УИХ-аас томилсон “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа болон Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, Дубайн гэрээг шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар татварын хэд хэдэн зөрчил илэрснийг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, “2018 оны нэгдүгээр сард Татварын албанаас Оюутолгойн 2013-2015 онд хийсэн аудитын шалгалтын дүнд 155 сая ам.долларын акт тавьсан. УИХ-аас томилсон Ажлын хэсгийн шалгалтаар үүнээс илүү татварын зөрчлийг илрүүлжээ. Нэгдсэн дүгнэлт гарах үед татварын эцсийн дүнг танилцуулна. Мөн Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байна. Гэхдээ хэд нь гэрээт, хэд нь үндсэн ажилтан болох нь тодорхойгүй. Мөн тус компанид ажиллаж буй дотоод, гадаадын ажилтнуудын цалин ихээхэн зөрүүтэй. Энэ талаар бид дэлгэрэнгүй материал авах санал гаргасан ч цалингийн асуудал хувь хүний нууцад хамаарна гэсэн шалтгаанаар өгөхгүй байна” гэлээ.
Түүнчлэн Засгийн газраас Оуютолгойн цахилгаан станц барих шийдвэрийг нэн даруй гаргах шаардлагатай байгааг дурьдлаа. Ажлын хэсгээс Оюутолгой компанийн удирдлагуутай уулзаж, цахилгаан станц барих боломжтой эсэх талаар ярилцжээ. Компанийн удирдлагуудын зүгээс Засгийн газар шийдвэрээ гаргасан тохиолдолд цахилгаан станц барихад бэлэн, энэ чиглэлд тодорхой хөрөнгө босгож байгаагаа хэлсэн байна.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Тус хуулийг Оюутолгойд зориулсан гэсэн шүүмжлэл бий. Энэ хуулийн төслийн талаар та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?
-2006-2015 онд УИХ Цагаан сар, Шинэ жил, Үндэсний их баяр наадмын өмнөхөн 200 гаруй хуульд ашиг сонирхлын зөрчилтэй өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Оюутолгойн гэрээг 2009 оны долоодугаар сарын 16-нд баталсан. Засгийн газраас энэ удаад өргөн барьсан хуулийн төсөлд томоохон аж ахуйн нэгжүүдээс авдаг 20 хувийн татварыг хэвээр нь үлдээхээр тусгасан байна.
-Тус компанид ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж буй гурван гишүүний нэг нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. ТУЗ-ийн гишүүдийн цалин болон бусад үйл ажиллагаанд шалгалт хийсэн үү?
-ТУЗ-ийн гишүүд хэдэн төгрөгийн цалин авдаг, Монгол Улсад ашиг тусаа өгөх ямар томоохон ажлуудыг хийж байна вэ гэдгийг судалж байна.