Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Арилжааны сэтгэхүйгээр биш, баялаг бүтээгчдийн сэтгэхүйгээр ярьдаг цаг болчихоод байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Оюу толгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Та Оюу толгой төслийн гэрээний хэрэгжилтийн шалгах ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Оюу толгой төслийн хувьд ажлын хэсэг ажиллаж байна. Би Тэрбишдагва гэдэг хувь хүний байр суурийг илэрхийлж болохгүй. УИХ-ын 13 гишүүн багтсан ажлын хэсэг ажиллахын зэрэгцээ, таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг боломжийн ажиллаж байгаа. Сэтгэлд хүрэх, хүрэхгүй зүйл гарах л байх. Дэд ажлын хэсгийн тайлангуудыг байнга сонсч байна. Энэ долоо хоногт ажлын хэсгийн ахлагчийн хувьд дэд ажлын хэсгийнхэнтэй уулзана.

Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө ажиллана. Хүмүүс янз бүрийн ярьж л байна. Хүмүүс хоёр гурав хуваагдаж нэг хэсэг нь Оюу толгой шиг мундаг зүйл байхгүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь Оюу толгойг хөөгөөд гаргая гэдэг зүйл ярьж байх жишээтэй. Хөндлөнгийн байгууллагууд, эрдэмтэд, хөндлөнгийн шинжээчид гээд оръё гэсэн хүн бүрийг оруулж байгаа. Эндээс бодитой дүгнэлт гарах байх.

-Оръё гэсэн хүн бүрийг оруулчихаар холион бантан болохгүй юу. Зарим хүмүүсийн зүгээс Оюу толгойг 300 хүн байцааж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?

-300 байцаагч биш. Засгийн газар, Үндэсний аудитын газар, УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна. Би дээр хэлсэн дээ. Манай ажлын доор таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг ажиллаж байгаа гэж. Их хурлын ажлын хэсэгт 13 гишүүн бий. Би ажлын хэсгийн ахлагч тул нэг бүрчлэн зүйл дээр гүйж очин орох шаардлага бага л даа. Мэргэжлийн хүмүүс газар дээр нь очоод асуудлыг сонсоод явах нь зөв. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг эцсийн шийдвэрийг гаргах болохоор Засгийн газар, Үндэсний аудитын газрын ажлын хэсэгтэй хамтарч ажиллахдаа тэдний санал дүгнэлтийг сонсоно. Тэгэхгүйгээр гурван өөр дүгнэлт гаргаад байж болохгүй биз дээ.

-Зарим гишүүд Эрдэнэт 500 тэрбум төгрөгийн татвар төлөөд байхад Оюу толгой хоёр дахин бага татвар төлдөг гэж шүүмжилдэг. Энэ бүгдийг бас тооцож үзэх үү?

-Оюу толгойн талаарх яриагаа ингээд зогсооё. Яривал маш олон зүйл бий. Зарим хүн “ мангар” гэсэн үү тийм зүйл яриад байсан. Төрийн хүн бол Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотойгоор улс орондоо, нөгөө талдаа ч ашигтай байр суурийг илэрхийлэх ёстой. Түүнээс биш Монгол ашигтай, нөгөө тал нь ашигтай гээд яриад байж болохгүй. Явцын дунд яриа хэлэлцээрүүд амжилттай хэрэгжих боломжтой гэж найдаж байна.

-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ. Зургадугаар сарын 10-нд гарсан байна гээд байсан даа. Хойшилж магадгүй гэх юм…

-Зургадугаар сарын 23-нд ажлын хэсгийн дүгнэлт гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дэд ажлын хэсгүүдийн ажил 30-70 хувьтай явж байна гэсэн. Дэд ажлын хэсгүүд зарим материалуудтай гарцаагүй танилцах шаардлага гарвал хугацааны хувьд жаахан цаашилж магадгүй. Ямар ч байсан хугацаанд нь ажлын хэсгийн дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Таван толгой төслийг хөдөлгөх, олон улсын хөрөнгийн зах зээлд 30 хувийг нь IPO болгон гаргах асуудлыг хэлэлцсэн гэсэн. Засгийн газраас төслийг ямар замаар явна гэж танилцуулсан юм бэ?

-Энэ талаар мэдээлэл алга. “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллаж байгаад ирлээ.

-Монголын эдийн засгийн форум найм дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ жилийн форумд сэтгэл дундуур хүмүүс их байлаа. Хамгийн гол нь форумаас гарсан шийдвэрүүдээ амьдрал дээрээ хэрэгжүүлэх ёстой. Та Эдийн засгийн форумын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн форум чухал. Дэлхийн бусад орнууд ч гэсэн эдийн засгийн форум зохион байгуулдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчидтэйгээ төр засгийн бодлогоо уялдуулж өгөхөд форум өөрөө өндөр ач холбогдолтой. Монголчууд чуулган зохион байгуулж, хууль дүрэм батлаад явж чаддаг болсон байна. Харин бидний чадахгүй байгаа зүйл форум зохион байгуулсны дараа салан баавгайн үлгэр гэдэг шиг ярьсан зүйлсээ мартчихдаг. Хийж хэрэгжүүлье гэж ярьсан зүйлийнхээ араас хөөцөлддөггүй. Өмнө нь гарсан баримт бичгүүдтэйгээ давхардсан шийдвэр гаргадаг. Эхэлсэн ажлаа дуусгалгүй дундаас нь хаяад явдаг. Нэг асуудлаа олон жил дараалан ярьдагт асуудлын зангилаа байгаа юм. Хууль гаргалаа гэхэд хэрэгжүүлдэггүй. Хууль хэрэгжиж эхлэхээс нь өмнө түрүүлээд шүүмжлээд эхэлдэг. Монголчууд шүүмжлэгч ард түмэн болсон. Аливаа зүйлсийг болохгүй талаас нь ярьдаг. Гэхдээ ярьсан, хэлсэн нь хэрэгжихгүй болохоор аргагүй л дээ, бас.

Энэ удаагийн форум өмнөх форумуудаас арай илүү өргөн дэлгэр байна уу гэж харагдаж байна. Төрийн гурван өндөрлөг маань оролцож өөрсдийн бодлогоо ярьж байгаа нь сайн. Төрийн гурван өндөрлөгийн ярьж, хэлсэн нь Үндэсний аюулгүй байдал талаасаа хэр уялдаж өгч байна вэ. Тэдний ярьсан зүйлс хэрэгжих үү гэдэг нь байнгын эргэлзээ төрүүлдэг. Ард түмэн ингэж эргэлзээг байгааг буруутгах арга байхгүй. Төрийн гурван өндөрлөг нэг зүгт харж ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн форумаас гарсан үр дүнгээ хэрэгжүүлэх нь чухал.

-Үр дүн гарсан үгүй нь мэдэгдэхгүй жил бүр форум хийсээр байх уу?

-Өмнөх жилийн форумаас гарсан дүгнэлтийг энэ жил хэлэлцэх байдлаар явах ёстой. Ноднин форумаар ийм зүйл ярьсан, энэ нь хэрэгжихгүй байгаа нь зохион байгуулагч, улс төрийн тогтворгүй байдал, сонгуулиас шалтгалав уу, бид ажил хэрэг болгож чадахгүйдээ байна уу гэдгийг бид тодорхой болгомоор байна. Өмнөх алдаа дутагдлаа дүгнээд цаашаа ажлаад явбал их сайн. Форумаас үр дүнд хүрээгүй асуудлуудаа байнга ярьж, ажил хэрэг болгох ёстой. Ингэж байж үр дүнд хүрнэ. Манайхан хэрэгжих боломжгүй зүйлийг хэрэгжүүлнэ гэж амладаг тал бий. Энэ бүгдээ дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлсон бол илүү зөв болох байлаа. Олон жил шүүмжлүүллээ, тиймээс цаашид төлөвлөгөө гаргаад эрчимтэй ажиллах шаардлагатай. Монголын Улсын хөгжлийн загварын хэлэлцүүлэг дээр очиж би панелистаар оролцож үг хэлсэн. Бидний өмнө тулгамдсан асуудлуудыг жижиг, том гэж ялгалгүйгээр хийгээд эхлэхгүй бол өчнөөн олон хөгжлийн бодлого, загвар ярив. Дахиад өнөөдөр хөгжлийн загвар яриад л сууж байна. Хөгжлийн загвар дээр олон зүйл бодоод байх шаардлагагүй, цөм нь хүн өөрөө. Түүнээс зэс, алт, ноолуур биш юм билээ. 20 сая малтай Монгол Улс 66 сая толгой малтай боллоо. Тэглээ гээд улс хөгжсөнгүй. Тиймээс хүнээ хөгжүүлж, хүн бүрийг ажлын байраар хангаж, өндөр цалинтай ажиллах, мэргэжлийн өндөр мэдлэг, боловсролтой боловсон хүчинтэй болох ёстой.

-Эдийн засгийн форумын үеэр том төслүүдийг хөдөлгөх тухай яригдаж, олон ч хүн саналаа хэлж байсан. Том төслүүд дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Том төслүүдийг хэрэгжүүлэх ёстой ч хоорондоо маргалдаад хэрэгжүүлэхгүй байгаа юм. Гэхдээ маргалдахгүйгээр төсөл хэрэгжүүлбэл ямар нөхцөл байдалд хүрдгийг гашуун туршлагуудаасаа харж болно. Том төсөл хэрэгжих ёстой ч манайд тийм олон том төсөл хэрэгжих шаардлага байна уу. Монгол Улс хөгжлийн томоохон шатанд гаръя гэвэл яалт ч үгүй энэ төслүүд хэрэгтэй. Тэндээс олсон мөнгөө хөгжлийн бодлого болгож салбаруудаа хөгжүүлэх, боловсолыг дэмжих, хүнээ бэлдэхэд зарцуул. Хүнээ хөгжүүлэхгүйгээр ямар ч ажил явахгүй.

Нөгөө талаасаа том төслүүд хөдөллөө гээд Говь-Алтай, Баянхонгорт ч юм уу ажлын байрыг шууд нэмэгдүүлж чадахгүй. Хэдэн төгрөг өгснийг нь халамжинд өгөөд ажлын байр бий болж чадалгүй үлддэг. Арилжааны сэтгэхүйгээр биш, баялаг бүтээгчдийн сэтгэхүйгээр ярьдаг цаг болчихоод байна. Хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийн эздүүдийг бэлддэг загварууд бий. Орон нутагт яваад очихоор жижиг дунд үйлдвэрлэлийг аваад явах мэргэжлийн хүмүүс байдаггүй. Ядаж мастер тогооч, мастер слесарь гээд байх хэрэгтэй. Зарим аймаг 1000 км-ийн цаана Улаанбаатараас талхаа зөөж байгаа. Ядаж талхаа барьж сурах боловсон хүчнийг бэлдэх ёстой. Улаанбаатараас талхаа зөөнө гэдэг чинь харамсалтай байхгүй юу. Мэргэжилтэй боловсон хүчин, жижиг дунд үйлдвэрлэлийн эздүүдийг бэлдэх нь чухал. Тэгж гэмээнэ тухайн орон нутагт ажлын байр бий болж, иргэд ажилтай, цалинтай болно. Оюу толгой, Таван толгойн төслүүдээс бид хүүхдийн мөнгө, тэтгэмж авах байдлаар явах нь хөгжлийн бодлого биш. Өнөөдөр том төслүүд чухал хэдий ч хүндээ тулсан бодлого алга л гээд байгаа юм. Ажилгүйчүүдийн тоо 39 хувьд хүрлээ гэж байна. Яагаад тэд улам ядуу болоод байна гэхээр ажилгүйгээс болоод орлогогүй байна л даа.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 80 хувь нь дээд сургуульд орж байгаа. Дээд сургуулиа төгссөн хүүхдүүдийн 79 хувь нь ажилгүй байна. Оюутнуудаа сургахын тулд аав, ээж нь цалин, тэтгэвэр, малчны зээл авдаг. Нэг жилд хүүхэддээ 6-7 сая төгрөг зарцуулдаг юм билээ. Сургуулиа төг-сөөд шууд ажилд орж эцэг, эхийнхээ зээлийг төлдөг болох хэрэгтэй. Дээд сургууль төгссөн хүүхэд бүр ажилтай байх ёстой. Ингэхийн тулд дээд сургуулиудын босгыг өндөр болгож, чанартай боловсон хүчин бэлдэх нь чухал.

-Гадаад, дотоодын сургуулиудад суралцуулж, мэргэшүүлэх зайлшгүй шаардлага бий шүү дээ. Энэ боломжоо манайхан бүрэн ашиглахгүй байгаа юм биш үү?

-Японд 1000 инженер бэлдэнэ л гэсэн. Түрүүчээсээ ар өврийн хаалгаар явж жинхэнэ явах ёстой хүмүүс нь явж чаддаггүй. Явсан хүмүүс нь хөөгдөөд ирдэг. Германы шугамаар хөөцөлдөөд нэлээд оюутнууд явуулсан. Хэдэн сарын өмнө Германы эрдмийн солилцооны албаны хүмүүстэй уулзахад “Танайхтай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө зогсооё гэж бодож байгаа” гэдгээ хэлж байсан. “Яасан бэ” гэтэл “Танай хүүхдүүд чинь очоод сурч чадахгүй байна” гэсэн. Тиймээс сургалтын чанарт анхаарч, Их, дээд сургуульд орж байгаа хүүхдүүд улам чадваржиж дэлхийн хэмжээний сургуульд суралцах боломжтой болох ёстой. Гадны сургуулиудад амжилттай сурч байгаа оюутнууд бий, тэднийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ нийт хэмжээгээр нь аваад үзэхээр бидний сэтгэлд хүрэхгүй байна. Үүний хамгийн том жишээ ажилгүйдэл, ядуурал.

-Эдийн засгийн форумаар жил бүр ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, баялаг бүтээгчдээ хуулиар дарамтлахгүй байя гэх мэтчилэн хэдэн сэдвийг тойруулж ярьсаар дуусдаг. Энэ жил мөн л давтан ярьж байна. Өмнө нь ярьсан зүйлс огт хэрэгжихгүй байна гэсэн үг үү?

-Эдийн засгийн форумын үеэр эдийн засгийн нөхцөл байдлыг статистикт тулгуурлан ярихад яг наад асуудлууд чинь гарч ирээд байгаа юм. Эдийн засгийн форум гэж байгаа болохоор энэ бүгдээ зайлшгүй ярих шаардлагатай болчихоод байна. Дахин хэлье. Өмнө нь ярьж байсан зүйлс юунаас болов гэдгийг тодорхой болгох ёстой.

-Эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай гарсан гэж Засгийн газар мэдэгдсэн. Одоо бол зургаан хувиас давсан гээд байгаа. Цаасан дээр гарсан энэ өсөлт иргэдийн амьдралд огт мэдрэгдэхгүй байна. Энэ өсөлтийн үр шимийг ард түмэн хүртэх ёстой биз дээ?

-Монгол Улсын Ерөн-хийлөгч нүүрсний үнэ өссөн, Хойд Солонгосоос болсон гээд хэлчих вэ дээ. Түүнтэй адилхан эдийн засгийн тоон үзүүлэлт нэг асуудал. Эцсийн үр дүн чухал. 10 жилийн өмнө ярьж байсан зүйлээ өнөөдөр ч гэсэн ярьдаг энэ байдлаасаа салах ёстой. Бид шавар дотор хий эргэх биш, хамтдаа машинаа шавраас гаргах хэрэгтэй. Эдийн засаг өсөхгүй болохоор улстөржсөн зүйлс маш их болдог. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хүн бүр ажлын байртай болох ёстой. Ингэхийн тулд өндөр мэргэжил, боловсролтой боловсон хүчинтэй болох шаардлагатай юм. Өнөөдөр манай залуус Солонгост аюултай, хортой, хүнд нөхцөлтэй газарт ажилладаг. Ийм газар руу явахын тулд өдөржин, шөнөжин манайхан дугаарлаж байна. Уг нь Солонгост нэг жил мэргэжлийн боловсон хүчин бэлдүүлээд нэг жил үйлдвэр аж ахуйн газарт ажиллуулаад мэргэжилтэн бэлдэх ёстой л доо. Тэд ирэхдээ жижиг дунд үйлдвэрийн эзэд, орчин үеийн шинжлэх ухаан технологитой харьцаж сураад ирнэ. Энэ чиглэлд л бид анхаарч сургалт, ажиллах боломж хоёрыг давхар хийх шаардлагатай.

Монгол Улсад орчин үеийн инженерүүд хэрэгтэй байна. Гэтэл ирээдүйд үнэ хүрэх өндөр мэргэжлийн боловсон хүчиндээ мөнгө зарцуулдаггүй. Дэлхийн хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбартаа ДНБ-ийнхээ 3-5 хувийг зарцуулж байхад манайх ДНБ-ийнхээ 0.12 хувийг зарцуулж байгаа юм. Ийм байхад яаж шинжлэх ухаанд тулгуурласан бодлого явах юм бэ. Бааз суурь яаж бэхжих юм бэ. БНХАУ, БНСУ, Япон, Сингапур гэхэд иргэд нь ажилсаг, шинжлэх ухаан технологи, боловсролдоо анхаарал хандуулж мэргэшсэн боловсон хүчнээ бэлдэж чадсанаар тэд хөгжсөн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *