“Өдрийн сонин”-ы № 197 (5462) дугаараас авч нийтлэв.
“Рио-2016” олимпийн наадамд оролцсон Монголын багийн бокс болон чөлөөт бөхийн баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Бразилд болсон Зуны олимпийн XXXI наадамд манай улсаас жүдо бөхийн төрөлд Д.Сумъяа мөнгө, боксын төрөлд Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Ингээд олимпийн хүрэл медальт Д.Отгондалайтай хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.
-Олимпийн хүрэл медаль өвөртлөн эх орондоо ирлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Эх орондоо ирээд сайхан байна. Олимпийн дэвжээнд анх удаа гараад хүрэл медалийн эзэн болсондоо баяртай байгаа. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Өөрийнхөө сэтгэлзүйг бариад олон улсын тэмцээнд оролцож байгаа шигээ тоглолоо. 2014 онд Азийн аваргад түрүүлсний дараа дэлхийн аварга, олимпийн наадмаас медаль авах зорилго тавин бэлтгэлээ хийсэн. Намайг үргэлж дэмжиж байсан гэр бүлийнхэн, багш, дасгалжуулагч, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “АПУ” хувьцаат компани, Монголынхоо ард түмэнд маш их баярлаж байна.
-Мөнгөн медалийн төлөөх тулааныг шүүсэн шүүгчдийн шийдвэрийн талаар таны бодол?
-Энэ чухал тулаанд мэдээж бүхий л хүч чадлаа дайчилсан. Гомдолтой санагдаж байгаа хэдий ч би залуу байна. Цаашид улам амжилт гаргана. Тийм болохоор улам л хичээх болно. Миний хувьд эхний тоглолт хийсэн болохоор үндсэндээ гурван тулаан хийсэн. Эхний өрсөлдөгч болох Нидерландын боксчинд өмнө нь 3:0-ээр ялагдаж байсан юм. Өмнө нь тоглоод үзчихсэн болохоор тоглолтыг нь сайн мэдэрч чадсан. Харин Алжирын боксчин дэлхийн чансаанд тавд эрэмбэлэгддэг. Түүнийг ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Харин мөнгөн медалийн төлөөх тоглолтод ялсан бол Бразилийн боксчинг ялах боломж өндөр байлаа. Өмнө нь хоёр ч удаа ялж байсан болохоор боломж байсан.
-Та цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Цаашдаа бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох болно. Биднийг 2018 оны Азийн тоглолт, 2019 оны ДАШТ гээд олон тэмцээн уралдаан хүлээж байна.
О.Ариунцэцэг