Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байгааг холбогдох удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв.
Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн 272 зорчигчдыг эрэмблэн ангилж, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан иргэдийг хүргэх үйлчилгээг гүйцэтгэн ажиллаж байна. 2020 оны есдүгээр сарын 17-ноос хойш Улсын онцгой комиссын шийдвэрээр гэрийн ажиглалт, тусгаарлалтыг цуцалсантай холбоотой зөвхөн КОВИД-19 халдварын улмаас эмчлүүлж гарсан нийт 16 хүнийг хяналтандаа авсан ба 10 хүн хяналтаас гарч, өнөөдрийн байдлаар зургаан өрхийн зургаан хүн гэрийн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 95585 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4004 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Дараа нь хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хүрээнд түүхий нүүрсний хэрэглээнд тавигдаж байгаа хяналт шалгалтын талаарх мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулав.
Есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 26-ны өдрийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 108102 автомашиныг шалгаж нэвтрүүлжээ. Мөн түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулсан таван зөрчлийг илрүүлэн 13 сая төгрөгийн торгууль ногдуулан, 30 тонн түүхий нүүрсийг битүүмжилж, 34.2 тонн нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулсан байна.