Categories
мэдээ цаг-үе

Д.Нямсүрэнгийн “Би цас болно” шүлгийн учир

Жинхэнэ суу билгээс төрсөн яруу найраг ямагт ирээдүй цагт оршиж байдаг ажгуу. Тухайн шүлгийг уншиж, түүнд уусан шингэх уншигчийн дотоод ертөнцийн долгионд тэртээх өнгөрсөн цаг дахь яруу найрагчийн судасны цохилт мэдрэгдэх энэ уулзварт өнгөрсөн, ирээдүй хоёр одоо цаг дээр огтлолцоно. Энэ бол яруу найргийн долгионлог оршихуйн мөн чанар.

Яруу найрагч үгийн увдислагт нэвтрэх тусам, ертөнцийн оршихуйг нээх тусам хувилгаан чанарт шилждэг нь үнэн ажгуу. Суу билигт яруу найрагч Данзангийн Нямсүрэн нэгэнтээ “Нас ахих тусам шүлэг минь хувилгаан чанарт шилжиж байна” хэмээн дуун алдсан удаатай. Үнэхээр тийм байсан. Шүлэг нь хувилгаан чанарт шилжинэ гэдэг бол томоор нь харахад ундруулагч эх булаг болох яруу найрагч өөрөө хувилгаан чанараа танин барьсан хэрэг. Нямсүрэнгийн шүлгүүдийг унших бүрийд ер бусын увдис ховс эзэмдэнэ. Зөн совинтой учирна. Уярна. Гайхна. Биширнэ.

Их найрагч хамгийн сүүлд хоёр мянга нэг оны сүүлчээр Эрээнцаваас Улаанбаатарт ирж өвөлжөөд, хаваршуулаад буцсан юм. Энэ үед нь бид түүний “Аглагхан талаасаа” номыг нь хэвлүүлсэн. Дарь.Сүхбаатар, бид гурав манай галын өрөөнд сууж уг номыг хэвлэлд бэлтгэх үед мань хүн баахан төвөгшөөж ном хэвлүүлэх ажил чинь яасан залхуутай юм хэмээн яршиглана. Ямартаа ч бид хичээснээрээ зүтгэж хэвлүүлж амжсан юм даг. Их найрагч бээр мөнөөх номоо өдөр болгон өвөртөлж гараад дотнын хүмүүстээ гайгүй сайн тараасан даа. Номон дээрээ голдуу л “Ирлээ… явлаа…” гэсэн хоёр үг бичиж харагдах. Яг л түүгээрээ болж нутагтаа очоод төдий л удалгүй зуны тэргүүн сард тэнгэрт буцсан билээ.

Яруу найрагчийн үг зөн совинтой аж. Нямсүрэн нийслэлд ирэх болгондоо өврийн дэвтэр дүүрэн шүлэгтэй ирж, орсон айл, уулзсан хүн болгонд уншина. Тэр нэгэн өвөл “Би цас болно”, “Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй” хэмээх хоёр шүлгийг мөн ч их уншсан даа. Сүүлийн шүлэг бол ёстой бэх нь хатаагүй байсан. “Гурвуулаа байлаа… гэж Мэнд-Ооёо, Нямсүрэн хоёр дуулмуу” хэмээн бидний нэрийг дурдаад “Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын бэлгэдэл юу вэ” хэмээн гунигтайяа хэн нэгнээс асууж уянгалуулан уншихдаа хоолой нь зангирдаг байж билээ. Аглаг буйд Эрээнцавдаа тэрбээр тэнгэрт одсон дүү О.Дашбалбарыгаа санан гансарч, бэтгэрч байсан нь олон шүлэгт нь мөр бадгаар шингэсэн байв. Тэгээд

“Бодоод байхнээ би хаднаас ч хатуу, чийг ч үгүй болж дээ

Болжмор, болжморуудад нулимсаа бэх бэхээр нь өгчихсөн

Нарт энэ орчлон дээр хоёр юмыг авч үлдлээ, би

Надаас өөр хэн ч бичихгүй шүлэг, хэн ч үнсэхгүй уруул…” (2001.11.17)

Нэг л ер бусын гансрал, шаналан мэдрэгдэнэ. Тэр юуг зөгнөж, дотоод чинадын долгионд нь юу орж ирсэн юм бол доо хэмээн бодном. Яруу найрагчид чинадын нэг совин тэмтрэгдсэн хэрэг байжээ.

“Буй биеэрээ би цас болно

Бүрхсэн их цас болно

Бүүр том хот тосгодыг ч

Бүгдийг хучсан цас болно…”

Тэр үед уншсан, сонссон хэн ч энэ шүлгийн бүүр гүн нууц руу орж чадаагүй байх. Яагаад гэвэл “Би цас болно” хэмээх энэ шүлэгт дөрвөн оны дараа болох амин насныхаа төгсгөлийн үйл явдлыг өнгөт дэлгэцнээ тольдох мэт зөгнөн бичсэнийг нь хэзээ хойно олж үзвэй.

Хоёр мянга хоёр оны зуны тэргүүн сарын гунигт тэр өдөр суу билигт яруу найрагч Д.Нямсүрэн андын цогт шарилыг тээсэн тусгай галт тэрэгний цуваа Чойбалсан хотоос Эрээнцав тосгоны зүг түг түг, түг түг хэмээн нэгэн хэмийн судасны цохилт мэт чичиргээгээр довтолгож явлаа. Зорчигчид бүгд аньсага чийгтэй, дор дороо тус тусын гунигт бодол тээж чимээ аниргүйхэн галт тэрэгний цонхоор ширтэнэ.

Төдөлгүй галт тэрэг нэн уртаар дохиогоо хангинуулснаар эхний зөрлөг дээр зогсоход төмөр замын бяцхан суурингийнхан эгнэж зогссон байлаа. Тэд шарил залж яваа вагоны зүг бүгд нэг юмыг унших бололтой харж зогсоод дээрээс доош хараа гүйлгэхийг ажваас;

“Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа цас болно…” хэмээн том цагаан даавуун дээр бичээд дэлгэж татсан их найрагчийн шүлгийг уншиж байгаа нь тэр ажгуу.

Дорнод аймгийнхан, бас төмөр замынхан их найрагчаа гүн хүндэтгэлтэй сүүлчийн замд нь үдсээр байлаа. Аймгийн төв номын сангийн үүдэнд цугласан Дорнод аймгийн зон олон, хүндэт харуул, ёслолын буудлага, галт тэрэгний дуут дохио тэргүүтэн бол дэндүү эгэл амьдарсан түүний, эзгүйд нь үргэлжлэх ирээдүйн ер бусын амьдралын зэрэг зиндааг тодорхойлох мэт байвай.

“Гуу жалга дүүрэн цас болно

Гуниг зовлонг дарсан цас болно

Гуйлгачин ядууг умдаалсан цас болно

Гурвалсан морьд шиг галт тэрэгний

Дуун дохио, дун бүрээ цас болно…”

Галт тэрэг нэг зөрлөгөөс нөгөө зөрлөг зорин хөдлөх уянгалсан урт дохио ердийн аялалынхаас нэг л өөр, хүндэтгэл хийгээд харууслыг дуулах мэт. Дарь.Сүхбаатар дүү, бид хоёр галт тэрэгний холбоос хаалгаар гарч цувааг чирч яваа толгой вагоны нүүр тавцан дээр гарч баруун зүүн хоёр өнцөгт нь баахан зогсов. Төмөр замын хос ган шугам дээгүүр мөнөөх Нямсүрэнгийн маань хөх өвс хөшилдөөд ургачихсан нь ердийн шороон замаар явж буй мэт санагдахад нэг л сонин мэдрэмж төрж билээ… Их найрагч бээр тэр нэгэн өдөр “цас болохоор шийдэхдээ”, яг өнөөдөр, энэ цаг мөчид ган замаар “гурвалсан морьд шиг галт тэрэгний” “дуут дохио” хангинуулан ингэж явахыг найргийн зөн совиндоо үзсэн л байна. Яруу найрагчийн сүнс-сэтгэл аль хэдийнэ хоосон чанарт шилжиж, ертөнцийн оюунт мандлын нэгтээгээс,

Хамаг биеэрээ би цас болно

Хавирган сарны сэвэлзээнд

Хашаан доторх хэцэн дээр

Хяруулж сувдарсан цас болно…” хэмээн шүлгээ дуудах шиг санагдана. Орчлон ертөнцөөс одохын цагт өөрийн амьдарч, хайрлаж явсан бүхэндээ эн тэнцүү нэгэн зэрэг эргэж ирэх боломж бол анхил зөөлөн хурмаст тэнгэрийн цагаан цас байх болно гэж бодсон нь цаанаа учиртай.

“Хамгийн эхлээд би чинийхээ

Хатаахаар салхинд өлгөж тавьсан

Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”

Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас ирсэн захиа,

Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно…”

Найрагч бээр хоосон чанарт шилжсэн хойноо ч хайрлан дурлаж явсан он цаг, янагийн захиа, Эрээнцав, Хөх нуурт бичсэн шүлгүүд, ялангуяа “амраг гэргийгээ”-ээ бүрхсэн их цасан дотор нууж хайрлах нэгэн учир энд оршном. Шүлгийг чинагш уншваас;

“Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар

Энгэрийн бэлд тавьсан,

Эрдэнийн гурвалжин чулууны

Эрхин цагаан судалд шингэнэ…”

Галт тэрэг зөрлөг бүхэнд дуут дохиогоо хангинуулан зогсож, төмөр замын бяцхан суурингийнхан их найрагчтайгаа салах ёс хийж үдсээр байлаа. Бид Чойбалсан хотоос хойхно орших хуучин уурхайн карьер дотроос нэгэн шагай шиг гурвалжиндуу цагаан чулууг олж дэрний чулуу болгохоор сонгосон юм. Чулуун дээр;

“Үргэлж залуу

Үргэлж мөнх өдрийг үзье” хэмээх шүлгийн мөрийг сийлсэн билээ.

Их найрагчийг оршуулах цуваа зүүн Эрээнцав хэмээх төмөр замчдын бяцхан суурингаас үүрээр хөдөлж Улз голын гүүрээр гарч, Баруун Эрээнцав суурингийн дундуур орж ирэхэд сумын төвийнхөн, сургуулийн хүүхдүүд хэдийнээ эгнээд зогсчихсон хүлээж байж билээ. Оршуулах ёслол цомхон боловч утга төгөлдөр болж байлаа. Эрээнцавд Нямсүрэнг тойрон хүрээлдэг яруу найргийн хорхойтнуудын нэгэн Махабахарта гуай зөвшөөрөл аваад найрагчийн цээжин тушаа зогсож нэгэн уярам туульс мэт шүлэг уянгалуулан дуудсан нь санаанаас ер гардаггүй юм. Өвгөний нэрийг жаахан гуйвуулаад Нямсүрэн бээр Энэтхэгийн их хөлгөн туульсын баатраар дууддаг байж, бид ч энэ л нэрээр нь тогтоосон хэрэг. Өвгөн яг л “Махабахарата” туульсыг хайлж буй мэт санагдсаныг хэлэх юун. Уярам шүлэг байсныг би санаж байна, харамсалтай нь цээж зангираатай байсан болохоор юу ч тогтоож үлдсэнгүй. Эвхээстэй цаасандаа үүрд шингээд найрагчийн мөнхжинтэй цуг мөнхөрсөн бөлгөө.

Их найрагчийн тэргүүнд түшүүлэх чулуугаа газарт суулгах гэсэн боловч, намсаад нэг л сүр бараа нь дутах гээд болохгүйд бид тэр доор нь мөнхжингийн газрын ойролцоогоос гурван цайвар чулуу олж тулгын гурван чулуу болог хэмээн ивж тавьбаас захиалсан мэт яв цав таарсан билээ. Бас л мөнөөх шүлэг утга санаагаа үргэлжлүүлсээр байлаа.

Дөрвөн жилийн өмнө найрагч “Би цас болно” хэмээх шүлгээ бичиж байхдаа цаг хугацааны ямар орчилд орж, хожим болох бүх явдлыг далдаас харсан мэт тодорхой бичсэн нь гайхмаар. Энэ бол суу билиг. Энэ бол зөн билиг. Үгийн увдис. “Гурвалсан морьд шиг галт тэргээр” явахаа, хашаан дотроо хэц татаж угаасан юмаа өлгөсөн байх гэргийнхээ төрхийг, тэгээд алтан шарилыг нь үүрд манах “эрхин цагаан судалтай”, “эрдэнийн гурвалжин чулуу”-нд агуулгаа шингээхээ яруу найрагч шүлгэндээ яг л хэлчихсэн байна. Бас гэрээслэсэн байна.

Тэрбээр үгэнд маш эмзэг нэгэн билээ. Үгийн шидийг эзэгнэсэн хүн ер нь тийм байдаг. Ялангуяа сүүлийн үеийн шүлгүүдэд нь тэрхүү эмзэглэл их тод туссан байдаг. Нэгэн залуу шүлэгч мань эртэй уулзаад ихэд өтөлж хөгширснийг нь хэлчихэж. Яруу найрагч бээр тэр доор нь “Ертөнцийн хоосон чанарыг таниагүй дүүдээ хэлмү” хэмээх шүлэг бичиж тайтгарч байсныг би тод санаж байна. Миний бие нэг хэсэг ойр ойрхон өвдөж, түүнийг дуулсан Нямсүрэн анд маань “Ашид мөнхийн нар цонхоор тань гийгүүлтүгэй” хэмээх шүлэг бичиж, бас нэгэн удаа нутгийн өвс ургамлаар увдисласан “Эрдэнийн сангийн найруулга” хэмээх залбирал тахилын шүлэг бичсэнээ илгээсэн билээ. Нямсүрэн бээр тэр үед хувилгаан чанарт шилжсээр байж дээ хэмээн бодном.

“Би цас болно” шүлгийн төгсгөл ер бусын шидтэй:

“Тэргүүний минь үс

Тэр цагт үсэг болж

Тэнгэрийн орноо

Билиг болон очино.

Цагийн жамаар гэзэг минь

Аясхан бударч

“Цагаан шүхэрт”

Ном болно…”

Яруу найраг, оюун санаа, цагаан цас… хайрладаг бүх юмс төгсгөлд нь “Цагаан шүхэрт” ном болж буйгаар шүлэг төгсөнө. Элдэв бурангуйн тоос товрог өчүүхэн ч тогтоогүй, бас хэрээс нь хэтрүүлж өнгө будгаар гоёж эрээлээгүй, голч бөгөөд зөнч үгсээр бүтсэн түүний шүлгүүд бол хар ба цагаан хэл амаас ямагт зайтай оршихуйн бэлгэдэл болох “Цагаан шүхэрт” ном болох увдистайг их найрагч Данзангийн Нямсүрэн шүлэгтээ зөгнөн адисласан нь энэ буюу.

Г.МЭНД-ООЁО

2019.02.14 Гахай жилийн шинийн 9 Номын урландаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *