“Уухай” хөдөлгөөний зохицуулагч Д.Сайнбаяртай ярилцлаа.
-“Уухай” хөдөлгөөнийг яагаад байгуулсан юм бэ. Чухам яагаад ийм нэр өгсөн юм?
-Яагаад гэдэг асуултад маш олон тайлбар хэлж болно. Хоёр намын хоорондын зодооныг харж байна. Долоо хоног болгон л нэг сенсацитай мэдээ гарах. Энэ 76 болоод сайдаар ажилласан хүмүүсийн овилгогүй, ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлүүд, тэдний ганцаарчилж болон хамсаж хийсэн асуудал дэндүү их байна. Тэд өөрсдөө ч энийгээ хүлээн зөвшөөрч байх шиг. Саяхан УИХ өөрөө таръя гээд явж байсан нь үүний сонгодог илрэл. Тэдний зохиосон жаран тэрбумын асуудал шүүхээр шийдэгдээд, зарим нэгдээ ял үүрүүлээд явж байна. ЖДҮ тун удахгүй ард түмний өмнө, шударга ёсны өмнө шүүлгэх байх. Юутай ч бай төр өөрөө ялзарчихсан байгаа нь өдрөөс өдөрт улам тод болж байна. Энэ бүх муу муухай ээлжилж эрх барьж ирсэн хоёр намаас л үүдтэй. Өнөөдөр ард түмэн бид эмгэнэлт жүжиг үзэж байгаа үзэгчид болчихож. Энэ хоёр намын хийсэн гэмт хэргүүдийг савангийн дуурь үзэж байгаа аятай хараад суудаг болжээ. Бид энэ бүгдээс үнэхээр залхаж байна. Шинэ үеийн залуучууд одоо хөдөлж, өөрчлөлт хийхийн төлөө үйлдэл хийх цаг ирсэн. Энэ утгаараа Уухай хөдөлгөөн бол нийгмийн захиалга юм. Өөдрөг ирээдүйн төлөө хамтдаа уухайлцгаая гэж бид Уухай нэр сонгосон. Мориндоо мордсон монголчууд уухайлаад урагш давшихад дэлхийн талыг эзэлж байсан түүх бий. Нөгөө талаас монгол хүн зөв үйлдлийг уухайс даа гэж дэмждэг. Монголын баг гоол оруулахад бүгд хамтдаа уухайлдаг. Их сайхан үг шүү. Орчин үеийн залуус байж яасан хуучинсаг юм гэх хүнтэй ч таарсан. Хуучинсаг үг биш ээ. Харин ч эртний бүхэн хамгийн орчин үеийн болдог цикл бий.
-Та хэдийг сонгуульд өрсөлдөхийн тулд нэгдэцгээж гэж ойлголоо.
-Сая нийтэд дэлгэсэн дөчин залуугийн танилцуулга зураг, маш олон хүнд хүрлээ. Фэйсбүүкээр, жиргээн дээр давхардсан тоогоор 2.5 сая хүнд хүрсэн байна. Эндээс харахад иргэдийн дэмжлэг, хүлээлт маш их байна. Энэ дөчин залуу бүгд нэр дэвшихгүй. Хөдөлгөөний залуучуудын төлөөлөл болгож л ил тавьсан хэрэг. Зураг дээрх залуусаас гэхэд тал нь нэр дэвшихгүй, “Уухай” хөдөлгөөний санаачилгыг дэмжигчид. Төрөл бүрийн салбарын залуус байгаа. Энэ хөдөлгөөнд нэгдье, хамтдаа урагшаа явъя, нэр дэвшье гэсэн залуус нэмэгдсээр байна.
-Хуулиараа намаас юм уу бие дааж нэр дэвшинэ. Гэтэл та нар хөдөлгөөн байгуулчихсан. Янз бүрийн намд харьяалалтай залуус байна лээ. Намаас нэр дэвшиж УИХ-д өрсөлдөнө гэсэн үг үү, эсвэл бүгдээрээ бие даах юм уу. Хөдөлгөөний нэрэн дор сонгуульд нэр дэвших боломжгүй шүү дээ.
-Тэр ойлгомжтой. Бид хөдөлгөөнөөр сонгуульд оролцох гээгүй. Аль нэг нам олонх болох нь бидэнд асуудал биш. Харин зөв залуус олонх болох нь чухал. Өөр, өөр намд харьяалалтай хорин залуу гараад ирлээ гэхэд хэдий нэг нам биш ч гэлээ үнэт зүйлс дээрээ санаа нэг байж, өөр өөрийн намдаа нөлөөлж улмаар төрөөс зөв бодлого гарах үйлст нөлөөлөх бүрэн боломжтой. Нарийн яривал бидний зарим нь гуравдагч хүчин байгуулах асуудал ч нээлттэй шүү дээ.
-Гадаадад боловсрол эзэмшсэн залуусаар “Уухай” хөдөлгөөн дүүрчихсэн юм шиг харагдана лээ. Монголын амьдралыг мэддэг л байгаа даа..
-Мэдэлгүй яахав. Бид заавал гадаадад төгссөн хүмүүсийг цуглуулъя гээгүй. Нийтлэг найз нараараа цуглахад ерөнхийдөө гадаадад магистр төгссөн залуус олон болчихсон байна шүү дээ. Энэ хүмүүсийн ихэнх нь Монголд дунд сургууль, их сургууль, бакалавр дүүргэсэн. Тэдний л төлөөлөл. Анхны зурагт хуудаст зай байгаагүй учраас төгссөн бүх сургуулийг нь жагсааж амжихгүй, сүүлд төгссөн сургуулийг нь жагсаагаад тавьчихсан. Дотооддоо төгссөн залуус олон байгаа. Манай хөдөлгөөнд инженерүүд, эмч нар, бас мянгат малчин хүн ч байна. Янз бүрийн салбарын залуус байгаа.
-Нам шиг гишүүнчлэлтэй байх хэрэг үү?
– Бидэнд хатуу гишүүнчлэл байхгүй. Дэмжигчидтэй. Дэмжигчдэдээ зориулсан бодлогоо боловсруулаад онлайнаар бүртгэлээ хийж байна. Одоогоор мянга гаран хүмүүс бүртгүүлээд байна. Цаашид олон арван мянган дэмжигчидтэй болох, үндэсний хэмжээний хөдөлгөөн болох болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Уг нь бидэнд анх хөдөлгөөн байгуулах төлөвлөгөө байгаагүй. Клуб маягаар ажиллаж байгаад л эхнийхээ уулзалтаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцсон.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр юун дээр санал нэгдэв.
– Одоо нэгэнт батлагдсан зүйл дээр юу хэлэхэв. Ажлын хэсэгт нь байсан олон хуульч залуус манай Уухай клубт байж таарсан. Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, доктор О.Мөнхсайхан, доктор Б.Гүнбилэг, хуульч Ж.Эрхэмбаатар, хуульч Д.Үүрцайх гэх мэт салбарын түүчээ болсон залуус. Мэдээж бид нам үл харгалзан парламентын засаглалаа хамгаалж үлдэх, шүүхийн хараат бус байдал, кабинетаа өөрөө бүрдүүлдэг, хариуцлагаа өөрөө үүрдэг хүчтэй ерөнхий сайдтай байх ёстой гэх мэт олон үндсэн асуудал дээр байр суурь нэг байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ахиц дэвшлүүд гарсан.
-Уухай хөдөлгөөний гишүүн байхын тулд ямар нэг шалгуур бий юу?
– Зөв хүн байх ёстой. Зөв гэдэг нь барьцгүй, субьектив байж магадгүй ч гэсэн зөв мөртэй байх ёстой. Одоо энэ дөчин хүн ямар нэгэн байдлаар авлига авч байгаагүй. Худлаа ярьж байгаагүй. Хулгай хийж байгаагүй. Өнөөг болтол өөрийгөө ажиллаж буй салбартаа нотолж чадсан тийм залуус. Дийлэнх нь хувийн хэвшил, олон нийтийн байгууллагад ажиллаж байсан.
-Намын шинэчлэл ярьсан залуус цаанаа нэг эзэнтэй, тэр хүнийхээ заавраар шинэчлэл ярих нь бий. Та хэдийг дэмжиж байгаа хүмүүс ч байна. Хардах хүмүүс ч байна.
-Анхны уулзалтаар бид нэг юман дээр тохирсон юм. Ах нар гэж ярихаа больцгооё. Тэд нарыг тэгж ярьж, баярлуулж, алдаршуулахаа больё. Одоо улс орны хувь заяаг ах нарын үе биш, харин манай үе өөрсдөө зурах цаг нь болсон гэж. Энэ бол бидний дунд анх тогтсон маш чухал ойлголцол төдийгүй Уухай хөдөлгөөний маш чухал мөн чанар гэх үү дээ.
-Жишээлбэл, өөрийг тань Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ажиллаж байсан хүн учраас хөдөлгөөний ард түүнийг байгаа гэж хардаж байна лээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой 2009 оны сонгуулийн өмнө хэрэв та гадаадад суугаа 120 000 монголчуудын сонгох эрхийг хуульчлахыг дэмжвэл би таныг дэмжье гэж хэлээд анх танилцаж байсан. Тухайн үед би Цахим өртөө холбооны удирдах зөвлөлийн дарга байсны хувьд энэ талаар багагүй хүчин чармайлт гаргаж ажиллаж байсан цаг. Гадаадад есөн жил байхдаа нэг ч удаа сонгох эрхээ эдэлж чадаагүй миний хувьд энэ их чухал тохиролцоо байсан юм. АН, ИЗНН-тай санамж бичиг зурж, парламентын гишүүдэд уриалга, албан бичиг явуулах гэх мэтээр бидний хэсэг нөхөд ажилласан. Тэр сонгуулийн хууль хожим батлагдаж 2012, 2013 оны сонгуульд гадаадад суугаа монголчууд сонгох эрхээ эдэлсэн. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлигын эсрэг тэмцэнэ гэхэд тэр үед итгэж найдаж, дэмжсэн олон мянган залуусын л нэг. 2013 онд ч мөн ялгаагүй. Ялгаатай нь би тэр хүний сонгуульд сошиал медиа багийг нь удирдаж оролцож байсан. 2013 оноос Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилласан. Энэ утгаар нь намайг Элбэгдоржийн хүн гэж хаяг зарим хүн зүүхийг хичээдэг. Залуусын хүндэлдэг Датакомын Д.Энхбат гээд хүн байж байна. Тэр хүнийг орон тооны бус зөвлөх нь байсан гээд Ц.Элбэгдоржийн хүн гэж харах уу? Уухай хөдөлгөөнд байгаа Болдбаатарын Гүнбилэг гэж манай найзыг М.Энхболдын хүн гэж зарим нь ярих. Энэ хүн чинь УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл даргын зөвлөхөөр бас ажиллаж байсан шүү дээ. Иймд Ж.Болдбаатарын хүү Гүнбилэгийг М.Энхболдын хүн гэж би хэзээ ч боддоггүй. Тэрэн шиг манай найз нар ч намайг Ц.Элбэгдоржийн хүн гэж хардаггүй. Тэд намайг олон жилийн өмнөөс хэн бэ гэдгийг мэднэ. Зохион байгуулалттайгаар бие биедээ ийм шошго зүүхээ больчихмоор байгаа юм. Ингэж хандъя гэвэл монголчууд бүгдээрээ л хэн нэгний хүн болно. Одоо энэ дүрмээр явбал МАН-ын удирдлагад байгаа бүх хүмүүс Н.Энхбаяр гуайн хүмүүс болж таарна. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн институтэд ажиллаж байснаараа хувьдаа бахархдаг. Ерөнхийлөгчийн зарим зүйлд зөвлөж, хэлэх үгийнх нь нооргийг бэлдэж өгч байснаас өөр онцгой харьцаа байгаагүй. Уухайгийн залууст өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн замнал, өөрийн гэсэн бахархал бий. Нэг шуудайнд ороод хэн нэг улстөрчийн дохиур болох хүмүүс биш.
-ХҮН-ын нэлээд олон залуус танай хөдөлгөөнд байна лээ. Энэ намын залуус нэр хүндтэй байснаа хагаралдаад хоёр тийш болсон. Магадгүй ийм байдалд хүрэхэд нь зарим улстөрч, улс төрийн хүчнүүд нөлөөлсөн байх. ХҮН-д тохиолдсон үйл явдал танай хөдөлгөөнд тохиолдох вий дээ. Үүнээс яаж сэргийлэх юм?
-ХҮН зөв юм ярьж гарч ирсэн сайхан залуусын нэгдэл. Хоёр нам тэр тусмаа Ганбаатар гэдэг хүн энэ намын орон нутаг дахь салбар нэгжүүдэд өөрийнхөө хүмүүсийг шургуулж, аргагүй байдлаар энэ намаас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхдээ намын удирдлагыг бас гартаа авна гэж зөрүүдэлснээс, түүнчлэн хоёр нам захиалгаар хүн оруулж, тал талаас нь нухчин дарсан. Би нам дотор нь байгаагүй ч гэсэн ихэнхийг нь мэддэгийн хувьд хэлэхэд Дээд шүүхээр хэн намын дарга байх нь, хэний зөв нь шийдэгдчихсэн шүү дээ. Анзаарсан бол сонгуулийн дараа МАН нэгдүгээрт, АН хоёрдугаарт, гуравдугаарт ХҮН-аас бие даасан залуучууд хамгийн олон санал авсан байсан. Ардчилсан нам тэр үед өөрийнхөө саналыг хуваачихсан шүү дээ. ХҮН-ын залуусыг шахах гээд сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь АН-д л ашиггүй туссан. Дээрх зүйл давтагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөхцөл байдал бол тэс өөр юм. Уухай бол нам биш, хөдөлгөөн. Намуудын төлөөллөөс бүрдсэн Уухай хөдөлгөөний үг үйлдэл сонгогчид төдийгүй, хоёр том намын дотоод шинэчлэл, бодлогод ч нөлөөлнө.
– Энэ залуус таныг ерөнхий зохицуулагчаараа яагаад сонгосон юм бэ?
-Эргээд харахад их сургууль төгссөнөөс хойш 15 жил хувийн хэвшилд ажиллажээ. Олон сонирхолтой ажил, сайн дурын үйлст байнга идэвхтэй оролцож явсны ачаар олон салбарын найз нөхөдтэй болсон мэт. Хөдөлгөөний залуустай ямар нэг учиг, үйлсээр холбогдсон хүмүүс байдаг. Арван жилийн андууд гээд л эхэлнэ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа бол 93 дугаар сургуулийн нэг анги, хуульч Б.Гүнбилэг бид орос 83-т нэг анги байсан. ХҮН-ын залуустай 2000 оноос хойш гадаадад оюутан байх үеэсээ л танилцаж нөхөрлөсөн. Эрин М.Тулгат, Шинэ Монгол сургуулийн захирал П.Наранбаяр бид оюутан байхдаа Чикаго, Токио, Лондон, Сөүл, Сидней гээд таван хотод салбартай монгол номын дэлгүүр байгуулж, ном зарж, хамтдаа ном гаргаж танилцсан найзууд. Б.Дөлгөөн бид анхны блогчдын арми, блогчид нийлээд “Дэлхий бол хавтгай” номыг хамт орчуулж байж. Зарим нь Forbes сэтгүүлээс шалгаруулсан 30/40 манлайлагч клубийн нөхөд. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг М.Чимэддорж, С.Санасэр, Х.Номингэрэл анд нартайгаа байгуулж байлаа. АН, МАН, ХҮН намын төлөөлөл, хэвлэл мэдээлэл болон бусад салбарт түүчээ болсон залуусын төлөөлөл нэг дор цуглаж уулзсан нь тун онцлог явдал. Есдүгээр сарын 20-нд Пянз цуглуулагчдын клуб дээр анх уулзаад л долоо хоног бүр нэг нь илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийж эхэлсэн. Сүүлдээ хөдөлгөөн болж хувирлаа. Бодвол анхны уулзалтыг санаачилж, уулзалт хийсэн гэдэг утгаар намайг зохицуулагчаар сонгосон байх.
-Хөдөлгөөнд байгаа залуус тэс өөр үзэл баримтлалтай хэрнээ УИХ-д орвол үзэл санаа нэгтэй байна гэх юм. Нэг л ойлгохгүй байна?
-Намуудын үзэл баримтлалын ялгаа нэг их байж ирээгүй шүү дээ. АН баруун төвийн үзэлтэй нам гэж цаасан дээр тунхаглах мөртөө хамгийн социалист бодлого явуулдаг. Заримдаа МАН нь болохоор АН-ын хийх ёстой баймаар баруун төвийн бодлого заримдаа явуулдаг. Бидний хувьд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хариуцлага, хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаалж, авлигагүй төр, ядуусгүй нийгмийг цогцлоох дээр ижил үзэл бодолтой залуус цугласан. Татварын бодлого ч юм уу, аливаа салбарын бодлого дээр санал зөрөлдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ дундаа хэлэлцээд зөв шийдвэр гаргах чадамжтай залуус. Аль нэг фракцаас үл хамааран бие даасан, улс эх орноо бодсон зөв бодлого гаргах чадамжтай байгаа нь бидний давуу тал. Бид хэн нэгэнд барьцаалагдаагүй нь бас бидний давуу тал. Одоо байгаа 76 өөрсдийнхөө бүлэг дээр дэмжиж олонхоороо зуун хувь оруулсан хуулийн төслөө цагийн дараа чуулганы хурал дээрээ эсрэг дарж унагааж байхыг бид харж байна. Энийг одоо юу гэж ойлгох уу. Ийм хурдан саналаа өөрчилж байгаа хүмүүст би л лав итгэхгүй. Тэнд өөр эрх ашиг үйлчилж байна.
-Та аль нутгийн хүн билээ, аав ээжийгээ танилцуулна уу. Хаана сурч боловсров?
-Миний аав Тангадын Даваабат. Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Аавын талд бичгийн, эрдмийн хүмүүс олон байдаг. Шударга үг, хурц ухаанаараа Тангад өвөө маань нутагтаа их хүндлэгддэг байжээ. Долоон хүүхдийн отгон хүү болох аав минь багадаа өнчирсөн. 15-тайдаа Свердловскт ТМС руу яваад 17-той төгсөж ирээд хотын бүтээн байгуулалтад барилгачнаар ажлын гараагаа эхэлсэн байдаг. Дараа нь ЗХУ-т Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд барилгын инженерээр сурсан. Онц сурдаг байсан тул Эрхүүгийн сонин хэвлэлд үлгэр жишээ оюутан болж гардаг байж. Барилгын яаманд хэсэг ажиллаад олон жил Барилгын зургийн институтэд ажилласан. 18 аймгийн барилгын төслүүдийг хянадаг, зургийг нь гаргадаг мэргэжлийн инженер хүн байсан. Ээж маань Ядамсүрэнгийн Алтанцэцэг Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул. Их эмч мэргэжилтэй, насаараа эрүүл мэндийн салбарт ажиллаад сүүлийн арав гаран жил дээд сургуульд багшилж байгаа. Өвөө Дэмбээгийн Ядамсүрэн гэж маш залуудаа сум, нэгдлийн даргаар сонгогдож, аймгийн хянан шалгах хороонд олон жил даргаар ажилласан, маш багадаа бичиг эрдэм сурсан, удамтай айлын хүү байжээ. Өвөө, эмээ нар маань өнгөрсөн зууны бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсон хүмүүс. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Баруун дөрвөн зам, нэгдүгээр хороололд бага насаа өнгөрөөсөн. 1998 онд 17 настайдаа халаасандаа долоон зуун доллартай Америк руу явж байсан. Тэнд их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад Монголд ирсэн. Аав, ээж минь эрдэм номыг их дээдэлдэг, энгийн сайхан сэхээтэн хүмүүс. Аав минь шударга хөдөлмөрийг багаас минь их зааж сургасан. Тавдугаар ангиасаа хойш дунд сургууль төгстлөө аавынхаа компанид ажил хийдэг байсан. Ханын цаас наагаад л явдаг байлаа. Ээж минь “Хүүхдээр ажил хийлгэлээ” гэж аавыг зэмлэхээр “Хүүгээ би хөдөлмөрч хүн болгож байгаа юм” гэж хэлдэг байсан.
– Та томоохон группүүдэд өндөр албан тушаал хашиж байсан. Амжилттай бизнесмэн яагаад улс төр сонирхох болов. Бизнесээ хийгээд явбал улс эх орондоо оруулж буй хувь нэмэр биш үү?
-Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь иргэн хүний үүрэг, залуу хүний хувьд өөртөө үүрүүлж буй хариуцлага. Тэрнээс ажил мэргэжил, карьерийн асуудал бол биш. Төрд ажиллах сонирхол надад байсан бол аль эрт томоохон албан тушаалуудад томилогдох боломж, бололцоо, санал бишгүйдээ ирж байсан. Би тэр саналуудаас байнга татгалзаж ирсэн. Нөгөөтэйгүүр ёс зүйн хувьд болоод мэдлэг чадвар сул, улс орноо хөгжүүлэх сэтгэлгүй тийм улстөрчид улс орныг буруу залаад байгааг хүн болгон хэлдэг, телевизээ асаах болгонд л ярьж байна, мөн үү? Энэ байдлыг өөрчлөхийн төлөө бидний хэсэг залуус үйлдэл хийж байгаа юм. Энэ нь Уухай хөдөлгөөн. Сонгуулиар олонхын суудал авсан нам төрийн эрхийг гартаа авдаг. Нэг ёсондоо намуудын дотроо шигшиж, нэр дэвшүүлсэн 76 хүмүүсээс ард нийт сонголт хийх болдог. Хоёр том намын хувьд 152 хүнийг ард нийтэд танилцуулна. Энэ 152 хүн Монголдоо хамгийн их хайртай, хамгийн их мэдлэгтэй, хамгийн мундаг 152 хүн гэж бодож байна уу? Нам дотор нэр дэвшигчээ шалгаруулах процесс нь өөрөө хамгийн том авилгалын пирамид дээр тогтдог юм. Энэ бол Монголын улс төрийн гажуудлын эх бөгөөд улмаар төр гажуудахын үндэс болдог. Сүүлийн 20 жилийн хооронд болсон бүх сонгуулийн нийтлэг дүнгээр 18-30 настнуудын 60-70 хувь нь саналаа өгдөггүй гэсэн зүй тогтол байгаад байгаа. Тэдний ихэнх нь саналаа өгөөд ямар ч нэмэргүй, очоод сонголт хийх гэхээр ялгаагүй хүмүүс байдаг, бидний сонгохыг хүссэн хүн нэр дэвшдэггүй гэж хэлдэг. Ер нь тийм сонгочмоор хүмүүс их цөөн нэр дэвшдэг, байлаа гэхэд нэр дэвшүүлдэггүй. Тэгэхээр Уухай хөдөлгөөн энэ байдлыг засаж залруулахыг л зорьж байгаа юм. Бид сонгогчдод алтернатив сонголтыг бий болгоно. Бид хөдөлгөөнийхөө шугамаар зөв залуусыг санал болгоно. Бас нийт сонгогчдыг нам үл харгалзан зөв хүмүүсийг сонгохыг уриална. Сонгогчдын боловсролд нөлөөлөх үйл ажиллагаа хийнэ. Энэ хөдөлгөөн амжилт олж, зөв залуус төрд орвол бидний зорилго биелнэ. Үе үеийн залуус ачааны хүндийг үүрч ирсэн байдаг. Одоо манай үеийнхэн хүссэн хүсээгүй ачааны хүндийг үүрэх цаг ирсэн. Нийгмээ жаахан ч гэсэн урагш нь алхуулахын төлөө бэртэгчин зан гаргаж, хойш суулгүйгээр сурсан мэдсэнээ улс орондоо зориулж, эрч хүчтэйгээр ажиллая, зөв залуусаа дэмжье гэж бид зорьсон.
-Өнөөдөр нэр дэвшихийн тулд мөнгө өгч байна. Та хэд тэдэн шиг ЖДҮ-гээс тэрбум тэрбумыг авсан хүмүүстэй өрсөлдөхөд хэцүү биш үү?
Угтаа их хурлын сонгуульд их хэмжээний мөнгө зарлагадах шаардлагагүй юм. Шаардагдах ёсгүй. Үүнийг бид нотлохыг зорино. Мэдээж ухуулагчийн цалин, сурталчилгааны материалуудад хуульд заасан хэмжээний зардал гарах ёстой. Уухай хөдөлгөөний залуус мөнгөөр санал худалдаж авдаг тийм муухай системээс татгалзаж байна. Энэ далимд сонгогчдодоо уриалмаар байна. Аяга, таваг, данх, мөнгө тараасан хүнийг битгий сонгоорой, зөв хүмүүстээ итгэж найдаад саналаа өгөөрэй гэж хүсч байна. Энэ удаагийн сонгуульд та бүхэнд сонголт хийх, сонгочихмоор залуус олноор нэр дэвших болно.