ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VII сарын 25-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 176 сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд энхийг сахиулагчдын давтан шинжилгээ, тандалтын долоон сорьц, ажиглалтад байсан 16 хүний давтан, Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 61 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна. Эдгэрч сувилалд шилжээд байсан 23 хүнд шинжилгээ хийхэд эерэг гарч, хяналтад авсан талаар бид өмнө нь дурдсан. Эдгээр хүмүүсийн 11-д нь гурав дахь шинжилгээгээр вирус илрээгүй тул гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. Ажиглах хянах ажлыг бид дэг журамтай үргэлжлүүлж байна” гэв.
Categories