Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Оросоо: Манайх шиг үг хэлэх эрх, иргэний хэргийн шинжтэй бүх мэдээллийг эрүүгийн гэмт хэргийн үүднээс шалгадаг улс байхгүй DNN.mn

“Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө – Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт өнгөрөгч лхагва гаригm зохион байгуулагдсан юм. Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн докторант, хуульч Д.Оросоотой ярилцлаа.


-Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?

-1990 оноос хойш Монгол Улс ардчилсан нийгэмд шилжин, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулиар хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх зэрэг хүний үндсэн эрхийг баталгаажуулж чадсан нь манай улсын хамгийн том дэвшил юм. Олон улсын түвшний хэм хэмжээ, үнэт зүйл, зарчмыг Монголд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Мэдээж нийгмийн харилцаа үргэлж хувирч, өөрчлөгдөж байгаа.

-Тэгвэл энэ талаарх хууль эрх зүйн орчин ямар байна вэ?

-Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай. Учир нь сошиал, цахим хуудас дээр мэдээлэл бичсэн, ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүр цагдаагийн байгууллагад дуудагдаж шалгагдаж байгаа өнөөгийн буруу практикийн шалтгаан энэ юм. Гэмт хэрэгтэй тэмцэх ёстой, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэдэг бол нийгэмд аюултай үзэгдэл. Хулгай хийх, хүний бие махбодод гэмтэл учруулна гэдэг бол гэмт хэрэг, үүнийг ч шалгах ёстой, энэ гэмт хэргийг шалгахын тулд цагдаагийн байгууллага хүч албадлага хэрэглэж гэмт хэрэгтэй тэмцдэг. Гэтэл Худал мэдээлэл тараах гэмт хэргийн заалтын хүрээнд үг хэлэх эрхтэй холбоотой иргэний хэргийн шинжтэй мэдээлэлтэй эрүүгийн журмаар тэмцэж байна.

Би нийтлэл бичсэн байлаа гэхэд маргааш нь цагдаагийн байгууллага дуудах үндэслэлтэй. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг цагдаагийн байгууллагад байгаа юм. Эрүүгийн хуулиар ийм зохицуулалттай учраас сэтгүүлчийг, талбай дээр жагссан иргэн гээд бүгдийг нь дуудаж байгаа юм.

Тэгэхээр Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг маш өргөн хүрээтэй болсон. Өмнө Эрүүгийн хуульд гүтгэх гэдэг заалт байх үeд хүн болгоныг ингэж дууддаггүй байсан. Нийтлэл бичсэн сэтгүүлч, цахим хуудаст өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн хүн ч дуудагддаггүй байсан. Гүтгэх гэдэг ойлголт нь хүний нэр төр, алдар хүндэд хамгийн ноцтойгоор халдсан хүнд хэлбэр. Худал мэдээллийн гурван төрөл, хэлбэр байдаг. Нэгдүгээрт, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгогүйгээр худал мэдээллийг тараах, дамжуулах, хоёрдугаарт, зарим талаараа үнэн боловч тухайн хүний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараах, гуравдугаарт, илт худал гүжирдлэгийг хүний нэр хүндийг гутаах зорилготойгоор санаатай зохиож тараасан худал мэдээлэл гэж байдаг.

Өмнөх Эрүүгийн хуулиар хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг санаатай зохиож тарааж буй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн гүтгэх гэдэг заалтыг худал мэдээлэл тараах болгож өргөн хүрээтэй болгосон нь маш том хийдэл, алдаатай болсон. Тийм учраас бид энэ алдаагаа нэн даруй засахгүй бол зүгээр л дурын сэтгүүлч, үзэл бодлоо илэрхийлсэн иргэн, жагсагчийг дуудаад байцаалт авах эрүүгийн боломж бүрдсэн. Яагаад гэвэл худал мэдээлэл тараасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгах эрх зүйн үндэслэл бий. Үүнийг бид хүний эрхийн зөрчил гэж үзэж байгаа юм. Ийм зүйл байх ёсгүй. Эрүүгийн хуулиар бол худал мэдээллийн хамгийн ноцтой хэлбэрийг л зохицуулдаг болохоос биш манай улс шиг үг хэлэх эрх, иргэний хэргийн шинжтэй бүх мэдээллийг эрүүгийн гэмт хэргийн үүднээс шалгадаг улс байхгүй. Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлтэй холбоотой иргэний маргааныг шийдвэрлэх Иргэний хуулийн зохицуулалт байгаа ч энэ заалт одоо хэрэглэгдэхээ больж байна. Учир нь Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэмт хэргийн заалтаар мэдээлэл тараасан этгээдийг, гомдолтой байгаа төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс сэтгүүлч, иргэнийг цагдаад өгөх нь нөгөө хүндээ шахалт дарамт үзүүлэх арга хэрэгсэл болж ашиглагдаж байна. Иргэний хууль, Эрүүгийн хуулийн энэ зохицуулалт эрх зүйн давхардалтай болсон, энэ зөрчлийг арилгах хэрэгтэй. Өнөөдөр худал мэдээлэл тарааж байгаа асуудлыг эрүүгийн журмаар шалгах хүрээнд үзэл бодлоо илэрхийлж үг хэлсэн хүн бүр дуудагдаж, шалгагдаж байна. Энэ бол төрөөс мэдээлэлд хяналт тавьж буй хэлбэр юм. Одоо хэвлэлийн цензурийг хуучин шиг Засгийн газар хийхгүй, хууль хяналтын байгууллага хийж байна. Гэхдээ төр шүү дээ. Төрөөс мэдээллийн агуулгад хяналт тавьж байна гэсэн үг. Тэгэхээр цензур эргэж ирсэн байна гэсэн үг.

-Талбай дээр иргэд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглаан зохион байгуулдаг. Гэтэл эргээд тэднийг цагдан хорих, хууль шүүхээр далайлгадаг нь бидний Үндсэн хуулиар баталгаажсан эрх биелэхгүй байгаа юм биш үү?

-Жагсаал, цуглаан хийж буй практикт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх явцад олон хүндрэл бэрхшээл гарч байна. Нэг талаас үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ зарим талаар хэтрүүлэх тохиолдол гарч байна. Тухайлбал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө бол хэмжээ хязгааргүй эрх чөлөө биш юм. Тодорхой хязгаарлалт, хүрээ хязгаар байдаг. Үүнд, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдал, бусдын нэр төр, алдар хүндийн халдашгүй байдал зэрэг нь энэ эрх чөлөөг хязгаарлах үндэслэл болно. Энэ эрх чөлөөгөө хэмжээ хязгааргүй эдлэх ёстой мэт буруу ойлгох, санаатайгаар олон нийтийн аюулгүй байдал бусдын нэр төрд халдах зэрэг цөөн тохиолдлууд гарч байна. Ийм үйлдэл ардчилсан нийгэмд маш хортой. Учир нь энэ эрх чөлөө бол маш эмзэг. Эрх чөлөөгөө зөв эдэлбэл үр дүн нь нийгэмд маш сайнаар гардаг, хэтрүүлж, буруугаар эдэлбэл тухайн хүн өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрхийн “хохирогч” болж дуусдаг. Үр дүнд нь үзэл бодлоо илэрхийлж буй иргэдэд итгэх олон нийтийн итгэл унадаг сөрөг талтай. Тэгэхээр бидэнд энэ эрх чөлөөгөө зөв эдлэх соёл, хандлага маш чухал. Нөгөө талаар эрх чөлөөгөө зүй ёсоор эдэлж буй иргэдийн эрх чөлөө хязгаарлагдах, зөрчигдөх асуудлууд сүүлийн үед маш их гарч байна. Монгол Улс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан ч бодит практик сүүлийн үед нэлээн зөрчилдөөнтэй болж байна. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэхээс айдаг болж байна, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөгөө эдлээд дараа нь Зөрчлийн хуулиар торгуулдаг практик тогтоод байна. Саяхан Төрийн ордны дэргэд нүцгэлсэн иргэдийн Эрүүгийн хуульд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн заалтаар эрүүгийн журмаар шалгаж байгаа. Энэ бол Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг. Эрүүгийн хуульд хүнийг итгэл үнэмшил, үзэл бодлынх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн зарчим бий. Нүцгэлсэн үйлдэл бол олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй асуудал биш, хүн бүр үзэл бодлоо өөрийн сонгосон аргаар чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхтэй, эрхээ эдэлж буй иргэдээ эрүүгийн журмаар шалгаад байх нь буруу практик юм. Энэ гэмт хэргийг шалгах хүрээнд талбай дээр жагсаал, цуглаанд оролцож буй иргэд цагдаагийн байгууллагад дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгч байна. Иргэд талбай, цагдаагийн байгууллага хоёрын дунд явж байна.

-Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьсон нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрхийг хаасан үйлдэл гэж иргэд хараад байгаа. Та бүхэн мэргэжлийн хүний зүгээс үүнийг юу гэж харж байна вэ?

-Яг тодорхой тохиолдлыг нарийн судлаагүй учраас сайн мэдэхгүй байна. Ер нь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах ёстой. Нэгдүгээрт, ямар ч хүнийг гүтгэлгээс хамгаалах ёстой, зүв зүгээр явж байгаад гүтгүүлчихэж болохгүй шүү дээ. Хүний нэр төр, алдар хүндийг доромжлолоос хамгаалах ёстой. Хэнийг ч гуйлгачин, сохор, доголон гэж доромжлуулж болохгүй. Бодитой, үнэн мэдээллийг мэдэж байсан хэрнээ худлаа зохиож хүнийг гүтгэчихэж болохгүй, иймд хүний нэр төрийг ардчилсан нийгэм, эрх зүйт төртэй улсад заавал хамгаалдаг. Ардчилсан нийгмийн нэг гол баталгаа бол хүний нэр төр баталгаатай хамгаалагдсан байх явдал байдаг. Энэ зарчмыг зөрчөөгүйгээр үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдол нь хүний үндсэн эрх. Үүний төлөө эрүүгийн хариуцлага хүлээж болохгүй. Эрүүгийн хуульд хүнийг итгэл үнэмшил, үзэл бодлынх нь төлөө эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэдэг гол зарчим байдаг. Өнөөдөр хүн итгэл үнэмшил, үзэл бодлынхоо төлөө эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл нь Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн заалтаар орж ирээд байгаа юм. Бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, худал мэдээллийн эсрэг ялангуяа сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэлтэй холбоотой ёс зүй, эрх зүйн хувьд далайцтай өөрчлөлт, шинэчлэл цаг алдахгүй хийхгүй бол гажуудалтай нийгэм болж хувирч байна. Монгол Улс эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн Үндсэн хуулийн зорилготой улс. Бид өнөөдөр хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгоосоо улам холдож байна.

-Ардчилсан нийгэмд жасгаал, цуглаан хийх, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Тайван жагсаал, цуглаан нь нийгмийн тогтвортой байдал, өөрчлөлтийн тэнцвэрийг хангахад туслаж байдаг. Олон нийтийн бухимдал, эсэргүүцлийг гадагшуулах “аюулгүйн хавхалга”-ын үүрэг гүйцэтгэдэг, нийгэмд шаардлагатай тэнцвэрийг хадгалах, хүчирхийлэл, мөргөлдөөн дэгдэхээс сэргийлдэг. Түүнчлэн хямрал, шударга бус зүйлийг засах боломж олгодог. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь бодит үнэнг таньж мэдэх боломжийг олгодог давуу талтай. Ямар нэгэн ноцтой асуудлын цаад бодит үнэнг эрх баригчид ард түмнээс нуун дарагдуулж, төөрөгдүүлэх сонирхолтой байдаг, үнэн бол ёроолд нь байдаг шүү дээ, гагцхүү тэр нуусан бодит үнэнг энэ эрхийн тусламжтайгаар олж мэдэх боломжтой. Харин эрх баригчид үг хэлэх, жагсаал, цуглаан хийх эрхийг эрсдэл гэж хардаг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрх нь нийгэмд оршин буй алдаа дутагдал, авлига, төрийн өмчийн хулгай, буруу бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон нийтийн өмнө шүүмжлэн ил болгох, эсэргүүцэл илэрхийлэх “нийгмийн сэрүүлэг”-ийн үүрэг гүйцэтгэдэг. Аль ч нийгэмд эрүүл саруул, ажил хэрэгч, шүүмжлэлт байр суурь, хандлага шаардлагатай байдаг. Энэ бүгд энэ эрх чөлөөгөөр дамжиж гарч ирдэг. Эрх баригчид илүү их эрх мэдэл, хүч чадлыг өөртөө олж авах, эрх мэдлийг төвлөрлүүлэхийг хүсдэг, харин үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрх нь эрх мэдэлд хяналт тавих, шийдвэр гаргагчийг үнэлж дүгнэх, эрх баригчдаас ардчилсан хариуцлага нэхэх, хамтын шийдвэр гаргахыг шаардах, эрх мэдлийг урвуулан ашиглахаас сэргийлэх зэрэг шинжээрээ иргэдээс төрийг удирдах хэрэгт оролцох үндсэн эрхтэй шууд холбогдож байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *