Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сүнжид: Засгийн газар, УОК-оос гаргаж байгаа шийдвэр, зааварчилгаа бүх хүнд ойлгомжтой байх ёстой

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хуульзүйн ухааны доктор (Ph.D) Д.Сүнжидтэй хөл хорионы үеийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-ХЭҮК-ын гишүүд шинээр бүрэлдэж ажлаа хүлээж аваад сар орчим болж байна. Энэ хугацаанд ямар ямар ажлууд хийж амжуулав?

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.5-т заасан хяналт тавих ажлын хүрээнд хэд хэдэн ажлыг хийлээ. Юуны өмнө уг хуулийн хэрэгжилтийн талаарх шуурхай үнэлгээ хийсэн. Коронавирусын халдвар дотоодод тархаж хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой Эмээлт, Баянзүрхийн тээврийн товчоо, Өлзийт, 22-ын товчоо, шинжилгээ авах цэгүүд, Түр хамгаалах байрууд, Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй газрууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 0461 дүгээр хаалттай анги, Чингэлтэй дүүргийн 17, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо зэрэг нийт 30 гаруй объектод очин ажиглалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.

Хүний эрхийн үндэсний комисст иргэдээс зөвхөн бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой хүний эрхийн асуудлаар ирүүлсэн 80 гаруй гомдол, шуурхай үнэлгээ болон нөхцөл байдалд хийсэн ажиглалтад үндэслэн УОК-т хоёр зөвлөмжөөр 14 асуудлыг, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд нэг санал, УОК-ын Шуурхай штабд нэг санал тус тус хүргүүллээ. УОК-ын төлөөллийг хүлээн авч хамтран ажиллахаар ярилцлаа. Монголын Эмнести Интернэшнл ТББ-тай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтан, зайлшгүй шаардлагатай ажилтны эрх” сэдвийн хүрээнд Эрүүл мэндийн яамны төлөөлөлтэй уулзаж, ХЭҮК-ын байр суурь, саналыг илэрхийллээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн мониторингийн нэгдсэн тайлан болон уг хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой саналыг боловсруулж байна.

-Хөл хориотой, цар тахал дэгдсэн үед хүний эрх хаана, хаана зөрчигдөх эрсдэл өндөр байна вэ?

-Энэ үед өөрийгөө хамгаалах, илэрхийлэх боломж хомс бүлгүүдийн эрх хөндөгдөх магадлал өндөр байна.

Тухайлбал, бага насны хүүхэд, асрамжийн газар, хамгаалах байранд байгаа иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хорих ангиудад хүмүүжиж байгаа иргэд зэрэг анхан шатны хэрэгцээ нь бусдаас хараат бүлэг хамгийн эрсдэлтэй нөхцөлд байна. Албан бус секторын хөдөлмөр эрхлэгчид, тэрэг түрдэг, ачаа зөөдгөөс авахуулаад оёдолчин, үсчин, үйлчилгээний салбарын өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг иргэдийн амьжиргаа эрсдэлд орж байна. Тэд улсаас халамж авдаггүй, ажилтай байхдаа амьдралаа болгоод л явдаг.

Өөрсдийнх нь хүчин чадал, боломж бололцооноос хамаарахгүй бусдын дэмжлэг, шийдвэрээс хамаарч эрх эдлэх, амьжиргааны үр дагавар нь тодорхойлогдох тэр хэсэгт л хамгийн их анхаарах ёстой.

-Энэ оны хоёрдугаар сараас эхлэн манай улс коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бол арваннэгдүгээр сарын 11-нээс бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад сар гаруй хугацаа өнгөрсөний дараа дахин бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Цаашид дахин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж магадгүй ийм нөхцөл байдалд хүний эрхийн дүр зураг өөрчлөгдөж байна уу?

-Энэ цар тахал нь дэлхий нийтийн өмнө шинэ сорилтыг үүсгэж байна. Хүний эрхийн дүр зураг ч өөрчлөгдөж байна.Энгийн үед анхаарлын төвд байдаг байсан асуудлууд өмнөхөөсөө хоёр дахин илүү анхаарал шаардаж байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хүний эрхийн зөрчлийн араас явах биш, иргэд амь, нас, эрүүл мэндээрээ хохирохоос өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоогоо хэрхэн ажиллуулахад анхаарч шуурхай ажиллахыг зорих цаг болоод байна. Хөл хорио тогтоосон энэ цаг үед хүний амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн асуудал шууд хөндөгдөж байна. Хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулж, эмнэлгийн тусламж авах,амь насаа баталгаатай байлгахад гаргасан шийдвэрийн үр дагавар, нөлөөг тооцож байх л хэрэгтэй байна. Бусад орны авч хэрэгжүүлж байгаа бодлого болон манай улсын бодлогыг харьцуулж үзэхэд бодлогын зөрүүтэй байдал их байна. Жишээ нь: манай улсын Засгийн газраас 12-оос доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг гэрээсээ ажиллах боломжоор хангах ёстой гэж заасан. Гэтэл бага насны хүүхэдтэй ч ажлын шаардлагаар зайлшгүй ажиллах шаардлагатай сувилагч, эмч, цагдаа, дотоодын цэргийнхэн, онцгой байдлын байгууллага, гудамж талбайн цэвэрлэгч, жолооч зэрэг ажил үйлчилгээ эрхэлдэг ажилтан, албан хаагчдын ар гэрийн асуудал, хүүхдэд анхаарал тавих тухай анхаарлаас гадуур үлдээд байна. Харин өөр орны туршлагаас харахад эцэг, эх нь ажил үүргээ заавал биечлэн гүйцэтгэж байгаа бол хүүхдүүдийг нь тусгайлан сургууль, цэцэрлэгт хамруулж байна.Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар тусгасан.

Тиймээс хөл хорионы үед бий болох бүхий л эрсдлийг тооцож, хараа хяналтгүй хүүхдүүд гэртээ үлдэж болзошгүй үед ямар арга хэмжээ авах, гэр бүлийн хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн хамгааллын тухайд бүртгэл, хяналт, мониторинг, хариу арга хэмжээ, тусламж дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө, тооцоо, хэрэгжилт хэрэгтэй байна. Манайхан шийдвэрийн шууд эрх зүйн үйлчлэл чиглэх хэсэг, бүлгийг хардаг, дам нөлөө, үр дагавар үүсгэх хүүхэд өртөх, эс өртөх талаар тооцож үздэггүй зан байна. Ер нь бол цар тахлын нөхцөл байдлаас улбаалаад хувийн нууцлалын асуудал, зорчих эрхийн асуудал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах асуудал, сурч боловсрох эрхийн асуудал, нийгмийн халамжинд хамрагдах эрх, хөдөлмөрлөх эрх гээд олон эрх, эрх чөлөө хөндөгдөж байна.

– Хүний амьдралын анхан шатны хэрэглээ зайлшгүй шаардлагатай нийгмийн эмзэг бүлэгт цар тахлын үед эрүүл, амьд явах эрхээ хамгаалуулах боломж хэр бүрдэж байна?

-Энэ асуудлын тухайд ХНХЯ-аас хүнсний талон, нийгмийн халамжийг бүртгэлтэй айл, иргэдэд олгосон гэдэг мэдээллийг бүгд авсан. Гэсэн хэдий ч тус талонд хамрагдаж чадаагүй айл өрхүүд, аливаа нийгмийн халамж авдаггүй иргэд хорооны дарга болон хэсгийн ахлагч руу утасдаж, хоол хүнс, түлшний тусламж авах хүсэлт өдөр ирэх тусам өсч байна. Ялангуяа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш энэ төрлийн мэдээлэл өдөр бүр нэмэгдсэн байсан.

Иргэд анхан шатны хэрэглээ болсон түлш, хоол хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлэхийг хүсдэг. Тэдгээр айл өрхүүд нийгмийн халамж авч чадаагүй шалтгаан нь бүртгэлгүй байснаас үүдэлтэй гэх мэт. Манай улсын халамжийн тогтолцоо тухайн иргэний бүртгэлтэй аймаг, сум, дүүрэг, хороогоор нь дамжуулж халамжийг нь олгодог юм байна. Тиймээс Ховд аймгийн харьяалалтай хүн нийслэл Улаанбаатар хотоос халамж авах боломжгүй. Гэтэл орон нутгийн иргэдийг нийслэлд шилжин ирэх боломжийг хязгаарласнаас үүдэн албан ёсоор харьяаллаа шилжүүлээгүй ч Улаанбаатарт амьдарч байгаа иргэд олон байна. Тухайн иргэд цар тахлын үед хэцүү бэрхтэй нүүр тулж, халамжинд хамрагдаагүй зэрэг асуудал үүсч байна. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нялх хүүхэдтэй ээжүүд, алслагдмал нутагт амьдарч байгаа иргэд цар тахлын үед эрсдэлтэй бүлэгт хамаарч байна.

-Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын ажилчидад зайлшгүй анхаарах ёстой. Тухайлбал ковидын голомтод ажиллаж байсан эмч, сувилагчдаас хэд хэдэн хүн халдвар аваад байна шүү дээ. Тэдний эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдсөн үү?

-Бид энэ үед байгаа боломжийнхоо хэрээр эрүүл мэндийн салбарын нөөц бололцоог нэмэгдүүлэх, албан хаагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломж нөхцлөөр хангахад анхаарах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн яам холбогдох байгууллагууд өөрсдийн нөөц бололцоогоороо ажиллаж байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ анхан шатанд хэрэгжүүлэхдээ асуудал байна уу гэвэл байна. Тухайлбал, бид хөдөө орон нутгийн иргэдээс PCR шинжилгээ авч байсан хэсгүүдэд ХЭҮК-ын гишүүд очиж газар дээр нь байдалтай танилцсан. Энэ үед иргэд хүйтэнд дугаар, бүртгэл, хүлээлтээс үүдэн бухимдал их байсан. Гэтэл дотор нь ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын нөхцөл байдал ч бас сайнгүй байсан. Хамгаалалтын битүү хувцастай олон цагаар ажиллахаас гадна, эмч нар дундаа ганцхан халуун хэмжигч дамжуулан хэрэглэж байсан гэх мэт наад захын шаардлагатай хэрэгсэл дутуугаас үүдсэн бэрхшээл анзаарагдаж байсан. Энэ асуудлыг анхнаасаа тооцоод шаардлагатай анхан шатны нөөц болон ажил гүйцэтгэх удирдамжаар хангавал иргэд болон алба хаагчдад хүндрэл үүсгэхгүй л байсан болов уу. Түүнчлэн нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид иргэдээс асуумж авч бөглүүлэхэд бал нь хөлдөөд гарахгүй байх жишээтэй. Эмч, эмнэлгийн ажилтнууд “Ковид-19”-ийн халдвар авсан тоо өсөөд л байна. Бид эрсдэлтэй нөхцөлд ажиллахдаа хамгаалалтын бүхий л боломжтой арга хэмжээг авч хамгаалсан уу гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна. Эрүүл мэнд, эмнэлгийн салбарын ажилтнуудаа мартаж болохгүй. Тангараг өргөсөн гэдэг утгаараа тэд чанга дуугарч чаддаггүй байх. Тэд ч гэсэн хүн, өөрсдийгөө хамгаалуулах эрхтэй. Одоо цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, эрүүл мэндийн салбарын нөөцийн асуудал, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын хангалт, ажиллах нөхцөл зэргийг нэн даруй л анхаарах ёстой байна. Бэлэн байдлын зэрэг тогтоосон цаг үед аливаад зөрчил гарахаас урьтаж, бэлэн байдал хангах, эрсдэлийг тооцох нь зайлшгүй л болоод байна.

-Энэ үед үхэхээс төрөх хүртэл хүний амьдралын үйл явц тасралтгүй үргэлжилж байгаа. Гэтэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу зохицуулсан. Үүнээс үүдэн үл ойлголцол гарч хүний амь нас хүртэл эрсэдсэн тохиолдол ч гарлаа?

-Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хэрэгжиж байгаа юу, эрхээ эдэлж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулах ёстой. Хэн нэгэн хүн гэнэтийн яаралтай тусламж авах шаардлага гарвал хөл хориог хэрхэн зохицуулах талаарх зааварчилгаа ойлгомжгүйгээс алба хаагч, иргэд хооронд үл ойлголцол үүссэнээс хүний амь нас эрсдэж байна. Нийслэлээс орж гарах тээврийн хөдөлгөөний пост дээр нийт зургаан байгууллагын төлөөлөл ажиллаж байсан. Хүний амь нас хормоор хэмжигдэж байгаа үед Засгийн газар авах арга хэмжээний талаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад ойлгомжтой байдлаар мэдээлж, шийдвэртээ уялдуулах ёстой. Коронавирусийн эсрэг вакцин орж ирэх хүртэл наанадаж, зургаан сар, түүнээс ч илүү хугацаа шаардагдах байх. Хэвийн амьдралын горимд шилжих хүртэл бид өмнөх алдаанаасаа сургамж авч, дараагийн алхмуудаа хийх ёстой.

Иймээс Засгийн газар, УОК-оос гаргаж байгаа шийдвэр, зааварчилгаа бүх хүнд ойлгомжтой байх ёстой. Хүүхдийн эрх, эрүүл мэндийн тусламж авах эрх, эмзэг бүлгийнхэнд тусламжийг тэгш хуваарилах, төрийн албан хаагчид, тэр дундаа анхан шатанд нүүр тулан ажиллаж байгаа алба хаагчдад өгөх удирдамж, чиглэл, заавар маш тодорхой байх хэрэгтэй.Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд бүх салбарын төлөөлөл хамрагдаж ажиллаж байна, гарсан шийдвэр нь хэвтээ харилцааны түвшинд, дунд болон анхан шатны алба хаагчдад нэгмөр, ойлгомжтой тодорхой байвал ажил гүйцэтгэхэд хялбар дөхөм болно. Шийдвэр, менежмэнтийн тодорхой байдал шууд л хүний амь нас, амьд явах эрхтэй холбогдож байна шүү дээ.

-Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжсэн байх магадлалтай гэж байсан?

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед огцом нэмэгдсэн ч, 10 хоногийн дараа огцом буурсан байсан. Энэ үзэгдлийг мэргэжлийнхэн “гэр бүлийн хүчирхийлэл далд байдалд орчихлоо” гэж дүгнэсэн. Тиймээс одоо тухайн дүүрэг, хороо, сум, багийнхаа эрсдэлт бүлгүүдийн гэрээр нь явж үзэх, шалгах ёстой. Заавал гунигтай харамсалтай зүйл болсны дараа биш түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд очих ёстой. Эрсдэлийг үнэлж, хамгаалалтад авах шаардлагатай иргэдийг хамгаалах хэрэгцээ байна.Энэ цаг үед эрсдэлтэй бүлгийн иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр авах ёстой. Энэ цаг үед салбарын төрийн бус байгууллагуудтай хамтрах нь зорилтот бүлгийн бүртгэл, хүргэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ, цаг хэмнэнэ, ажил уялдаатай бол хялбар байх болов уу даа.

-Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр мэдээлэл, ил тод бус, ойлгомжгүй байгаагаас үүдэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид болон иргэдийн дунд үл ойлголцох асуудал нэлээд гарсан шүү дээ?

-Коронавирусээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засгийн нөлөөллийг бууруулахын тулд УОК, Засгийн газраас арга хэмжээ авч шийдвэр гаргах эрх бий. Гэхдээ гаргасан шийдвэрээ ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй. Ингэхдээ нөхцөл байдлын талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч бидэнд ийм эрсдэл байна, ийм нөөц боломж байна, ийм тооцоолол байна гээд мэдэгдвэл иргэд ч бас өөрсдийн хүрээнд ажил амьдралаа зохицуулна. Дээрээс нь эрүүл мэнд, хууль зүй, нийгмийн хамгаалал, онцгой, цагдаа гэх мэт олон төрлийн байгууллага хамтарч, үйл ажиллагаа явуулж байна. Энэ нөхцөлд мэдээлэл, шийдвэр нэгдсэн удирдлагатай ойлгомжтой байхгүй бол дунд нь хүний эрх зөрчигдөх эрсдэлтэй. Хэвтээ, босоо аль ч чиглэлд мэдээллийг нэгдсэн байдлаар, ойлгомжтой өгөхгүй бол үл ойлголцол үүснэ. Хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Тухайн постонд зургаан салбарын алба хаагчид хамтарч, үүрэг гүйцэтгэж байсан ч анхан шатанд үүрэг гүйцэтгэж байгаа тэдний хэнд нь ч иргэнийг зөвшөөрөлгүй оруулах, гаргах эрх байсангүй. Тэгвэл онцгой нөхцөл байдалд ямар байдлаар ажиллах талаар зааварчилгаа, удирдамж салбар ялгалгүй тодорхой байх, ямар хариу арга хэмжээ ямар нөхцөлд авах нь шууд тодорхой байхыг цаг үеийн нөхцөл байдал шаардаж байна.

-Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Энэ хууль тийм их хэрэгтэй хууль юм уу?

-Хүний эрх хамгаалагчид цөөнхийн дуу хоолойг илэрхийлж, хүний эрхийг бодитой эдлүүлэх, ардчиллын тогтолцоог хамгаалахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүний эрх хамгаалагч гэдгийг тодорхойлоод өөрийн субьектив эрхийн төлөө биш бусдын эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг төлөө хууль ёсны, тайван замаар тэмцсэний төлөө эрхэнд нь халдах явдал гардаг энэ харилцааг зохицуулах шаардлага байна. Мөн хүний эрхийн нэр барьж ямар нэг хууль бус үйл ажиллагаа хийх, өөртөө давуу байдал олж авахыг оролдох зэрэг үйлдлээс нь ялгаж зааглах учиртай. Цаашид энэ харилцаатай холбоотой хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг шүүж, чиг үүргийн давхацлыг нягтлах, хуулийн төслийг сайжруулах хэрэгцээ бий.

-Франкфурт хотод коронавирусийн улмаас тусгай үүргийн нислэгээр авч ирээгүй иргэний тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын иргэн эх орондоо эргэж ирэх эрхтэй.Энэ эрхийг нь Монгол Улсын Үндсэн хуулиар, олон улсын эрх зүйгээр баталгаажуулдаг. Хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт Монгол Улсын иргэн дараахь эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж тухайлан заадгийн учир нь өөрөө хүний эрхэм чанарыг хүлээн зөвшөөрөх, ингэснээрээ эрхүүдийг нь баталгаауулж хангах асуудал байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн логик нь оршилдоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахыг зорьдог бол хоёрдугаар бүлэгтээ иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, тэр эрхийг хангах нь төрийн үүрэг болохыг заадаг.Гадаад харилцааны яамны мэдээллээр 12 дугаар сарын байдлаар нийтдээ 35 улсаас 6561 иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлт гаргасан, үүнээс 1640 нь “яаралтай” шалтгаантай гэсэн байсан. Ямар нэг шалтаг, шалтгаан заалгүй иргэнээ төр нь хамгаалах үүрэгтэй юм. 12 дугаар сарын 17-ны өдрийн Франкфуртын тусгай үүргийн нислэгээр “Ковид-19”-ийн халдвар авсан гэх эмэгтэйг үлдээсэн нь энэ үүргээ зөрчиж байгаа хэрэг, аливаа шийдвэр хүн бүрт ижил тэгш үйлчлэх учиртай. Товчхондоо Монгол Улсын иргэн бүр адилхан үнэ цэнэтэй юм шүү.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *