Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам саяхан зурагтаар өөрийнхөө тухай бас энэ засгийн тухай ярилаа. Түүний ярьсныг цахим орчинд байршуулсан нь шуугиан тарьж, аанай л магтаал дагуулж байна. Тэрээр ардчиллын эхнээс нь оролцож өнөөдөр АН-ын голлох, өмнөө барьдаг зүтгэлтний нэг болсон. Одоогоос 20 гаруй жилийн тэртээ буюу 1990 оноос ардчилагчдын бэлдсэн илтгэлийг уран тодоор уншин нийгэмд хүргэсэн нь түүний улс төрийн замнал. Жүжигчин, найруулагчийн хувьд түүнтэй эгнэх хэн байх билээ. Тэгээд ч энд тэр тухай ярих гээгүй байна.
Харин зурагтаар ярьсан яриаг нь тойрон бичих гэсэн юм. Тэрбээр ярихдаа улс төрийн талаар айхтар ширүүн өнгөөр ярьж, нэр бүхий улстөрчдийг хурц шүүмжилж байгаа харагдлаа. Сэтгүүлчийн асуултад “Н.Алтанхуягийг би огцруулах л болно. Бид огцруулж чадах ч ёстой. Х.Тэмүүжинг би дэмжсэн, харин одоо яг тэрэн шигээ түлхэн унагаж бас чадна. Х.Тэмүүжин сайдыг би огцруулна” гэх зэргээр хариулж айхтар “туйлж бас тургиж” байх нь гарав. Түүнийг ингэж зөөлөн хэлбэл ширүүн ярьснаар хүмүүсийн бах үнэн ханаж байх шиг байна. Ер нь бол нийгэм нэлээд хөөрхөн бужигнав. Энэ нь ч Ардчилсан нам болон Сосорбарамын нийгэмд ямар нөлөөтэй байгааг харуулсан зүйл юм. Тэд “Манай Со ёстой буулгаж тавилаа. Хэлсэн шиг хэллээ. Эрх баригчдыг ингэж л хэлэх ёстой байсан байхгүй юу. Эрх баригчдад ийм үг хэлэх дутаад байсан юм. Н.Алтанхуяг яв зайл, далд ор” гэх зэргээр Ерөнхий сайдыг үгийн муугаар муулж Со гавьяатыг амаа олохгүй магтаад эхэлжээ. Үзэгчдийн сэтгэгдэл Сосорбарам гавьяатад ийн урам хайрлаж, улс төрийн нэгэн туйлшрал, хийрхэл өрнөдгөөрөө өрнөж байна.
Гэхдээ үүнийг арай өөр байдлаар хараад төсөөлөөд үз дээ. АН-ын гишүүний ийн өгүүлснийг Монголын улс төрд хамгийн тулхтай нам болох МАН-тай жишээд үзье. За Сосорбарам гавьяатыг МАН-ын ямар зиндааны зүтгэлтэнтэй харьцуулах вэ гэвэл тэрээр АН-даа МАН-ын Д.Содном гуайн дайны, түүнтэй дүйхүйц хүн. Ерөнхий сайдын албыг л хашаагүй болохоос биш АН дотроо Д.Содном гуайн хэмжээнд зиндаархана. Тэгэхээр одоо зурагтаар Д.Содном гуай ярьж байна гээд бод. Сү.Батболд Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүнээр, Я.Содбаатар гишүүн Хууль зүйн сайдаар ажиллаж байна гэж төсөөлцгөөе. Ийм нөхцөлд Д.Содном гуай Д.Сосорбарам гавьяатын хэлснийг хэлж байгаагаар харьцуулъя. “Би Сү.Батболдын Засгийн газрыг унагана. Бид огцруулж чадах ёстой. Хууль зүйн сайд Я.Содбаатарыг унагах л болно. Би Я.Содбаатарыг яаж гаргаж ирсэн, яг түүн шигээ татаж унагаж чадна” гээд хэлчихлээ гэж төсөөлөхөд бэрх сонсогдохоор байгаа биз. Энэ тохиолдолд нийгэмд юу болох бол. “Пээ пүү” болж “Энэ Содном гуай чинь яачих нь энэ вэ. Юу болоод байна аа. Мэдрэл нь бүрэн үү. Галзуурсан юм биш биз. Ийм юм ярьж байгаа нөхрийг ахин хэвлэл мэдээлэл рүү бүү ойртуул” гэж ирээд л шуугицгаана. Үнэндээ энэ бол төсөөлөл, Д.Содном гуай хэзээ ч ингэж хэлэхгүй, тулхтай, ноён нуруутай улс төрийн зүтгэлтэн билээ.
Тэгвэл Со гавьяатыг ингэж ярихаар яагаад “Гялалзуулчихлаа. Хэлсэн шиг хэллээ. Хэлснийг нь сонсоод тайвширлаа” гэцгээгээд байгаа юм бэ. Шууд хэлбэл хоёр намын нэг ижил үзэгдэлд нийгэм яагаад ийм өөр, өөр үнэлэлт өгнө вэ. Яагаад АН-ынхан ингэж улс төрийн жишиг, стандартаас гадуур авирлаж болдог, МАН-ынхан стандарт хэмжээнд ярих ёстой гэж. Нийгмийн нэг л хэсэг, ижил эрх үүрэгтэй хоёр намаас адилхан стандарт, авир, үйл хөдлөлийг шаардаж баймаар юм. Энэ үзэгдэл эрүүл үү. Энэ талаар та бүхэн бодож үзсэн үү.
Зүй нь намын ажлыг шүүмжлэх бол нам дотроо байвал зөв биз дээ. МАН-ынхан ч ингэдэг. Тэд намын асуудлыг нийгэмд гаргаж тавьдаггүй. Яагаад гэвэл намын нэр төр олон түмний дунд хугарна гэж үзсэнээс тэгдэг. Түүнээс хэн нэгнээс айгаад бас шударга бусдаа юмаа нуугаад байдаг юм биш. Намын нэр хүнд олон түмэнд унавал тэр нам ялалт байгуулж чаддаггүй. Нам ялж байж намын гишүүд нь сайн сайхан явдаг. Харин Ардчилсан намын нөхөд намын нэр төр огтхон ч бодож үздэггүй хүмүүс байдаг. Тэд өөрсдөө л нийгэмд тодрон гарч ирэх гэж ингэж намын хэрүүлийг нийгэмд цацдаг. Энэ айхтар хэрүүл шуугиан хийгээд байгаа хүмүүс хоорондоо утсаар ч болтугай үг зөрж үзсэн болов уу. Аягүй бол тэгээгүй дээ. Шууд л хэвлэл мэдээлэл радио телевиз гээд гүйгээд хамаг нарийн нандин зүйлээ олон түмэнд дэлгэж хаяад байх нь нийгэм төлөвшихөд бас нам төлөвшин хүчирхэг болоход их саадтай байна.
Тиймдээ ч манай сонин АН-ынханд хандан байнга уриалж байдаг даа. “Дотооддоо асуудлаа ярилцаж байгаач. Ойлголцож, зөвшилцөх асуудлаа тэрүүхэндээ шийдчихээд олны өмнө гарч бай” гэж. Тэгэлгүйгээр манай намын ардчилал хэмээн ханхалзаж ганц үгний солионоос болоод л уур цухал болж хэвлэл, зурагт, радио, нийгэм рүү хэл амаа билүүдэхээ яарах юм. Өглөө тэврэлдээд сүйд байсан нөхдүүд орой тангараг тасарчихсан хэвлэлээр хэрэлдээд сууж байх нь энүүхэнд
Ер нь 1990 оны тэртээд гурван цуглаан хийж, нэг өлсгөлөн зарласан нөхөд одоо ч АН-ын толгойд байгаад асуудал оршиж байгаа мэт ойлгогдох болж. Тэд тэр үеийнхээ арга барилаас огт гарахгүй, өөрөөр ажиллаж чадахгүй байна. Юм л бол “огцруулна, нураана” гэнэ. Болгоно бүтээнэ гэх хүмүүс энэ намд маш цөөхөн. Улс орондоо ганц байшин ч барьж үзээгүй юм чинь арга ч үгүй юм даа гэж хүртэл бодох боллоо. Үнэндээ АН-ынхны ганц хийж чаддаг огцруулж, хольж солих асуудал бол Монгол төрийг л нурааж байгаа хэрэг. Тэгэхээр АН Их хурлаа хуралдуулж шинэ хүмүүсээ гаргаж ирэн цус сэлбэх цаг нь болоогүй юу. Намаа шинэ үеэр удирдуулах болоогүй юу. 1990 оны хувьсгалын толгойлогчид биш энх цагийн удирдагчид, бүтээн босгогчид энэ нийгэмд бас Ардчилсан намд хэрэгтэй байна. Алийн болгон партизаны дайн хийж ойд байгаа партизаны байгууллага шиг явах болж байна даа, энэ Ардчилсан нам.
Дашрамд хэлэхэд Ерөнхий сайдын шийдвэрээр Баянхонгорын Засаг даргаас саяхан чөлөөлөгдсөн Д.Жаргалсайханыг Д.Сосорбарам гавьяатын дүү гэцгээх юм. Үнэн худлыг хэн мэдлээ. Энэ үнэн бол Со гавьяатын ярьсан бүхэн эрх ашгийн зөрчилтэй болж харагдах нь түүний хэлсэн ярьсныг хүчгүйдүүлж байна. Түүн шиг шударга үнэний элч хэмээгдэн хүндлэгдэх болсон хүний хувьд эвгүй л санагдах юм. Гэвч сайн хүний нэрийг шороонд хутгах гэсэн “золбин”-гууд “хуцаж ” л байгаа биз дээ.
Л.МӨНХТӨР