Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: Хоёр талаас гарсан ажлын хэсэг тэр, энэ их хурлын дарга болно гэдэг асуудлыг яриагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Гадаад харилцааны сайд Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарын томилгоог буцаах нь зүйтэй гэж оруулж ирснийг бүлэг дэмжсэн байна.

Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцож, энэ долоо хоногт багтааж батлах нь зүйтэй гэж бүлэг үзжээ.

Үүний дараа тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Дараагийн УИХ-ын дарга хэн болох вэ. Бүлэг дээр энэ талаар яригдсан уу?

-УИХ-ын даргын асуудлыг ярих болоогүй. Эхлээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батална. Дараа нь тодорхой гишүүд асуудлыг өргөн барина. Ингээд хуулийн төслийг хэлэлцэнэ. Хоёр талаас гарсан ажлын хэсэг тэр, энэ их хурлын дарга болно гэдэг асуудлыг яриагүй. УИХ өнөөдрөөс эхэлж гацахгүй гэж та нар ойлгож болно. Маргааш Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Ирэх баасан гаригийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцээд явна.

-Зам тээвэр хөгжлийн болон БСШУС-ын сайдад ямар хүмүүсийн нэр яригдаж байна вэ?

-Энэ талаар огт яригдаагүй. Албан тушаалын тохиролцоо яригдаагүй гэж би түрүүнд хэлсэн. Хоёр талаас ажлын хэсэг гарч, хурлаа яаж гацаагүй явуулах вэ гэдэг дээр ярилцсан. Засгийн газрын сайдууд улс төрийн албан тушаалтан. Тиймээс намын Удирдах зөвлөл дээр ярилцаад УИХ дахь бүлэг дээр оруулж ирдэг. Энэ дагуу явах байх.

-Элчин сайдуудын тухайд?

Элчин сайдуудын хувьд Гадаад харилцааны яамнаас оруулж ирэх байх. Гол нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой шүү дээ.

Сар гаруйн хугацаанд УИХ гацсан. Үүнтэй холбоотой хүмүүс хэвлэлээр янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Ойлголцохын тулд зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Бүлгийн хурал дээр ойлголцох, ойлголцохгүй асуудал ч байна. Тиймээс ойлголцлыг нэгтгэх асуудал бол бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *