Categories
мэдээ цаг-үе

Д.Сүхбаатар: Кино урлагаас хэсэг холдсон нь аав ижийгээ асарч, бор еэвэн хийж зардаг байсан үе

Түрүүч нь №150(6251) дугаарт

“Ацаг шүдний зөрөө” киноны хэсгээс…

Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээ аваад удаагүй байгаа Даваагийн Сүхбаатартай ярилцлаа. Түүнийг монголчууд “Ацаг шүдний зөрүү” киноны Намжилын дүрээр нь сайн мэдэх билээ.

-Таны жүжиглэх урлагийн анхны багш хэн байв?

-Миний жүжигчний анхны багш бол МУУГЗ И.Нямгаваа гэж агуу сайхан найруулагч хүн байлаа. Дараа нь Монгол кино үйлдвэрт очоод Балжинням, Жигжидсүрэн, Сумхүү, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, монгол киноны эцэг гэж хэлж болох Жигжид, Доржпалам зэрэг сайхан хүмүүстэй ажиллаж, заалгаж, зөвлүүлж жүжигчний эрдмээ лавшруулан суралцсан. Шавь боловсролтой хүн л дээ.

-Та алтан үеийн жүжигчидтэй хамт тоглож явсан хүн шүү дээ?

-Тийм. Тэр хүмүүсийн барааг харсан. Заримтай нь үг сольсон. МУГЖ Осор, МУГЖ Лувсан хэмээх агуу хоёр хүнтэй “Эхлэл” кинонд портнер болж тоглосон. Чимэд-Осор гуайтай кинонд цуг дуу оруулж, ам барьж байлаа. Жигжид багшийн удирдлагад орчуулгын кинонд дуу оруулж ам барьдаг байлаа. Дугарсанжаа гуайтай нэлээд ойр байсан л даа. МУГЖ Лха.Долгор, Бадамгарав нартай хамтран тоглож байлаа. Зарим хүмүүсийн барааг харж, гайхан биширч сүрдэж явснаас биш хамтран тоглох боломж олдоогүй л дээ. Лувсан, Осор, МУГЖ Лха.Долгор, Бадамгарав, Дугараа, Готов (Түгжил) гэх алтан үеийн бурхдын хормойноос нь зүүгдэж үгийг нь сонсож явсан. Лха.Долгор гуайтай би “Эхлэл” кинонд ээж, хүү хоёр болж тоглох гээд роль таарсан юм. Гэтэл Лха.Долгор гуайн театрын хуваарь тааралгүй больсон. Оронд нь Бадамгарав гуай тоглосон юм. Сүүлд 2005 юм уу 2006 оны үед Лха.Долгор гуайтай эмгэн, өвгөн хоёр болж тоглосон. Телевизийн цагаан сарын нэг зохиомжид. Ээж хүү хоёр болж байсан чинь эмгэн, өвгөн болно гэхэд Лха.Долгор гуай “Хүүе яаж чамтай эмгэн, өвгөн болдог юм” гээд. Би ч “Үгүй ээ. ямар хамаатай юм. Маяглаад аальгүйтээд байгаарай” гэсэн чинь хөхрөөд л хөөрхий “Энэ золигийг харав уу, ээжийгээ загнаж байгааг нь” гээд л бас өөдөөс шоглоод. Тэгээд эмгэн, өвгөн болсныгоо дараа нь үзэхэд гоё л байна лээ. Бас их завшаан гэж боддог юм.

-Танд өөрт тань “Би үүнийг чинээнд нь тултал тоглолоо доо” гэж боддог дүр бий юү?

-Байхгүй. Ёстой тийм юм байхгүй. Би л дараа нь өөрийгөө үзээд тэрнийг нь дутаачихлаа даа. Тэгдэг байж гэж амаа барьдаг. Киноны нэг хэцүү зүйл нь тэр. Театр бол хүн дутуугаа гүйцээгээд, тоглолтоос тоглолтын хооронд засч сайжруулаад байж болдог. Найруулагч, портнерууд хэлээд бие биенээ дэмжээд, өсөөд байх боломжтой. Кинонд бол тийм боломж байхгүй. Дэлгэцэнд гарлаа л бол тэгээд бандан тас.

-Тэгвэл танд одоо тийм дүрд тоглох юмсан. Тоглоогүй үлдсэн тийм дүр байна гэж бодогддог уу?

-Бас үгүй. Тэнэг байгаа биз. Ер тийм юм байхгүй. Яахав, одоо тэгээд найруулагчид тоогоод энэ хөгшин шүдгүй, хөлгүй гэлгүй тоглооч гэвэл чадлынхаа хэрээр зүтгэж л байдаг юм. Түүнээс учиргүй айхтар хүсч мөрөөдөөд, үхэхээсээ өмнө тийм л дүрд тоглож үзнэ, тэгвэл миний энэ насны хэрэг зорилго бүтлээ дээ гэсэн зүйл байдаггүй шүү.

-Таны үеийн цэргийн алба бас чанга байсан байх аа?

-Тийм шүү. Би 1969 онд Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хаасан. Тэр үед цэргийн алба гурван жил байлаа. Анх цэрэгт татагдахад анхан шатны мэдлэг олгох 45 хоногийн карентинд гаргадаг байлаа. Хэдэн цагаар ч хамаагүй наранд жагсаалаар зогсооно. Эхнээсээ халуун наранд ухаан алдаж унангуут дээрээс нь ус цацаж сэргээгээд л буцаагаад зогсооно. Би тэр карентинаас зугтах санаатай яах учраа олохгүй байж байтал “Ард байхдаа тогооч байсан хүн байна уу” гэхээр нь шал худлаа мэдэхгүй байж би гээд л урагшаа гарсан. Тэгээд тогооч боллоо доо. Долоо хоног хэрэглэх ёстой хуурай бүтээгдэхүүнийг нь гурван хоногт дуусгачихаад баахан загнуулж билээ. Тэгээд яв, өөрөө ангиас зөө гээд. Нөгөө гурил, будаа, элсэн чихэр, масло зэргээ өөрөө шуудайгаар зөөж байсан юм. Ангиас нэг их хол байгаагүй л дээ, аз болж.

-Та 1990 оны эхнээс 2000 он хүртэл нэг хэсэг кино, жүжиг гээд юунд ч тоглоогүй шүү дээ. Харагдахаа байчихсан. Тэр үеэрээ хаагуур юу хийж явж байв?

-Бас тийм үе бий. Тэр үеэр ёстой амьдралын эрхээр гэгчээр аав, ижий хоёр минь өндөр настай болчихсон. Тэгээд Кино үйлдвэрийн орчуулгын киноны жүжиг анги маань татан буугдаад, манай цөөхөн уран бүтээлч телевизэд дуу оруулахаар явсан. Би тэр үед аав, ижийгээ л асарч байсан даа. Тэр нэлээд хэцүүхэн хүнд үе байсан шүү. Гэртээ бор еэвэн хийж зах дээр зардаг байлаа. Хүнд ер нь одоо яах вэ, яавал дээр вэ гэж бодогдох айхтар үе ирдэг юм байна лээ. Ажлаа хийгээд явъя гэхээр гэртээ байгаа өндөр настай хоёр хөгшнөө яах вэ. Манай хоёр дүү нэг нь Дарханд. Миний дараагийн дүү аав, ижий хоёрыг минь олон жил авч явсан. Би тэр дүүдээ хоёр хөгшнөө даатгаж орхиод Дарханы театрт долоон жил болсон. Тэгээд өөрөө ардаа амь амьдралтай хүн чинь, миний үе ирнэ шүү дээ. Яг тэр ээлж ирсэн нь зах зээлийн үе давхацсан. Социализмын үе байсан бол найман цагийн ажил хийгээд, завсар зайгаар нь аав, ижийгээ харах л байсан байх л даа. Тэр үед найм байтугай 24 цаг ч ажиллаад таван цаас л авдаг үе байлаа. Тэгэхээр ажил хийх боломж байхгүй. Мэдээж хоёр хөгшний тэтгэвэр байсан л даа. Гэтэл тэр нь эм тариа, хоол хүнс, хувцас хунар, байрны мөнгө гээд хүрэлцэхгүй. Хоёр хөгшнийг харж байгаа нэртэй би гэж нэг гай болоод байгаа юм. Өөрөө өөрийгөө авч явахын тулд “За би юу хийж чадах билээ. Яавал мөнгө олох вэ” гэж бодсон. Надад найман настайгаасаа эхлээд хориод жил нөхөрлөсөн өвөр түрийндээ орж өссөн найз байсан юм. Амьдралын эрхээр сүүлдээ уулзаж чадахаа байгаад зам нь салаад явсан. Аав нь дотор хүн байсан. Дотор хүн гэдэг нь хятад хүнийг хүндэлсэн нэр шүү дээ. Тэднийх одоогийн түргэн тусламжийн гурван давхар цагаан байшингийн буйран дээр хувийн мухлаг ажиллуулдаг байсан юм. Амь амьдралаа хөөрхөн аваад явчихдаг. Учиргүй баян тарган ч биш. Гэхдээ сүрхий ажилтай, зүтгэлтэй хүн байсан юм. Монгол эхнэртэй. Эхнэр нь залуудаа бурхан болчихсон, нялх хоёр хүүхэдтэй үлдсэн луухаан. Тэднийхээр орж гарч, гүйж байхдаа нарийн боов, талх хийж байгааг нь харж байсан юм. Түүнээс учиргүй сурах гээд хичээгээд, эрдэмд шамдаад байсан зүйл байхгүй л дээ. Хажуугаар нь гарахдаа шүүрч авч иддэг, хардаг байсан л төдий. Тэр үеийн харж байсан зүйлээс толгойд бүүр түүр юм үлдсэн байна аа. Бор еэвэнг тэгж хийж байсан, шанзаа тэгж хийнэ. Зуурмагаа тэгэж зуураад байсан. За байз хийгээд үзвэл яах бол гэж бодогдоод болдоггүй. Тэгээд 70 кг гурил, 500 граммын шилтэй нэлээд хурц үнэртэй өтгөн тос байдаг байсан, хайрцгандаа арван ширхэгтэй ургамлын тос. Тэрнээс нэг хайрцгийг, горох гээд хатуу шар буурцаг монголчууд тоож авдаггүй. Түүнээс нь таван кг аваад арван кг элсэн чихэр гээд бодож бэлтгэж аваад, тоглосон доо. Эхэндээ бүтэлгүйтэж байгаад сүүлдээ ч нэлээд зүгшрээд эхэлсэн. Маш хурдан хугацаанд хийж сураад зах, хоршоодын тохиролцооны дэлгүүрт худалдагчид нь тоолж тушаагаад, санхүү дээр нь очиж мөнгөө авах гээд зогсож байхад нөгөө еэвэн чинь дуусчихлаа гээд хойноос ороод ирдэг. Тэгж л хурдан гүйдэг болсон. Түүгээрээ овоо хөл дээрээ өндийсөн. Хэдэн жил тэгж зараад, дэлгүүрт өгөхөөр шимтгэл авна. Сүүлдээ шимтгэл өгөхгүй санаатай өөрөө зах дээр зардаг боллоо. Тэр үед “Ацаг шүдний зөрүү”-д тоглочихсон. Бас ч гэж хүн таньдаг болчихсон байлаа. Зарим хүн таниад хоорондоо шивнэж байгаа юм л даа. “Наад нөхөр чинь Ацаг шүдний зөрүү байна шдээ” гээд л. Тэрнийг сонсохоор л нүүрний арьс хуураад л явчихаж байгаа юм. Хар хөлс асгараад л явчихна. Тэгээд тоохгүй. Тоолоо гээд ч яах билээ. Ар талд асуудал байгаа юм чинь. Тэгж л хэдэн жил алга болсон юм. Тэгээд хүүхдүүд овоо болоод, ижий аав минь бурхны оронд одсон доо. Хүнд чинь зүрх сэтгэлд уяатай нэг зүйл үлддэг юм байна. Тэгээд кино урлагтаа эргэсэн дээ. Хань маань ч ажил төрлөө бод гэж зөвлөөд. Хүн чинь хажуудаа түшиж тулах хүнтэй болоод ирэхээр өөр болдог юм байна лээ. Ганцаараа зүдэрч яваад, түшиж тулах сайн хүнтэй болохоор өөрийн санасан руугаа тэмүүлдэг биз дээ. Тэгээд л оройхон гараад ширүүхэн дайрсан даа.

-Та ихэвчлэн туслах дүрд тоглодог шүү дээ. Туслах дүрийн онцлог нь юу вэ?

-Тийм, би дандаа туслах дүрд олон жил ажиллалаа. Туслах дүр барьцгүй хэцүү. Гол роль бол кино, жүжгийнхээ туршид бариад хийгээд явах үг, биеийн үйлдэлтэй. Ажиллах ажиллагаа, задаргаа хийх барьцтай. Харин жижиг дүр тэр гол дүрийг тодотгох ёстой гэхдээ яаж гэдэг нь тун хэцүү. Ёстой л нэг ясны хөлс шавхсан ажил шүү.

-Сүүлийн үед та ямар бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?

-“Долдугаар тусгай салаа” гэдэг кинонд тоглолоо. Хэдэн сайхан буянтай хүүхдүүдийн буянаар дөрвөн үеийнхээ нөхөдтэйгөө тоглосон. Тэр кино амжилттай болсон маягтай байгаа. Бидний үеийн таван хүн тоглосноороо онцлог юм уу даа.

-“Хувь тавилангийн ээдрээ” телевизийн олон ангит кинонд бас тоглосон шүү дээ?

-Тийм ээ. “Хувь тавилангийн ээдрээ”, “Хоймор өнжих нар” гээд бүрэн хэмжээний 2-3 том бүтээлд тоглосон.

-“Хувь тавилангийн ээдрээ”-д тоглохдоо охинтойгоо буйдан дээр зэрэгцэж суугаад “Ацаг шүдний зөрүү”-г үзэж байгаад “Аав, энэ хүн тантай аягүй адилхан тийм ээ” гэхэд нь та “Аа харин тийм” гэж хэлдэг хэсэг байдаг даа. Тэр хэсгийг яг хийе гэж хийсэн юм уу, тохиолдлоор тэгээд таарчихсан уу?

-(инээв) Тийм бил үү? Би тэр хэсгийг мартчихсан байна. Яг тэр хэсгийг мартчихжээ. Зарим дүрүүдээ бүр санадаггүй юм аа. Саяхан нэг телевизээр “Аминд хүрсэн олз” гэнэ үү, нэг кино гарч байна. Цэнджав гээд баримтат киноны сайхан найруулагч байдаг юм. Тэр маань тийм уран сайхны кино хийчихсэн юм байна. 1992 онд хийсэн кино байв уу даа. Тэгсэн тэр кинонд би бас хоёрдугаар зэргийн рольд тоглосон байх юм. Нэлээн залуу. 1992 он гэдэг чинь би 42 настай байсан юм уу даа. Жинсэн яак болсон сүрхий амьтан байна лээ. Зураачийн дүрд тоглочихсон. Түүнийгээ санахгүй байгаа юм. Сайн бодоод байхаар бас нэг бүүр түүрхэн юм орж ирээд. Би яагаад зарим юмнуудыг мартаад санаад байна гэхээр уржнан зурганд явж байгаад захын хялгасан судасны харвалт болсон. Гэхдээ хүнд биш л дээ. Тэр л ингээд мартамхай болгочихдог юм байна. Тухайн үедээ хямарсан л даа. Хаалга хараад явлаа гэхэд хажууг нь очиж мөргөнө. Баримжаа муутай, мартамхай болдог. Хүний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй, нүд рүү нь хараад гайхаад, алмайраад байх жишээний. Тэгээд хүнд өөрийгөө ойлгуулж ярихдаа муу. Арваад хоног тийм байдалтай байж байгаад эмчилгээ, сувилгаа сайн хийлгүүлээд гайгүй болсон л доо.

-Таныг залуу үед кинонд тоглолоо гэж цалингаас өөр зүйл өгдөггүй байсан байх. Одоо кинонд тоглох үнэ хэд байдаг вэ?

-Янз бүр дээ. Тохиролцдог юм л даа. Би бол учиргүй тохиролцъё, дээшээ доошоо гээд байдаггүй. Нийтийн жишгийг л дагана даа. Бас учиргүй амьтны аманд багтаад нөхдийнхөө ханшийг унагаад байх ч хаашаа юм. Сүрхий мундаг өөрийгөө үнэлээд хэмжээгээ мэдэхгүй том зүйл яриад үнэ нэхээд байхгүй. Ерөнхийдөө эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй дунджийг барина. Сүрэг бүтэн чоно цатгалан гэдэг байх аа.

-Гавьяатынхаа найрыг хийсэн үү?

-Хийгээгүй. Есдүгээр сарын 20-ноос л хийх санаа байна.

-Хэн хэнийг урих бодол байна?

-Хамгийн түрүүнд орчуулгын киноны дуу оруулагч нөхдөө урина даа. Гавьяатыг би эрийн сайндаа ч аваагүй л дээ. Эрийн сайндаа гэдэг нь учиргүй хөөцөлдөж, хойгуур урдуур гүйгээд байсан юм байхгүй. Эсвэл авьяастай мундаг гайхалтай жүжигчиндээ ч биш. Сайн нөхдийнхөө хүчинд Монгол кино нэгтгэлийн хамт олон, найруулагч Солонгынхоо буянаар авлаа. Хүмүүс намайг сайн муу хэлбэл хэлнэ л биз. Намайг Солонгод долигоносон гэвэл хамаа алга. Би долигоноогүй. Тэр хүн намайг нэг өдөр дуудаад яваад очсон чинь “Чи хийсэн ажлынхаа тодорхойлолтыг бичээд ирээч. Чамайг төр засгийн шагналд тодорхойлох санаатай байна. Манай хамт олон ярилцаад шийдсэн” гэсэн. Тэгээд би тоглосон кинонуудынхаа тодорхойлолтыг өгсөн. Тэд маань хөөцөлдөж, дэмжиж байж би өнөөдөр энэ сайхан алдар цолыг хүртээд сууж байна.

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол авахаа хэзээ мэдсэн бэ. Урдчилж хэлсэн үү?

-Хэлдэг юм байна. Долдугаар сарын 9-нд хэлсэн байх аа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Та цол хэргэм хүртэх боллоо, маргааш өглөө 11:00 цагт Төрийн ордонд ирээрэй гэсэн. Нээх учиргүй догдолж баярлаад газраас тасраад явж байгаа юм шиг болоогүй. Гэхдээ мэдээж баярладаг л юм байна лээ.

-Гавьяат цолыг заавал өндөр нас зооглосон, насны хойморт авах ёстой ч юм шиг, хөгшчүүдэд л өгдөг боллоо. Үнэхээр хийсэн бүтээсэн бол хэзээ ч өгсөн болно шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Би бол тэгж боддоггүй. Нэгдүгээрт, төр түмэн нүдтэй төрсөн бие хоёр нүдтэй гэдэг. Олон түмэн нэгдэн нийлж байж төр болно доо. Төр түмэн олон мэдэж байгаа. Хоёрдугаарт, хүний хувь тавилан гэж юм бий. Тэр жам ёсоороо л явна. Түүнээс өгчихөөр нь өгчихлөө гэж муучлах, хөгшин болсон хойно нь үхэх гэж байхад нь өглөө гэж муулах. Өгөхгүй болохоор нь өгөхгүй байна гэж гомдоллох, юм хэлээд байх нь дэмий. Авсандаа л баярлах хэрэгтэй. Харин үнэхээр хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүнд өгөөгүй бол харамсаж л суудаг. Би хүүхдээ өглөө сургалтанд нь хүргэж өгөх гээд явж байхдаа бодож л явлаа. Манай кино үйлдвэрийн Идэвхсайхан гэж хүн байлаа. Орчуулгын киноны загалмайлсан эцэг гэж хэлэхэд бараг буруудахааргүй. Түүнийгээ бодож явлаа. Доржсамбуу, Цэвээнравдан, Сэлэнгэсүрэнгээ их бодлоо. Амьдын зол, үхсний хохь гэж яасан үнэн үг вэ. Би хэн билээ. Тэр сайхан нөхөд минь байсан бол гэж бодогддог юм байна лээ. Самсаа шархирч явсан шүү.

-Одоо бол та дандаа сайхан өвөөгийн дүрд л тоглодог боллоо шүү дээ?

-Өө тэгэлгүй яахав. 1975 онд 20 гаран насандаа 50 настай өвгөний дүрд тоглож байсан шиг одоо 70 гарсан хойноо 50 юм уу 40 настай хүний дүрд тоглоно гээд майжганаж явалтай биш. Өвөөгийн дүрд л тоглоно доо. Чадвал эмгэний дүрд тоглоно доо. Тоглосон ч яахав дээ. Даанч эмгэний дүрд тоглож чадахгүй л дээ.

-Сүүлийн үеийн кино хийж буй уран бүтээлчид, кинонууд танд ямар санагдаж байна вэ?

-Хоёр янз байгаа. Ихэнхдээ мөнгөний юм хийгээд байна. Яг шударга хэлэхэд хүүхдүүд чадалтай байна. Бор зүрхээрээ хийж байна. Гэхдээ мөнгөний юм хийдэг болж. Мөнгөний юм хийхээс ч арга алга. Төр засгаас уран бүтээлчдэд тодорхой хэмжээний төсөв хөрөнгө гаргаад жинхэнэ уран бүтээл хий, монгол кино хий гээд мөнгө гаргаад өгдөг бол энэ чадалтай мундаг хүүхдүүд мөн сайхан зүйл хийнэ. Хүүхэд залуучууд нь зодоон нүдээнтэй, алаан хядаантай юм үзэхийг хүсээд түүнд нь тааруулж хэдэн төгрөгөөрөө юм хийгээд, өөрсдийгөө ч баллаад, хойч үеэ ч баллаад байна. Төрийн мэдлийн ганц кино театртай байхгүй бол хувийн газрууд чинь юм хийж байгаа хүүхдүүдийг жинхэнэ заазуурдаж байна. Эднээс бас их зүйл болж байна.

-Ахмад жүжигчид Хятадын зарим хотоор аялаад ирсэн гэсэн. Таныг явсан сураг байсан?

-Би явсан. Маш сайхан аялал болсон. Бээжин, Шанхай, Нянбао, Гуанжу, Макао зэрэг хотуудаар арав хоног ахмад уран бүтээлчид аялсан. “Блис” компанийн захирал Т.Амгалан гэж их буянтай хүү байна лээ. Ахмад настай хорь гаруй жүжигчинг, зураг авах баг, техникийн ажилчид гээд гуч гаруй хүний зардал мөнгийг хувиасаа гаргаад аялуулсан. Их сэтгэлтэй сайн хүү. Нас дээр гарсан бид хөл муутай. Тэр сайхан юм үзээд нэг мэдэхэд 7-8 км алхчихсан. Хөл өвдөж байгаагаа ч мэдэхгүй. Их дурсамжтай сайхан аялал болсон шүү.

-Залуу үедээ сургамжлан хэлэх үг байгаа байх?

-Би сүүлийн үед дотор загатнаад хэлэхгүй байж тэсэхгүй нэг зүйл байна. Манай хүүхэд залуус, төрд ажиллаж байгаа түшээд монголоороо ярихаа болилоо. Монголоороо бичихээ болилоо. Гадуур хаяг, сурталчилгааг хар. Телевизийн кинонууд юу гэсэн утгатайг нь мэдэхгүй хачин нэр өгөх юм. Яагаад байгаа юм бэ. Монгол хэл ингэж устаад сүйрээд байгаа юм уу. Эсвэл бид өөрсдөө мэдэхгүй монгол хэлээ устгаж сүйрүүлэх гээд байна уу. Хэл гэдэг зүйл байхгүй бол хил байхгүй болно. Хил байхгүй болбол эх орон минь байхгүй болно. Хамгийн эхний дохио нь энэ. Эх хэлээ хайрлахгүй бохирлож, хатуу хэлэх юм бол бузарлаж байна. Айхтар түгшүүрийн дохио өгөөд байна. Үүний төлөө бүгд дор дороо хичээмээр байна. Ялангуяа энэ телевизүүд маш их алдаа гаргаж, маш сонин үг хэллэгтэй болжээ.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *