Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Хямралаас богино хугацаанд гарч чадвал тэтгэврийн нас, татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсөвт тодотгол хийх төслийг УИХ-аар баталчихлаа. Төсвийн тодотголоо баталж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь чухал гэж байгаа ч тэдний шаардлагаар тодотгол хийх нь буруу гэсэн хандлага ч байсан. Та ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд маань өөрөө ОУВС-гийн шахалт шаардлагаар гэдэг үгийг хэлээд байгаа юм. ОУВС харин “Бид зарлагаа багасгаж, орлогоо нэмэгдүүл гэдэг шаардлага л тавьсан. Хэрхэхийг Монгол Улсын Засгийн газар шийднэ” гэдэг зүйл ярьсан байна лээ. ОУВС-гийн төсөл хөтөлбөр өмнө нь хэрэгжихдээ сайн байгаагүй талаар олон улсад нэлээд шүүмжлэгдэж байсан тул тэд өөрсдийн бодлогодоо тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулсан. ОУВС-гийн хөтөлбөрт орох шаардлага байна уу гэвэл байна. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бусад орнууд дэмжлэг туслалцаа үзүүлэх гэдэг нөхцөл байх шиг байгаа юм. Тиймээс хөтөлбөрт хамрагдсанаар улс орны нэр хүнд, эдийн засгийн нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд дэм болно гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газар “ОУВС тэгж шахсан учраас бид хөтөлбөрт орж байна” гээд зарим нэг нь “Бид уулзсан тэгж байна ш дээ” гэж яриад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар гэж байдаг юм бол тэр дотроо бүх зүйлээ ярих хэрэгтэй. Дараа нь Их хурал дээрээ хэлэлцээд ийм нөхцөлийг нь авъя, энэ нь бидэнд хүнддэж байна гээд ярих ёстой л доо. Харамсалтай нь ОУВС шахсан юм шиг яриад, тэд “Бид туслах гэж байгаа. Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлнэ” гэсэн хоёр байр суурь яваад байна. Энэ нь өөрөө ойлгомжгүй байдлыг бий болгоод байгаа хэрэг. Монгол Улс хөтөлбөрт хамрагдахдаа маш сайн тооцоо судалгаа хийж, цаашдаа хямралаас хэрхэн гарах вэ гэдгээ сайтар тооцоолох ёстой. Түүнээс биш ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар зээл авч эдийн засаг сэргэнэ гэдэг чинь логикоороо зөв биш. Анзаарсан бол би хэд хэдэн зүйлийг л хэлээд байгаа.

-Тэр нь юу юм бэ?

-Нэгдүгээрт, бид мөнгө шаардахгүйгээр нь хариуцлагын тогтолцоогоо сайжруулчихъя. Бүгдээрээ илүү цаг ажиллая. Эдийн засгийн хямралтай энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудад хөдөлмөрийн цаг үйлчлэхгүй шүү. Төрийн ордон 24 цаг гэрэлтэй байя. Хүн харахад мөнгө шууд орж ирэхгүй юм шиг хэдий ч хариуцлага, сахилга батаар олон зүйлийг бий болгох хэрэгтэй. Төрийн түшээд хариуцлагатай болоод ирвэл нийгэм хариуцлагатай болно.

Хоёрдугаарт, яавал зардлаа багасгах вэ. 2006-2016 оны хооронд төрийн алба 65 мянган хүнээр нэмэгдсэн. Төрийн албан хаагчдыг ажлаас нь халчихаар бүгд ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэдэг. Үгүй л дээ. Төрийн албанд ажиллаж байсан чадварлаг хүмүүс хувийн хэвшилд ажиллах боломжтой. Төрөөр ажлаа үнэлүүлж, төрөөс цалин авах нь чухал биш. Өмнө нь агентлагууд гэхэд орлогчгүй, зарим нь нэг орлогчтой байдаг байлаа. Одоо гэтэл гурван орлогчтой болчихсон байх жишээтэй. Тиймээс төр өөрөө данхар бүтцээсээ хэрхэн салах боломж байна, түүнийгээ ашиглах хэрэгтэй. Үүнийг дагасан машин унааны зардал хэмнэгдээд ирнэ.

Гуравдугаарт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг яагаад нэмэгдэхгүй байна вэ. Тэр байгууллагуудыг бид яагаад үр ашигтай байлгаж болдоггүй юм. Зээл авчихаад өөрсдийгөө санхүүжүүлээд явж байгаа аж ахуйн нэгж байна. Тэр утгаараа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цэгцлээд зарахыг нь зарж борлуулаад, үр ашигтайг нь ажиллуулаад явах ёстой. Үүнийгээ хийх хэрэгтэй.

Юм хийж бүтээж байгаа хүмүүсийнхээ тэтгэврийн насыг уртасгах, унадаг автомашиных нь татварыг нэмэгдүүлэх нь зөв үү. Энэ хүмүүс чинь бүтээгчид. Гэтэл цаана чинь алтны төлөө дайн болж байна. Тиймээс алтнаас авах татварыг нь нэмэгдүүлье гэж Засгийн газар байгуулагдсаныхаа дараа зоригтой оруулж ирсэн ч Их хурал дээр дэмжлэг аваагүй. Үүнээсээ айгаад байдаг юм уу эсвэл алтныхны лобби тийм хүчтэй байдаг юм уу, алтны татварыг нэмэхгүй гэсэн. Монгол Улс сахилга хариуцлагыг хэрэгжүүлж л байгаа юм бол гаргасан грамм алт бүрээ тушаа. Тушаасан алтнаас чинь татвар төлнө. Гэх мэтчилэн боломжууд байхад үүнийгээ ашигласангүй. Шулуухан хэлье. Үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн. Татвар авах ёстой хүмүүсээс нь боломжийн хэмжээгээр нь татвар авъя. Татвар хэдий хэмжээгээр хуримтлагдана, төдий чинээ зөв хуваарилалт явагдана.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

-Нэг хэсэг нь бараг л тэр чигтээ татваргүй улс болно гэж зүтгээд нөгөө хэсэг нь татварыг бүр нэмэх хэрэгтэй гээд байх юм…

-Бид ямар ч татваргүй эсвэл халамжийн улс байж болохгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. ОУВС хөтөлбөрийг баталчих юм бол манайд мөнгө орж ирэх хандлага байна. Гэхдээ энэ мөнгө нь зүгээр “май” гээд өгчихөж байгаа мөнгө биш. Зээл шүү. Зээлийг аль болох бага хүүтэй аваад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж чадвал бид өрөө төлнө. Бүсээ чангалж, ходоодоо хоосон болгохоосоо өмнө төрд байгаа хүмүүс хийж байгаа ажлаа хоёр дахин илүү хийх л хэрэгтэй юм. Ингэж байж л улс орноо хүнд байдлаас гаргана. Энэ нь хариуцлага л даа.

-Та төсвийн тодотголд тийм ч таатай хандахгүй байгаа юм байна. Хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байсан л даа. Ард түмнийг унтаж байхад баталсан төсвийн тодотгол ард түмний нуруунд ачаа үүрүүлчихэв үү, төр бүсээ чангалчихав уу?

-Төсвийн тодотголыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд батлагдсан болохоор ард түмэн төсвийн тодотголыг батлах ёстой гэдэг сэтгэл зүйтэй байсан. Ард түмэн үүнийг ойлгох гэж оролдож байна. Орлогоо яаж нэмэгдүүлж, зардлаа хэрхэн багасгах вэ гэдэг дээрээ дутуу төсвийн тодотгол боллоо. Тиймээс сэтгэл тийм ч хангалуун биш байгааг нуугаад яахав. “Бид хоёр цагийн дотор төсвийн тодотголыг батлахгүй бол ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй боллоо” гэж Сангийн сайд ярьж байсан. “Ингэж цаг хугацаанд шахахаар нэг зүйл буруу болчихдог шүү” гэж шөнөөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хэлсэн. Миний байр суурь цагаан сар, наадам, шинэ жилээр шөнө дүл болтол хуралдаж шийдвэр гаргахдаа алдаа гаргадаг. Намайг байнгын хороогоо хуралдуул гэсэн болохоор хуралдууллаа. Гишүүд ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй гэж хэлээд хурлаа хийсэн. Ингэж цагийг нь тулгаж байхаар намрын чуулганы дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэж болох байтал шөнөөр ингэж шахаж хуралдуулах нь буруу гэдгийг нь Сангийн сайдад хэлсэн. Бид ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Богд хаан тамгаа дарчихаад “Би юу хийчихэв ээ” гэдэг шиг араас нь олон юм ярихаасаа илүүтэй батлагдсан төсвийнхөө хэмжээнд яавал хөтөлбөр үр дүнтэй болох вэ гэдгээ ярих ёстой. Хямралаас богино хугацаанд үр дүнтэй гарч чадвал дараа нь тэтгэврийн нас, татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой. Бид үргэлж болохгүйгээ дуудаад байх юм. Болох хүртэл нь зүтгэх хэрэгтэй.

-Сөрөг хүчний зүгээс хүүхдийн мөнгийг таначихаад өөрсдийн зардлаа 404 тэрбумаар Засгийн газар нэмэгдүүлээд ороод ирлээ гэж шүүмжилж байгаа. Засгийн газар урсгал зардлаа танах боломж байгаагүй юу?

-Бодитой зүйл ярих хэрэгтэй. Хөгжлийн банкин дээр хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар дээр авсан тул түүнтэй холбоотойгоор нэмэгдсэн зүйлс бий. Хөгжлийн банкин дээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөр Хөгжлийн банк, Засгийн газрын алинд нь ч байсан мөнгөө төлөх ёстой. Гэсэн ч Засгийн газар хэмнэх ёстой зүйлсээ хэмнэх хэрэгтэй байсан. Түүнээс биш 404 тэрбум төгрөгөөр нэмсэн гэдэг нь үнэнд нийцэхгүй.

-Долоон төрлийн татварыг нэмэх асуудал олны анхаарлыг татсан. Гэсэн ч татвар нэмэх нь зөв гэж Их хурал үзлээ. Татварууд ард түмний амьдралд дарамт болохгүй гээд байгаа л даа. Үнэн юм уу?

-Татвар нэмж болохгүй гээд байдаг ч үнэндээ бид бараг татваргүй улс болох хүсэлтэй шахам болчихоод байгаа нь буруу. Татвар нэмэх асуудлыг Засгийн газар зөв оруулаад ирчихвэл нэмэх газар нь нэмээд, хасах газар нь хасаад явах хэрэгтэй. Бид гарч байгаа алтнаасаа татвар авдаг болоход л бусад бүх нэмэгдсэн татварын орлогоо бүрдүүлчих боломжтой. Тухайлбал, хадгаламжийн хүүгээс татвар авна гээд байгаа ч ямар хэмжээний хадгаламжтай бол татвар авах юм, ямраас нь авахгүй юм гээд ялгах хэрэгтэй. Сайн, муу ямар нэгэн байдлаар хадгаламжиндаа ихээхэн хэмжээний мөнгө байршуулсан бол татварыг тодорхой хэмжээгээр нэмээд авчихад нэг их хохиролтой ч юм биш. Монгол Улс зээлийн хүүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Одоо бид хадгаламжийн хүүгээ харьцангуй багасгах хэрэгтэй. Манайхан хадгаламжийн хүү буурчихвал мөнгөө хадгалуулах хүн олдохгүй гэдэг. Үнэндээ манайхаас өндөр хүүтэй газар өөр байгаа юм уу. Бид хамгийн өндөр хадгаламжийн хүү төлдөг юм бол жаахан бууруулчихад бидний авах зээлийн хүү буурах боломжтой. Түүнээс биш Засгийн газрын оруулж ирсэн болгоныг бид буруутгаж, ус цацаад байж болохгүй. Үүнийгээ ард түмэнд зөв ойлгуулчихад хүлээгээд авчихна. Гэтэл өөрсдөөсөө эхлэх зүйлсээ эхэлчихэж чадахгүй байгаа болохоор ард түмэн дургүйцээд байгаа юм. Ямар ч Засгийн газар магтаал сайшаал хүртээд байх нь ховор байдаг. Бид зөв зүйлийг дэмжээд буруу зүйлийг нь засахын төлөө шахаж шаардах ёстой. Засгийн газрын хийсэн болгоныг болохгүй байна гэж шүүмжилдэг энэ арга барилаасаа ч салах ёстой. Энэ хорвоо дээр хар, цагаан хоёр л өнгө байдаг мэт талцдаг, зааглагддаг. Үнэндээ цаана чинь цэнхэр, ногоон, улаан, шар гээд олон өнгө байдаг юм шүү дээ.

-Бензин шатахууны онцгой албан татвар нэмэгдэх нь. Бензиний үнийн савлагаа ард түмний амьдралд хэрхэн нөлөөлдгийг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Та ямар бодолтой байгаа вэ?

-Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ бараг өсөхгүй болов уу гэж Засгийн газар тооцож, онцгой албан татварыг нэмэхээр оруулж ирсэн юм билээ. Олон улсын зах зээлд нефтийн үнэ өсөхгүй бол бага зэргийн татвар нэмлээ гэхэд манайд үнийн нөлөөлөл гарахгүй гэж үзсэн юм шиг байгаа юм. Үүнийг сайн мэдэхгүй байна. Бензин, шатахуунаар их оролдох нь сайн зүйл биш. Хамгийн эмзэг сэдэв бензин, шатахуун байдаг. Дуулианаар нь жаахан нэмлээ гэхэд дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихдэг золигийн юм манайд болдог. Бид онцгой албан татварыг нэмэх, нэмэхгүйгээсээ илүү олон жил ярьсан нефть боловсруулах үйлдвэрийн асуудлаа шийдэхгүй юм уу. П.Очирбат гуай газрын тосоор дээлээ мялааснаас хойш хэдэн жил өнгөрөв. Улс төр болохоор л нефтийн үйлдвэр барина, барихгүй гэдэг. Нефтийн үйлдвэр барина гэж ярьсан хүмүүс нь од болдог. Одоо тэр үйлдвэрээ барьчих л даа. Зарим нь нефть боловсруулах үйлдвэр барьж болно гэхээр нөгөө хэсэг нь болохгүй гэдэг. Боломжтой бол бид өөрсдийнхөө нефтиэр өөрсдийн үйлдвэрээ барих ёстой. Болохгүй бол түүхий нефть оруулж ирээд ч хамаагүй бензинээ үйлдвэрлэх шаардлагатай. Алдаршихын тулд нефтийн үйлдвэр ярьж болохгүй л дээ. Үр дүн гаргахын төлөө хийх ёстой.

-Автомашины онцгой албан татвар нэмэгдэж байна. Ялангуяа шингэрүүлсэн хийн болон хос хөдөлгүүрт автомашинуудын татвар илүү нэмэгдэж байна. Насжилтаасаа хамаараад приус машин гэхэд таван сая төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. Тавдугаар сарын нэгнээс хууль нь хэрэгжинэ. Ард түмэн унах унаагүй болох юм байна гэж ярьж байна л даа…

-Монгол төр гэж байгаа юм бол цаашид автомашины насжилт дээр анхаарал хандуулах ёстой. Гадны төмрийн хаягдал шахуу болсон машинуудыг оруулж ирсээр байх юм уу. Гэхдээ ард түмний амьдрал ямар байгаа билээ гэдгээ мартаж болохгүй юм. Иргэдийн амьдрал ахуй сайжирчихвал автомашины насжилтыг нь багасгаж болно. Үүнийг сайтар судлахгүй бол эмзэг асуудал юм билээ. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ бензин, шатахуун, автомашин руу орох нь зөв үү, алтны татварыг нэмэх нь зөв үү, хариуцлага руу орох нь зөв үү гэдгээ бид ялгаж салгах ёстой. Би татвар төлөх ёстой, байгалиа хамгаалах ёстой гэж ярьдаг хүн. Гэхдээ үүн дээр ингээд хоёрдмол сэтгэлтэй болчихоод байна. Бид хэзээ яаж нэмэх вэ гэдгээ бодох ёстой болчихоод байгаа юм. Нэг зүйлийг шүүрч авах биш Монголынхоо эдийн засгийг хамтдаа хөгжүүлэх хэрэгтэй. Бензин шатахуун, автомашины татварын асуудлыг сөхөөд ард түмэндээ хайртай хүний дүрээр популизм хийгээд явж болно. Гэхдээ би тэгэхгүй. Бид ард түмнээ ажилтай, орлоготой болгочихвол хэн олон жилийн насжилттай хуучин автомашин унахыг хүсэв гэж дээ.

-ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ. Энэ нь өнөө маргаашаа аргацаан суугаа бизнесийнхэнд хүндээр тусах байх даа?

-Та намайг татвар нэмсэн хүнд талаар нь яриулах гээд л асуугаад байна. Миний хувьд зарим зүйл дээр санал нэг байгаа ч заримтай нь санал нийлэхгүй байгаа, энэ Засгийн газрын. Төсвийн тодотголын хүрээнд хуулиуд батлагдсан. Их хурлаар хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулаад татвар нэмэхээр болчихлоо. Үүнийг хамгийн их шүүмжилж чадах хүн. Нэгэнт олонхиороо шийдээд хууль баталчихсан байхад ганцаарчилсан тоглолт хийх нь надад таалагдахгүй байна. Одоо нэгэнт Их хурал шийдсэн болохоор бушуухан хэрэгжүүлж, ард түмнээ ажилтай болго, олон улсын зээлүүдээ эргүүлэн төл. Олон улсын зах зээлд байгалийн баялгийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед боломжийг ашиглаж чадвал үр дүн гарна. Нэмсэн татвар болгоныг эсэргүүцэн ярьж болох ч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав. Хэд хэдэн боломж байсныг Засгийн газар анхаараагүй ч цаашид хэрэгжүүлэх ажилдаа анхаарах ёстой. Аль болох зөв үйлдэл хийхгүй бол төрийн томчууд тэр бүр ард түмний дунд очиж чаддаггүй болохоор тэдний бухимдлыг олж харахгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт иргэдтэй уулзаж байхад итгэл алдарсан нэг хэсэг байхад “Та нар идэвхтэй ажиллаж хонгилын үзүүрт гэрэл биш тэр гэрлээ нааш нь аваад ирвэл бид тэсээд гарахад бэлэн байна” гэсэн хэсэг ч байна. Нэмэгдсэн татвар болгон дээр шүүмжилж ярилаа гээд хууль батлагдсан болохоор үр дүн өөрчлөгдөхгүй. Тийм болохоор батлагдсан хуулиудынхаа хүрээнд л сайн ажиллах хэрэгтэй.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газар Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд эргүүлэн татсан. 800 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессыг хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Та ямар ч байсан ажлын хэсгийг нь ахлахаар болж. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бид нийгэмд хэрүүлийн алим тарих зүйлсээ өөрсдөө хийгээд байгаа юм. Дахин хэлье, том бодлогоор нь энэ улсыг бид аятайхан аваад явчих юмсан. Тэгэхгүйгээр гэнэтхэн нэг сэдэв гаргаж ирээд шуурдаг боллоо. Концесс гээд баахан шуугиад сүйд хийчихсэн юм шиг л ярьдаг. Оффшор, Эрдэнэт, Таван толгой гээд сэдэв гаргаж ирээд бужигнуулдгаа болих цаг болсон. Манайхан “Нээрээ тэгчихсэн юм болов уу” гэж самгардаж явсаар 28 жил энэ улс дорвитой хөгжсөнгүй. Концесс дээр өөрийн байр суурийг хэлэхэд өмнөх концессууд ямар шугамаар явж ирснийг сайтар шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ концессууд нь хэчнээн тэрбумын өртөгтэй юм бэ гэдгийг тогтоох ёстой. Тэгэхгүй бол янз бүрийн тоонууд ярьж байна. Зарим нь өмнөх концессуудыг үргэлжлүүлж байна гэдэг. Нэг хэсэг нь сургууль, цэцэрлэг барихад концессоос өөр зам алга гэж байна. Засгийн газар нэг тайлбар хэлээд, Их хурлын гишүүд өөр тайлбар хэлээд байгаа байхгүй юу. Манай бүлэг хуралдаад ажлын хэсэг байгуулсан. Миний хувьд аль нь зөв, аль нь буруу юм гэдгийг тогтооход оролцъя гэдэг үүднээс ажлын хэсэгт орох санал гаргасан. Сүүлдээ та ахлаад яв гэсэн. Ажлын хэсэг энэ долоо хоногт шалгаад ирэх долоо хоногийн бүлгийн хурал дээр танилцуулна. Концессын жагсаалтыг Их хурлаар батална гээд байгаа юм. Үүнийг би зөвшөөрдөггүй. Миний хувьд хариуцлага үүрсэн газар нь хариуцлагаа үүрсэн шиг үүр. Ажлаа хийж чадвал дэмжинэ, чадахгүй бол хариуцлага ярина гэсэн байр суурьтай байна.

-Яг ямар ямар концессын ажлууд орж ирээд байгаа юм бол?

-Ажлын хэсэг шалгаж байгаа. Ирэх долоо хоногт мэдээлэл хийнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *