Categories
мэдээ нийгэм

Д.Сумьяабазар: Алтны үйлдвэрлэлийг тэрбум ам.долларын орлого бүрдүүлдэг салбар болгоно

Уул уурхайн салбарыг зөвхөн нүүрс, зэс гэлтгүй олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг салбар болгож, улмаар Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлнэ гэдгээ УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар өнөөдөр эхэлсэн “Алтны форум”-ыг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Уул уурхайн орлого нэмэгдэхтэй зэрэгцээд Оюутолгой, Тавантолгой хоёр л байхад хангалттай гэх маягийн дуу хоолой цухалзаж эхэлдэг. Уул уурхай солонгорч, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт, уналтын шуурганд улсын төсвийг бүрдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, уул уурхайг даган бизнес хийж буй олон мянган жижиг, дунд ААН, компаниудын үйл ажиллагаа, тэдгээрт ажиллаж буй олон зуун иргэдийн орлогыг тасалдуулахгүй байж, өсөн дэвжих суурь нь болох ёстой. Үүний нэг алтны үйлдвэрлэлийг тэрбум долларын салбар болгох бодлогын хүрээнд бид: Шороон ордын алт олборлолт давамгайлсан салбараас үндсэн орд руу шилжих ажлыг ойрын 5 жилд ямар нэгэн завсар, хийдэлгүйгээр хийх, Дээрх шилжилтийн үе шатанд шороон ордоос алт олборлох эрхзүйн болон татварын орчныг тогтвортой байлгаж, орлогыг тасалдуулахгүй байх, Уул уурхайн салбарт байгаль орчны менежмент, уурхайн хаалтын санхүүгийн баталгааны механизмуудыг олон улсын түвшинд тулгуурлан нэвтрүүлэх, үүнийг эрхзүйн зохицуулалт болгон хуульчлах ажлыг БОАЖЯ, ХЗДХЯ, Сангийн яамтай хамтран хийх, Хайгуулын тусгай зөшөөрөл олголтыг сонгодог тогтолцоо болон сонгон шалгаруулалт, өргөдлөөр олох тогтолцоо руу шилжинэ гэв. Салбары сайд үгийнхээ төгсгөлд, “Хайгуулын эрдслийг бууруулах үүднээс энд хөрөнгө оруулагчдын сонирхолыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийг хангах үүднээс эргээд төсвөөс хөрөнгө тун бага зарцуулдаг гажуудлыг ирэх оноос эхлэн засахаар Улсын төсвийн төсөлд тусгаж эхлээд байна” гэдгээ мэдэгдсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрхзүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл брэхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь энэ салбарын хөгжил төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал юм” гэдгийг тодотгож “Эх орны алтаар эрдэнэсийн сангаа арвижуулснаар гадаад валютын нөөцөө өсгөж, эдийн засгийн тэнцвэрийг хангана” гэж үзэж буйгаа дахин илэрхийлсэн юм. Монголын эдийн засаг дахь ханшийн хямрал, өрийн хүндрэлээс аврах алтны татварын хуулийн (Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татварыг тэглэсэн) үйлчлэх хугацаа энэ оноор эцэслэж буйг дуулгаж уг хуулийн хугацааг дахин 5 жилээр сунгаж 2024 он хүргэх нь зүйтэй гэж Төвбанкнаас үзэж буйг энэ үеэр мэдэгдлээ.

Сүүлийн хэд хоногт ам.долларын эсрэг үндэсний валют болох төгрөгийн ханш суларч байгаа ч сүүлийн 5 жилд валютын ханш тогтвортой байж, өсөлтийг хазаарлаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж ирэхэд алтны үйлдвэрлэл чухал үүрэгтэй байсныг форумд оролцож буй салбарынхан онцолсон. Өдгөө олон улсын геополитикийн байдлаас үүдсэн гадаад секторын тодорхой бус байдал, зах зээлийн гэнэтийн савалгаанаас сэргийлж тогтвортой байдлаа хадгалах гарц шийдэл нь алтны салбарын өсөлт хөгжил юм гэдгийг мэдэгдэж байв. Гэхдээ дээрх зорилтуудтай хамт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудал орхигдолгүй явах учиртайг хэлж байлаа. Энэ үүднээс уул уурхайн салбарт байгаль орчны менежмент, уурхайн хаалтын баталгааны механизмуудыг олон улсын түвшинд тулгуурлан нэвтрүүлж, эрхзүйн зохицуулалт болгон хуульчлах ажлыг хийж эхэлж буй талаар мэдэгдсэн УУХҮ-ийн сайдын үгийг дэмжиж санал нэг байгаагаа илэрхийлж байв.

УУХҮЯ, Монголбанк болон “Bloomberg TV Mongolia” хамтран зохион байгуулж буй “Алтны форум”-д БОАЖЯ, Сангий яам, ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар, МХЕГ, татвар зэрэг төрийн байгууллага, алт үйлдвэрлэгч ААН, компаниудын төлөөлөл, эдийн засагч судлаач, шинжээч 200 гаруй хүн оролцож байна.

Тодруулга: Монголбанкинд тушаах алтны хэмжээ сүүлийн 5 жил тасралтгүй өсч, өнгөрсөн онд 20 тоннд, энэ оны эхний 9 сарын байдлаар 14.3 тоннд хүрээд байна. Энэ нь өмнөх 5 жилтэй харьцуулахад 7 дахин нэмэгдсэн дүн болж байгаа аж. Ингэснээр манай улс алтнаас сүүлийн 6 жилд нийт 2.74 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлж, өнгөрсөн жил гэхэд алтны экспорт Төвбанкны нөөцийг 787.8 сая ам.доллараар зузаатгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *