Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржтой ярилцлаа.
–Ажил авсанаас хойш гурван жилийн хугацаанд юу амжуулав?
-2012 оны наймдугаар сард ихэнх төв зам асар их түгжрэлтэй байсныг нийслэлчүүд мэдэж байгаа байх. Үүнээс хойших хугацаанд нийслэлд 200 гаруй км замыг өргөтгөн шинэчилж, 80 км шинээр баригдсан. Хэдийгээр сүүлийн жилүүдэд машин ихээр нэмэгдсэн ч өнөөдөр өмнөх үетэй харьцуулахад төв замуудын түгжрэл харьцангуй буурсан. Хаана ч тэг зогсолт байхгүй болсон. Хамгийн удаандаа 10-20 км/цаг л байгаа. Гэхдээ дэлхийн жишгээр зам нэмэгдэх, нэвтрэх чадвар сайжрахын хэрээр машин улам л нэмэгддэг юм байна. Гүүр, гарцыг шинээр нээх тусам хөдөлгөөнд оролцох машины тоо нэмэгддэг. Нийслэлд байнгын 200 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Түүн дээр хөдөө орон нутгийн дамжин өнгөрөгч машинууд нэмэгдэнэ. Ачаалал гурван жилийн өмнөхөөс маш их нэмэгдсэн ч түгжрэл маш их буурсан.
–Зам засагдаж, баригдаж байгааг нийслэлчүүд харж байна. Чанар ямар байгаа бол?
-Би замчнаас ажлын гараагаа эхлээд Нийслэлийн авто замын газрын дарга болтлоо 36 жил энэ салбарт зүтгэж байна. Замын чанар юунаас хамаардгийг мэднэ гэж боддог. Миний ажлын туршлага чанартай зам барихад хангалттай гэж үзэж байна.
–Өмнө нь баригдсан зам жил хүрэхгүй хугацаанд эвдэрч байна гэсэн мэдээ байнга явдаг байсан?
-Намайг ажил авснаас хойш баригдсан нэг ч зам дээр ийм гомдол ирээгүй байна. Манай зам барилгын компаниудын технологи, боловсон хүчин, техник тоног төхөөрөмж сайжирсан, захиалагчийн зүгээс хангалттай хяналт тавьж байгаа. Энэ тохиолдолд чанаргүй зам тавигдахгүй. Замыг эвддэг бас нэг зүйл бол борооны ус. Хуучин замуудад ус зайлуулах суваг байхгүйгээс зам ихээр эвдэрч байсан. Одоо ихэнх замд ус зайлуулагч хийсэн. Их хэмжээний борооны ус тогтсон ч 15 минутын дараа зайлуулагдаж байна. Иймээс замын чанар сайжирсан гэж хэлж болно. Замын чанарт нөлөөлдөг бас нэг зүйл нь үнэ. Зам барих зардал дотор доор нь байгаа инженерийн байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам барих зардлыг суулгадаг байсан. Тэр нь зам барих хөрөнгө хорогдох шалтгаан болдог. Хөрөнгө хасагдахаар зам чанаргүй баригдана. Одоо харин бид бодит төсөв зохиодог болсон. Жишээлбэл дөрвөн урсгалтай машины зам гэхэд нэг км нь дунджаар 1.5 тэрбум төгрөгөөр баригдана. Гэхдээ тендерт ороод жаахан буурах боломжтой. Хэт их бууруулбал худлаа болоод явчихаж байгаа юм.
–Зам барих хөрөнгө өмнөхөөс их болсон уу?
-Зарим хүмүүс ярьдаг. Хөрөнгөтэй бол одоогийнхоос их зам тавих байсан гэж. Харин хөрөнгө гэхээсээ илүү байгаа боломжоо ашиглах сэтгэлтэй байх хэрэгтэй. Жишээлбэл Нийслэлийн авто зам ашиглалтын төлбөр 2014 оноос авч эхэлсэн.
–Урьд нь авч байгаагүй юм уу?
-Төлбөр авах 1999 оны хуультай. Авахгүй өнөөг хүрсэн. Элдэв сонгууль, бусад шалтгаанаар хойшилсоор ирсэн. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ хуулийг хэрэгжүүлсэн. Хэн ч гомдол ирүүлээгүй. Харин энэ сангийн мөнгөөр ихээхэн хэмжээний замын ажил хийсэн.
–Шарга морьтын замыг барьсан компаниуд мөнгөө авч чадаагүй биз дээ?
-Энэ өөрөө томоохон асуудал болчихоод байна. Шарга морьтын 16 км замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр урьдчилгаа 30 хувийг өгч бариулсан. Манай компаниуд үүргээ гэрээний дагуу биелүүлсэн. Мөнгийг энэ жилийн замын хураамж, өөрөө явагч хэрэгслийн татвараас өгөх гээд төсөвт суулгасан.
–Мөнгө байхгүй байж компаниудаар ажил хийлгэх нь хулхидсан хэрэг биш үү?
-Таван компани, тэдэнд ханган нийлүүлэгч гээд илүү олон компани маш хүнд байдалд орсон. Бид уучлал гуйгаад сууж байна. Бид компаниудыг хулхидаагүй. Бид төлөвлөсөн мөнгөө босгосон. Гэтэл Засгийн газар бүх шатны төсвийг атгачихаад эхний ээлжинд цалин тэтгэвэр тавина гээд суугаад байгаа юм.
–Шаргаморьтын замыг яагаад өдий хүртэл засаагүй юм бол. Социализмын үеийн ачаалалтай, шаардлагатай замд тооцогддог байсан биз дээ?
-Үнэхээр үе үеийн дарга нарын асуудал байсан юм билээ. Энд хоёр том асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрсэн. Эхний ээлжинд мөнгө. Дараагийн ээлжинд газар чөлөөлөлт. Манайд замыг дулааны богино улиралд тавьдаг, засдаг. Гэтэл энэ замын хэрэглээ, ачаалал яг тэр үеэр оргилдоо хүрдэг. Өнгөрсөн зун бид зам хаахгүй чадсан л байхгүй юу. Манай иргэд газар чөлөөлөхөд үнэхээр сэтгэл гаргаж оролцсон.
–Налайхын замыг зургаан эгнээ болгох тухай ярьж байна.
-Замын засварт ч, шинээр барихад ч асар их хөрөнгө шаардагдана. Олон эх үүсвэрийг ашиглаж мөнгө босгох гээд л зүтгэж байна. ШУТИС-ийн уулзвараас Сансар явдаг замыг Сэлбийн гүүртэй хамт Хятадын буцалтгүй тусламжаар шинэчилсэн. Гэтэл гүүрнээс цааш туннель хүртэл зам гологдоод эхэлж байгаа юм. Тэгэхээр бид тэр бага хэсгийг ноохойлгоод яахав гээд Замын сангаас хөрөнгө гаргаад янзлах жишээтэй. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Налайхын замыг зургаан эгнээтэй болгоно. Зам хаахгүй. Одоо байгаа замын хажуугаар гурван урсгалтай зам тавьчихаад, хуучныгаа хаагаад шинэ замаа ашиглаж, хуучин замаа гурван эгнээ болгоно. Энэ ажлыг 18 сарын дотор багтааж гүйцэтгэнэ. Дээр нь Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүрийг хос болгоно. Замын цагдаагийн газрын урагшаа төмөр зам давуулж шинэ гүүр барина. Энэ бүхнийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийх болохоор Хятадын компаниуд барих нөхцөлтэй.
–Бондын, арилжааны зээлийг замд зарцуулах нь буруу гэж үздэг эдийн засагчид байна.
-Намайг ганц бухимдуулдаг яриа наадах чинь. Монгол шиг уудам газар нутагтай улсад аймаг, сум руу төмөр зам татах уу, агаарын шугам нээж онгоцны буудлууд барих уу. Хүн ам цөөтөй болохоор төмөр зам болон агаарын тээврийг нийтээр хамрах ямар ч боломж байхгүй. Авто зам л өнөөдөр ч, ирээдүйд ч гол сүлжээ байхаас өөр замгүй. Зам сайн байх тусам л хүний аюулгүй байдал бизнесийн орчин сайжирна. Энэ хэрээр эдийн засаг тэлж байгаа биз дээ. Эдийн засаг тэлнэ гэдэг чинь хувь хүн, төр аль алинд нь хөрөнгө босно.
–Замын арчлалт гэдэг том асуудал байдаг байх.
-Улаанбаатар нэгтгэл 250 км замыг арчлах ёстой. Түүнийгээ барахгүй байна. Энэ нүсэр ажлыг 20-иод компанид хариуцуулах төлөвлөгөөтэй байна.
–Баахан төрийн компани байгуулах уу?
-Хувийн компаниудын дунд тендер зарлана. Замын компаниуд түлхүү орж ирэх байх. Тэд чинь өвөл ажилгүй болчихдог. Төрөөс нэг ч мөнгө гарахгүй. Үйлчилгээний зардал тооцох маягаар замын сангаас арчлалтын компаниудыг санхүүжүүлнэ.
–АСЕМ–ын үеэр ашиглах зургаан замд их засвар хийнэ гэсэн хөрөнгө нь шийдэгдсэн үү?
-Шийдэгдсэн
–Хугацаандаа амжих уу?
-Амжина.
–Дараа нь Шаргаморьтын зам шиг юм болохгүй юу?
-За гайгүй дээ.
Х.Баттөгс