсад орох ашгаас эхлээд ярих зүйл бий шүү. Ажлын хэсэг энэ талаас нь харж шийдвэрээ гаргах болов уу гэж бодож байна.

Гэрээ байгуулахтай холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт, Дубайн гэрээтэй холбоотойгоор нарыг баривчилсан. Монгол Улс хуулийн засаглалтай. Тиймээс хуулийн хүрээнд асуудалд хандсан болов уу гэж найдаж байгаа. Хуулийн дагуу прокурор нь шалгаж, хуулийн дагуу шүүх нь хорьж, цагдсан болов уу. УИХ-ын гишүүн бид хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хутгалдан оролцож, ямар нэгэн хувийн сэдлээр дүгнэлт өгөх хэрэггүй. Миний хувьд хуулийн байгууллага ямар шийдвэр гаргах нь вэ гэдгийг харж байна. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэгийг хорьсон нь зөв, буруу, шүүх, прокурор, АТГ алдаа гаргалаа гээд шууд дүгнэх ярих эрх байхгүй.

-Оюу толгойн гэрээг цуцлуулах сонирхол бүхий хэсэг бүлэг байна уу гэж харагдах юм. Та ямар бодолтой байгаа бол?

-Одоо бүх зүйл зохион байгуулалттай болчихоод түвэгтэй байна. Оюу толгойн гэрээг шахсаар байгаад хүчингүй болгуулах нэг хэсэг хүний сонирхол байгаа л байх. Оюу толгойн гэрээг хүчингүй болговол Монгол Улс тун хүнд байдалд орно. Энэ боломжийг ашиглаад барьцаа ахиулах сайжруулаад авах ажил хийвэл Монгол Улсад өгөөжтэй болох байх.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар С.Баярын бие муудсан тул гаргаж авах асуудлыг хэлэлцсэн гэх юм. Ерөнхий сайд харин бултаад орж ирээгүй гээд байгаа нь үнэн үү?

-Бүлгийн хуралдаанаар ганцхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьсан. Түүнээс биш С.Баяр даргын бие муудлаа, гаргаж авъя гэдэг зүйлийг огт яриагүй. Манай намын бүлэг Оюу толгойтой холбоотой баривчилгаа тойрсон асуудлаар юу ч яриагүй байгаа. Бүлгийн байр суурь хууль шүүхийн байгууллага үнэн зөвийг нь тогтооно биз, буруутай байвал аль намын гишүүн байх нь хамаагүй хариуцлагаа үүрэх ёстой гэж байгаа юм. Харин Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор буруу зүйл хийгээгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй гэдэг байр суурьтай байна. С.Баяр даргатай холбоотой ямар нэгэн байр суурь бүлэг дээр яригдаагүй. Харин ирэх долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлуудаа эргэж сайтар ярихаар болсон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу. Бүлгийн гишүүдийн байр суурь нэгдмэл байж урагшаа явна. Өнөөдрийн байдлаар янз бүрийн байр суурь илэрхийлээд нэг зүгт харж чадаагүй байна л даа…

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үнэхээр чухал. Бид өнгөрсөн хугацааны явж ирсэн замаа эргээд харахад Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийхээр олон удаа оролдсон ч чадаагүй байдаг. Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлыг харахаар Үндсэн хуулийг зайлшгүй хийхээр болж. Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь дөрвөн зүйлд чиглэж байгаа.

Үндсэн хуулийг өөрчилснөөр Их хурлыг хариуц-лагажуулна. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болъё гэж байна. 2000 онд хийсэн долоон өөрчлөлтийг буцаах юм. Мөн Засгийн газрын эрхийг жаахан нэмэгдүүлээд тогтвортой ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлье гэж байгаа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид 16 Засгийн газрын нүүр үзсэн. Нэг Засгийн газрын дундаж нас 1.5 жил байх жишээтэй. Түүнчлэн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн хараат бус байдлын эрх зүйн орчныг бий болгоно. Орон нутгийн тогтолцоог өөрчилж иргэд рүүгээ хандсан болгож өгье. Улс төрийн намуудын орон нутагт оролцдог оролцоог багасгаж өгье гэдэг ийм хэдхэн чиглэлд өөрчлөлт оруулна. МАН мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу эхлээд Их хурлаараа хэлэлцээд гуравдугаар хэлэлцүүлгээс эхлэн ард түмнээс санал асуугаад ард түмэн дэмжлэг Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулъя. Ард түмэн дэмжихгүй бол болъё гэж байгаа юм. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд, ард түмнийхээ санал асуулгыг аваад явна.

-Та Төсвийн байнгын хорооны хуралдаанд суусан. Байнгын хорооны хуралдаан ширүүн болсон. Ж.Мөнхбат гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар долоон удаа хууль зөрчсөн хуулийн төсөл оруулж ирлээ гэж шүүмжилсэн. Төсвийн тодотголоо оруулж ир гэсэн. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд 33, 32-ын бүлгээрээ талцах маягтай маргалдсан. Танай бүлэг дотор эв нэгдэл байхгүй байгаа юм биш үү?

-Хувь гишүүд өөрсдийн байр сууринаас л асуудалд хандаж ярьсан гэж би хувьдаа ойлгосон. Зарим гишүүд хууль зөрчиж байна гэж байсан. Төсвийн орлого буурсан тохиолдолд төсвийн тодотгол хийдэг. Гэтэл өнөөдөр төсвийн орлого давчихсан байгаа үед хөнгөлөлт, чөлөөлөлтийн зарим ажлыг хийхэд төсвийн хуулийн зөрчихгүй гэж бодож байгаа. Ялангуяа өнөөдрийн (өчигдөр) модон материал, ойжуулалтын тоног төхөөрөмж, үр суулгацтай холбоотой татвараас чөлөөлөхийг 2013 оноос хойш чөлөөлсөн. 2018 нэгдүгээр сарын 1-нэгнээс хуулийн хэрэгжилт нь дуусчихсан. Тиймээс үүнийг үргэлжлүүлье, Монголд мод модон материал, ойжуулалт, тоног төхөөрөмж, үр суулгац хэрэгтэй байна гэдэг үүднээс Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх гэж байгаа юм. Татвараас чөлөөлөх асуудал нь ач холбогдлын хувьд маш чухал. Монгол Улсад ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Монгол Улс ойн нөөц багатай тул торх болон модон материал оруулж ирэх хэрэгтэй байна. Энэ нь төсөвт ачаалал үзүүлж байна уу гэхээр үгүй байдаг. 2018 оны улсын төсвийг батлахад чөлөөлж байсан хууль хүчин төгөлдөр байсан. Тиймээс чөлөөлөгдөнө гээд тооцчихсон. Он гарснаас хойш хууль нь байхгүй болчихоор гааль, татварын байгууллагууд татвар авсан асуудал байгаа юм билээ. Хууль гаргаад түүнийг нь буцаагаад олгочихож болно. Энэ нь Төсвийн тухай хууль зөрчөөд байгаа юм байхгүй гэж харж байгаа.

-Засгийн газрын сайдуудыг огцруулна гээд нэр яваад эхэллээ. Засаг ганхаад байна уу гэж харагдах юм?

-Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлага бий. Бид дөнгөж юм хийж эхлээд зургаан сар болж байхад нь оролдоод эхлэх юм. Ийм байж болохгүй. Аль болох тогтвортой ажиллаж, үр дүн гарах ёстой. Нэг жил зургаан сар, хоёр жил ажиллаад үр дүн гарахгүй хууль зөрчөөд байвал энэ асуудлыг ярьж болно. Тиймээс одоохондоо Засгийн газрын гишүүдийг сайн, муу ажиллаж байна гэдэгт дүн тавихад арай эрт байна.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүрээнд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн. Хуулийн төслийг хэзээ хэлэлцэж дуусах вэ. Уг хууль батлагдсанаар цаашид Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудлыг эцэслэх юм билээ?

-Уг хуулийг баталж байж УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Ямар тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх вэ гэдэг нь байхгүй болчихсон л доо. Д.Лүндээжанцан гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Пүрэв юм уу баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг нь хийгдчих байх. Тиймээс ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг хийгдээд дуусах болов уу. Үүний дараа Д.Гантулга гишүүний асуудлыг прокуророос оруулж ирвэл хэлэлцэхэд бэлэн болно.

-Та Д.Гантулга гишүүний орооцолдсон энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм?

-Д.Гантулга гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулъя гэдэг байр сууриа илэрхийлчихсэн юм билээ. Залуу хүний хувьд үүнийг нь зөв гэж үзэж байгаа. Шалгуулаад үнэн, зөвөө тогтоолгох хэрэгтэй. Нэг талдаа Их хурлын нэр хүнд, нөгөө талдаа хувь хүний нэр хүндийн асуудал. Тиймээс өөрөө түдгэлзээд шалгуулчихад буруудахгүй.

-Эрдэнэт үйлдвэрийг тойруулж нэлээд мөлжиж, улс төр хийлээ. Сүүлийн үед Оюу толгойг тойрсон асуудалд дарагдаад нам гүм болчихлоо л доо. Шинэ мэдээлэл юм ирсэн болов уу?

-Манай бүлэг дээр Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал огт хэлэлцэгдээгүй. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал тодорхой болчихсон. УИХ, Засгийн газар төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. УИХ, Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор зарим хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэцийн шийдвэр УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гээд гарчихсан шүү дээ. Эрх зүйн хүрээнд ямар ч маргаангүй болсон. 49 хувийг авсан талд мөнгийг нь суутган тооцох замаар шийдвэрлах ийм л асуудал үлдсэн. Харин 51 хувьтай холбоотой асуудал нь Арбитрын шүүх, дотоодын шүүхээрээ яваад шийдэгдэх ёстой. Гэрээ байгуулсан албан тушаалтан нь буруутай юу, барьцаанд тавьсан хүн нь буруутай юу гэдгийг хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Компани хоорондын маргааныг улстөржүүлээд байх асуудал биш.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *