Categories
мэдээ цаг-үе

Д.Рэгдэл: Утааг багасгах тайлан гаргаад Ерөнхий сайдад танилцуулчихсан байгаа

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.


-Сүүлийн үед бороо хур бага хуурайшилт их байна. Одоохондоо манайхан үүл буудах аргыг хэрэглэж байгаа. Цаашид хуурайшилтыг шийдэх арга, гарц байна уу гэж шинжлэх ухааны салбарын эрдэмтдээс горьдож асуумаар байна. Цас хайлуулах төхөөрөмж, утаа арилгах арга гэдэг шиг арга чарга байна уу?

-Үүлийг зөв тооцож буудахад хэсэг газарт бороо оруулчихдаг л арга. Гэхдээ хур тунадас салхи шуурга зэрэг байгалийн үзэгдэл бол глобал асуудал болчихоод байгаа юм. Техник технологи, мэдлэгийн эрин үе ирсэн ч байгалийн хүчин зүйлд хүн төрөлхтөн нөлөөлөх чадвахгүй байна. Жишээлбэл, монголд ордог хур тунадсыг нэмэгдүүлэх арга байхгүй. Тиймдээ ч сүүлийн үед байгалийн гамшигт үзэгдэл асар их олширч байна. Үүнийг яаж цөөлөх вэ гэсэн арга алга. Мөн том хэмжээний салхи шуурга. Дэлхий нийтээр үүнд нөлөөлөх нь байтугай хэдийд хаана болох вэ гэдгийг тооцоолж бараг амжихгүй байна. Саяхан Москвад өдрийн хагас болсон шуурганд маш их хохирол учирсан. Одоог хүртэл хохирлын хэмжээг тогтоож чадаагүй байна. Байгалийн хүчин зүйлд нөлөөлөх чадамж одоохондоо шинжлэх ухаанд байхгүй гэж ойлгож болно. Гэхдээ цаг уурын талаарх янз бүрийн таамаг байдаг. Тухайлбал, дэлхийн агаар мандалд байдаг асуудлыг зохицуулдаг урсгал бий. Үүнийг элнано, нинано гэж байгаа юм. Уг урсгалыг далайн гүний асар их халуунтай усны урсгалтай холбоотой гэдэг ч нарийн солигддог хугацаа өөрчлөгдөөд байгаа юм. Гэтэл бас энэ хоёр урсгалын солбилцох хугацаа өөрчлөгдөөд байгаа зэрэг зүйл бий.

-Шинжлэх ухааны академи, Боловсролын яамтай хамтраад утааны асуудлыг шийднэ гэж ажлын хэсэг гарсан. Сайд нь огцорчихлоо энэ юу болж байгаа вэ. Утааны асуудлыг шийдэх арга олдсон уу?

-Улаанбаатарын утааг багасгах ажлын хэсгийг уг яамны сайд ахалж байсан. Одоо ч гэсэн ажлын хэсгээс албан ёсоор гараагүй шүү дээ. Энэ ажлын хүрээнд манай эрдэмтдийн гурван хэсэг ажиллаад, утаа багасгах маш тодорхой саналуудтай тайлан гаргаад, Ерөнхий сайдад танилцуулчихсан байгаа. Одоо энэ тайланг ажлын хэсэг Засгийн газарт хүлээлгэж өгөх ёстой. Мөн цаашид ус болон хөрсний бохирдлыг бууруулах арга чиглэлийн санал боловсруулах ажлыг энэ ажлын хэсэг дааж авсан байгаа. Гэхдээ энэ ажлын хугацааг сунгах, бүрэлдэхүүнийг нь өөрчлөх ажил ойрын үед хэрэгжих байх. Ж.Эрдэнэбатын Засгийн газар шинжлэх ухаанд нэлээд найдвар тавьж хамтран ажиллах санал хэлж анхаарч байгаад Шинжлэх ухааны салбарынхан нэн талархалтай байгаа БСШУС-ын сайдаа ойрын үед томилно гэж УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ярьж харагдсан. Шинжлэх ухааны салбарыг төлөөлж байгаа бидний хувьд ямар ч сайдад асуудлаа зөв ойлгуулаад хамтраад ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна.

-Та өвөл надад ярилцлага өгөхдөө цаашид Атомын цахилгаан станц барих ёстой гэж байсан. Саяхан телевиз үзэж суусан чинь Дундговийн Зава Дамдин Ринбүчи буюу Осгобаяр лам ярихдаа “Би Атомын цахилгаан станц барих гэж байгаа” гэж хэлээд авсан. Тэр хүн үнэхээр атомын цахилгаан станц барих гэж байгаа юм уу, танайхан мэдсэн үү. Эсвэл энэ хүн ор үндэсгүй худлаа ярьчихав уу?

-Одоогоос бараг хоёр сарын өмнө байх Зава Дамдинг тэгж ярьж байна гэж надад хүн хэлсэн. Хөрөнгө мөнгө сайтай хүн бүх зардлыг нь гаргаад санхүүжүүлээд барих боломжтой. Гэхдээ атомын цахилгаан станц барих эсвэл барихгүй гэдэг шийдвэрийг Засгийн газар л гаргана. Яг барих дээрээ тулвал олон улсын гэрээ хэлцэл, зөвшилцөл, хаягдал булшлах асуудлыг яах вэ зэрэг маш их шат дамжлагаар орж байж шийдэгдэнэ. Зүгээр IV цахилгаан станц барьсан шиг зүйл огт биш. Үнэхээр монголд баригдах болчихсон бол бид мэдэх ёстой. Одоогоор огт яригдаагүй.

-Монгол эрдэмтдийнхээ бүтээлийг аль болох инновацийн үйлдвэрлэл болговол эх орны эдийн засаг, хөгжилд ач холбогдол өндөртэй гэдгийг хаа, хаанаа ярьцгааж байна. Энэ нь хэзээ ажил хэрэг болоод, голдрилдоо ороод явах боломжтой харагдаж байгаа вэ?

-Ер нь эрдэмтдийн үндсэн зорилго бол мэдлэг үйлдвэрлэх. Энэхүү мэдлэг гэдэг бүтээгдэхүүний тодорхой хэсэг нь инноваци болж байх учиртай. Жишээлбэл, энэ ертөнцийн үүсэл хөгжил, хар нүх зэргийн судалгааны ололтууд нь мэдлэг боловч инноваци болохгүй шүү дээ. Мэдлэгээс үүссэн дэвшилтэт технологи шинэ арга барилаар бүтэж байгаа үйлдвэрлэл бол инноваци. Тийм биш бол зүгээр хэвийн бүтээгдэхүүн болоод явна. Манайд мэдлэгийг инновацид хүргэдэг үе гэх дамжлага байхгүй, нэг хоосон зай бий болчихоод байна гэж ойлгож болно. Миний төсөөлж байгаагаар энэ нь хагас үйлдвэрлэлийн туршилт явуулдаг шинжлэх ухаан туршилтын төв дутагдаад байна гэсэн үг. Туршилтанд оруулаад, шууд энэ төвөөс үйлдвэрлэлд шилжүүлдэг байх ёстой юм. Хоёрдахь бэрхшээл гэвэл манайд явуулж буй үйлдвэрүүд технологийн мэдрэмж муутайд тооцогдоод байна. Лабораториос гарсан бүтээгдэхүүнийг үнэлэх хүний нөөцийн чадвар маш муу. Тиймээс манай бизнесменүүд үйлдвэрлэлийн техникээ гаднаас технологитой нь авчихаад байгаа юм. Тэгэхээс ч бас аргагүй. Энэ байдлыг өөрчилнө гэхээр технологийн мэдлэггүй хэсэг олон бий. Харин шууд биш бэрхшээл нь зах зээлийн багтаамж. Өндөр технологийн шинэ үйлдвэр, үйлчилгээ бие болгоход зардал өндөр гарна. Монголын зах зээл өөрөө маш жижиг тул гаргасан зардлаа эргүүлээд олоод авах итгэл үнэмшил маш бага. Үндсэндээ тал талын бэрхшээл дунд инноваци хөгжүүлье гэдэг төрийн бодлого гараад явж байна. Ойрын хугацаанд эрхзүйн орчноо сайжруулж, инновацийн, шинжлэх ухаан технологийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар ярьж байгаа юм билээ. Шинжлэх ухааны академийн тухай хуулийг эрхзүйн орчин нь ойрын үед бүтчих байх.

-Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгааны бүтээлээ хэр танилцуулж байгаа вэ. Инноваци болох нь хичнээн байна?

-Академийнхны бүтээл үргэлж нээлттэй үзэсгэлэнд гардаг. Зарим бизнес эрхлэг-чид санаа, судалгааг нь авч ашиглаж байгаа. Үзэсгэлэнг очоод үзэх бүрэн боломжтой. Одоогоор зохиогчийн эрхээ хамгаалчихсан 100 орчим бүтээл бий. Шийдэх гэхээр дээрх бэрхшээлүүд бий. Үүнээс дор хаяж 20-ыг нь юм болгох ёстой юм уг нь.

-Одоо үйлдвэрлэлийн цоо шинэ үе ирчихсэн байна уу?

-Үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөөр XX дугаар зууны төгсгөл XXI зууны эхэн үеийн үйлдвэрлэлийг үйлдвэрлэлийн дараах үе гэж байгаа юм. Яагаад дараах үе гээд байгаа юм гэж байгаа нь учиртай. Өмнө нь асар их материалаар үйлдвэрлэл явуулдаг байсан. Нэг үйлдвэрт материал давамгайлна. Үүний бодитой жишээ бол уул уурхайн үйлдвэрлэл байна. Гэтэл сүүлийн үед эсэргээрээ асар их мэдлэг шингэсэн, маш бага материал орсон үйлдвэрлэл эрхэлдэг болсон. Смарт гэсэн тодотголтой бүгд тийм байна.

-Шинжлэх ухааны салбарыг аж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд багагүй хөрөнгө орно байх. Гадны орнууд ямар жишгээр ажилладаг юм. Хөрөнгө мөнгөний асуу-дал манайд хомс байна уу?

-Хувийн хэвшлээс гарах мөнгийг шинжлэх ухааны үйлдвэрлэлд ашигладаг болчих арга хомс байна. Хувийн хэвшил нь шинжлэх ухаанаа түлхүү дэмжээд явчихдаг гадны жишгийг би жишээ авна. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Шинжлэх ухааны салбарт зөвхөн төсвөөс л гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хоёр хувийг зарцуулдаг болчихвол асар их нэмэртэй. Гэтэл хувийн хэвшлээс манай салбарт орж ирж байгаа мөнгө гэж бараг байхгүй. 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний нэг орчим хувийг шинжлэх ухаанд зарцуулах байх гэсэн хүлээлт байгаа. 2016 оны байдлаар манай салбарт жилдээ 35 орчим тэрбум төгрөг ирж байгаа. Үүнээс хөрөнгө оруулалтанд 4-5 тэрбумыг зарцуулж байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь барилга байшин, багаж тоног төхөөрөмж. 30 орчим тэрбумыг урсгал зардалд зарцуулж байгаа. Гуравны нэг орчим хувь нь эрдэм шинжилгээ судалгааны ажилд шууд зарцуулагддаг. Үлдэж байгаа 20 орчим тэрбум төгрөг нь тогтмол зардал байшин сав. ус. тог цахилгаан. дулаан, цалин хөлс зэрэгт зарцуулагддаг. Гадны улстай харьцуулахад зардлын бүс бол эсэргээрээ байгаа юм. Гадны оронд бол 15-20 хувь нь тогтмол зардал цалин хөлсөнд явж байгаа. Үлдсэн 80 гаруй хувь нь судалгаа шинжилгээний ажилд зарцуулагддаг. 2020 он гэхэд монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүний нэг орчим хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулна гэсэн хүлээлт бий. Энэ 200 гаруй тэрбум төгрөг. Ийм хэмжээнд хүрээд ирэхээр эрдэм шинжилгээ жинхэнэ ажилд 160 орчим тэрбум нь хөрөнгө оруулалт зарцуулагдаад явчихна. Дэлхийн болон Азийн орнуудын дундаж нь ДНБ-ний хоёр хувь байдаг.

-Тэгвэл манай судалгааны хүрээлэнгүүд хэр ажиллаж байна вэ?

-Манай судалгааны институцийн байдал бол олон улсын жишигтэй ойролцоо яваа. Хувийн хэвшлийн хүрээлэнгүүд ч бий. Одоогоор нэлээд гайгүй ажилладаг хувийн хоёр хүрээлэн нэг төв байна. Ингээд харахад бол бүгд байгаа юм. Гагцхүү болохгүй зүйл нь санхүүжилт. Монголын ямарч залуу судлаач гадны өндөр хөгжилтэй оронд очоод ажиллахад гологддоггүй, илүү байдаг. Энэ бол манай монгол залуусын үнэхээр гайхамшигтай давуу тал. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаан технологийн салбараас яагаад улс эх орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж чадахгүй байна вэ гэдэг асуултыг хүн бүр өөртөө тавьж үзэх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *