Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Пүрэвбаатар: С.Эрдэнийн хэргийг улс төрийн зорилгоор барьчихсан байгаа учраас захиалгаар намаа задалж, өнөөгийн төр барьж байгаа намд үйлчлээд байгаа юм


МоАХ-ны хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс МоАХ-ын V зөвлөгөөн зохион байгуулсан. Удахгүй Их хурлаа зохион байгуулна гэж байна. МоАХ-ны Хяналтын зөвлөлийн даргын хувьд та үүнд ямар тайлбар хэлэх бол?

-Д.Монголхүү нарын цаанаасаа зохион байгуулалттайгаар хийж байгаа зүйлийг буруу гэж үзэж байгаа. Учир нь Монголын Ардчилсан холбооны асуудлыг ярих гэж байгаа бол нэгдүгээрт, МоАХ-ны гишүүн байх ёстой. Хоёрдугаарт, манай байгууллага албан ёсоор батлуулсан өөрийн гэсэн дүрэм журамтай, Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааныхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг учраас хэзээ хурлаа хийх эсэхээ бид өөрсдөө мэднэ. Тиймээс манай байгууллагын асуудлын дундуур нь орж хутгалдаж, С.Эрдэнэ гэдэг хүн тэднийг санхүүжүүлж явуулж байгаа үйл ажиллагааг буруу гэж үзэж байна.

-2007 оноос МоАХ-ны үйл ажиллагаа идэвхгүй байсан юм биш үү. Уг нь даргаа гурван жилд нэг удаа сонгодог, нэг удаа улирааж болдог зохицуулалттай байтал Х.Баттулга дарга 2007 оноос хойш өнөөг хүртэл даргалж байгаа юм биш үү. Энэ хөдөлгөөнийг улстөржүүлж, бүртгэл нь хүртэл нэг хүний нэр дээр байх хэр зохимжтой юм бэ?

-Нэгдүгээрт, манай бүртгэл нэг хүний нэр дээр байдаггүй. Нэг хүний компани биш ээ. Манайх олон нийтийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага. Манайх даргаа дөрвөн жил тутамд нэг удаа сонгодог. Гэхдээ нэг хүн хоёр удаа сонгогдож болно гэсэн зүйл дүрэмд байхгүй. Хэд ч байж болдог. Хоёрдугаарт, 2007 онд биш, 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс даргаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс эхлээд бид 2012 онд дарга сонгох эрхийг буюу ерөнхий чуулганы эрхийг Удирдах зөвлөлдөө шилжүүлсэн. Ингээд нэг удаа сонгосон. Хоёр дахь удаагийн сонгууль нь 2017 онд явагдах ёстой байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жил болон ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр, хоёр жил гэж сунжирсаар үндсэндээ зургаан жил дарга сонгохтой холбоотой асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, дарга сонгох асуудал өмнө хэлсэнчлэн гадаад хүчин зүйлээс болж хойшилсоор ирсэн. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчөөр ажиллахаар болмогцоо “Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон учраас МоАХ-ны даргын асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдлийг МоАХ-нд өгсөн. Тиймээс бид МоАХ-ны даргаас түр түдгэлзүүлж Эрдэнэчимэг гэдэг гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгүүлэхээр томилсон. Томилсон талаарх Удирдах зөвлөлийн шийдвэр нь бий. Ингээд Ерөнхийлөгчийнх нь үүрэгт ажил дуусахаар дараагийн Их хурал хуралдах хүртэл МоАХ-ны даргын асуудлыг түр орлон гүйцэтгэгч хийх ёстой гээд урьдын адил 2021 оны есдүгээр сард Удирдах зөвлөлийн хуралдаанаас өөрийнх нь өргөдлийг үндэслэж, мөн тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Тиймээс манай дараагийн Их хурал энэ дөрөвдүгээр сард болно. Манай дүрэмд зааснаар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 30-35 хоногийн өмнө ерөнхий чуулганыг зарлан хуралдуулах ёстой байдаг. Удирдах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүнээр МоАХ-ны Ерөнхий чуулганыг 35 хоногийн өмнө буюу өнөөдөр бид зарлах гэж байна. Ерөнхий чуулган хуралдаж Их хурлыг зарлан хуралдуулна. Бид бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажил МоАХ-ны дүрэмд заасны дагуу явагдаж байгаа. Гэтэл дүрэмд огт заагаагүй зүйлийг гишүүн биш хүмүүс санаачилж байгаа нь МоАХ-г задлан бутлах гэсэн захиалгатай үйл ажиллагаа гэж үзэж Цагдаагийн газарт бид өргөдөл гаргасан. Өргөдөл гаргах үндэслэл нь нэгдүгээрт, гишүүн бус хүмүүс ийм ажил зохион байгуулаад байна. Хоёрдугаарт, бусдаас мөнгө авч хууль бусаар зохион байгуулалттайгаар явуулж байгаа учраас иргэдийг төөрөгдүүлэх, залилан мэхлэх үйлдэл. Бид энэ хүмүүстэй холбоотой асуудлаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу бичиг хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуулийг хоёр удаа зөрчсөн бол автоматоор эрүүгийн хариуцлага хүлээдэг. Бид залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй юм байна хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.

-Гэхдээ МоАХ-ыг үүсгэн байгуулсан хүмүүс нь зарлан хуралдуулах ёстой юм биш үү. Тиймээс МоАХ-ыг анх үүсгэн байгуулсан найман гишүүний долоо нь хурлыг зарлан хуралдуулах ёстой гэсэн байр суурийг зарим хүмүүс илэрхийлсэн байна лээ?

-Монголын Ардчилсан холбоо гэдэг байгууллагыг 13 хүн анх зарлаж үүсгэн байгуулсан. Анхны 13 гэдэг чинь ийм учиртай. Монголын Ардчилсан холбоо гэж төрийн бус байгууллагыг бий болгож Удирдах зөвлөл гэж 35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ингээд Их хурлаа хийж МоАХ гэж албан ёсны байгууллага бий болоод явсан. Тэгэхээр үүсгэн байгуулсан найман хүн гэдэг бол худлаа. 1990 оноос өнөөг хүртэлх 32 жилийн хугацаанд найман даргатай байсан. Тэдний тав нь Д.Монголхүү тэргүүтэй хүмүүсийн хийсэн зөвлөгөөнд оролцсон. Миний харснаар тэр хурал дээр С.Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Л.Түвдэндорж нар яах аргагүй манай холбооны дарга байсан. Хоёрдугаарт, дарга нь найман хүн байсан болохоос биш үүсгэн байгуулсан найман хүн зарлан хуралдуулдаг гэсэн зүйл байхгүй. Гуравдугаарт, МоАХ ТББ хуульд заасны дагуу дүрмээ хуульд нийцүүлж Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тиймээс үүсгэн байгуулагчид нь хурлыг санаачилна гэдэг зүйл байхгүй. Манайх ашгийн төлөө байгууллага биш, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага.

-АН хоёр хуваагдчихлаа. МоАХ ч бас ингээд хоёр хуваагдчихлаа. Ер нь ардчиллыг хамгаалах ёстой чухал субьектүүд энэ мэтээр бутарч хуваагдаад байх юм. Та бүхэн ер нь намаа, холбоогоо авч үлдэж ардчиллыг хамгаалах жанжин шугамаа хамгаалах чиглэлд юм хийхгүй юм уу?

-МоАХ гэдэг байгууллага анх бий болсноор улс төрийн намуудыг төрүүлсэн. МАХН-аас бусдыг шүү. Манай дотроос бий болсон бидний үр хөврөл, бид гишүүнчлэлд нь байдаг АН хоёр хуваагдсан үнэхээр харамсалтай. Гэхдээ нийгэмд үйлчилдэг манай төрийн бус байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулах ёсгүй учраас бид намын үйл ажиллагаанд хамаагүй оролцож болохгүй байгаа юм. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж байгаа төрийн бус байгууллага учраас нам шиг улс төрийн үйл ажиллагаа явуулж сонгуульд оролцож болохгүй. Манай чиг үүрэг бол одоогийн Төрийн бус байгууллагуудын тухай хуулиар ингэж болохгүй юм. Бид Монгол Улсын тусгаар тогтнол, эрх, эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бус байгууллага. Энэ үнэт зүйлийг алдчихгүй юмсан, Монгол Улс маань ардчилсан замналаар цааш үргэлжилж яваасай гэсэндээ бид “хүүе хаая” гээд зааж сургаад яваа юм. Гэтэл намыг дотор нь задалсныг би хуульч хүний үүднээс харахад хэрэгт холбогдчихсон байгаа С.Эрдэнэ нарын эрүүгийн гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Хэргийг нь улс төрийн зорилгоор барьчихсан байгаа учраас захиалгаар цаашаа намаа задалж өнөөгийн төр барьж байгаа намд үйлчлээд байгаа юм л даа. Ингэвэл С.Эрдэнийн хэрэг нь гайгүй болох учраас энэ ажилд улайраад яваад байгаа нь илт харагдаад байгаа юм. Гэтэл хүн олдохгүй болохоор нь аргагүйн эрхэнд Ренчинтавхай гээд эрүүгийн гэмт хэрэгт холбогдчихсон хүнийг, мөн бусад хэрэгт холбогдсон хүмүүсийг өөр дээрээ авч байгаа болохоос МоАХ-ны жинхэнэ гишүүн хүмүүс С.Эрдэнэтэй хамт явахгүй байгаа шүү дээ.

-Та Д.Монголхүүг “Араа харж яваарай. Амь насаа мэдээрэй” гэж заналхийлсэн юм уу. Үүнд та тодорхой хариу тайлбар хэлэхгүй юү?

-Араа хараарай. Амьдралаа хараарай гэж би хэлэхгүй. Учир нь би хуульч хүн. Буруу юм хэлбэл үүрэх хариуцлага өндөр байдаг гэдгийг мэдэж байгаа учраас хүнд буруу үг хэлэхгүй л дээ. Зүгээр “Гадаа гараарай. Гарцгаагаарай. Хэдүүлээ гадаа гарч юмаа ярина шүү” гэж хэлээд явсан нь үнэн. Бага залуугаасаа хүнийг ингэж гүтгэж байгаа бол тэр хүн хол явахгүй. Би ч тийм хүүхдэд тэгж хэлээд яах юм бэ. Бараг намайг зодчихно шүү дээ. Би хөгшин хүн байж хүнийг тэгж хэлж тавтиргүйтэх ямар шаардлага байгаа юм бэ. Ер нь одоо үед томчууд гар зөрүүлэх нь битгий хэл хүүхдүүд хоорондоо зодолдохоо байчихсан үед хэн хэн нь үүрэх хариуцлага өндөр гэдгийг мэдэж байгаа учраас би тийм зүйл хэлэхгүй.

-2008 оноос даргаа сонгосон гэлээ. Энэ хугацаанд та бүхэн юу хийв ээ. Та бүхнийг “Женког өмөөрч нэг жагссан, түүнээс өөр юу хийсэн юм бэ” хэмээн шүүмжилж байсан учраас ийн асууж байгаа юм аа?

-Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноос хойш бид хоёр ч удаа Их хурлаа хийлээ. Орон нутгийн бүх гишүүдийнхээ гишүүнчлэлээ баталгаажууллаа. Архивын бичиг баримтаа цэгцэллээ. Орон нутгуудад гишүүдийнхээ алдрыг тэмдэглэх, орон сууцтай болгох, тэдний ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр нэлээд их зүйл хийсэн л дээ. Жишээ нь, өнөөдрийн байдлаар партизан, ахмад зүтгэлтэн 103 хүнийг орон сууцтай болгосон. Одоогоор миний мэдэхээр 210 хүнийг гэртэй болголоо. МоАХ-ны гишүүдийн эрх зүйн байдлыг баталгаажуулахын тулд УИХ-д өөрсдийн гишүүдээр дамжуулж лобби хийж, ахмад зүтгэлтнүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл санаачилж орууллаа. Олон гишүүнээ одон медалиар шагнуулж алдрыг нь мөнхжүүлэх арга хэмжээ авлаа. Гишүүдийнхээ байрладаг байр, байгууллагаа тохижууллаа. Одоо бол ямар ч хүний өмнө нүүр улайхааргүй болсон. Урьд нь С.Эрдэнэ даргаар ажиллаж байх үедээ тэр байрыг тойрсон манай эзэмшлийн газрыг зарчихсан. 5600 м.кв талбайтай газар байсан чинь одоо 2000 м.кв үлдчихсэн байна. 3600 м.кв газрыг нь С.Эрдэнэ зараад идчихсэн. Тиймээс бид байгаа жаахан газартаа үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёрдугаарт, орон нутгуудад МоАХ-ны байртай болголоо. Энэ мэтээр хийж байгаа зүйл их бий. Ардчиллын 30 жилийн түүхэн архив маш том байх ёстой гээд 18 аймаг есөн хотынхоо МоАХ-ны гишүүдийн цэнхэр ном гэж дурсамжийн номыг хийлгүүлж, аймаг аймгаар гишүүдийнхээ дурсгалыг мөнхжүүлэх ажлыг зохион байгууллаа. Бүх аймаг өөрийн гэсэн ардчиллын цэнхэр номтой болоод авсан. Энэ мэтээр тоочвол сунжирсан их ажил байна.

-Ер нь байгууллага үйл ажиллагаа явуулахад санхүүжилт гэдэг асар хүнд асуудал үүсдэг. Үүнийг та бүхэн хэрхэн шийдвэрлэж байна. Дээр хэлсэн ажлуудад их л хөрөнгө шаардагдана шүү дээ?

-Бид хоёр зүйлээс санхүүждэг. Нэгдүгээрт, гишүүдийнхээ хандив, татвараар. Хоёрдугаарт, УЗ-ийн гишүүд жирийн гишүүдийг бодвол жилийн татвар нь жаахан өндөр. Мөн Х.Баттулга даргаас оруулж байгаа хандив гэсэн гурван зүйлээс манайх аппаратаа цалинжуулж байна. Үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлж байна. Жишээ нь, МоАХ-ны гишүүний ойрын хүн нь нас барлаа гэхэд бид байгууллагаасаа 200-500 мянган төгрөгийн тусламж үзүүлэх жишээтэй. Эрүүл мэндийн асуудал үүслээ гэхэд 200 мянгаас доошгүй төгрөгийн тэтгэмж олгоно гэх мэтээр чадлаараа туслахыг хичээдэг. Бичиг хэргийн зардал, байр, ус дулааны мөнгө зэрэг нэлээн зардал гардаг. Сая гэхэд нэг гишүүнийхээ зургийн үзэсгэлэнг байрандаа зохион байгуулж гаргалаа. Тэр үзэсгэлэн дээр олон хүн ирлээ. Тэр хүмүүсийн coffe break өгнө. Үзэсгэлэнг зохион байгуулах бүх санхүүжилтийг гаргана шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн байдаг учраас бид шийдээд байгаа юм л даа.

-Тэгэхээр МоАХ-д Х.Баттулгын нөлөө их гэж ойлголоо?

-Манай УЗ-ийн дарга учраас даргын хувьд энэ хүн байж л байгаа шүү дээ. Нөлөө гэдгийг юу гэж ойлгохоос шалтгаална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *