Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Ахин 18 хүнээс коронавирусын халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 179 тохиолдол боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийж байна.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 369 хүн шинжилгээ хийхэд 351 хүнд илрээгүй. Харин 18 хүнд шинээр илэрлээ. Алтанбулагийн боомтоор ирсэн 230 хүний шинжилгээг хийхэд дээрх хариу гарлаа. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, одоо эмчлэгдэж байгаа 136 хүн байна. Биеийн байдал хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Нийт дэлхийн 216 улсад 5876000 хүн өвдөж, 360000 хүн нас баржээ. Мөн 2.5 сая хүн эдгэрч, 2.9 сая нь эмчлэгдэж байна. 24 цагт нас баралт, өвчлөл өмнөх өдрүүдээс багассан сайн мэдээтэй байна. ОХУ-д халдвартай 8371 хүн шинээр нэмэгдсэн.

Манай улсад өчигдөр 289 хүн ажиглалтад шинээр орж 1908 хүн яг одоо ажиглалтад байна. Шуурхай 119 дугаарт 448 дуудлага ирсэнээс Швед, Франц, Чех, ОХУ-аас 19 хүн холбогджээ.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн доктор н.Оюунсүрэн:

Дэлхийн дахинд судалгааны ажлууд хийгдсээр байна. Одоогоор эрдэмтэн, судлаачид 22740 гаруй судалгаа, өгүүлэл хийж 130 гаруй вакцин туршжээ.Лондонд ахмад настны асрамжийн газруудад хөл хорио тогтоож, дахин хүн нэмж авахгүй байхаар болжээ.Хятадад уламжлалт анагаах ухааны 26 төрлийн ургамал вирусийн эсрэг үйлчилгээтэй болохыг баталжээ. Хятадад гэр бүлийн хүрээнд коронавирус хэрхэн халдварлаж байгааг судалжээ. Агаар сэлгэлт хийх, гараа тогтмол угаах, анхны шинж тэмдэг илрэхээс өмнө амны хаалт хэрэглэвэл 79 хувь, чийгтэй цэвэрлэгээг хатуу гадаргуунд тогтмол хийвэл 76 хувь хамгаалж чадна гэжээ.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д 19 мянга шинэ тохиолдол, 1500 гаруй нас баралт бүртгэгджээ. Бразил, Перу, Чили улсуудад их байна. ОХУ-д нийт 379 мянгад хүрч 4100 гаруй хүн нас баржээ. Өчигдөр Москвад 76 нас баралт бүртгэгджээ. БНСУ-д халдвар нэмж бүртгэгдээд байгаа учраас 06.14 хүртэл Сөүл, Инчеон гэх мэт томоохон хотуудад соёл үйлчилгээний газруудыг түр хаах шийдвэр гаргажээ. БНХАУ-д нас баралт нэмж бүртгэгдээгүй байна. Хөл хориог гэнэт сулруулах нь өвчлөл дахин сэргэх, хоёр дахь давлагаа гарах шалтгаан болж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *