-ОУХМ Д.Сумъяа Израйль, Унгар, Бразилийн бөхчүүдийг ялсан ч Португаль, Нидерландын бөхчүүдэд ялагдаж, V байрт шалгарлаа.-
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг жингийн аваргууд тодроод байна.
Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдсанаас Д.Сумъяа тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Нидерландын Санни Верхагентэй барилдаж, ялагдсанаар V байрт шалгарлаа.
ОУХМ Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөж, Израйлийн Камила Минакава, Унгарын Каракас нарыг ялснаар шөвгийн наймд шалгараад байсан. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын алт (2013), хүрэл (2011) медальт Рафаэль Силваг ялж, мөнгөн медалийн төлөө Португалийн Телма Монтейрод цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Нидерландын Санни Верхагентэй барилдаж, юко үнэлгээгээр ялагдал хүлээснээр V байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
57 кг: (42 бөх)
Алтан медаль: Удака (Япон)
Мөнгөн медаль: Телма Монтейро (дэлхийн аваргын дөрөв дэх мөнгөн медалиа хүртлээ. Португаль)
Хүрэл медаль: Павиа (Лондонгийн олимпийн хүрэл медальт, Франц), Санни Верхаген (Нидерланд)
V байр: Доржсүрэнгийн Сумъяа (Монгол)
73 кг-ын жинд өрсөлдсөн Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт гоц мөргөж, удаах барилдаанд Киргизийн бөх Жанибековийг торгуулиар ялсан ч ОХУ-ын Муса Могушковд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Мөн энэ жинд олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир эхний тойрогт хийлж, Канадын Бриандыг юко үнэлгээр ялснаар шөвгийн 32-т шалгараад байсан. Тэрээр дэлхийн аварга, энэ оны бүх Японы аварга Шохэй Онод ялагдан тэмцээнээ дуусгасан.
Тэмцээний дөрөв дэх өдөр буюу маргааш (08.27) эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн -81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдана. Тэмцээн Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхэлнэ.