УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “De Facto” ярилцлагын цагт орлоо.
-Та давхар дээлтэй сайд болоод 100-аад хоног болж байна. Давхар дээлтэй сайдын ажлыг хийхэд ямар байна?
-Ер нь бол ачаалалтай. Гэхдээ хувь хүн цагийн менежментээ буюу цагаа хэрхэн зөв зарцуулах вэ гэдгээс шалтгаална. Мэдээж засгийн ажил гэдэг бол цаг наргүй. Их хурлын ажил гэдэг нь олон түмний төлөөлөл учраас хууль батлах, хуулийн хийдэл давхардлыг арилгах, мөн улс орны хөгжилд суурь хөгжлийг авч ирэх гол гол хуулийн концепциуд, хуулийн төсөл дээр ажиллах, ажлын хэсгүүдийг ахлаж орно гээд ер нь УИХ, Засгийн газрын ажлыг хосолж хийнэ гэдэг бол их хүч шаардсан, хувь хүнээс өндөр зохион байгуулалт шаардсан ажил юм. Тиймээс хувь хүн өөрөө хэр зөв менежмент хийхээс шалтгаална. Дээрээс нь хэл ам ихтэй, сайн, муу элдвээр хэлүүлнэ. Энэ бүхэн нь хүнийг улам хурцалж өгдөг юм байна.
-Уул уурхайн, хүнд үйлдвэрийн гээд ийм том, эдийн засгийн хамгийн гол салбарыг та хариуцаж байгаагийн хувьд юуны өмнө энэ салбарт чинь гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу. Хэрэгтэй бол гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийж байна. Энэ маш их хөрөнгө шаарддаг. Гэтэл тодорхой хөрөнгө байхгүй. Тиймээс энэ талаар та юуг өөрчилж байна?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол Монгол Улсын гол гол салбаруудыг нэгтгэсэн, мөн хариуцсан чухал салбар. Геологийн салбар гээд бие даасан салбар байна. Уул уурхай гээд олборлох болон баяжуулах үйлдвэрлэл явуулах суурийг тавьж буй том салбар байна. Цаашлаад хүнд үйлдвэр, Эрдэнэт, Оюутолгой, Бор-Өндөрийн Баргилтын төмрийн үйлдвэр, төсөл дээр төмрийн үйлдвэрээ барих, жоншны үйлдвэр барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр тулгуурлаад Дархан Сэлэнгийн төмөрлөгийн орд дээр суурилсан үйлдвэр барих гэх зэрэг.
Ер нь манайд хүнд үйлвэрийг зөв хөгжүүлж байж дараа дараагийн уялдаа холбоог хангасан хөнгөн үйлдвэрүүд хөгжинө. Дараагийн нэг гол асуудал болох газрын тосны үйлдвэр манай УУХҮЯ-нд харъяалагдаж явдаг. Монгол Улс 2012 онд Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогын баримт бичгээ гаргасан, Газрын тосны хуулиа бий болгосон. 2017 онд энэ бодлогын баримт бичиг дуусгавар болж байгаа. Одоо бид үүнийг дахин шинэчлэн боловсруулаад, хуулийн давхардал хийдлийг арилгаад зохицуулалт хийх ёстой. УИХ-д эл баримт бичгийг соёрхон батлах гол эрх нь байдаг.
УУХҮ, ялангуяа геологийн салбарт гадны хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй. Зардлаа бууруулж ашгаа өсгөсөн, байгаль орчиндоо ээлтэй /хор хөнөөл багатай/, гадны тэргүүний технологиудыг авч ирж бид нэвтрүүлэх ёстой. Ер нь бэлэн мөнгө гэхээс илүүтэй технологи, хүний нөөц, боловсон хүчнээ бэлтгэх тал дээр бид онцгой анхаарч, гадны тэргүүний туршлагуудыг улс орныхоо хөрсөн дээрээ суулгаж өгөх хэрэгтэй гэж бодож байна.
-Гадны хөрөнгө оруулалт тийм хэрэгтэй байхад Монгол Улсын ашигт малтмалын тухай хууль 10 жилийн дотор 250 удаа өөрчлөгдсөн. Дунджаар хоёр долоо хоног тутамд хуулиа өөрчилж ирсэн. Одоо та бүхэн ахиад өөрчлөх байх. Юуг нь өөрчлөх вэ?
-Ер нь татвартай холбоотой асуултууд их орж ирдэг. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гээд орон нутагт 30 хувийг нь үлдээх ёстой. Сангийн яамнаас төвлөрүүлж татчихаад буцаагаад нэгдсэн журмаар зохицуулах зохицуулалт хэрэгждэггүй байх шалтгаанууд, гадны хөрөнгө оруулалтын татварын хувь хэмжээг өөрчлөх ёстой, аль болох Монгол Улсад өгөөжтэй байх ёстой гэдэгт УИХ-ын гишүүд олон хуулийн төслүүдийг санаачилж оруулсан баримтууд байдаг.
Ер нь бол уул уурхайн салбарын эрх зүйн орчин маш тогтвортой байх ёстой. Бид татвараас ашиг олохоос илүүтэй ажлын байр нэмэгдүүлах ёстой.
-Гэтэл өнөөг хүртэл яагаад ингэж өөрчлөхгүй байгаа юм бэ?
-Үүний төлөө УУХҮЯ-ынхан цаг наргүй ажиллаж байна. Уул уурхайн бие даасан хууль гаргаж, нээлтээс хаалт хүртэл нарийн зохицуулалтуудыг гаргаж өгч, хариуцлагажуулах хэрэгтэй. Нээлтээс хаалт хүртэл, уулын ажлын төлөвлөгөө гэх зэрэг нарийн зохицуулалтууд хараахан байгаагүй. Дандаа “Ашигт малтмалын тухай” хуулиар зохицуулагдаж явж байсан. 1988 онд “Газрын хэвлийн тухай хууль” баталсны дараагаас эхлээд уул уурхайтай холбоотой эрх зүйн зохицуулалтын тухай хуулиуд бий болж ирсэн. Тиймээс хөгжлийн тодорхой үе шаттайгаар хуулиуд бий болж байгаа.
2018 оны эхний хагас жилд багтаж Уул уурхайн бие даасан хуулийг батлуулахаар манай яамны хуулийн хэлтсийнхэн болон АМГТГ-ын хуулийн ажилтнууд “Адам Смитын Интернэйшл” байгууллага, ЕСБХБ-ны хүмүүстэй хамтарч техник арга зүйн талаас нь зөвлөгөө авч ажиллаж байна. Монгол Улсын хөрсөн дээр энэ Уул уурхайн хуулийг яаж зөв суулгах, цаашлаад тогтвортой байдлыг бий болгох үүднээс маш хянуур, чанд нямбай ажиллаж байна.
-Уул уурхайг ялангуяа орон нутагт зөв ойлгохгүйгээс гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдад дарамт үзүүлж байгаа. Үүний цаад шалтгаан нь ашигт малтмал олборлосны 30 хувь нь орон нутаг очихгүй байгаатай холбоотой. Та ч мэдэж байгаа. Та энэ талаар юу хийх гэж байна?
-Ямар ч байсан хууль нь батлагдсан байгаа. Харин хууль хэрэгжихгүй байгаа тул Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар журмаа боловсруулаад, яамдуудаас саналыг нь авч, Засгийн газрын хуралдаанаар оруулна. Ингээд цаашид журмаараа зохицуулаад явчихна.
-Та саяхан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийг хүчингүй болгоно гэсэн мэдэгдэл гаргасан байсан. Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Өмнө нь “Ашигт малтмалын тухай хууль”-иар ямар нэгэн давхардалгүй явж байсан. Харин “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн тухайд 68 хувийн татвар гээд алттай холбоотой гарч ирсэн. Мөн урт нэртэй хууль гарч, Ерөнхийлөгч уг хуультай холбоотойгоор таван жил хуульд заасан газруудад лиценз олгохгүйгээр хориг тавьсан. Энэ нь барилгын салбарт хүнд цохилт болж, барилгын салбараа дэмжихийн тулд шавар, элс, хайрга дайрга олборлохын тулд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийг өргөн барьж, хоригийг тойрч гаръя гэдэг байдлаар 2014 онд баталсан байдаг. Үүний дараа Ерөнхийлөгчийн хориг тавигдсан. Хориг буцаад тавигдаж байгаа нөхцөлд үүнийг дагалдаж гарсан хууль хүчингүй болж ердийн “Ашигт малтмалын тухай хууль”-иараа зохицуулагдаад явах ёстой байдаг. Гэтэл ингээгүйгээс өнөөдөр хийдэл давхардал гарч байна. Жишээ нь орон нутагт хайрга, дайрга гэх нэрийдлээр алтны тусгай зөвшөөрлийг олгож байна. Энэ ньардаа нөхөн сэргээлт байхгүй, улс болон орон нутагт татвар төлдөггүй, орлогоо нуун дарагдуулдаг зэрэг зөрчлүүд гарч байгаа учраас энэ хуулийг хүчингүй болгож байгаа юм.
-Саяхан сонин дээр танай яамны харъяа лиценз олгодог хүмүүс яаж бусдад дарамт учруулдаг, үнэлгээг зөвхөн өөрсөдтэйгөө холбоотой лабораториудаар хийлгэдэг тухай маш ноцтой материалууд гарсаныг та мэдэж байгаа байх. Үүнтэй холбогдуулаад тусгай зөвшөөрөл олгох ажлаа танайх хэзээ жигдрүүлэх юм бэ?
-Тусгай зөвшөөрөл олгох асуудалд иргэдийн зүгээс ихээхэн хардалт сэрдэлт дагуулдаг. Зохион байгуулалтад орсон гэмт хэргийн бүлэглэлд УУХҮЯ, АМГТГ-ийнхан автсан байна гэж.
-Тийм бүлэглэл яг байгаа юм уу?
-Би бол яг байгаа гэж хэлж чадахгүй байна.
-Та яг энэ асуудалтай холбоотой ямар арга хэмжээ авч байна?
-Бид хамгийн түрүүнд Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотойгоор цахимаар олгодог явдлыг түр хойшлуулсан. Яагаад гэвэл цахимаар лиценз олгох дээр олон асуудал үүссэн. Үүнийг цэгцлэж, ил тод, нээлттэй хариуцлагатай байдлаар явуулдаг болох нь зүйтэй гэдэг утгаар журмыг боловсруулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байна.
-Та хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тодорхой болсон энэ хүмүүстэй хариуцлага тооцох уу?
-Хариуцлага тооцно. Би тодорхой хугацаа хэлэхгүйгээр гэнэтийн шалгалт хийх бодолтой байгаа. Үнэхээр хоорондоо хуйвалдаж, нөөцийг худлаа тооцсон энэ үзэгдэлд өнөө маргаашдаа гадныхан хохироод өнгөрч байгаа юм шиг харагдаж байгаа ч ирээдүйд Монголд маш хор хөнөөлтэй. Тиймээс би үүнийг таслан зогсооно гэдгээ албан ёсоор хэлье.
-Та сайд болмогцоо олон уул уурхайн компаниуд, томоохон үйлдвэрүүдээр явсан. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 160 км машины урт цуваа үүсч, 6000 хүн хоёр долоо хоног зам дээр дугаарлаж байсныг зогсоосон. Цаашид нүүрсний экспорттой холбоотой асуудлыг та яаж шийдэх гэж байна?
-БНХАУ-ын талтай бид гарцаагүй ойлголцох ёстой. Яагаад гэвэл гол түүхий эд худалдан авагч улс. Тиймээс яг улстөрийн түвшиндөө бид ойлголцож, хил гаалийн нэвтрэх чадамжийг дээшлүүлэх ёстой. Гарцыг хоёр биш дөрөв, цаашлаад зургаа болох арга хэмжээг авч хэрэгжүүлэх учиртай.
Гэхдээ бид нэг боомтоор өнөөдөр гарч болохгүй. Нэг боомтод төмөр зам, автозам зэргийг хамтад нь тавиад зөөх гэтэл магадгүй Баяннуур аймаг жилдээ 16 сая тонн нүүрс аваад, цаашдаа манайх байгаль орчин, малчдын эсэргүүцэл гээд шалтаг тооцоод хилийн гарцыг багасгавал бид хаашаа явах вэ гэдэг хувилбарыг бодох ёстой. Тиймээс бид нүүрсний борлуулалтаа Ханги гэх мэт Өвөрмонголын бусад боомтууд руугаа гаргадаг болгох үүднээс зам тавих хэрэгтэй.
-Төмөр замыг хэзээ тавих вэ?
-Төмөр замыг зөвхөн Гашуунсухайтаараа тавина. 2018 онд бүх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
-Одоо байгаа даланг ашиглах уу?
-Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна. Ингэж байж илүү үнэ цэнэтэй болно. Нэгдүгээрт, усан хангамжийн асуудал байгаа. Энэ асуудал хөрш зэргэлдээ орнуудтай холбоотой учраас одоохондоо яг тэгнэ, ингэнэ гэж хэлэх арай эрт гэж бодож байна. Ерөнхийдөө энэ асуудлыг шийдвэрлэх гарц байгаа, ТЭЗҮ хийгдэж байна.
Дараа нь цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр замын асуудал яригдана. Хоёрдугаар сараас эл ажлууд эхэлнэ дээ.
-Оюутолгой жилд 150 сая ам.долларын цахилгааныг импортоор авч байна. Энэ асуудлын тухайд?
-Оюутолгойн гэрээнд 2017 он гэхэд цахилгаан станцаа хүлээлгэж өгөхөөр байсан. Гэвч дундуур нь “Эм Си Эс” зэрэг компаниуд орж ирээд цахилгаан станц байгуулна гэдэг асуудлыг М.Сономпил сайдын үед яриад ажлууд нь эхлээд явсан ч одоо гацсан сурагтай байна. Бид үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдийн өмнөөс орж, том том бүтээн байгуулалтуудыг зогсоогоод, цаг хугацааны алдагдалд ороод байна. Энэ алдагдал 10 жилээр явж байгаа юм. Бид одоо дөрвөн жилээ алдчихаад байна. Ахиад үүнийг бүтээн байгуулахад дөрвөн жил, үйл ажиллагаа жигдрэхэд хоёр жил шаардлагатай.
-Оюутолгойн үр ашгийг дээшлүүлэх талаар гэрээ хэлэлцээр хийнэ гэж танай дэд сайд Д.Загджав мэдэгдэл гаргасан. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Оюутолгойн гэрээг зогсооно, үндсээр нь өөрчилнө гэдэг хэцүү. Энэ бол УУХҮЯ-ны байр суурь биш. Монгол Улсын Засгийн газрын ч байр суурь биш. Олон улсын байгууллага гэрээ конвенцынхоо хүрээнд хүлээсэн үүрэг, Монгол Улсын хууль тогтоомж гэж бий. Хууль зөрчсөн, засч залруулах хэрэгтэй ажлууд байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг талууд эрх тэгш байдлаар харилцан ярилцаж байж ойлголцолд хүрнэ гэдэг байр суурьтайгаар эхнээсээ хэлэлцээд, яриад явж байгаа. Жишээ нь эхлээд Монгол Улс гэрээнд заасан үүргийнхээ дагуу 4.4 тэрбум ам.доллар босгосон, ахиад дээрээс нь 1.6 тэрбум ам.доллар босгох хэрэгтэй. Эхний санхүүжилт болох 600 сая ам.долларын асуудлыг яриад, бид хэсэгчилсэн байдлаар зохицуулах ёстой гэдэг дээр шахаж байж, Засгийн газрын байр сууриа хамгаалж гарсан.
Бид Оюутолгойн асуудал дээр өгөөжийг нэмэгдүүлж, зардлаа бууруулах тал дээр ярилцан, хэлэлцээрийн шатанд нааштай хандаад явж байна. Өчигдөр гэхэд “Рио Тинто”-г хариуцсан тэргүүн дэд захирал Грег ирсэн. Уулзаад зарчмын байр суурь, Засгийн газрын байр сууриа илэрхийлсэн. Оюутолгой компанийн өгөөжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр манай талын ТУЗ-ыг би шахаж ажиллана.
-Уг нь нэг яамны хүмүүс нэг бодлоготой баймаар юм. Гэтэл өөр өөр байр суурь илэрхийлээд байна. Ер нь бусад яамд ч ийм байдаг юм уу?
-Нэгдүгээрт, кабинетийн журмаар ажилладаг зарчмаа дэд сайдыг би сайн мэдэж байгаа гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, яамны байр суурийг сайд нь өөрөө тодорхойлж явдаг. Дэд сайд бол дэд сайд байж, өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажиллах ёстой. Болохгүй бол хариуцлага тооцно.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна. Энэтхэг улстай хэлэлцээр хийгээд явж байгаа. Үүнийг Засгийн газрын тусгай хэрэгцээнд авах ажил хэзээ хийгдэх вэ. Үгүй бол тойруулаад хувьчилан, шинэ онгоцны буудал шиг зүйл болох вий?
-Энэ талаар сайн нухацтай хэлэлцэх асуудал бий. Энэтхэгийн Засгийн газраас өгөх нэг тэрбум ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрээр Газрын тос олборлох, боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг нь үндэсний аюулгүй байдал талаасаа ч бодсон, практик талаасаа ч харсан зайлшгүй байх ёстой. Гэхдээ аливаа зүйл эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай байх ёстой. Жишээ нь, Сингапурын хөрөнгийн бирж дээр нэг Брент маркийн газрын тосны үнэ нэг баррель тутамд дунджаар 66-68 ам.доллар байгаа. Манайхаас газрын тос олборлоод Хятадад боловсруулан гаргаж буй Дачин нэрийн газрын тосны үнэ 60-61 ам.доллар байна. Энэ бол цэвэр зах зээлийнхээ журмаар явж байгаа болохоос хэн нэгэн эрх мэдэлтэн тогтоодог ханш биш.
Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаад гарах бүтээгдэхүүний өөрийн өртөг хэд болох вэ гэдгийг бид нэн тэргүүнд бодож гаргах ёстой. Ядахдаа 61 ам.долларт баланслаж байж цаашдаа энэ үйлдвэрийн хувь заяаг ярих болно. Хэрвээ өөрсдөө үйлдвэрлээд гаргаж байгаа бүтээгдэхүүн үүнээс хэд дахин үнэтэй гарвал хэн худалдаж авах вэ гэдэг асуудал тулгарна.
-Тэгэхээр Энэтхэгийн зээлийг аваад газрын тос боловсруулах үйлдвэр барих гэсэн асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй гэсэн үг үү?
-Засгийн газрын шугамаар ерөнхийдөө шийдэгдэж байгаа. Ерөнхий сайд үүнд онцгой ач холбогдол өгч “Стратегийн ач холбогдолтой учраас бид заавал барих ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн байгаа.
-Бас нүүрсийг хийжүүлэн, шингэрүүлэх үйлдвэрийн асуудал яригдаж байгаа?
-Ер нь эцсийн дүндээ үнийн асуудал дээр л бүх зүйл явдаг. Өнөөдөр Монголын ард түмний авч байгаа дундаж цалин 800 мянган төгрөг. Тиймээс бид цаашдаа энэ баригдахаар яригдаж байгаа үйлдвэрүүдийг эдийн засгийн өгөөж, өртөг талаас нь харж явахгүй бол өнөөдөр худалдан авах чадвар ямар байгаа билээ. Би үүнийг л яриад байгаа юм.
Ер нь бол БНХАУ-ын талтай хамтран нүүрснээс хий гаргах, нүүрснээс түлш гаргах төслийн нэгж яаман дээр үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Эхний ээлжинд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн туршилтууд хийгдэж байна. Миний гол сонирхож байгаа зүйл бол гарч буй өртөг нь хэд вэ гэдгийг харж байна.
-Та саяхан гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа Монгол компаниудыг Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаач гэж ярьсан. Энэ бол монголчуудад хувьцаа эзэмших боломж олгох гэж байна гэж ойлгож байна. Энэ ажил ямар түвшинд байна?
-Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэг суурь зарчим олон жил яригдаж байгаа. Бид өөрийн чинь ярьж байгаа ажлыг явуулахын тулд эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” гэдэг том нэгдлийг маш ойлгомжтой бүтэц, зохион байгуулалтад оруулах ёстой. Гэтэл манай “Эрдэнэс Монгол” компани гадныхан ирээд хөрөнгө оруулъя гээд уулзахаар шийдвэр гаргаж чадахгүй, үнэ цэнээ унагаж байна. Жишээ нь, манай энэ компанитай адилхан Казахстаны “Самрук Казина” гээд компани байдаг. Энд дэд бүтцийн, уул уурхайн бүх том үйлдвэрүүд нэгдэж байгаа. Энэ компанийг Ерөнхий сайд нь удирдаж, үүнээс хэдий хэмжээг нь хөрөнгийн биржид гаргах вэ, яаж хөрөнгө оруулалт татах вэ гээд бүх шийдвэрээ гаргадаг учраас том төслүүд нь цаг алдахгүй, маш хурдтай явж, гадныханы итгэлийг олж байна. Монгол Улс ч мөн адил баялгийн сангийн зохион байгуулалтад нэн яаралтай орох ёстой. Үүний цаана ард иргэд байж хувьцаа эзэмшин, хувь хүртэх ёстой. Баялгийн сангийн хуулийг мөн яаралтай оруулах ёстой.
Ирээдүйн өв санг бид баялгийн сантай андуурдаг. Энэ чинь хоорондоо ялгаатай. Ирээдүйн өв сан гэдэг бол орсон орлогоо төвлөрүүлж, ирээдүйдээ мөнгөн хэлбэрээр зарцуулах. Баялгийн сан гэдэг нь хувьцаа хэлбэрээр шууд иргэддээ хуваарилах юм. Ийм зохион байгуулалтад орох ёстой.
-Баялгийн санг Чили, Норвеги зэрэг өндөр хөгжилтэй орнууд төсөв алдагдалтай үедээ зарцуулдаг?
-Болно. Үүнийг бид дүрмээрээ зохицуулна. Ер нь бол бидний жишээ татах дуртай Норвеги, Арабын нэгдсэн Имират зэрэг улсууд өмч дээрээ эзэн нь байж, түүнийг нь Ерөнхий сайд нь удирддаг юм байна.
Гэтэл манайд өмчийн бүртгэл байхгүй. Хэдийгээр Эрдэнэс Тавантолгойн хувьцааг бид байгаа гэдэг. Гэтэл exel файл дээр бүртгэлтэй ч, өөрөөр хэлбэл актив талдаа бүртгэсэн ч пассив талдаа бүртгээгүй байдаг. Би үүнийг цэгцлэхийн тулд ажлын хэсэг оруулаад явж байна.
-Ер нь ХК гэсэн загвар руугаа орвол яасан юм. Хувьцааг нь зардаг болговол яасан юм бэ?
-Зөв. Бид наадах руу чинь орно. Төр хяналтаа тавьдаг болно. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой”-н 20, 30 хувийг бид өөрсдийн бүртгэлийн системээ ашиглаад давхар Хонг-Конгийн хөрөнгийн бирж дээр гаргах, бусад улс руу гаргах, борлуулах эрх нь бий. Эрдэнэтийн 51 дээр 49 хувийг нэмээд гадагш нь IPO хийх ажлуудыг эхлүүлж болно.
-Энэ ажлыг хэзээ эхлүүлэх вэ?
-Би ерөнхийд нь схем бүтцээ гаргачихсан байгаа. Ажлын хэсгийг байгуулаад, бүгдийх нь саналыг аваад бүртгэж байна. Хөрөнгийн зах зээлээрээ дамжаад Үнэт цаасны хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо үүнд маш идэвхитэй ажиллах ёстой. Ерөнхийдөө баялгийн салбар, санхүүгийн салбарыг холбосон зохион байгуулалт руугаа бид яаралтай орох ёстой.
-Сүүлчийн асуулт. Таны сая ярьсан төслүүдийг төрийн компани хийх үү, хувийн хэвшил хийх үү?
-Төр манлайлж явах ёстой. Хувьцаат компани хэлбэрээр явах ёстой. Зуун хувь төрийн мэдэлд байж болохгүй. Ард иргэддээ ногдол ашгийн хувьцааг хуваарилах давуу эрхийн хувьцааг нэг талд нь гаргаад, энгийн хэдэн ширхэг хувьцаа гаргахаа нөгөө талд нь гаргана. Түүнээсээ харж байгаад ямар хувьцаагаа гадны хөрөнгө оруулагч нарт өгөх үү гэдгээ тодорхой болгочих хэрэгтэй. Энэ бол дэлхийн сонгодог жишээ. Бидэнд үүнээс өөр гарц байхгүй.
Жишээ нь, Ашигт малтмалын тухай хуулиараа 10 хүртлэх хувийг нь Хөрөнгийн бирж дээр зарна. Дээрээс нь бид олон жил ярьж байгаа ард иргэддээ хуваарилахдаа давуу эрхийн хувьцааг нэрлэсэн үнийг нэг ширхэгийг нь нэг төгрөгөөр өгсөн. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-н актив талдаа бүртгэлтэй байгаа. Энэ компани 103 сая төгрөгийн бүртгэлтэй боловч нийт өмчөөр нь аваад үзэхэд “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”-г оруулахад 12 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Ахиад дээрээс нь “Эрдэнэт”, “Мон-Атом”, дээрээс өнөөг хүртэл бүртгээгүй байгаа “Эрдэнэс Оюутолгой”-н 34 хувийг нэмбэл миний тооцоолсноор ойролцоогоор 30 их наядын хөрөнгө болно. Өнөөг хүртэл Оюутолгойн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” дээр бүртгээгүй байгаа.
-Яагаад бүртгээгүй юм бол?
-Өмнөх улсууд чинь бүртгэхгүй байна ш дээ. Тэгэхээр энэ том төслүүд хөдөлж байж бид эдийн засгаа тав дахин тэлэх боломжтой. Ингэж байж миний бодлоор цалинг гурав дахин нэмэх орон зай гарч ирнэ.
-Энэ хийгдэхгүй байгаа гол шалтгаан нь бид дэндүү их улстөржиж байгаа. Бүх боловсон хүчнээ бид мэдлэг чадвар дээр нь биш намын харъяалал зэргээр сонгодог гэх зэрэг олон асуудлыг та ч мэдэж байгаа, иргэд ч мэдэж байгаа. Энэ бүхнийг өөрчлөхөд та хүчтэй оролцож байгаад талархаж байна. Мэдээж энэ олон салбарыг хариуцна гэдэг хэцүү ажил.
Гэхдээ та Монгол Улсын аварга хүн учраас өөрийн биеийг сайн зохицуулж байгаа гэдэгт итгэж байна.
-Би өглөө зургаан цагт босоод, шөнийн 00 цагт унтаад болж л байна.
-Таньд маш их баярлалаа.