Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар сайд алтны салбарынхантай уулзлаа

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо /МАҮХ/ болон 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Сайд Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Мөн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчимыг баримталж байна” гэлээ.

Мөн техник технологийг сайжруулах замаар алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алтыг Монголбанкинд 100 хувь тушаадаг болох томоохон зорилт тулгарч байгааг уулзалтын үеэр онцолсон юм.

Засгийн газраас өнгөрсөн онд “Алт-2” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Мөн алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоос 2.5 хувиар тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөж буй билээ. Энэ нь алт олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон дэмжлэг юм .

Уулзалтын үеэр МАҮХ-ны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд “2013 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж алтны роялти /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-г 2.5 хувь хүртэл бууруулсаны дүнд жилдээ 5 орчим тонн тушаагдаж байсан алтны хэмжээ тухайн жилд 13.8 тонн болтлоо өссөн. Тодруулбал, тодорхой хэмжээгээр далд эдийн засаг ил болсон. Энэ нь өнөөдөр хэрэгжиж буй хуулиуд бодит байдалтайгаа нийцэхгүй байгаагийн тод жишээ” хэмээв. Тэрбээр мөн өнгөрсөн онд дотоодын алт олборлогч компаниуд нийт 20 тонн алт буюу 800 орчим сая ам.долларыг Монгол Улсын төсөвт оруулсан. Энэ мөнгөөр төрийн албан хаагчдын цалин тавигдаж, сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Үүнийг харамсалтай нь хэлдэг хүмүүс бага байгааг хэллээ.

Энэ мэтчилэн алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй олон асуудал байгааг тус уулзалтын үеэр хөндөж, салбарын сайдаас хариулт авсан юм. Гэхдээ уулзалт нэг удаа болоод дуусахгүйг сайд Д.Сумъяабазар онцлон хэлээд энэ сардаа багтаан алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгахад хуралд оролцогчид баяртайгаар хүлээн авав.

Мөн салбарын сайд УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа Уул уурхайн тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар дурьдлаа. Уг хууль батлагдсанаар уурхайг нээхээс эхлэн хаах хүртэлх бүхий л үйл ажиллагааг уг хуульд цогцоор нь тусгах эрх зүйн зохицуулалт болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой, хариуцлагатай холбоотой тодорхой заалтуудыг тусгаж байгаа талаар хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *