ЭМЯ, ХӨСҮТ-ээс ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 16.1 сая хүн өвчилж, 650 мянган хүн нас барсан. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 200 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна. Иргэн бүр гурвалсан аргыг баримтлах хэрэгтэй. Амны хаалтаа тогтмол зүүн, гараа тогтмол угааж, зай барих арга хэмжээг хүн бүр баримтлах хэрэгтэй байна. 17 оронд хийсэн 173 судалгаагаар амны хаалт коронавирусээс 85-90 хувь хамгаална. Харин нүүрний хаалт 78-80 хувь хамгаална гэсэн судалгааны дүн гарчээ. Хонконгийн судлаачид дэгдэлтийн эхэн үед бүх нийтээрээ амны хаалт зүүсэн 42 оронд коронавирусийн тархалт, эрч, өвчлөл нас баралт бага түвшинд байсан гэдгийг судалгаагаар баталжээ. Сүүлийн үеийн судалгаагаар бимтүү, агааргүй харанхуй орчинд коронавирус маш удаан хугацаанд амьдарч 7-8 метр зайндхалдвар тараана гэдгийг судлаачид тогтоосон. Энэхүү битүү газарт баар, цэнгээний газар, хүнсний битүү зах, мал нядалгааны газрууд орж байгаа учраас энд ажиллаж байгаа ажилчдад үйлдвэрийн захиргаа онцгой анхаарч агаарын сэлгэлт хийж эрүүл ахуйн дэглэмийг мөрдөхийг анхааруулжээ“ гэв.