Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумьяад Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин олгосныг өнөөдөр гардууллаа.
Д.Сумьяа 2017 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Монгол улсын түүхэнд дөрөв дэх алтан медалийг авчирсан юм.
Д.Сумьяа “Өнөөдөр төр засаг маань миний гаргасан амжилтыг үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа . Үүнийг жүдо гэх спортын төлөө гаргасан хөдөлмөрийг маань үнэллээ гэж ойлгож байна. Энэ амжилтаа бататгаж ахиулахын төлөө өөрийгөө илүү дайчилж өндөр амжилт үзүүлэхийн төлөө хичээнээ” гэж хэлсэн юм.
Энэ үеэр Д.Сумьяагийн багш Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одтой ярилцсан юм.
–Таны халааг авч, барилдаж буй шавь тань өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Багш болсон хүний хувьд маш сайхан тэмдэглэлт өдөр тохиож байна. Монголын эмэгтэй жүдочоос анхны , эмэгтэй тамирчдаас хоёр дахь Хөдөлмөрийн баатар болж байна даа. Энэ шагналыг өөрөө авчихсан мэт баярлаж сууна.
–Шинэхэн хөдөлмөрийн баатар маань цолоо мялааж Абу Дабигийн гранд слам тэмцээнд түрүүллээ. Мөн жингийн гол өрсөлдөгч олимпийн аварга Силваг шигшээ барилдаанд хожлоо шүү дээ.
-Тиймээ. Тэмцээндээ оролцчихоод утсаа асаатал энэ сайхан мэдээг дуулсан даа. Абу Дабигийн гранд сламын хувьд чансаа өндөр шилдэг тамирчид оролцдог том тэмцээн. Энэ удаа Бразилийн шилдэг тамирчин Силватай олимпийн наадмаас хойш барилдалгүй байж байгаад шигшээд таарч хожсон. Энэ барилдаан Дэлхийн жудо бөх сонирхогчидын анхаарлын төвд байсан. Чухал тулаанд Д.Сумьяа маань илүүрхэж хоорондын харьяцааг 5:2-оор тэргүүлж эхэллээ.
-Д.Сумьяатай хэдэн жилийн турш хамтарч ажиллаж байгаа вэ?
-10 орчим жил болж байна даа. 2008 оны олимпийн наадмын дараа зодог тайлаад дасгалжуулагч болоход л Д.Сумьяа над дээр ирж байсан. Хоёр жил орчим хичээллээд анхааралд өртсөн. Мэдээж тэр үеийн Сумьяа одоогийнхтой ижил байгаагүй. Уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн өндөрлөгт хүрч байгаа. Шавь маань миний хүрч чадаагүй амжилтыг гаргаж байгаад нь үнэхээр баяртай байгаа.
О.ДАШНЯМ