Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сайнцогт: Гэнэт хийсэн сүржин мэдээлэлд нь хүмүүс цочирдоод хамаг нүүрс дуусгачихсан байгаа юм DNN.mn

Тэсгим хүйтэн энэ л өдрүүдийг гэр хорооллын айлууд хэрхэн давж буйг сурвалжлахаар Яармагийг зорилоо. Нийтийн тээвэрт суун Яармагийн нэгдүгээр буудалд буулаа. Буунгуут өөдөөс голын ай савын хүйтэн салхи нэвт исгэрэн жиндүүлэв. 34 дүгээр сургуулийн ард Хан-Уул дүүргийн Дөрөвдүгээр хороо байрлана. Шууд хороо руу очиж хэрэг зорилгоо танилцуулаад, хорооны нэгэн аж ахуйч гэр бүлийг заалган, хэсгийн ахлагч Б.Наранцацралтаар газарчлуулан алхлаа. Тэрбээр замдаа ярихдаа “Манай хороо газарт ороод ихэнх таньдаг айлууд гэрээгээ байгуулаад хашаа байшингаа суллаж өгөөд нүүчихсэн. Зарим нь бэлэн баригдсан байранд орсон бол зарим нь эндээ баригдсан байрандаа орно гээд яваагүй хэсэг ч бий. Хашаа байшингаа түрээслээд, өөрсдөө байрандаа орчихсон ч хэсэг байна. Ихэнх нь Буянт-Ухаа-2 хороололд орсон. Одоо ч дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж л байгаа. Байшин хороололтой болоод хүмүүс тохь тухтай амьдрах сайхан ч энд үлдсэн айлууд барилгын том том машины нөлөөгөөр өдөржин шороо тоосонд даруулна, хүүхдүүд тэр замаар нь хичээл сургууль, цэцэрлэгтээ явна. Тэгэхээр тэр тоосжилттой нөхцөлд явсан хүүхдүүдийн дунд ханиад томуу их байгаа. Үүн дээр дахин төлөвлөлтийн компаниуд анхаарлаа хандуулж, шороо тоос гаргахгүй стандарт зам барьдаг юм уу, усжилт хийдэг юм уу ямар нэгэн байдлаар шийдмээр байна” хэмээн асуудлаа ярив. Тэрбээр хойд талаасаа хоёр дахь гудамжинд байрлах Д.Сайнцогт хэмээх айлыг зааж өгч, бид ирлээ. Хаалгыг нь тогштол хүүхэд нь бололтой өндөр шар хүү хаалгаа тайлав. Хорооны хэсгийн ахлагч аав, ээжийг нь байгаа эсэхийг асуугаад түрүүлээд орлоо. Хашааны баруун талд урт том байшин урд нүүрнээсээ эхлэн байрлажээ. Зүүн урд өнцөгт нь хоёр хаалга бүхий жорлон байна. Жорлонгийнхоо хойно нохойгоо уяжээ. Жаахан хойшоо яваад мод овоолон эмх цэгцтэй гэгч нь өрж тавьсан байна. Чигээрээ хойшоо явахад, жижиг зуны бололтой амбаар түүний араар хашаатайгаа чацуулан битүү мод өрсөн аж. Дахин хойш явахад хоёр гэр зэрэгцүүлэн барьжээ. Зүүн талынх нь гэрт ортол 2-3 дугаар ангийн болов уу гэмээр хоёр хүү хичээлээ хийж сууна. Хэсгийн ахлагч Б.Наранцацралт аав, ээжийг нь асуутал “Ажлын байранд байгаа” хэмээн зэрэг зэрэг хашгиралдав. Гэрээс буцаж гараад урд талын байшин руу орлоо. Байшинд настай эмэгтэй бас нэгэн эмэгтэйтэй хамт сонгино уутлан үүд рүү дөхүү суужээ. Харин цаад хананд байрлуулсан ваннд нэгэн эрэгтэй төмс угаан зогсоно. Түүний наана махлаг бор хүүхэн суугаад тооцоо бодож буй бололтой тооны машин тачигнуулна. Хэсгийн ахлагч эмэгтэй хэрэг зорилгоо танилцуулаад “Та хэд сэтгүүлчтэй сайхан танилцаад аваарай. Би дараагийн ажилдаа яаруу явна” хэмээн урсгаад сандруухан гараад явчихлаа. Цаана төмс угааж байсан залуу “Цай уухгүй дээ” хэмээн хэлэхтэй зэрэгцээд хаалга хаагдав. Ингээд бид танилцлаа. Гэрийн эзнийг Д.Сайнцогт гэх бөгөөд гэртээ бичил бизнес эрхэлдэг аж. Монгол ногоо бөөний үнээр худалдан аваад, угааж ялгаж, цэвэрлээд 0.5, 1, 2 клограммаар савлан зардаг. Төмс, лууван, сонгиноо тус тусад нь бас холимог 2 кг зэргээр савлаж, “Чанар” ХХК-ийн үйл ажиллагаа энэ хашаанд явагддаг байна. Гэрийн эзэгтэйг Б.Пүрэвцэцэг гэдэг. Тэд таван хүүхэдтэй өнөр өтгөн айл юм. Ногоо савлан суугаа настай эмэгтэйг С.Намжилмаа гэх ба гэрийн эзэгтэйн ээж аж. Түүний өөдөөс харан суугаа эмэгтэйг О.Сүрэн гэх бөгөөд энэ айлын том бэр нь гэнэ. Ингээд бид цай уух зуураа танилцаад ажил нь хэрхэн явагддаг талаар хууч хөөрөв. Бөөний үнээр ногоогоо худалдан авдаг гэрээт ногоочидтой гэнэ. Тэр хүнээсээ долоо, долоо хоногоор ногоогоо авдаг. Дан монгол ногоог л зардаг. Бүр монгол ногоо тасраад олдохгүй үе гарвал л Барс зах дээрээс бөөний ногоо авч, угааж савлаад зардаг гэнэ. Энэ талаар гэрийн эзэн Д.Сайнцогт ярихдаа “Бид ногоо авдаг найдвартай хүнтэй. Өвлийн нөөцөө тэр хүмүүс маань нөөцлөөд хураачихдаг. Барагтаа л ногоогоор тасраад байдаггүй. Яалт ч үгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарчихгүй л бол бидний бизнес зогсдоггүй. Одоогоор 37 дэлгүүртэй гэрээтэй байнгын ногоо нийлүүлдэг. Хэрэглэгчид ч манай ногоог мэддэг болчихсон, байнга асууна. Нэг дэлгүүрээ гурав хоногийн дараа эргэнэ. Тэрнээс удчихвал ногоо муудах эрсдэлтэй. Тиймээс ойр ойрхон шинэ ногоогоор хангахыг хичээдэг. Эхлээд ногоогоо авчирч энэхүү ванндаа угаагаад, муудсан хэсгийг ялгаж хаяна. Төмсний зарим хэсгийг зүсэлт хийж аваад нэг уутанд нэг ширхэг зүсвэр хийн ууталдаг. Манайх энэхүү өрхийн бизнесээ 2012 оноос хойш хийж байна. Сүүлийн жилүүдэд энэ хавийнхан маань газарт ороод манайхыг ч гэсэн гэрээгээ байгуул гэж шавдуулах боллоо. Бид ажлаа байранд хийх боломжгүй болохоор яарахгүй л байна” гэв. Харин гэрийн эзэгтэй “Манайх хашаандаа гурав, заримдаа дөрвөн газар гал түлдэг. Хааяа бага ах маань ирж ажилладаг юм. Тэр үед энэ өөдөөс харсан жижигхэн амбаартаа гал түлнэ. Долоо хоногт зургаан шуудай нүүрс өгдөг нь үнэндээ хаанаа ч хүрдэггүй. Энэ хойно байгаа хоёр гэрийн зүүн талынх нь манайх. Баруун талынх нь ээжийнх” гэлээ. Ингээд бид идэр есийн хүйтэнд хэрхэн галлагаагаа хийдэг, дулаанаа яаж хангадаг талаар ярилцав. Эдний ажлын байр ханан пийшинтэй ажээ. Ногоогоо халуунд муутгахгүй, хүйтэнд хөлдөөхгүй хадгалахын тулд галлагаагаа тохируулах нь их чухал. Тиймээс шөнө бүр босч ажлын байрныхаа дулааныг шалган гал нэмэх үү, болих уу хэмээн 2-3 удаа ажлын байраа эргэдэг гэнэ. Өвлийн улиралд гэр хорооллынхны гол ачаалал нэмдэг зүйл нь галлагаа. Эднийх зөвхөн ажлын байрандаа л гэхэд долоо хоногт 5-6 шуудай шахмал түлш хэрэглэдэг. Хоёр гэртээ байнга хүн байдаг учраас хүүхдүүд хөгшнөө дааруулахгүйн тулд бас л өдөржин галлана. Тэгэхээр уг хоёр гэрт долоо хоногтоо 7-8 шуудай шахмал түлш хэрэглэдэг юм байна. Харин тэднийд сайжруулсан түлш авах эрхтэй карт хоёр л байдаг. Долоо хоногтоо 12 шуудай шахмал түлш л авдаг байна, тэрхүү 12 шуудай нь хүрэхгүй ихээхэн асуудал дагуулна. Шахмал түлш борлуулдаг цэгүүдээр ээлжлэн очиж учир байдлаа хэлэхээр ганц хоёр шуудай нүүрс илүүчилнэ. Ид ачаалалтай үед бол олдохгүйг ч учирлав.


Гэрийн эзэнтэй хэсэг ярилцав.

-Цаг уур орчны хүрээлэнгээс энэ долоо хоногийг маш хүйтэн болно хэмээн анхааруулсан. Өнгөрсөн даваа гаригт хичээл ороогүй цахимаар хичээллэсэн. Энэхүү өдрүүдийг яаж давав?

-Манай энд хойноо голтой болохоор голын хүйтэн жавартай, маш сэрүүхэн. Үүндээ ч дасчихсан даа. Энэ хэдэн дарга нар гэнэт өвөл болж байгаа аятай сүржигнэх юм. Манайх долоо хоног болгоны хагассайн өдөр зургаан шуудай нүүрсээ авдаг. Өнгөрсөн хагас сайнд шахмал түлшээ авахаар очтол манайхтай хамгийн ойр байрладаг ганц цэгт нь нүүрс дуусчихаж. Хайж явсаар бүр эцсийн буудлаас авсан шүү. Гэнэт хийсэн сүржин мэдээлэлд нь хүмүүс цоцроод хамаг нүүрс дуусгачихсан байгаа юм. Өвөл үзээгүй аятай юундаа сүржигнэдэг байна аа л гэж бодогдсон. Хүүхдүүдийн хичээлийг манай эхнэр л хийлгэдэг юм. Би хүүхдүүдийнхээ боловсролын асуудал руу тэр бүр ороод байдаггүй. Хэрэгтэй үедээ багштай нь ярьж зөвлөгөө авна. Тусламж хэрэгтэй бол тусална. Тиймэрхүү байдлаар харьцдаг юм. Хичээлийг ихэвчлэн эхнэр хийлгэдэг болохоор би ар ажлаа л сайн зохицуулах гэж хичээнэ. Энэ ажил маань зогсоо зайгүй л ажиллаж байдаг дуусдаггүй. Сардаа ганц удаа өөрсдөдөө чөлөө өгөөд амарчихаар нөгөө хэдэн дэлгүүр чинь ээлжилж дуудаад амраахгүй. Амарсан ганц өдрийнхөө ажлыг нөхөх гэж хэдэн өдөр шаргуу ажиллах хэрэг гарна. Хүүхдүүд эхнээсээ том болоод тусад орж эхэлсэн. Хамгийн том хүү маань одоо наймдугаар анги. Хичээлийнхээ хажуугаар ээжтэйгээ хамт түгээлтэд явна. Тусад орсон том сайхан залуу бий. Өө энэ ороод ирлээ гэсээр хүү рүүгээ заав.

Түрүүн хаалга тайлж өгсөн өндөр шар хүү байв. Түүнтэй жаахан яриа дэлгэлээ. Хүү С.Эрдэнэбаяр ярихдаа “Би хичээлийнхээ хажуугаар аав, ээждээ тусална. Борлуулалтдаа явна. Дүү нараа харна. Хичээлээ хийнэ гээд маш завгүй байдаг. Айлын том болохоор үүрэх хариуцлага их л дээ. Гэхдээ дүү нараа л сайн хүн болгож өсгөх нь маш чухал” хэмээн хэвлүүхэн ярих аж. Гэрийн эзэгтэй “Зочиндоо хоол хийж өгье. Би гал дээр тавьсан хоолоо үзээд ирье” гэсээр хаалга сэнгэнүүлэн гарч одов. Ногоо уутлах нь их сонирхолтой санагдав. Уут бүрт 5-20 гр илүү савлах юм. Яагаад ингэж байгааг нь асуувал ногоо удах тусмаа жин нь багасдаг болохоор илүү савлах нь зүгээр байдаг. Хүмүүс кг нь хүрэхгүй байна гэх мэтээр хэл ам хийхээс сэргийлж ийнхүү илүү савладаг байна. Ногоо савлан суусан бэр эгч О.Сүрэн “Хоёр дүүдээ туслаад, цалинжаад явдаг. Гэр ойр, энэ хэдээсээ холдож чадахгүй Яармагт амьдраад олон жил болжээ. Одоо өөр газар амьдарна гэхээр ер төсөөлөгддөггүй. Насаараа гэр хороололд, тэр тусмаа Яармагийн жихүүн өвөлд дассан бидэнд энэ мэт хүйтэн нэг их нөлөөлөхгүй л байна. Гол нь тэр долоо хоногт нэг карттай хүнд зургаан шуудай нүүрс өгдөг утгагүй шийдвэрээ болиулмаар юм. Эсвэл тоог нь арай олон болгомоор байна. Манайх нам даралтаар халдаг дөрвөн өрөө байшинтай. Долоон хоногт зургаан шуудай нүүрс хүрдэггүй. Гэтэл эднийх хашаандаа 3-4 газар галлана. Хоёрхон карттай яаж 12 шуудай нүүрс хүрхэв дээ” хэмээн толгой хаялан суув. Бэрийнхээ өөдөөс харан суух хадам ээж нь дэмжин “Нүүрсний асуудлаа л шийдчихвэл манайд өөр дутагдаж гачигдаад байх зүйлгүй. Охин, бэр хоёрынхоо ачаар хэрэглээний мөнгө тасрахгүй, ажил хийвэл ам тосодно гэгчээр болгоод л байна” гэв. Ингээд гэрийн эзэгтэй орж ирээд “Хоол болчихлоо, хоолоо идээрэй” гэснээр бид гэр рүү нь орж гараа угаагаад хооллов.

Хойно байх хоёр гэрийн зүүн талынх руу орлоо. Хоёр хүү хичээлээ хийж байсан ширээгээ цэмбийтэл цэвэрлэжээ. Гэрийн эзэн хүүхдүүдээ танилцуулаад бага хоёр нь цэцэрлэгтээ явсан тухай хэлэв. Ковидын хөл хорионы үеэр ямархуу байсныг асуутал “Хүнсний салбарынхан ямар нэгэн хязгаарлалтгүй ажиллаж байсан болохоор ямар ч саад тулгараагүй. Харин ч ашиг орлого арвин байсан” гэв. Эдний хүүхдүүд бүгд л хариуцсан ажилтай. Даалгасан ажил бүрээ ихэд чамбайлан найдвартай хийх ажээ. Энэ талаар аав нь ярихдаа “Би хүүхдүүдээ ажлаас хойш суудаггүй, чаддаг чаддаг юмаа хийлгэдэг болгох гэж сургадаг юм. Манай хүүхдүүд нас насандаа тохирсон ажлаа түвэггүйхэн хийчихдэг. Бид хоёр ажил ихтэй, борви бохисхийлгүй л ажиллана. Тэр ажилч хичээнгүй байдлыг хүүхдүүд маань дуурайгаасай хэмээн биеэрээ үзүүлэхийг хичээдэг юм. Одооны хүүхдүүд гар утсанд донтсон, байнга тоглодог гэх. Манай гэр бүлд тийм зүйл байдаггүй. Бүгд өөр өөрийн хариуцсан ажлаа хийгээд, хичээлээ хийчихсэн бол зурагтаа үзнэ. Уншиж чаддаг болсон хоёр, гуравдугаар ангийн ах нар нь дүү нартаа үлгэр уншиж өгнө. Гэх мэтээр манайд утасны хэрэглээ гарахгүйгээр л завгүй нэг өдөр өнгөрдөг. Заримдаа ч хоногийн 24 цаг багадах юм. Унтаж амарч амжаагүй л байхад дараа дараагийн ажил овоороод гараад ирнэ. Ачаалал маш ихтэй шүү” хэмээн инээмсэглэн суув. Ингээд хажуу гэрийг сонирхон орлоо. Гэрт нэг эрэгтэй хүн уутныхаа шошгыг наан сууна. Гэрийн эзэгтэйн ах Б.Пүрэвжав ажээ. “Манай ажил байнгын л хөдөлж байхгүй бол нэг овоорчихвол дийлдэхгүй. Гэрээт дэлгүүрүүд өдөр шөнөгүй утасдаад зав чөлөө өгөхгүй. Хамгийн хэцүү нь өвлийн нөхцөлд галлагаагаа тохируулах, түгжрэлийн асуудал байна. Түгээлт хийхээр гарахад өдөржин яваад яваад 4-5 дэлгүүр л орж амжвал их юм. Түгжрэл гайгүй болохоор орой түгээлтэд гаръя гэхээр дэлгүүрүүд хаах цаг болчихно. Энэ мэтээр асуудал л гарна уу гэхээс бусад нь давгүй дээ.” гэв. Ийм нэгэн хөдөлмөрч гэр бүл Яармагийн дэнжид байх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *