Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяабазар: Согтууруулах ундаа худалдахтай холбоотой шийдвэр гарахгүй

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр 22:30 минутад холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө.

Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо.

Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байгаа. Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр мөн шар айраг, дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах талаар Засгийн газрын зарим гишүүний түвшинд хөндөгдсөн. Гэтэл иргэдийн дунд энэ талаар шийдвэр гарсан гэх ойлголт үүсээд байсан юм.

Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс “Хөл хорионы хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буурсан. Үүнд гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 402 бүртгэгдэн 71 хувиар буурсан. Мөн хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 1313 бүртгэгдэн 49 хувиар, зөрчлийн шинжтэй дуудлга 8705 буюу 55 хувиар буурсан, архидан согтуурсан шинжтэй дуудлага 2307 бүртгэгдэн 71 хувиар буурсан. Арванэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл эрүүлжүүлсэн хүн 1476 байгаа нь 69 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхайн штабын хуралдааны үеэр өглөө. Энэ нь улсын хэмжээний статистик тоон мэдээлэл аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Аливаа ажлыг нэг өнцнөөс харах нь зохисгүй гэдгийг энэхүү тоон мэдээллээс харагдаж байна. Согтууруулах ундааны асуудал гэмт хэрэг зөрчилтэй холбоотой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн яаж холбогддог нь И.Баттөгс хурандаагийн танилцуулсан тоон статистик мэдээнээс харж байна. Бүх гэмт хэргийн дундажлаад харахад 53 хувиар буурсан. Архинаас хамааралтай болон согтууруулах ундаанаас хамааралтай гэмт хэрэг согтууруулах ундаа хэт их хэрэглэн бусдад зохисгүй байдал гаргасан гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Мэдээж зохистой хэрэглээг ойлгоод явж байгаа хүмүүс бий. Энэ тал дээр шийдвэр хүлээж байгаа олон иргэд бий. Аливаа асуудлыг том зургаар харж эрсдэлийг тооцох шаардлага байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байгаа. Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй гэдэг дүгнэлтийг өдөр болгон гаргаж байгаа учраас энд бид архи дарстай холбоотой шийдвэр гаргах нь өөрөө эрсдэл гэдгийг дээрх тоо харуулж байгаа. Хамгийн гол нь одоо бид цар тахлын хөл хорионы дэглэмд байгаа гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна. Иргэд тодорхой хэмжээнд согтуурахад анхаарлаа сулруулдаг, сарниулдаг. Үүнээс улбаалан халдвар хамгааллын дэглэм буурч, хяналт тодорхой хэмжээгээр сулардаг. Дэглэмээ ягштал сахих эсэх, согтуурсан үедээ хаагуур явж байгаа замын зураглал тодорхойгүй болдог гээд сөрөг үр дагаврууд их байгааг иргэд зөв ойлгоосой гэж хүсэж байна. Бидний хамгийн том ажил бол халдварыг хумих бодлогод их ач холбогдол өгч байгаа. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан шийдвэрт бид хүндэтгэлтэй хандаж, эрдэмтэн судлаачид, галын шугам дээр ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийнхээ шийдвэрийг бид хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ хэлэх нь зүйтэй. Мэдээж энэ үед хүмүүс гэртээ согтууруулах ундаа ганцаараа уухгүй нь ойлгомжтой. Найз нөхдөөрөө суух уух, цуглах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Үүнийг дагаад иргэд эрсдэлд орно гэдгийг ухамсарлаад 10 хоногийн хугацаанд тэсвэр тэвчээр гаргаад өгөөсэй гэдгийг хичээнгүйлэн хүсэж байна.

Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *