Categories
мэдээ цаг-үе

Д.Содном: Мөнгө зээлчихээд юу хийхээ бодох биш, юу хийхээ бодчихоод мөнгө зээлэх хэрэгтэй байна

Саяхан Ерөнхий сайд асан Д.Содном Өдрийн сониноор дамжуулан Ерөнхийлөгч Х.Батулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт захидал илгээсэн. Тэрээр захидалдаа Дорнод аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлээд, харин доктор Намжим гуайн ТЭЗҮ-ийг нь боловсруулсан нефтийн үйлдвэрийн төсөл хэрэгжих магадлалтай, ашигтай болохыг дурджээ. Гэтэл өнөөг хүртэл хариугаа аваагүй гэнэ. Энэ талаар болон Монголд ямар үйлдвэр эхний ээлжинд барих шаардлагатай тухай түүнтэй ярилцлаа.


-Яагаад төрийн гурван өндөрлөгт захиа бичих болов?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар Дорноговь аймагт газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэр гарсан талаар мэдээлэл хийсэн. Гуравдугаар сард хөрөнгө оруулалт, үйлдвэр байгуулах ажил нь эхэлнэ. Техник эдийн засгийн үндэслэлийг хийж байгаа тухай мэдээлсэн.

-Ямар нэгэн зүйл буруу болсон уу?

-Тийм. Юу буруу байна гэвэл Техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад, үйлдвэр барих шийдвэр гарчихсан байгаа юм. Баахан мөнгө, хугацаа зараад ТЭЗҮ хийчихдэг. Нөгөө товлосон газар нь үйлдвэр барихад ашиггүй байвал яах юм гэсэн бодол төрөөд байна л даа. Нэг тэрбум ам.долларын том төсөлд ийм хөнгөн шийдвэр гаргах нь хэр оновчтой юм бол.

Энэ их мөнгийг бид буцааж төлнө шүү дээ. Тийм учраас төсөл ашигтай, оруулсан хөрөнгө оруулалтаа өөрөө нөхөх хэмжээний ашиг хийх ёстой. Энэ бүхнийг удирдагчдад шууд хүргэх нь зүйтэй гэж үзээд захидал бичсэн юм.

-Хариу ирсэн үү, та захидлаа нэгдүгээр сарын 29-нд бичсэн байна. Манай сонинд гуравдугаар сарын 14 гарсан байх юм.

-Одоогоор ирээгүй байна. Асуудлыг судалж байгаа байх гэж найдаад сууж байна.

– Та доктор Намжим агсны Дарханд нефтийн үйлдвэр байгуулах төсөлд найдлага тавьж байна уу?

-Тэр тухай мэднэ. Бид цагтаа хамт ажиллаж байсан. Намайг захидал бичсэний дараа гэр бүлээс нь холбогдож “Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр барих шийдэр гарч байна. Энэ ямар учиртай юм бол” гэж асуусан. Би захидлаа тэдэнд өгсөн.

– 2013 онд санхүү, хөрөнгө нь шийдэгдээд Японы Ерөнхий сайдын хэмжээнд шийдэгдсэн төсөл яагаад зогссон юм бол?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Намжим бол надад олон удаа хэлж байсан. Бичиг цаас өгөөд шийдэж өгөхгүй байна гэдэг. Би сонсохоос өөр зүйл хийж чадаагүй. Намжим бол ТЭЗҮ-ээс гадна маш их тооцоо судалгаа хийсэн. Ер нь ханатай юм босгочихсон юм. Тухайн үедээ би сонирхож харж л байсан.

-Нефть боловсруулах үйлдвэрийн хувьд та яаж шийдэх байсан бэ?

-ТЭЗҮ-ээ хоёр хувилбартай хийх ёстой гэж бодож байна. Сая шийдвэр гаргасан төслийнхөө ТЭЗҮ, Дархан барих саналтай төслийн ТЭЗҮ-ийг харьцуулах хэрэгтэй байгаа юм.

Би нарийн тооцоог мэдэхгүй ч, Дарханд баригдах үйлдвэрийн төслийг хэрэгжих магадлал өндөр гэж харж байна.

– Яагаад?

-Дарханд барих үйлдвэрийн хөрөнгө оруулалт хамаагүй бага. Дорноговьд барих үйлдвэрийн хувьд дэд бүтцээс эхлээд маш их хөрөнгө оруулалт шаардана. Магадгүй үйлдвэр барихаас дутуугүй хөрөнгө оруулалт хийх болно гэж бодож байна. Наад зах нь цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээ шийдэх хэрэгтэй. Дээр нь 600 км хоолой татна. Магадгүй хос хоолой тавих байх. Энэ бүхэнд хүчирхэг дамжуулах шахуургууд тавина. Нэмэлт их хэмжээний цахилгааны эх үүсвэр хэрэгтэй болно. Алтанширээд төмөр, авто зам барих асуудал үүснэ. Эрдэнэтийн цэвэр усны хэрэглээг 60 км-ээс хангадаг. Миний мэдэхийн энд 3-4 хүчирхэг шахуургууд ажилладаг. Тэгэхээр шинэ шийдвэр гаргасан газар ямар их хөрөнгө оруулалт шаардлагатай нь харагдаж байгаа биз. Харин Дарханд барих төсөлд энэ их хөрөнгө оруулалт хэмнэгдэнэ.

-Таны захидалд бид дотоодод олборлосон нефтийн 80 хувийг Хятадын компаниас зах зээлийн үнээр худалдаж авна гэсэн өгүүлбэр байна. Бидэнд давуу эрх байхгүй юу?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж бий. Энэ гэрээг 1990-ээд оны эхээр АНУ-ын хоёр компанитай байгуулсан байдаг. Гэтэл нөгөөдүүл нь компаниа хятадуудад зарчихаад яваад өгсөн. Гэрээний эрх хятад руу шилжсэн. Түүнийгээ Монгол Улс мөрдөхөөс өөр зам байхгүй. Энэ гэрээнд юу байдаг юм гэхээр хөрөнгө оруулсан компани олборлосон тосныхоо 40 хувийг оруулсан хөрөнгийнхөө өртөг нөхөх зориулалтаар шууд авна. Үлдсэн хувийн ашгийг хувааж авна. Нөөц ашигласны төлбөр гэж жаахан юм өгч байгаа.Үлдсэн 60 хувиас манайх 30 хүрэхгүй хувийг хүртэнэ. Ингэж тооцохоор олборлосон тосны 82 хувь нь Хятадын өмч, 18 хувь нь бидний юм болж байгаа юм. Хятадын мэдлийн 82 хувийг авч үйлдвэртээ боловсруулна гэвэл дэлхийн зах зээлийн үнээр л худалдаж авна. Тийм учраас түүхий нефть гаднаас авах дотоодод үйлдвэрлэж байгаа хятадуудаас авах хоёр ялгаагүй болчихоод байгаа юм. Дотоодын газрын тосны олборлолт хэзээ сая тоннд хүрэх нь тодорхой биш, мөн чанар нь хэр зэрэг вэ гэсэн тодорхойгүй олон асуудал бий.

-Энэ ашиггүй гэрээ хэр удаан үргэлжлэх юм бол?

-Газрын тос олборлоод байвал үргэлжлээд байна. Тухайн үедээ би “Алдаатай гэрээ байна” гэж сануулж л байсан.

-Та мөнгөгүй үеийн Ерөнхий сайд. Өнөөдөр маш их мөнгөтэй болох тусмаа төслүүдэд хайнга хандаад байх шиг байна.

-Үнэхээр их мөнгө орж ирж байна. Гэхдээ энд хайнга хандаад байгааг би шүүмжилж байгаа. Эхлээд юу хийхээ бодчихоод зээл авахын оронд зээлээ авчихаад юу хийх вэ гэдэг болчихоод байгаа. Сая өмнөх зээлээ өрөөр хаалаа. Уг нь тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа эргэн төлөх чадвар, тооцоотой байх ёстой юм. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Чингис бондоос мөнгөө авчихаад хүү нь яваад байхад юунд зарахаа мэдэхгүй сандраад сүүлд нь зам зэрэг юм руу оруулаад эхэлсэн. Ийм жишээг бүү давтаасай гэж л би бодлоо бичээд байгаа.

-Үйлдвэрийн төсөл ямар байгаасай гэж хүсэж байна?

-Зээлийн хүү, эргэн төлөх хугацаанд уялдсан төсөл байх ёстой. Төслийнхөө ашгаас Энэтхэгээс авсан зээлээ эргэн төлөх чадвартай байх хэрэгтэй. Ямар хугацаанд ямар хэмжээний ашиг олохоо тооцож, аль болох бага хөрөнгө оруулалтаар, хугацаа алдалгүй, оновчтой технологиор үйлдвэрээ барих ёстой гэж хэлээд байгаа юм.

-Доктор Намжим гуайн төсөл танд илүү таалагдаж байгаа юм уу?

-Хэдэн жилийн дараа ашиг олсон юмгүй, баахан өрөнд орчихсон суухгүй байх зам нь Дарханы үйлдвэр гэж хараад байна. Намжим маш их судалгаа, тооцоо хийсэн хүн шүү дээ. Сүүлийн үед интернэтээр сайхан үйлдвэртэй болоход саад хийж байна гэсэн зүйл явж эхэлж байна. Тэр нь ч зөв. Саад хийж болохгүй. Гэхдээ төслийн үр ашгийг сайн тооцох хэрэгтэй гэдэг дээр би санаа зовоод байгаа юм.

-Одоо ОУВС-тай хийсэн гэрээний хүрээнд 5.5 тэрбум доллар орж ирнэ. Та энэ мөнгийг юунд зарцуулаасай гэж бодож байна?

-Экспорт хийх зориулалтай үйлдвэрт зориулах хэрэгтэй.

-Тэр нь ямар үйлдвэр байх вэ?

-Бид чинь эдийн засгаа солонгоруулах тухай удаан ярьж байна. Эхний ээлжинд 100-150 ширхэг мах боловсруулах жижиг үйлдвэр барих хэрэгтэй. Хоёроос гурван сумын дунд нэг жижиг үйлдвэр байх тооцоо бий. Мах гарахгүй байгаа шалтгаан нь боловсруулалтдаа байгаа юм. Үйлдвэрийн аргаар боловсруулж чадвал монгол малын маханд хангалттай зах зээл байна. Үйлдвэр бүрт лаборатори байх хэрэгтэй. Мал бүрийн дотор эрхтэнд шинжилгээ хийгээд баталгаа өгөх хэрэгтэй.

-Яагаад сумдад үйлдвэр байгуулах хэрэгтэй гэж?

-Өмнө нь дөрвөөс таван сар гээд тууврын мал наадмын өмнө үйлдвэрт тушаагддаг байсан. Одоо тууврын мал ч байхгүй. Туух хүн ч байхгүй болсон. Тэгэхээр малчдад ойрхон үйлдвэр байх хэрэгтэй. Миний тооцоогоор бидэнд жилд 200 мянган тонн мах гаргах боломж бий. Гэтэл өнгөрсөн онд 30 орчим мянган тонныг экспортолсон мэдээ бий. Малчдын орлого нэмэгдвэл залуучууд энэ бизнест сонирхолтой болно. Өнөөдөр малын бэлчээр даацаас хэтэрсэн. Ахин өсөх боломж байхгүй. Тийм учраас цаашид байгаа малаа эргэлтэд оруулах хэрэгтэй болж байна. Би цөөнгүй гадны оронд явж үзсэн. Гаднаас ирээд монгол малын мах идэхээр үнэхээр амт нь мэдрэгддэг. Дэлхийн хүмүүс цэвэр эко мах идэх сонирхол нэмэгдэж байна. Цэвэр ус, өвс, агаарт өссөн малын махны амт шал өөр байдаг. Энэ бүхэн манайд байна. Жилд 20 сая төл хүлээн авч байна. Энэ хэмжээний малыг эргэлтэд оруулах хэрэгтэй. 20 сая малаас тал нь дотоодын хэрэгцээгээ хангачихна. Тиймээс арван сая малын түүхий эдийг экспортын чиглэлээр боловсруулах шаардлагатай байгаа юм. Том үйлдвэр байгуулахаар малчдаасаа холдох гээд байгаа юм. Харин арьс шир боловсруулах үйлдвэрийг томоор байгуулж болно. Жишээлбэл баруун, зүүн, төвийн гэхчлэн байгуулж болно. Барууныхан “Жаргалтай малын мах иднэ” гэж ярьдаг болсон. Энэ чинь манай бэлчээрийн малын махыг хэлээд байгаа юм. Бас эдгээр үйлдвэрүүд өндөр ашигтай ажиллана. Үүний баталгаа болох түүхий эд бидэнд байна. Гадаад зах зээл нь хангалттай. Энэ бүхнийг тооцож үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалт хийх бодлогоо тодорхойлох хэрэгтэй.

-Та Оюу толгойн гэрээг яаж хардаг вэ?

-Зээл авдаг нь буруу байсан юм. Яахав тийм том гэрээ хийх туршлагагүй байсан. Гэхдээ дараагийнх дээрээ анхаарах хэрэгтэй. Гэрээндээ боломжийн засвар оруулах аргыг хайж болно.

-Гэрээнд ямар алдаа гарсан гэж үзэж байна?

– Зээл авахгүйгээр “Манайх баялагаараа хувь нийлүүлнэ. Харин танайх хөрөнгөө оруул. Тэгээд ашгаа хуваана” гэсэн бол болох байсан. Германы эдийн засагч хэдэн сарын өмнө “50-60 тэрбум долларын нөөцтэй ордоо эзэмшүүлчихээд өөрсдөө өрөнд орно гэдэг нь хачин юм” гэсэн. Оюу толгойн гэрээ бидэнд сургамж болсон гэж бодож байна. Гэхдээ сургамж гэчихээд хаячихаж болохгүй. Цаашдаа сайжруулах талаар ажиллах л хэрэгтэй байгаа юм.

-Эдийн засгийн алуурчид гэдэг номонд ийм загварыг бичсэн байсан…

-Харин би бас сүүлийн үед тэр загвар орж ирсэн юм биш байгаа гэж гайхаад л сууж байна. Тийм учраас их хэмжээний хөрөнгө оруулалтад болгоомжтой хандах хэрэгтэй болчихоод байгаа юм.

-Эрдэнэтийн 49 хувь, 51 хувь гээд маргаан явж байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-Эрдэнэтийн 49 хувийг авсан зөв байх гэж бодож байгаа юм. Гэхдээ өөрсдөө мөнгөө босгоод авсан бол шүү дээ. Харин сүүлийн үед гарч байгаа мэдээлэлд дурдсан шиг төрийн мөнгөөр авчихсан бол болохгүй л дээ. Харин 51 хувийн барьцааны тухай бол эхний ээлжинд өдөр болгон хүү нэмэгдээд байгаа тэр өрийг даруйхан төлөхгүй бол болохгүй. Миний ойлгосноор нэгэнт эзэд тодорхой бол дараа нь хариуцлага тооцож болох байх. Энэ асуудалд төр хатуу шийдвэр гаргаад хугацаа алдахгүй тууштайхан хэрэгжүүлчих хэрэгтэй л дээ.

-Сүүлийн үед төрийн түшээд мөнгөтэй холбогдсон мэдээ их гарах боллоо. Энэ юутай холбоотой гэж үзэж байна?

-Ашиглах, идэх сонирхолтой хүмүүс их болсон юм шиг байна. Хариуцлагын тогтолцоо ярианаас хэтрэхгүй байна. Буруу зүйл хийсэн хүмүүст хатуухан хариуцлага хүлээлгээд явуулдаг байх хэрэгтэй. Хариуцлага хүлээлгэнэ гэдэг нь шоронд хийгээд байхыг хэлж байгаа юм биш. Аливаа буруу үйлдлээс гарсан хохирлыг л төлүүлчихдэг тогтолцоо дутагдаад байгаа юм. Сүүлийн 20 гаруй жил ардчилал, хүний эрх гэж хэт туйлширсан. Энэ хооронд хариуцлагын тогтолцоо алга болсон. Тийм учраас миний ярьдаг нэг зүйл бол сахилга, хариуцлага, дэг журам болоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *