Categories
мэдээ нийгэм

Д.Нямаа: Манай сэтгүүлийн захиалагчид бүгдээрээ оюунлаг хөрөнгө оруулагчид

“УЛИРАЛ БА ЗОХИОЛЧ” СЭТГҮҮЛ 2019 ОНЫ ШАГНАЛТНУУДАА ТОДРУУЛАВ-

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.


-“улирал ба зохиолч” сэтгүүл долоо дахь жилтэйгээ золгожээ.

-Долоогийн тоо бол миний хэмнэл тоо юм. Тийм ч учраас “Улирал ба Зохиолч” сэтгүүлийнхээ долоо дахь жилтэй золгож байгаадаа баяртай байна. Энэ сэтгүүл гараад нэгэнт долоон жил болжээ. Тасралтгүй 25 улирал дараалан гарч уншигчтайгаа золголоо. Гэгээлэг уншигч, байнгын захиалагчид, уран зохиолыг ивээн тэтгэдэг анд найз нар, оюунлаг хүмүүсийн дэм тусаар “Улирал ба Зохиолч” сэтгүүл минь цаашид ч гарсаар байх болно.

-Урлаг соёл, уран зохиол одоо бол ивээн тэтгэлэг дээр л тогтож байна шүү дээ.

-Тийм гэж хэлж болно. Төр засгаас энэ чиглэлд хийсэн дорвитой бодлого алга, сонгууль ойртоод намуудын мөнгөний том том амлалтууд хэрээс хэтэрлээ. Урлаг соёл, уран зохиолын талаар ямар бодлого дэвшүүлэх юм бол гээд харж л байна. Ганц ч болов үг ганхийх нам гарах юм уу, үгүй юм уу? Бүү мэд. Тийм болохоор уран зохиолд элэгтэй найз нарын минь дэмжлэг л чухал байх юм байна шүү дээ. Нэгэнт ивээн тэтгэлэг гэж ярьсных сэтгүүлийг минь өдий хүртэл дэмжиж ирсэн найзуудынхаа нэрийг хэлж, тэдэндээ үргэлжид баярлаж явдгаа танай сониноор дамжуулж илэрхийлье. Нар-Мон компанийн ерөнхий захирал, яруу найрагч м.Хүрэлсүх, Номин-Холдинг компанийн зөвлөх, худалдааны гавьяат ажилтан, зохиолч а.Шагдарсүрэн, “монос” компанийн Удирдах зөвлөлийн дарга, төрийн шагналт эрдэмтэн, зохиолч л.Хүрэлбаатар, Шинэ Ази компанийн захирал, сэтгүүлч Төрбаяр лувсанвандан сангийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Ш.Сүхбаатар, ддУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Баяртөр, өдий хүртэл сэтгүүлийг минь хэвлэн тусалж, бас давхар утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгэж яваа “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд гээд л үргэлжилнэ шүү дээ.

-Дандаа л зохиолч, яруу найрагчид, утга зохиолын шүүмжлэгч нар байна, тэгэхдээ бас нэг онцлог нь тэд бол оюунлаг хөрөнгөтнүүд. Яг үнэндээ өнөөдөр ийм л хүмүүсийн өглөг, ивээн тэтгэлэг дээр урлаг соёл, уран зохиол оршин тогтнож байна шүү дээ, нэг ном гаргахаар зорьсон ч ивээн тэтгэгч хайдаг цаг юм даа, юу ч гэмээр юм. бид мэт нь дэмжье гэсэн ч санаа байгаад сачий хүрэхгүй…

-Чи өөрийгөө тэгж хэлж болохгүй ээ, байнгын захиалагч байна гэдэг чинь л том хөрөнгө оруулалт шүү дээ. Манай сэтгүүлийг захиалагчид бүгдээрээ оюунлаг хөрөнгө оруулагчид.

-Сэтгүүл маань уран зохиолын бүх л төрөл жанрт хуудсаа зориулдаг, аль бүхнийг дурдалтай билээ, тухайлбал надад тууж, нобелийн шагналтнуудын ярилцлага, захидал, яруу найраг гээд уншихаар хүлээдэг дуртай булангууд бий.

-Хорин таван дугаарт 25 тууж, 25 Нобелийн шагналтны ярилцлага, Зохиолчдын бие биедээ бичсэн 25 захидал гарлаа шүү дээ. дэлхийн шилдэг өгүүллэгүүд бас энэ тооны, монгол өгүүллэгүүд гарсан. Энэчлэн “монгол туургатны яруу найраг” буланд Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тува, дээд Монголын 50 орчим яруу найрагчдын шүлэг зохиол гарав. Авьяаслаг шүлэгч залуусыг дэмжих зорилготой “Сүүтэй дөрөө” буланд гарагсдын түрүүч “Болор цом “ эзэн боллоо. 2019 оны “Болор цом “ наадмын тэргүүн шүлэгч Б.жамбалдорж манай сэтгүүлийн хуудаснаас уран зохиолын аян замд “Сүүтэй дөрөө”-нд мордсон юм шүү дээ.

-2019 оны шагналтнуудаа тодруулсан уу?

-Тодруулсан, оны шагналтнуудаа жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тодруулдаг юм. Энэ өдөр бол “Улирал ба Зохиолч” сэтгүүл гэрчилгээгээ авсан өдөр л дөө. Энэ жилийн тухайд 25 дахь дугаарынхаа баярыг тэмдэглэе, эрдэм шинжилгээний бага хурал хийе, уншигч редакцийн уулзалт энэ тэр зохион байгуулъя гэж төлөвлөж байсан юм. “Ковид-19” гэдэг гайт вирус дэлхий дахиныг нөмөрснөөс энэ ажил биелэлээ олсонгүй. Гэхдээ 2019 оны шагналтнуудаа уламжлал ёсоор сэтгүүлийнхээ уншигчдаас санал авч, сэтгүүлийн зөвлөлийн гишүүдтэйгээ зөвлөн ярилцаж тодрууллаа. ШУа-ийн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнхбаярыг Б.явуухулангийн 90, С.Эрдэнийн 90, Ц.Гайтавын 90, л.Бадарчийн 100 жилийн ойд зориулсан цуврал эрдэм шинжилгээний судлал өгүүлэл бичсэний учир, зохиолч Г.аюурзаныг “Уран зохиолын тухай яриа…” буланг бүтэн жил хөтлөн явуулсны учир, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийг анхлан гарсан цагаас нь эхлэн эх бэлтгэлийн ажлыг дагнан хийж ирсний учир “жиком пресс” хэвлэлийн газрын ажилтан Б.Баярбаатар нарыг 2019 оныхоо шагналтнаар тодруулж, батламж, 100.000 төгрөгөөр урамшуулж байна. Хүн бүрт өөрийн биеэр очиж гардуулна даа.

-Өмнөх жилүүдийн шагналтнуудаа нэрлэвэл бас л сонин доо?

-Наадах чинь харин гоё санал байна шүү. Тэгье. 2014 оны тэргүүн бичлэгийн шагналтнуудаар соёлын гавьяат зүтгэлтэн, д.Нацагдоржийн шагналт зохиолч С.Пүрэв, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Галсан, залуу орчуулагч, яруу найрагч Г.лхагвадулам нар тодорч байв.

Харин 2015 оны тэргүүн бичлэгийн шагналтнаар Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Л.Түдэв, 2016 оны тэргүүн бичлэгийн шагналтнаар азийн утга зохиолын шагналт яруу найрагч д.Урианхай, 2017 оны тэргүүн бичлэгийн шагналтнаар Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч Б.догмид, 2018 оны тэргүүн бичлэгийн шагналтнаар аНУ-д амьдран суугч, яруу найрагч, орчуулагч Батбаяр нар тодорчээ.

-“улирал ба зохиолч” сэтгүүлээс 25 настангуудын дунд анхны номын уралдаан зарласан, энэ уралдаанд олон ном ирэв үү?

-Уг нь бид уралдаанаа зарлаж байхдаа олон ном ирнэ дээ гэж бодож байсан юм, гэтэл бодсоноос эсрэг үр дүн гарсан шүү. Ердөө нэг л ном ирлээ. 25 настангууд их бүтээлч болжээ. Ихэнх нь энэ насандаа 1-2 номоо хэвлүүлчихсэн байдаг юм байна. Бидний үед ихэнх нь энэ л насандаа л анхны номоо гардаж авч явжээ. анхны ном гэдэг хамгийн том баяр хөөр байдаг болохоор тийм л баяр хөөрийг хэн нэгэн 25 настай авьяаслаг залууд бэлэглэе, Уран зохиолын замд нь шуудруулж өгье, номыг нь санхүүжүүлэн хэвлүүлье гэж бодсон юм. Сэтгүүлийнхээ 25 дахь дугаарыг бэлгэдсэн хэрэг л дээ.

-Хорин тавь дахь дугаар уншигчдадаа нэгэнт хүрчээ. Долоон жилийн дотор туулсан замыг нь багцаалж хэлбэл?

-Багцаалж хэлбэл үү? Эх орноо тойрчээ. Хилийн дээсээ ч алхсан байна. Тухайлбал, Хошууч генерал, доктор, профессор Лхачинжавын дэмжлэгтэйгээр эх орны хилийн застав отрядад хүрч, Соёл урлаг хөгжүүлэх сангийн тэтгэлгээр хөдөөгийн 330 гаруй сумын номын сангуудад түгээгдэж, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, доктор Г.Батсүхийн санхүүжилтээр монгол Улсаас гадаад улсад суугаа 30 Элчин сайдын яамдад очжээ. мөн аНУ-д амьдран уран бүтээлээ туурвигч жүжигчин В.Наран-амгалангийн оюунлаг хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн бүх сумдын Соёлын төвд хүргэгдсэн билээ. Энэ бүхнийг 25 дахь дугаар уншигчдадаа хүрч, 26 дахь дугаар бэлтгэгдэж байгаа энэ өдрүүдэд дурсахад тун таатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *