Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сүнжид: УИХ-ын гишүүд хүний эрхийн асуудлыг шийдэхийн төлөө системтэйгээр ажиллана гэдэгт найдаж байна DNN.mn

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын гишүүд тангаргаа өргөж, анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Сонгуулийн үеэр хүний эрхийн цөөнгүй зөрчил гарсан гэсэн. Ямар зөрчил илэрсэн бэ. Түүнчлэн өмнөх сонгуулиудтай харьцуулахад ололттой тал байв уу?

-УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль зохион байгуулагдлаа. Сонгох, сонгогдох эрх бол улс төрийн эрх, эрх чөлөөний хувьд маш чухал эрхэд тооцогддог. Яагаад гэвэл, энэ нь ардчилсан улсад л байдаг боломж юм. Ардчилсан улсын иргэн энэ эрхийг баталгаатай эдлэхэд хэд хэдэн нөхцөл бүрдүүлэх ёстой. Нэгдүгээрт сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулж, саналаа нууцаар, шууд биечлэн өгөх боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Дээр нь иргэд мэдээлэлтэй байх нь зүй юм. Мэдээлэл хүртээмжтэй байж гэмээнэ иргэд сонгох эрхээ эдэлнэ. Зөрчил гарвал хянан шийдвэрлэдэг тогтолцоотой байх ёстой.

Энэ удаагийн сонгуулийн сайн тал нь мэдээллийг хүртээмжтэй байлгахыг хичээсэн. Өмнө нь Хүний эрхийн Үндэсний Комисс УИХ болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль бүрд дүн шинжилгээ, мониторинг хийж, үр дүнгээ танилцуулахдаа ”Мэдээлэл хүртээмжгүй байна. Хүртээмжтэй болгоход талууд анхаар. Ялангуяа зорилтот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдэд мэдээлэл хүртээмжтэй хүргэ” гэдэг зөвлөмжийг өгч ирсэн. Хоёрдугаарт, нь ойлгомжтой байдлын асуудал яригддаг байсан. Үүнд ахиц дэвшил гарсан ч нийтэд нь хүртээмжтэй байсан гэж хэлж чадахгүй. Хэдий ийм ч нам, эвслүүд хөгжлийн бэрхшээлтэй хүн санал авах байранд ороод ирэхэд зааварчилгаа өгөх хүнийг ажиллуулсан. Сонгуулийн дүн мэдээг дохионы хэлмэрчтэй дамжууллаа. Өмнө нь хэсэгчилж явдаг байсан шүү дээ. Зарим нам, эвслийн гишүүд өөрсдийн мөрийн хөтөлбөр, танилцуулгын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарсан гээд ахиц дэвшил гарсныг дурдах нь зүйтэй байх.

Мөн нэг ахицтай тал нь өмнөх сонгууль бүрээр гардаг байсан хувь хүн рүү чиглэсэн дайралт илт багассан. Үзэл бодол, дэвшүүлсэн бодлого нь зөв үү, буруу юу гэдэг талын шүүмжлэл давамгай өрнөж байсан. Хийсэн ажил нь өөрөө сайн байж чадав уу, өмнө нь хашиж байсан албан ажлаа гүйцэтгэж байх үед нь түлхүү үнэлэлт, дүгнэлт өгөхийг оролдож байсан. Энэ мэтчилэн давуу тал гарсанд иргэдийн хүний эрхийн болон хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдсэнтэй холбоотой. Дээр нь төрийн байгууллагууд мэдээллээ хүргэх тал дээр анхаарч ажиллаж байгаагийн үр дүн гэж хэлж болно.

Зөрчлийн хувьд сонгуулийн хуультай холбоотой нэг хэсэг байгаа юм. Тэгш гараанаас энэ сонгуулийг эхэлж чадав уу гэдэг асуудлыг ярьж байна. Яагаад гэвэл, сонгуулийн сурталчилгааны хугацаа хэт богинохон учраас өмнө нь улс төрд байсан болон ямар нэг байдлаар олны танил хүмүүст давуу тал боллоо. Анх удаа том тойргоор сонгууль зохион байгууллаа. Том тойрогт танигдаж, иргэдийн итгэлийг хүлээж сонгогдоно гэдэг тогтолцооны хувьд амаргүй даваа. Нэр дэвших болон сонгохтой холбоотой “Намайг бүртгэсэнгүй” гэдэг асуудал Сонгуулийн ерөнхий хороон дээр гарсан. Үндсэн зургаан төрлийн асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо тавьж байгаа. Өөр намын гишүүнчлэлтэй байсныгаа солиулаагүй, татварын болон тайлан мэдүүлгээ үнэн зөв бөглөөгүй, шүүхээр авлигын болон ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд шийдэх тогтоолоор шийдэгдсэн зэрэг шалтгаантай иргэдийг бүртгэхгүй гэж байсан. Зарим нь асуудлуудаа залруулж, нэг хэсэг нь гомдол гаргасан.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь зөвхөн иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллээр ажилладаг байгууллага биш. Гишүүдийн санаачилга болон жилийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу маш олон хяналт хийдэг. Энэ удаагийн ээлжит сонгуулиар харьцангуй цөөн гомдол ирсэн. Тэнцвэртэй мэдээлэл хүргэхгүй байна гэж нэг иргэн гомдоллосон. “Election-2024” руу ороод үзэхээр нэр дэвшигчдийн бүх мэдээлэл байна лээ. Мэдээллийг унших болон сонсох зэрэг хүртээмжийн асуудал яригдсан хэвээрээ байгаа. Дараагийн гомдол нь улс төрийн нам бүртгүүлэхийн тулд 801 хүний гарын үсэг авах ёстой гэж хуульд заасан байдаг. Энэ нь яах аргагүй хүний эрхийн зөрчил. Энэ тоог хэн бодож олсон юм. Энэ нь Үндсэн хуулийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байна гэж үзсэн. Энэхүү гомдол гаргагч өөрөө сонгуульд нэр дэвшээгүй, зөвхөн иргэн хүний хувиар энэ гомдлыг гаргасан. Түүнчлэн “Миний нэр “түр хасав” гэдэг тэмдэглэгээтэй байна.Сонгогчийн нэрийн жагсаалтад алга” гэдэг гомдол ирсэн.Сонгогчдын хувьд нам болон эвсэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж чадсан эсэх нь иргэдээс өөрсдөөс нь шалтгаалж байсан.

-Хүний амь эрсэдсэн нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдоно биз дээ?

-Сонгууль зохион байгуулагдсан эсэхээс үл хамаарч хүний амь нас хамгийн чухал. Хүний эрхийн нэн тэргүүн суурь бүх эрхийг хангах гэж хичээдэг нь амьд явах эрх юм. Хүний амьд явах эрхэд санаатай, санаандгүй байдлаар халдана гэдэг нь хүний эрхийн ноцтой зөрчил. Яагаад ийм зүйл болсныг тодруулж, зохих байгууллагаараа шийдвэрлэж, түүнд нь тохирсон шийтгэл ногдуулах ёстой.

-Тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д сонгогдсон нь энэ удаагийн сонгуулийн ахиц дэвшил гэж харж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ удаагийн сонгуулийг хувь тэнцүүлсэн болон мажоритар системийг хослуулан явуулснаараа нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл оролцох боломжийг нэмэгдүүлсэн. Өмнөх сонгуулиудаар хөгжлийн бэрхшээлтэй долоон хүн нэр дэвшиж байсан ч сонгогдож байгаагүй. Эмэгтэйчүүдийн хувьд ч парламентын гишүүдийн 17 хувийг бүрдүүлж байсан нь олон улстай харьцуулахад “муу” үзүүлэлтэд тооцогдож байсан. Энэ удаагийн сонгуулийн сайн тал нь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлж чадлаа. Намын жагсаалтад хүйсийн хувьд 1/1 хувь гэсний үр дүнд олон эмэгтэйчүүдтэй боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хоёр төлөөлөлтэй болсон нь эерэг үзүүлэлт мөн.

-Хүний эрхийг хангаж, хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Төр энэ үүргээ Засгийн газраараа дамжуулж хэрэгжүүлдэг. Харин ХЭҮК нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгөөс, хараат бусаар хяналт тавьдаг байгууллага. Хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж чадаж байна уу?

-Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэлд Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн хяналт тавих үүргийг хуулиар хүлээдэг. Учир нь хүний эрхийг хангаж, хамгаалах үүргийг гардан хэрэгжүүлэгч нь гүйцэтгэх эрх мэдэл юм.

Тиймээс хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохын тулд тогтолцооны шинжтэй хүний эрхийн хариу арга хэмжээг авах ёстой. ХЭҮК нь гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавихдаа шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх, оролцох эрхгүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхээс эцэслэгдсэн эрүү, иргэн, захиргааны хэрэгт оролцох ёсгүй. Гэхдээ ёсгүй, эрхгүй гээд бид зүгээр суудаггүй.

Нэг үгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарах эрсдэл байна уу, гарсан бол яаж залруулах бэ гэдэг байдлаар хяналт тавьдаг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч боллоо гэхэд дохионы хэлмэрч, өмгөөлөгчөөр хангасан уу, эрхийг нь сануулсан гэдгээс эхлээд процессын түвшинд хүний эрх хангагдсан эсэхэд оролцдог. Хүний эрхийн байгууллага үүсгэн байгуулагдаад 23 жил болж байна. Зүйрлэж хэлбэл, хүний эрхийн хувьд оношийг нь тавьдаг газар. Хаана, аль шатандаа тогтолцоо гажиж байгааг, тодорхой кейсийн түвшинд оношилдог. Хүний эрхийн зөрчлийн залруулгыг нь төрийн бүх байгууллага хариуцаж хэрэгжүүлэх үүрэгтэй.

1993 онд батлагдсан Парисын олон улсын зарчим гэж бий. Энэ зарчмаар хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус байдлыг нь хангах ёстой гэж заасан байдаг. Хүний эрхийн байгууллага их онцлогтой. Энэ нь бүх төрийн байгууллагуудтайгаа “найзлаад” явах боломжгүй байдаг. Яагаад гэвэл, хяналт, шаардлага тавьдаг учраас тэр. Санхүү хүний нөөцийн хувьд үйл ажиллагаа явуулах боломжоор хангах. Мөн үйл ажиллагаа, томилгоо нь хараат бус байх ёстой. Бид үйл ажиллагааны шийдвэрээ хараат бусаар гаргаж чадаж байна уу, гэвэл тийм. Гэхдээ төсөв хязгаарлагдмал байсаар байна. Төсөв хязгаарлагдмал байхаар дагаад хүний нөөц хомсдолтой, үйл ажиллагааны цар хүрээ хумигдмал байхаас аргагүй.

-Та бүхэн Шүүн таслах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хангах чиглэлд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Бидний идэвхийлэн оролцож буй асуудал бол шүүн таслах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хангах тухай юм. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн гэм буруутай нь тогтоогдож шүүхээс ял шийтгүүллээ гэхэд хүүхдийг нь хэн асран хамгаалах вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүхийн процесст энэ ажиллагаа хийгдэхгүй, орхигдох тал байгаа учир Комисс үүнд анхаарал хандуулж, хяналт тавьдаг.

-Өмнө нь та бүхэн УИХ-д хүний эрхийг хангах хүрээнд зөвлөмжүүдийг хүргэж ирсэн. Энэ парламент хүний эрхийг хангах чиглэлээр хэрхэн ажиллаасай гэж хүсч байна вэ?

-Бид багцалсан 12 үүргийг хуулиар хүлээдэг. Тэр чиг үүргийн нэг нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл юм. Бид өнгөрсөн 23 жилийн хугацаанд 23 илтгэлийг бичиж, УИХ-д өргөн барьсан. Илтгэлийн ач холбогдол нь Монгол Улс дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудалд мэргэжлийн үүднээс дүн шинжилгээ хийгээд “Ийм ийм асуудал байна. Ийм шалтгаантай юм байна. Тиймээс холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх, батлах, найруулах, цаашлаад төсөв мөнгө, хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагтай” гэдэг дүгнэлтийг нотлох кейсийн хамт хүргүүлдэг. Үүний дүнд нийгэмд цөөнгүй үр дүн гарсан. Жишээлбэл, 22 дахь илтгэлийн мөрөөр УИХ-ын 35 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын дагуу хүүхдийн эрхийг хамгаалах, төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг УИХ-аас Засгийн газарт даалгасан. Тогтоолын мөрөөр Засгийн газар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тиймээс энэ удаагийн парламентын 126 гишүүд ХЭҮК-ын илтгэлүүдтэй нарийвчлан танилцаасай гэж хүсч байна. Түүнд статистик тоо баримт, кейс, дүн шинжилгээ гээд бүгд бий. Нэг хүний биш салбарынхны хийсэн дүгнэлт бий. Илтгэлд тусгагдсан асуудлуудыг системтэйгээр шийдэхгүй бол хүний эрхийн асуудал шийдэгдэхгүй.

УИХ хууль тогтоох байгууллага. Түүнчлэн хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх эрхтэй. Нийт 530 орчим хуулиас хүний эрхтэй холбогдохгүй нь ховор. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, засч залруулах тодорхой алхмыг УИХ-ын гишүүд хийх боломжтой. Тооны хувьд олон болж байгаагийн хэрэг юу билээ, системтэйгээр асуудлыг шийдэхийн төлөө эхнээс нь зориод явах боломжтой. Их л хүлээлт байна.

-Ял эдэлж буй төгсөх ангийн сурагч өөрөө хүсвэл элсэлтийн шалгалтад оролцох эрхтэй байдаг ч их, дээд сургуульд элсэн сурлцах боломжтой эсэхэд хариулт байдаггүй юм билээ. Энэ тал дээр та ХЭҮК хэлэх вэ?

-Энэ асуудлыг өнгөрсөн жилийн 22 дахь илтгэлд авч үзсэн. Бид одоо байгаа хорих ангиудын нөхцөл боломжийг ярихын зэрэгцээ ял эдэлж буй хүүхдүүд суллагдсаны дараах нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хэрхэн хангах вэ гэдгийг 23 дахь илтгэлдээ ч авч үзсэн. Ял эдэлж байгаа хүүхдүүдийн олонх нь ар гэрийн хараа хяналт сул, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хайрхрамжгүй хандсанаас гэмт хэрэгт холбогдсон байдаг. Хүүхдүүд суллагдаж гарсны дараа төрийн систем араас нь хөөцөлддөг тогтолцоо байх ёстой. Гэтэл манай улсад энэ тогтолцоо бэхжээгүй. Үүнд Хүний эрхийн Үндэсний Комисс дүгнэлт хийж, чадамжийн гэрчилгээ олгох, суллагдахаар энгийн амьдралд дасан зохицож, суралцаж, ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох ёстойг зөвлөсөн. Төрийн туслалцаа, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Ар гэр, аав, ээжийнх нь нөхцөл байдлыг дүгнэж, ажил хийх, сурах боломжтой эсэхийг тогтоож, боловсролын зээл, тэтгэлэгт хамруулах эсэхийг хэн нэгэн холбон зуучилж, дэмжиж өгөхгүй бол тухайн хүүхдийг гэрт нь шууд хүлээлгэж өгөөд орхичих нь буруу байгаа юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын болон Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал бий ч хэрэгждэггүй. Яагаад гэвэл, гэр бүлтэйгээ тухайн хүүхдийг нийгэмшихэд нь дэмжинэ, ажилд оруулж, сургана гэх зэргээр есөн төрлийн асуудлыг тусгасан ч төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсөв байхгүй юм билээ.

-Хүний эрхийг хангах, хамгаалах нь төрийн үүрэг. Яагаад хүний эрхийг хамгаалах чиглэлд өдийг болтол ахиц гарахгүй байна вэ?

-Системтэйгээр авч үзэхгүй байгаагийн үр нөлөө нь энэ. Цаг зуурын гал унтраах аргацаасан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр нэгдсэн байдлаар ахиц дэвшил гарах боломж хумигдаж байгаа юм. Монгол Улсад ядуурал буурахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой.Ядуурлын шинж байдал нь өөрчлөгдөж байна. Ядуурал нь өөрөө хүний эрхийн зөрчил. Бид эдийн засаг, нийгэм, соёлын эрх ярьж байна. Амьдралын чанар, баталгаа, хөдөлмөр, орлого, тав тух гэсэн анхан шатны нөхцөлүүдийг хангаагүй цагт бусад эрх ярихад төвөгтэй. Амьдралын баталгаажих түвшнээс доогуур амьдарч байгаа иргэдэд философи, үзэл суртал зэрэг бусад эрхийн талаар ярих хэцүү. Тэр хүмүүст өнөөдөр ажилтай орлоготой байх нь нэн тэргүүнд чухал. Дараа нь бусад асуудлаа шийдвэрлэх. Ямар ч хүн өөрийнх нь өдөр тутмын асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа цагт бусад асуудлыг ярих, бодоход хэцүү биз дээ.Улстөрчид ядуурлын үндсэн оношийг тогтоож, системтэйгээр, шалтгаантай нь тэмцэх хэрэгтэй байна. Ядууралд өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ажил мэргэжилгүй залуус илүү өртсөөр байна. ХЭҮК-ын дэргэд иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Иргэний нийгмийн зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл 18 гишүүнтэй. Зуданд малаа алдаж, хөдөө орон нутгаас ирсэн сонсголын бэрхшээлтэй залуу хос хотод ажил хийж, цалин хөлс авах, орон байр түрээслэх зэрэгт хүндрэл бэрхшээлтэй байгаа талаар Зөвлөлд хандсан гэдгийг хэлсэн. Зорилтот бүлгийн иргэд бусад энгийн иргэдийг бодвол давхар бэрхшээлтэй нүүр тулдаг. Хүний эрхийн асуудлыг үр дагавар, шалтгаан, хүчин зүйлтэй нь тогтолцооных нь хувьд шийдэхийн тулд алсын хараатай баймаар байна. Хүүхэд хамгаалал гэхэд анхан шатан дээр нь хүн тогтдоггүй. Яагаад гэвэл, ажлын ачаалал, цалин хангамжтай нь холбож үзэж болно. Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Нэг асуудал нь мэргэжлийн хүн ажиллах ёстой гэсэн шаардлага бий. Мэдээж мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Сургах тухай асуудал яригдана. Хуулийн шинэчилсэн найруулгаар анхан шатны нэгж бүрд хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан ажиллахаар тусгасан байгаа.

-Энэ жилийн 23 дахь илтгэлд хүний эрхийн ямар асуудлыг илүү чухалчилж тавьсан бэ?

-Бидний 23 дахь илтгэлд долоон үндсэн сэдэв хөндөгдсөн байгаа. Багцлан гурван эрхийг авч үздэг. Энэ илтгэлдээ эдийн засаг, нийгэм соёлын эрхээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг онцгойлж авч үзсэн. Бид бүгдээрээ дөжирчихөж. Агаарын бохирдол нь хүүхдүүдэд, дараа үед нэн хохиролтой тулгамдаж буй асуудал юм. Уушгины хорт хавдар гэлтгүй бүх эд эрхтэн өвчлөх, сэтгэн бодох хэвийн үйл ажиллагаа алдагддаг хор хөнөөлтэй. Энэ утаат байдалдаа битгий дасаасай гэж хүсмээр байна. Агаар, ус, хөрс, хогны бохирдлоос сэргийлэхэд анхаарал тавихыг сануулсан.

Байгаль хамгаалагч хүний эрх зүйг ч авч үзсэн. Эдгээр хүмүүсийн эрх зүйн байдлыг хуулиараа хамгаалж өгөөгүй. Ажлын байргүй. Хариуцсан нутгаараа явахад нь мотоциклоор нь хангадаггүй. Сайн дурын үндсэн дээр хийдэг, харьяалал нь хоёр, гурван байгууллагад хамаардаг байх жишээний. Хамгийн ноцтой нь аюулгүй байдал юм. Зөрчил гаргаж буй хүмүүстэй зөвлөлдөх, хүсэлт, шаардлага тавьдаг. Цагдаад мэдээлснээс үүдэн заналхийлэлд шууд өртдөг. Үүний эсрэг хариу арга хэмжээ манайд хангалтгүй байдаг. Байгаль хамгаалагч нар зодуулах, хэл амаар доромжлуулах нь түгээмэл. Төрөөс байгалиа хамгаал гэж үүрэг өгсөн юм бол аюулгүй байдал, хөдөлмөрлөх эрхийг нь сайн хангаж өгөх шаардлагатай.

-Хүний эрхийн хамгаалагч гэж хэнийг хэлэх вэ?

-Хүний эрхийг хамгаалагчид гэж хуулиндаа хүн бүр байж болно гэж үздэг. Хүний эрхийн төлөө тэмцэгч буюу хүний эрхийн хамгаалагч нь хүчирхийллийн эсрэг хүний үндсэн эрх ба хүний эрхийн төлөө зүтгэдэг хүмүүсийг хэлнэ. Сэтгүүлч, өмгөөлөгчид хүний эрх хамгаалагчдын эрх хэрхэн зөрчигдөж байна вэ гэдгийг дараагийн илтгэлдээ авч үзнэ. Сэтгүүлч, өмгөөлөгчид хүний эрх хамгаалах боломжтой хүмүүс.

Л.МИНЖМАА

One reply on “Д.Сүнжид: УИХ-ын гишүүд хүний эрхийн асуудлыг шийдэхийн төлөө системтэйгээр ажиллана гэдэгт найдаж байна DNN.mn”

цахиагийн Элбэгдорж олон иргэдийг хэлмэгдүүлэлтийн хонгилоор чирж, амь нас, амьдралыг нь сүйтгэж байхад ХЭҮК хаана юу хийж байсан юм бэ ??? Ийм байгууллага байдаг юмуу ер нь…!!!!!!!!!!!!!!!!!!!!! татан буулгавал таарна….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *