Чуулганаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг батлах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар “Нийслэл хотын бүтээн байгуулалтад гадны нэмэлт эх үүсвэрийг зохицуулж оруулах шаардлага үүсээд байгаа. Нийслэлийн замыг сайжруулах, засах, өргөтгөх, нэмэх асуудалд хүү багатай урт хугацааны зээл авах шаардлагатай болсон. Бидний гаргасан тооцоо судалгаагаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад 9.7 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Энэ эх үүсвэрээр нийслэлийн зам гүүр, инженерийн байгууламж, дулаан хангамжийн асуудал, гүүрэн байгууламж, ногоон байгууламж, орон сууцны хороолол, түүнийг холбосон дэд бүтцүүдийг шийдэх боломжтой.
Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэлийг зөвхөн зам бариад шийднэ гэдэг бол өрөөсгөл. Улаанбаатар хотод жилд 35 мянган хүн нэмэгдэж байгаа Ховд аймгийн дайны хүн нэмэгдэж байгаа гэсэн үг. Жилд 80 мянган тээврийн хэрэгсэлд хотын хөдөлгөөнд оролцохоор нэмэгддэг. Буруу талдаа рультэй автомашиныг хэрхэн яаж уялдаа холбоотой явуулах уу гэдгийг УИХ-тай хэлэлцэнэ. Хотын даац 800 мянга байх ёстой ч одоогийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн. Замын ачаалал даацаа дийлэхгүй байгаа учир түгжирнэ. Тийм учраас уялдаа холбоотой, тооцоотой бодлого хэрэгжүүлнэ” гэлээ.