-Агаарын бохирдлын стандартыг хангасан нүүрсэн янданг хулгайлж байгаа нь байгаль орчин, орчны эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл-
Хүний төв мэдрэлийн системийг ноцтой гэмтээж, цаашлаад үхэлд хүргэх аюултай хар тугалгатай хорт утаагаар улаанбаатарчууд 24 цаг амьсгалж байна. Энэ аюултай хорыг жилийн дөрвөн улиралд агаарт “нийлүүлж” гол буруутан нийслэлийн авто замын хөдөлгөөнд дийлэнх оролцож байгаа “приус 20” автомашин болчихоод байгаа. Учир нь “приус 20”-ын нүүрсэн янданг хулгайгаар болон санаатайгаар худалдан борлуулж, урагш гаргадаг хулгайн бүлгүүд бий болоод удаж байна. Хариуд нь нийслэлийн замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй, байлаа ч хятад чанаргүй яндан орлуулчихсан приусүүд дүүрэн явдаг болсон. Шүүх яндангүйгээс агаарт хар тугалгатай хорт утаа ялгарсаар байгааг бид хөндөн бичсээр байгаа.
АНУ-ын Нью-Йорк хотод 1990-ээд оны үед нийгэм нь асар их уур бухимдал, стресст орж, дэлхийг цочоосон онц ноцтой гэмт хэргүүд үйлдэгдэж байсан гашуун түүхтэй. Яг л өнөөдрийн манай Монголын нийгэм шиг дүр төрх бий болсон гэдэг. Эрдэмтэд тухайн үед судалгаа хийж, дээрх нөхцөл байдал хар тугалгатай бензиний хэрэглээ өндөр байгаатай холбож үзсэн. Тиймээс хар тугалгатай шатахууны хэрэглээг хориход гэмт хэргийн гаралт буурч, нийгэм эрүүлжиж байсан судалгаа анхаарал татна.
Тэгвэл манай улсад Эрүүл ахуй, хор судлалын лаборатори нийслэлийн хүүхэд багачуудын цусан дахь хар тугалганы хэмжээг судалж үзсэн байдаг. Судалгаагаар бага насны хүүхдийн цусанд хар тугалгын зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй зургаа дахин өндөр гарсан нь ноцтой асуудал юм.
Энэ талаар Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа.
-Эрүүл ахуй, хор судлалын лаборатори хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг судалсан судалгааны үр дүнг дэлгэрүүлж ярьж өгөхгүй юү?
-Бид 2016 онд анх Улаанбаатар хотын хүүхдүүдийн цусанд хар тугалгыг тодорхойлох туршилт судалгааг хийж ирсэн. Эндээс харахаар агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээ өндөр гарсаар байгаа юм.
Хамгийн өндөр үзүүлэлт нь 28 мкг/дп/. Энэ бол бусад улс орнуудад зөвлөмж болгодог хэмжээнээс зургаа дахин өндөр үзүүлэлт. Дараа нь харьцангуй агаарын бохирдол багатай орон сууцны хорооллын хүүхдүүдэд шинжилгээ хийхэд 7-8 мкг/дп/ гарч байсан. Бас л зөвшөөрөгдөх хэмжэнээс өндөр гарсан. Үүнээс харахад Улаанбаатар хотын агаарын бохирдол нүүрс, автомашины яндангаас гарч байгаа утаанд хорт металлаас бүрдэж байна дүгннэж болно.
Мөн бид хамгийн сүүлд буюу энэ оноос эхлээд анх удаа хар тугалга болон бусад хорт металлыг хүний био сорьцод тодорхойлох лабораторийн шинжилгээг хийж эхэлсэн. Энэ нь хүний шээс, үс, цус зэрэг биологийн дээжинд шинжилгээ хийнэ гэсэн үг. Эцэг, эхчүүд сайн дураараа хүүхдүүдээ авчирч шинжлүүлсэн. 2-14 настай хүүхдүүдэд шинжилгээ хийхэд хар тугалгын хэмжээ 6-8 мкг/дп/ тодорхойлогдсон. Энэ бол АНУ-д мөрддөг хэмжээнээс өндөр. Олон улсад зөвшөөрөгдөх хэмжээг таван мкг/дп/ гэж үздэг.
-Өмнөх судалгаанаас харьцангуй багасчээ?
-Энэ судалгааг харьцангуй дулааны улиралд хийсэн. Тэгэхээр агаарын бохирдол багатай үе гэсэн үг.
АНУ бол таван жил тутамд био мониторингийн шинжилгээгээр нийт хүн амдаа хийдэг. Судалгааны дүнгээс үзэхэд нийт хүн амынх нь цусан дахь хар тугалга 0.95 мкг/дп/ гардаг. Үүнтэй харьцуулахад манай улсад хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ хэт өндөр байгаа юм.
Өөр нэг судалгааг сонирхуулмаар байна. Манай лаборатори энэ хавар Увс, Архангай аймгийн хүн амын цусан дахь хорт металлын агууламжийг тодорхойлох судалгааг хийсэн юм. Тэгэхэд Увсын хүн амын дунд дунджаар 7-8 мкг/дп/, Архангайнх зургаа орчим мкг/дп/ байсан. Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүд агаарын бохирдол ихтэй болчихсон шүү дээ.
-Хүүхдүүдээс гадна томчуудын цусанд хар тугалга ямар хэмжээнд байгааг судалж үзсэн үү?
-Үзэлгүй яахав. Нэг сонирхолтой дүгнэлт харагдаж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хар тугалгын хэмжээ эрчүүдэд өндөр байна. Тэр дундаа тамхи татдаг эрчүүдэд бүр өндөр гарсан. Энэ нь тамхи болон ажлын онцлогтой холбоотой гэж харагдаж байгаа.
-Нийгмийн стресс бухимдал, ааш зангийн өөрчлөлт хорт бодисуудтай холбоотой байх боломжтой юу. АНУ-ын жишээг мэргэжлийн хүний хувьд та мэддэг л байх?
-Хар тугалга бол гол нь хүний мэдрэл, сэтгэхүйн хөгжилд шууд нөлөөлдөг. Тиймээс хар тугалгын архаг хордлогод орсон хүмүүсийн дунд ууртай уцаартай, түрэмгий зан араншинтай болох байдал ажиглагдаж, гэмт хэрэг гарч байсан тохиолдол АНУ-д бий.
Манай орны хувьд хүн амын цусанд хар тугалгын хэмжээг хангалттай хэжмээнд судалж чадаагүй байгаа учраас шууд дүгнэж хэлэх нь хөнгөн үйлдэл болох байх. Гэхдээ тийм байхыг үгүйсгэхгүй.
-Бид нүүрсэн яндангүй автомашинаас ялгарч байгаа утаа хорт бодистойгоо агаарт цацагдаж байгаа асуудлыг хөндөж байгаа.
-Үүнийг ярихын тулд бензин ярих хэрэгтэй болно. Хуучин манайд А80, А76 бензинүүд хар тугалгын агууламжтай байсан. Сүүлийн үед хар тугалгын агууламжтай бензиний хэрэглээ харьцангуй багассан. АИ92, А95, А98 бензинд хар тугалга агуулгаагүй гэдэг. Гэхдээ өргөн хэрэглээ болсон АИ92 бензинд яг хар тугалга агуулагдаагүй, бага байгаа гэх шинжилгээг бодитой харах хэрэгтэй. Мэргэжлийн хүний хувьд би одоогоор энэ судалгаа, шинжилгээг хараагүй.
Нөгөө талаар нүүрсэн яндан бол машины утаанд байгаа хорт бодисыг шүүж, хоргүй болгож багасгах үүрэгтэй. Машин үйлдвэрлэгчид яагаад үнэтэй материалыг яндандаа хийгээд байна вэ гэхээр олон улсад тавигдаж байгаа байгаль орчны, агаарын чанарын стандарт, дүрэм журмыг биелүүлэх зорилгоор шүү дээ. Гэтэл манайхан түүнийг нь дамлан зарж байна. Энэ бол байгаль орчны эсрэг, орчны эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл.