Categories
мэдээ цаг-үе

Д.Наранжаргал: Д вирустэй буюу хамгийн том асуудалтай хэсэг дээр анхаарал дутагдаж байна

“Оном” сангийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай ярилцлаа.


-Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд элэгний вирус илрүүлэх, оношилогоо шинжилгээ хийсэн гэсэн. Гадаадад байгаа монголчуудын хувьд вирусийн тархалт хэр их байна вэ?

-Америкийн монголчуудад манайхан илрүүлэг хийсэн, Лос Анжелест хамтардаг байгууллагатай. Тэнд амьдардаг монголчуудыг ерөнхийдөө бүгдийг нь хамруулсан. Вирусийн тархалтын хувьд энд байдаг хүмүүсээс ялгаагүй байдаг. Бид 500-гаад хүнийг илрүүлэг үзлэгт хамруулсан. АНУ-д үзлэг хийж байгаа хамтрагчид маань зөвхөн B, С үзээд зогсохгүй вирус илэрсэн хүмүүст бусад шинжилгээнүүдийг хийлээ. Одоо эмчилгээг нь яаж шийдэх талаар ярилцаж байна.

-Монголд хийгдэж байгаа шинжилгээгээр вирустэй хүмүүсийн хувь өндөр гарсан харагдсан?

-Насны ангилалаас хамаараад жаахан ялгаатай дүн гардаг. В вирусийн эсрэг вакцин хийдэг учраас бага насны хүүхдүүдэд цөөн илэрдэг. 20-иос дээш насныханд С вирус дунджаар 6 хувьтай илэрдэг. 50-иас дээш настай хүмүүсийн 30 орчим хувьд нь С вирусийн халдвартай гардаг. 40-50 хүртэлх насны хүмүүст 20 орчим хувь байдаг.

-Ахимаг насны хүмүүсийн вирусийн халдварын шалтгаан тариур буцалгаж хэрэглэж байсан үетэй холбоотой гэдэг. Тариураас гадна өөр ямар замаар халдвар авдаг вэ?

-В вирусийн халдвартай эхээс халдвар авч болно. Ингэж авсан бол 90 хувь нь архаг халдвар болж үлддэг. Ийм халдвартай хүүхдүүд насанд хүрээд, бэлгийн идэвхтэй насанд очихоороо нэмээд Д вирус авчихдаг. В, Д вирусийн хавсарсан халдвар маш хүнд. Монголчууд 1991 оны долдугаар сараас В вирусийн эсрэг вакцин тарьж эхэлсэн байдаг. Төрж байгаа хүүхэд болгонд 24 цагийн дотор вакцин тарих чухал. Эхэн үедээ төрсөнөөс хойш 48 цагийн дотор вакцин хийдэг тохиолдол ч байжээ. В вирустэй эхээс төрсөн хүүхдэд 48 цагийн дараа вакцин хийвэл үр дүн муутай. Түүнээс болоод одоо 25-28 насны хүмүүсээс бас их халдвар илэрдэг. Бага насны хүүхэд B вирусийн халдвар авчихвал эдгэх магадлал багасна.Төрөхдөө В вирусийн халдвар авчихсан хүүхэд 20 хүрэхдээ л аль хэдийнэ хорин жил өвдчихсөн. 30 хүрээд элэг нь хатуурч эхлэх эрсдэлтэй. Элэг шилжүүлэн суулгуулах гэж байгаа хүмүүс дунд залуу эрчүүд цөөнгүй.

-В вирусийн эсрэг вакцин хийлгэхэд насан туршдаа дархлаа тогтох уу, хэсэг хугацааны дараа дархлаа буурах уу?

-Тайваньчууд энэ талаар судалсан байна лээ. Эхний үед вакцины үйлчилгээ 15 жил үргэлжилдэг гэж үзэж байсан. Тайваньчуудын сүүлийн судалгаагаар вакцины титр өндөр биш хэрнээ вакцин хийлгэсэн хүмүүст дархлааны ой санамж үүсдэг, халдвар авах магадлал насан туршдаа багасдаг гэж үзсэн. Гэхдээ энэ талаар монголчууд судалж үзээгүй.

-Үндэстэн болгоны дархлаа, өвчнийг тэсвэрлэх байдал өөр гэсэн мэдээ харсан?

-Ази хүмүүс энэ вирусүүдээр амархан өвдөж байгаа юм. Европт тэр халдвар аяндаа эдгэчихдэг байхад азиудад бол вирусүүд нь илүү архаг хэлбэрт шилжиж байсан. Вирусийг дарж чадах бидний дархлааны систем арай онцлог байдаг юм уу. Азиудын дунд В, С вирусийн тархалт өндөр. Түүнээсээ шалтгаалж, элэгний хавдар, хатуурал өндөр. Хятдад гэхэд 90 сая хүн В вирусийн халдвартай байна.

-С вирусийн эсрэг вакцин гараагүй л байгаа юу?

-С вирусийн эсрэг вакцин гараагүй. Халдвар авахгүй байх нь чухал. 2013 онд хийсэн судалгаагаар В вирус авч байсан гол шалтгаан шүдний эмчилгээ, мэс засал, хөмсөг шивүүлэх, шивээс хийлгэх гоо сайхны үйлчилгээ байсан. Зарим газар хөмсөг шивдэг зүүгээ сольчихдог ч бэхээ солихгүй, бэхэн дунд нь вирус явж байсан тохиолдол бий.

-Эмнэлэгт жижиг мэс ажилбар хийлгээд гарахдаа халдвар авсан гэж зарим вирустэй хүмүүс ярьдаг?

-Санхүүжилт хүрэлцээгүйгээс болоод халдвар тараах эрсдэлтэй байгаа юм. Вирусийг устгадаг технологиуд гарчихсан. Манай дундаж эмнэлэгт хэрэглэдэг ариутгалын уусмалын хэмжээ гэхэд Германы эмнэлэгтэй харьцуулахад гурав дахин бага байна. Санхүүг нь шийдэж өгвөл шийдчих асуудал.

-Элэгний вирус бэлгийн замаар дамждаг гэдэг?

-В,С аль аль нь бэлгийн замаар дамждаг. Гэхдээ С вирусийн тухайд бэлгийн замаар дамжих нь бага. В вирус нь харин бэлгийн замаар дамжих өндөр магадлалтай. В вирусийн дамжих зам ДОХ-ын вирусээс ялгаагүй гэсэн үг. Манай судалгаагаар В вирус дамжих нь бага байгаа юм. Олон хүн В вирусийн халдвар аваад эдгэчихсэн болохоор дархлаатай болчихсон. В, С вирус их өөр байгаа юм. В вирусийг бага насандаа авах тусам өвчин болоод үлдчихнэ. Харин нас нь ахих тусмаа өвдөөд бүрэн эдгээд дархлаатай болчихно. С вирус нь яг эсрэгээрээ. Багадаа С вирусийн халдвар авсан бол эдгэх магадлал 90 гаруй хувьтай байхад нас нэмэгдэх тусмаа халдвар авбал эдгэхгүй, архаг өвчин болоод үлдчихдэг. Вирус тээж байгаа бол бүгд өвдөнө гэсэн үг биш. Хэдэн насандаа авсан, дархлаа нь тэр үед ямар байсан гэдгээс олон зүйл шалтгаална.

-“Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга, “Эрүүл элэг” хөтөлбөрийг санаачлагч, доктор Д.Наранбаатар анх “2020 онд монголчууд элэгний С вирусгүй болно” гээд хэвлэлийн хурал зарлаж байсныг санаж байна. Одоо эхний үр дүн гарсан уу, хэдэн хүн С вирусгүй болсон бэ?

-Анх бид 2014 оны есдүгээр сард энэ тухай зарласан. 2016 онд улсын хөтөлбөр болоод, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөр батлагдахаас өмнө 6000 гаруй хүн эмчилгээнд орчихсон байсан л даа. Бид өнгөрсөн долдугаар сарын 28-нд Дэлхийн гепатитийн өдрөөр дүнгээ гаргаж байхад 35000 хүн эмчилгээнд орсон байгаа юм. В, С-гийн эрт илрүүлэгийн үзлэгт бараг сая хүн хамрагдсан. С вирустэй хүмүүсийн хувьд асуудал гайгүй сайн шийдэгдсэн. Цаана нь бидний судалгаагаар 100 мянга гаруй хүн вирусийн халдвартай байгаа гэсэн үг. Тэднийг илрүүлж эмчлэх том ажил бий. Элэгний хатууралтай байсан хүмүүс С-гээ эмчлүүлж, өвчин нь харьцангуй хөнгөрөөд ажил төрлөө хийгээд явж байна. 2013-2014 онд Хавдар судлалын үндэсний төвд жилдээ ойролцоогоор 1700-гаад хүн элэгний хавдартай гэж оношлогдоод үүнээс жилдээ 300 орчим нь амьд үлддэг байсан бол С вирусийн эмчилгээ, өргөн хүрээтэй ажил хийгээд ирэхээр элэгний хавдартай хүмүүс эрт үедээ оношлогддог болсон. Одоо бол жилдээ 600 орчим хүн хавдартай гэж оношлогддог ч дараагийн жилдээ амьдарч чадаж байгаа. Энэ тоо улам ихсэх учиртай.

-В, С вирус хавсарсан хүмүүс бас их байсан. С нь устчихаар В нь яах вэ?

-В нь хэцүү асуудал болоод байна. Бидний хийсэн судалгаагаар Монголд байгаа В вирусийн халдвартай хүмүүсийн 65 хувь нь давхар Д вирусийн халдвартай байгаа. В, С-гийн давхар халдвартай хүмүүс арай цөөхөн. Гэхдээ В болон Д-гийн халдвартай хүмүүс маш олон байна. Бидний тооцоогоор 200 мянган хүний 65 хувь нь В болон Д-гийн давхар халдвартай байна. Дан В юм уу, С-тэй хүмүүс арай гайгүй. В-г бүрэн эмчилдэггүй ч вирусийн эсрэг эм уугаад байвал өвчнөө дарангуйлаад яваад байж болно. Д вирусийг устгадаг эм байхгүй. Д вирусийн эсрэг нэг тарилга 450 мянган төгрөг байдаг. Түүнийг долоо хоногт нэг удаа 12 сар хийлгэх ёстой. 48 тун хийлгэхээр ийм зардлыг дийлдэг хүн цөөхөн. Тэгж эмчлүүллээ гэхэд 100 хүний 25 нь л эдгэх магадлалтай. Одоо бол манайд Д вирусийг үзэж байна, тоолж байна. Манайх шинжилгээний чадамжаараа дэлхийн бусад улсаас дутахааргүй болсон. Зөвхөн Д вирусийг тоолуулахад 120 мянган төгрөг болдог. Эргээд өвчтөний хэтэвчтэй холбогдож байна.

-Дэлхийн Гепатитийн холбооны ерөнхийлөгч Монголд ирэхдээ “Хэрэв монголчууд С вирусийг устгачихвал дэлхийн олон орны хүмүүст найдвар төрүүлэх болно” гэж байсан. Бид хэр үнэлэгдэж байгаа вэ?

-Манайх мундаг үнэлэгдээд сая долдугаар сарын 28-нд Дэлхийн гепатитын өдрийг ДЭМБ-аас Монголд ирж тэмдэглэж өнгөрүүлсэн. Өндөр түвшний хүмүүс ирсэн. ДЭМБ 2030 он гэхэд элэгний вирусүүдийг устгая гэсэн төлөвлөгөө гаргаад, бүх улсууд нэгдээд ажиллаж байгаа. Энэ зорилтод хүрч чадахаар байгаа цөөхөн улсын нэг нь Монгол. Элэгний асуудлаар ажиллаж байгаа хүмүүс Монголыг маш сайн мэддэг болсон. Өмнөх, одоо хоёр эрс ялгаатай. 2010-2015 оны хооронд улсын хэмжээнд 300 хүн эмчилсэн байдаг. Тэгэхэд 2015-2018 оны хооронд бид 35 мянган хүн эмчлээд байна. С вирусийг устгахад гаргасан амжилтаараа Монгол үнэхээр дэлхийд тэргүүлж байгаа. Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадсан гэж үнэлэгдсэн.

Одоо бол В, Д вирустэй хүмүүсийн асуудал тулгамдаж байна. Америкт хийсэн үзлэгээр 28-тай залуу элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж гарсан. В, Д-гийн давхар халдвартай залуу байсан. Одоо бас ч Эрүүл мэндийн даатгалаар С, В вирусийг үнэгүй тоолж, эмийг нь хөнгөлж байна. Д вирустэй буюу хамгийн том асуудалтай хэсэг дээр анхаарал дутагдаж байна. Д вирусийн шинжилгээ, эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулахгүй бол энэ хүмүүс чинь л элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж байна. Тэр тусмаа С вирус дэлхийд тархсан учраас баян орнууд судалгаа хийгээд, эмүүд үйлдвэрлэгдээд явж байна. Дэлхий дээр 20-30 сая хүн В, Д-гийн халдвартай байна. Дандаа ядуу орнуудад энэ халдвар тархсан байна. Монгол хамгийн өндөр халдвартай нь учраас мөнгө хөрөнгө зарж ажиллахгүй байж дэлхийд мундаг болохыг хүлээгээд суувал хүмүүсийн асуудал хүндэрнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *