Categories
мэдээ цаг-үе

Д.Шаравдорж: Би одоогоос арав, хорин насаар залуу байсан бол маш их юм хиймээр л байна

Төрийн тэргүүнээс “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгийг аваад удаагүй байгаа Нийслэлийн хот тохижилтын газрын авто баазын жолооч Дуламсүрэнгийн Шаравдоржтой ярилцлаа.


-Танд төрийн дээд одон медаль хүртсэнд баяр хүргэе. Энэхүү шагналыг авна гэдгээ хэзээ мэдсэн бэ. Яаж бэлтгэж очив?

-Ийм нэр хүндтэй шагнал авах гэж байгаагаа тэр өглөө нь л мэдсэн. Шөнийн ээлжинд гараад өглөө нь буугаад мэдсэн л дээ. Гэрт иртэл утсаар залгаж хэлсэн.

-Хаанаас утасдаж хэлэв. Та ямаршуу байдалтай хүлээж авсан бэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж мэдэгдсэн. “Та 11:00 цагт ирж, шагналаа аваарай” гэсэн. Тэр өглөө нь би 8:00 цагт ажлаасаа буусан юм. Тэгж л анх мэдсэн.

-Шөнийн ээлжинд гарсан гэхээр унтаж амарч чадаагүй ядарчихсан байж дээ?

-Манай ажил тасралтгүй 24 цагаар Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр байдлыг хариуцаж ажилладаг. Бүх л ногоон байгууламж, далан суваг цэвэрлэх, зам талбайг хог шороогүй байх үүргийг хүлээдэг. Хэдий ядарсан ч сайхан хамт олны энерги дунд ядарснаа ч мэддэггүй явж байдаг. Ядарч, зүдрэх бишгүй л зүйл тохиолдоно. Бидний ажил хүнд шүү дээ. Гэхдээ түүнийгээ мэдрэхгүй л өнгөрчихсөн, нэг мэдэхэд л ажлаа хийгээд дуусчихсан, ард нь гарчихсан байдаг юм.

-Таныг мэдээж ажлаас тань л тодорхойлж өгсөн байх. Тэгээд танд тухайн үедээ мэдэгдсэн үү. Авч магадгүй гэсэн таамаг байгаагүй юу?

-Тиймэрхүү юм цухас дурдаж байсан. Тэр үедээ бодоо ч үгүй, санаа ч үгүй. Ажил ихтэй болохоор ажилдаа дарагдаад мартчихсан. Ээлжинд гараад гэртээ хонохгүй. Заримдаа өглөө орж ирнэ. Заримдаа шөнөдөө ирнэ. Тэгэж байгаад л нэг мэдэхэд шагнал өгөхөөр болсон гэхээр нь их цочирдсон. Ажил хийвэл ам тосдоно гэдэг дээ. Төрийн тэргүүнээсээ төрийн дээд эрхэм шагнал аваад зогсож байхад бодитой юм байна, бодитоор үнэлдэг, дүгнэж цэгнэдэг юм байна. Сайхан цаг ирчихсэн юм байна л гэж бодогдсон доо. Нөгөөтэйгүүр би энэ их хүндтэй шагналыг хамт олныхоо өмнөөс авчихлаа, цаашдаа би яах ёстой вэ, юу хийх вэ гэж бодох хариуцлага ирдэг юм байна. Би арай залуу, одоогоос арав, хорин насаар залуу байсан бол маш их юм хиймээр л байна. Тэглээ ч гэсэн би тэтгэвэрт гартлаа маш шургуу хөдөлмөрлөж, их ажлыг хийх урам зориг, үүрэг хариуцлагыг өгдөг юм байна даа л гэж бодогдож сууна.

-Цэвэр, хоггүй хотын төлөө ядарснаа ч үл анзааран ажилладаг байх нь ээ?

-Хамт олны сайхан уур амьсгал дунд ажиллах ч таатай шүү. Би одоо ажиллаж байгаа ажилчдынхаа хамгийн настай нь л даа. Залуучуудтай ажиллах их урам зориг өгдөг. Тэр дундаас эрч хүч, энергиэ авна. Энэ жил 64 нас хүрчихлээ. Залуучуудтай ажиллана гэдэг надад хамгийн сайхан мэдрэмжийг өгч, сэтгэл өег байдаг шүү.

-Анх хэзээ жолооч болж байв. Жолооч болсон түүхээ дурсаач?

-Би 1975 онд жолооч болсон. Тухайн үедээ Тээврийн яамны харьяа Авто тээврийн нэгдүгээр баазад бензин тээврийн машин барьдаг байлаа. Тэнд бол даргаас бусад бүх ажлыг хийсэн дээ. Тухайн үед хувьчлал явагдаад татан буугдсан. Тэгээд энэ байгууллагадаа орсон юм.

-Ажилдаа ингэж дурлах, ядарснаа ч мэдэхгүй ажиллах сайхан хамт олон бүрдэж чадсан гэсэн үг үү?

-Бидний ажил цаг наргүй, хүнд хэцүү ч нэг ч хүн тэгж гомдоллодоггүй. Дарга маань их сайхан хүн. Биднийг маш их дэмждэг, тусалдаг. Байгууллага гэдэг сайхан шүү дээ. Хот тохижилтын газар маань 55 жил болж байна. Би энэ байгууллагад ороод хориод жил болчихож. Нийтдээ 42 жил ажилласан байна.

-Олонх хүмүүсийн бодлоор та бүхний ажил нэг бодлын хотоо цэвэр байлгах хариуцлага, нөгөө талаар бохир заваан ч юм шиг санагддаг. Нийслэлийнхээ цэвэр цэмцгэр байдлыг хангахад жаргалтай үе, хэцүү мөч нь юу байдаг вэ?

-Хүмүүс яахав, хүнд хэцүү, бохир заваан гээд янз бүрээр л ярьж байдаг. Хүн ажлыг голохоос ажил хүнийг голохгүй. Бид хийхгүй бол өөр хэн хийх юм бэ. Хамгийн гол нь тэр шүү дээ. Бид л хийх ёстой. Хотоо цэвэр цэмцгэр, хоггүй шороогүй Азийн цагаан дагинаар нь байлгахын тулд хичээж өдөр бүр ажилдаа яарч тэмүүлдэг. Бохир заваан ажил гээд бүгд хойш суугаад байвал хэн хийх вэ. Тэгэхээр бид л хийх ёстой. Тэр үүднээсээ бид хотоо аль болох цэвэрхэн байлгах гэж маш шургуу хөдөлмөрлөдөг. Бүгд ажилдаа дуртай, хайртай. Манай хамт олон бүгд л тийм хүмүүс байдаг. Олон жил ажиллачихсан. Тэр бүх баяр жаргалаа хамт олноосоо л олж хардаг юм. Хэдий ядарсан ч эрч хүч, энергийг хамт олон минь өгч нөхдөг.

-Хориод жил энэ ажлыг хийхэд шантрах үе гарч байв уу?

-Бэрхшээл бол зөндөө л гарна. Ганц цэвэрлэгээ ч биш бүхий л ажилд явна. Хотын ямар л хүнд хүчир ажил байна тэр бүгдэд оролцоно. Халдварт өвчин гарахад, цас, бороо ороход гээд хотынхоо жаргал зовлонтой үед бүгдэд оролцоод явдаг. Гэхдээ түүгээрээ үргэлж бахархдаг. Энэ бол бидний хийх ёстой ажил. Сайхан хүмүүстэй ажилладаг учраас ажлаасаа шантардаггүй. Би тэтгэврээ тогтоолгоод дөрвөн жил болж байна. Хамт олондоо сэтгэл хоргодоод аль болох явахгүйг хичээдэг. Тийм л хүсэл эрмэлзэлтэй байдаг юм даа.

-Таныг тэтгэврээ тогтоолгочихоод гарсангүй гэдэг ч юмуу одоо амар гэж хэлэх хүн байдаг уу?

-Байхгүй. Манай хамт олон их эвсэг. Тэдэнтэйгээ л ажиллаад байх хүсэл, сонирхол, эрмэлзэл маш их бий. Тэд маань надад ижил дасал болчихсон. Хамт олон гэдэг ийм л сайхан юм байдаг юм байна. Олон жил жаргал, зовлонгоо хуваалцаад хамт байчихсан хүмүүс чинь миний хоёр дахь гэр бүл, ижил дасал болсон ах дүүс минь юм шүү дээ.

– Гэр бүлээ танилцуулаач. Та хэдэн хүүхэдтэй вэ. Таны хань ямар мэргэжилтэй вэ?

-Миний ханийг Түмэнтогтохын Алтанцэцэг гэдэг. Чех улсад арьс ширний чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Гутлын технологич, инженер мэргэжилтэй. Миний төрсөн нутаг Төв аймгийн Бүрэн сум. Аав минь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хүн. Удмаа дагаж Өвөрхангай аймгийнх гэж л ярьдаг юм. Бид дөрвөн хүүхэдтэй. Дөрвүүлээ тусдаа гарчихсан. Бага охин минь Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг. Гурван хүү минь хотод ажил хөдөлмөр эрхлээд амьдарч байгаа. Ач, гуч нийлээд арав гаруй болсон. Манай гэр бүл хориод гишүүнтэй өнөр өтгөн болоод байна. Хүүхдүүд тусдаа гарчихсан болохоор бид хоёр л байдаг юм.

-Цаг наргүй ажиллаад байхаар хүүхдүүд яаж хүлээж авдаг вэ?

-Заримдаа ч хэцүү байдаг шүү. Ач, гуч, хүүхдүүдтэйгээ сардаа нэг ч юм уу хоёр сардаа нэг уулзалдах юм даа. Ажлын цаг маш эрт эхэлнэ. Өглөө 5-6 цагт л гардаг юм. Замын цэвэрлэгчидтэйгээ адилхан өглөө эрт гараад явчихна. Заримдаа ч шөнөдөө бууж ирнэ. Хүүхдүүдтэйгээ тэр болгон таараад байхгүй юм. Нэг уулзалдахаараа хүүхдүүд саначихсан сүйд болно. Ач, гуч нар хааяа нэг амрахаар ирээд ноолоод салахгүй. Нэг уулзсаных гээд сайн эрхлэлдэнэ.

-Ямар үед ажлаараа хамгийн их бахархах мэдрэмж төрдөг вэ?

-Ажлаа нугалчихаад, хийж дууссаныхаа дараа хийсэн зүйлээ хараад бид чадлаа гэж бодоод бахархаад сууж байх хамгийн гоё мөч нь байдаг юм. Манай байгууллага 750 ажилчинтай. Шөнийн ээлжинд ажиллахад бүх зүйл нь бэлэн, хангамж сайтай. Шөнийн ээлжийн тогооч гэж бий. Шөнийн ээлжийн шуурхай гэж бас байна. Ажлаа дуусгаад байрандаа ирээд бөөнөөрөө цайлаад суухдаа хоорондоо жаргал зовлонгоо ярина, инээж хөхрөлдөнө. Нэгнийгээ хөөргөж явуулна. Тэр үед л хамгийн сайхан байдаг юм. Ядарснаа мартаад хоорондоо хөгжилдөөд, дурсамжаа бүтээж байгаа юм шиг л санагддаг.

-Ажлын нөхцөл байдал ажиллахад урамтай, таатай орчныг бүрдүүлж чаджээ дээ?

-Хот тохижилтын газрын дарга Бямбадорж гэдэг хүн хоёр дахь удаагаа энэ байгууллагад ирчихэж байгаа юм л даа. Анх даргаар ирэхэд нь Хот тохижилтын газар маань өр ширэнд орчихсон, машин техник нь муудчихсан хүнд байдалд орсон үе байсан юм. Тэр үедээ 300 гаруй сая төгрөгийн өртэй, ноормын хувцсаа ч тавьж чадахгүйд хүрчихсэн, ноормынхоо сүүг өгч чадахгүй, ажилчдынхаа хоолны мөнгийг өгдөггүй, цалингаа тавихад хүндрэлтэй болчихсон үед л авсан. Дарга маань байгууллагыг өр ширнээс салгаад, өөрийн гэсэн байр орон сууцтай, техник үйлчилгээндээ засвар хийгээд өөд нь татсан. Тэр үедээ манайх түрээсийн байранд байлаа. Одоо өөрийн гэсэн байртай, өр зээлгүй, арвангурав дахь сарын цалингаа өгдөг. Ажлын хувцсыг 2-3 жилд нэг сольж өгдөг байсан бол одоо тогтмол солино. Сард хоёр удаа цалингаа цагтаа тавьдаг. Хоол унааны мөнгөө тогтмол өгнө. Ажилчдын автобус өглөө, оройдоо ажилчдаа зөөдөг болсон. Ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Хүний урам зоригийг сэргээж, ажилдаа дурлах шалтгааныг бий болгож чадсан. Энэ бүхнийг хийж чадсан даргадаа маш их баярладаг. Заримдаа бид ядрахаараа амралтын өрөөндөө хоночихдог. Би л гэхэд 24 номертой. Номерынхоо мишокыг аваад амралтын өрөөндөө ороод унтаад өгнө. Тийм л сайхан болгож өгсөн дөө. Манай дарга өөрөө Нийслэлийн иргэдийн төлөөлөгч. Олон хүүхэдтэй айлд өссөн борог амьдрал мэддэг хүн. Өөрөө бидэн дунд ороод жаргал зовлонгоо хуваалцаад, биднийг хүнд ажил хийх үеэр ноормын хувцас өмсчихсөн, хүрз бариад яг л бидэнтэй адил ачиж буулгаад, дунд нь ороод боорцог бол боорцгоо хувааж идээд, хар цайгаа хувааж уугаад, ажилладаг болохоор дарга цэрэг гэж ялгагдахгүй ажиллаж чаддаг. Тэр хэрээрээ хүнд анхаарал тавина. Ажилчдынхаа нийгмийн асуудалд маш их анхаарна. Хүнд хэцүү зүйлийг нь шийдвэрлэж өгөхөөр зорино. Байнга тусламж, дэмжлэг үзүүлнэ. Мөн тэр хэрээрээ хүмүүсээ удирдан чиглүүлнэ, хариуцлага нэхнэ, ажилдаа хариуцлагатай байхыг шаардана. Үнэхээр удирдан зохион байгуулагч хүн шиг санагддаг.

-Шуурхай алба гэж байдаг гэсэн. Ямар үед шуурхай авдаг вэ?

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүр, шуурхай дуудагдана. Хэдэн цагт ч хамаагүй дуудна. Бидэнд утсаа унтраах эрх байхгүй. Шөнө, өдөр хамаагүй. Байнгын утсаа чагнаад л байж байна.

-Урьдчилан сэргийлж болдог уу?

-Нэг үеэ бодоход цаг агаарын мэдээг үнэн зөвөөр мэдээлдэг болчихож. Цаг агаарын мэдээ сонсож байгаад тэдийд цастай, бороотой гэвэл бид хоёр цагийн өмнө очоод бэлэн байдаг. Тэгээд л цас ороод эхэлбэл бодисоо ачиж аваад гарна. Заримдаа 100 тн хүртэлх бодис ачаад гардаг. Цас ихтэй жилийн давтамж таван жилээр явдаг юм шиг байгаа юм. Жилдээ бол 30-150 удаа цас ордог юм шиг байна лээ. Үүнд бол хяруутах, багахан хаялах ч орно. Жаахан хяруу унахад л зам мөстөөд гулгаа үүсдэг. Тэр бүрт л өглөө болгон бодисоо цацна. Хаврын цас ханзартал нэлээд хүнд дээ. Шөнө, өдөргүй л ажиллана. Улаанбаатар хотод 1700 гаруй км далан суваг байдаг байх. Тэр бүгдийг цэвэрлэнэ. Эзэнгүй тэнүүлч нохой, муураа устгана. Нийслэлийн бүх ногоон байгууламжийг хариуцана. Тэр бүрт өөрсдөө л явна даа.

-Энэ бүх ажлыг нэг байгууллага хариуцдаг гэхээр тухай тухайн чиглэлээр сургалт, зааварчилгаа, зөвлөмж хийдэг үү?

-Сургалт явагдана. Ногоон байгууламжийн сургалт, далан сувгийг яаж арчилж цэвэрлэх, зам талбайг хэрхэн цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа сандал, ширээ, сүүдрэвч гээд бүгд л манайх хариуцдаг. Тэр бүгдийн засвар үйлчилгээг хийнэ. Засч янзлаад, будаж сэлбээд буцаад байранд нь тавина. Бид тасралтгүй 24 цагаар арчилгаа, цэвэрлэгээгээ хийгээд л явж байдаг даа.

-Та энэ байгуулагадаа хориод жил ажиллахдаа шалтгаангүй ажил таслах үе гарч байв уу?

-Бидэнд тийм зан байдаггүй юм даа. Бүгд хариуцлагаа үүрээд сурчихсан, таслах эрх ч байхгүй. Намайг ажлаа тасалбал миний ажлыг хэн хийх үү, бусдадаа саад болж ажил нэмэхийг хэн маань ч боддоггүй. Үнэхээр бие өвдсөн, ар гэрийн шалтгаантай бол учир байдлаа урьдчилж хэлээд чөлөө л авна. Орны хүндээ хариуцуулж өгнө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *