Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 24 цагийн хугацаанд 212 орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Уг халдвараар 1.5 сая хүн өвчилж, 88,405 хүн нас барсан бол 339,731 хүн эдгэрчээ.
Дэлхийн дахинд 1.1 сая хүн коронавирусийн халдварын эсрэг шинж тэмдгийн эмчилгээ хийлгэж байна. Вирусийн халдвар АНУ, Турк, Их Британи, Испани, Итали, Германд эрчтэй тархсан хэвээр байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. 4 нь эмчлэгдэн эмнэлгээс гарч, сувилалд ажиглалтад байна.
Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар 1,572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд байрлуулсан.