Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Жаргаагүй нар” жүжгийг үзлээ. Үзэгчийн хувиар энэхүү жүжгийг үзээд төрсөн сэтгэгдлээ хуваалцахыг хүслээ.
“Жаргаагүй нар” жүжгийн хувьд тэмцэл, үхэл гээд амьдралын өнгө бүрийг хослуулжээ. Д.Нацагдорж, Пагмадулам нар Герман руу нөхдийн хамт сурахаар болж баяр хөөртэй байхад нь багш Цэвээн нь орж ирж байгаагаар жүжиг эхэлнэ. Багшийнх нь захиж хэлсэн ганц үг бол “Төр өөртэйгөө орооцолдсон хүнийг дуулгавартай зарц байлгахын тулд мөлхүүлдэг, эсвэл цовдолдог” гэсэн үг. Энэхүү үгээрээ Д.Нацагдоржийг хаашаа ч явсан төр араас нь мөрдсөөр байх болно гэсэн утгыг гаргажээ. Герман орон руу эрдэм сурахаар явсан хорин хэдэн залуус хилийн дээс алхсан боловч очсон хойно нь сургууль төгссөн гэсэн тодорхойлолтыг нь Ишдорж нарын хүмүүс явуулахгүй байгаад их бухимдаж буй талаар жүжиг өрнөнө. Тэдний дунд Д.Намдаг явсан бөгөөд Д.Нацагдоржийн хамгийн үнэнч, дотнын нөхрөөр жүжигт дүрслэгдэнэ. Тэд шинэ жил тэмдэглэж, харь орны дарс уун, бүжин цэнгэлдэж байгаа нэг хэсэг үзэгдэл өрнөнө. Тэдний дунд дотоод яамны туршуул нэгэн залуу байнга мэдээлэл дамжуулах нь жүжгийн нэгэн шигтгээ болжээ.
Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-гоо бичиж буй хэсгийн үзүүлэн тоглолт түүний бичгийн хүн гэдгийг нь тодотгож өгнө. Дүрсэлбэл тэрээр жүжгээ бичин тайзны дээд талд залрана. Харин доор нь жүжгийн хэсэг өрнөн Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балган нарын хүмүүс бие биеэ түлхэлцэн нааш цааш болох нь зураг мэт хөврөөд өнгөрч байгаа нь өвөрмөц болжээ.
Харин жүжгийн төгсгөл хэсэг хүн бүрийн сэтгэлийг хөндөж чадсан юм. Д.Нацагдорж олны дунд хавчигдан гадуурхагдаж, шаналж явах үедээ“Миний нутаг” шүлгээ уншсан нь үзэгчдийн сэтгэлийг үймрүүлж, өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. Бас нэг онцгой юм байсан нь үе үе эгшиглэх шанзны гунигтай аялгуу дотор сэрхийлгэх шиг л уянгална. Энэхүү жүжгийн хөгжмийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ажилласан нь нүдээ олсон хэрэг байлаа. Харин жүжгийн зохиолыг туурвисан Ш.Гүрбазар гуайн хувьд олон эх сурвалжийг харьцуулж, нэлээд чамбай ажилласан нь олон жил урлаг, утга зохиолд зүтгэсний үр шим гарч байна даа гэж бодогдож суулаа.
Ч.Түвшин найруулагч “Жаргаагүй нар” жүжгийнхээ эхлэл, өрнөл, төгсгөл, солбилцлыг гарамгай найруулж маш олон хэсгүүдийг чадамгай хослуулжээ. Тухайлбал, Д.Нацагдоржийг Дотоод газрын цагдаа нар мөрдөж мөшгөөд салахгүй болохоор тэрээр бор дарсанд орсон мэт дүр эсгэн нэг хэсэг хугацааг согтуу хөлчүү өнгөрүүлнэ. Гэвч түүнийг мөрдөж мөшгөсөөр байсанд тэрээр “Учиртай гурван толгой” дууриа найз Д.Намдагтайгаа тайзан дээр тоглуулж байх үедээ энэ тухай үнэнээ хэлж дахиж уухгүй гэдгээ илэрхийлж байгаа нь одоогийн залууст ихээхэн сургамжтай хэсэг болсон мэт. Нэг удаа түүнийг архи уун сууж байхад нь хүрээний гурван хүүхэн орж ирэн өдөж “Дахиад л бидний тухай бичиж байна уу” хэмээн дооглон тас тас инээнэ. Тэр үеэр дотоод яамны хоёр хүн орж ирэн Д.Нацагдоржийг элдэвлэн үг алдуулахын тулд янз бүрээр өдөж хатган, ширээн дээр нь үсрэн гарч эсвэл дайрч давшлан заамдаж авах, бүр нүүр рүү нь нулимах зэргээр хог шаартай харьцаж байгаа мэт дураар аашилна. Гэвч Д.Нацагдорж хэзээд өөрийнхөөрөө байж тэдэнд ганц ч үг алдахгүй бүхнийг тэвчээд өнгөрүүлнэ. “Жаргаагүй нар” жүжгийг үзэж байхад жүжиг гэдэг ганцхан гол дүрийн ажил биш бүхэл бүтэн театрынхны хөдөлмөр, гар нийлсэн ажиллагаа юм гэдэг нь тодорхой харагдаж байлаа.
Д.Нацагдоржийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Шинэбаярын жүжиглэлт, гал цогтой залуу нас Их зохиолч Д.Нацагдоржтой хэр адил болж вэ гэдгийг харахаар хүмүүс УДЭТ хэмээх улаан байшингийн зүг мөрөө гаргасан нь цөөнгүй буй за гэж бодож байна. Үзэгчид үнэхээр сайхан жүжиг болж гэж төгсгөлд нь сэтгэл дүүрэн гарах боловч Дашдоржийн Нацагдоржийг үзэв үү, Б.Шинэбаярыг үзэв үү гэдэг эргэлзээ надад төрлөө. Б.Шинэбаяр сайн тоглож. Гэхдээ жаахан хөөрүү дэврүү дүрийг бүтээчихэв үү гэж бодогдохоор. Царцаа шиг үсчсэн, “энхийн цагаан тагтаа” шиг залуугийн дүрийг бүтээчихэв үү гэж санагдана. Гэхдээ энэ нь Д.Нацагдоржийн хиргүй тунгалаг залуу насны сайхан дүрийг үзэгчдийн сэтгэлд үлдээх гэсэн найруулагчийн санаа байсан ч байж болно.
Үзэгч бидэнд бичгийн их хүмүүн Д.Нацагдорж бор дээлээ дурдан бүсээр жимбийтэл ороон, бүрх малгайгаа жишүү тавин ихэмсэгээр суух тэр л дүр нь дотно байдагсан.
О.Өнөрцэцэг